2025/01/15. Лхагва гараг Дугаар: #3254

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

"ADOS" аутизмын алтан стандарт оношилгоо нь хамгийн үр дүнтэй арга барилуудын нэг юм

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 10

СЭМҮТ нь аутизмын хүрээний эмгэгийг оношлох сүүлийн үеийн аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй. Уг оношилгооны аргыг эмзэмших, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх чиглэлд Турк улсын Трабзоны их сургуулийн хүүхдийн сэтгэцийн танхимын эрхлэгч, профессор Онур Бурак Дурсуныг Монголд урьжээ. Тэрбээр хүүхдийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдэд "ADOS-2" оношилгоо үнэлгээний сургалтыг удирдан явуулж байх үеэр нь цөөн хором ярилцлаа. 

Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач? 

Миний нэрийг Онур Бурак Дурсун гэдэг. Би хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд, эмгэгийн профессор, сургагч багшаар 20 дахь жилдээ ажиллаж байна. Турк улсын Эрүүл мэндийн яамд ажиллаж байхдаа тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй, хоцрогдолтой хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, боловсролд зориулсан олон төсөл хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлж байв. Эдгээр чиглэлээр мөн Англи, Ирланд, АНУ гэх мэт барууны орнуудад эрдэм шинжилгээний нэлээдгүй ажил хийж байсан ба одоо судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна.

Сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгийн оношилгоо улс орнуудад сайжирч, засал эмчилгээний арга ч мөн нарийсан хөгжиж байна. Миний хувьд аутизмын хүрээний эмгэгийг оношлох аргуудыг хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарт зааж сургагч багшаар ажлаад олон жил болж байгаа. ЯлангуяаТуркд сүүлийн таван жилийн хугацаанд аутизмыг илрүүлэн оношлох скрийн хийх төслийг хэрэгжлүүлэн, одоогийн байдлаар 3 сая гаруй хүүхдийг үзлэгт хамруулаад байна. 

Аутизмын тархалт дэлхийн улс орнуудад хүн амын 1 хувийг эзэлдэг. Энэ тоотой манай улс ч мөн ойролцоо явж байгаа. Гол нь аутизмаар оношлогдож буй хүүхдүүдэд засал, хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллах нь чухал байдаг.

Аутизмаар оношлогдох, тохиолдлын тоо улс орнуудад нэмэгдэх болсон шалтгааныг хэрхэн судалсан байдаг вэ?

Дэлхий дахинд ерөнхийдөө ихсэж байна. Аутизмын тохиолдол нэмэгдэх болсон бодит шалтгааныг одоо ч яг тэр энэнээс шалтгаалсан гэж тодорхойлоогүй. Гэхдээ асар олон судалгаа хийгдсээр байна. Тухайлбал, нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь орчны нөлөөлөл, генетик байж магадгүй гэсэн судалгаанууд бий. Нөгөө талдаа аутизмын хүрээний эмгэгийг судлах, оношлох чиглэлийн мэргэжилтнүүд нэмэгдэж, эцэг эх асран хамгаалагчид гээд нийгмээрээ аутизмын талаар ойлголт, мэдээлэлтэй болж байгаатай холбоотойгоор мэргэжлийн эмч, байгууллагат эрт хандан онош тодруулах байдал нэмэгдэж байгаа гэж үзэж байна.  

"ADOS-2" гэж ямар оношилгооны арга вэ. Юугаараа онцлог, давуу талтай юм бэ? 

ADOS бол аутизмын алтан стандарт оношилгоо бөгөөд хамгийн чухал арга барилуудын нэг юм. 

Дэлхий дахинд уг оношилгооны арга нэвтрээд 20 гаруй жил болж байна. Гэхдээ хөгжиж буй орнуудад одоо л бага багаар нэвтэрч эхэлж байна. Аутизмын оношийг эмнэл зүйн эмч нар үзлэг хийж, хүүхэдтэй харьцаж, анзаарч байж тавьдаг бол "ADOS" нь үзлэгийг илүү нарийн бүтэцтэй, системтэй байдалд оруулж өгч, хүүхэд бүрийн насанд нь тохирсон байдлаар үнэлгээ дүгнэлт гаргадаг гэдгээрээ ач холбогдолтой.

"ADOS"-ын арга барилаар оношилсноор эмнэл зүйн ямар шинж тэмдэг хэрхэн илэрч байна, хөгжлийн аль түвшиндээ байгааг нь тодорхойлох, оношинд илүү дөхүүлэх сайн талтай.

Эрт оношилсноор дараагийн засал, эмчилгээг хэрхэн хийх талаар ямар зорилт, төлөвлөгөө баримтлан ажилладаг вэ?

Аутизмын хүрээний эмгэгийг эрт оношлуулахгүй хугацаа алдах, ялангуяа 6 наснаас өмнө оношлуулаагүй бол тухайн хүүхдийн тархи, хэл яриа, нийгмийн хөгжил нь бүгд хоцрогддог учраас эрт оношилж, түвшинг нь үнэлэн тогтоож ажиллах нь нэн чухал.  

Аль болох нэг сар, нэг өдрийн өмнө ч болтугай эрт оношоо тодруулж чадвал тусламж үйлчилгээ авах, засал, үр дүн төдий хэмжээгээр нэмэгддэг.

Монголд ирсэн гол зорилго бол зөвхөн ADOS оношилгоог нэвтрүүлэх явдал бус. Энэ бол үйл ажиллагааны нэг хэсэг нь юм. Таны хэлдгээр тухайн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг дэмжиж, тусалж нийгэмд оролцох талаар манай баг олон жилийн клиник туршлагатай. Түүнийгээ мөн монголын эмч мэргэжилтнүүдтэй хуваалцаж байгаадаа туйлын баяртай байгаа. 

Би монголд ирээд сүүлийн долоо хоногийн хугацаанд ЭМЯ, БШУЯ, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гээд холбогдох яамдуудын төлөөлөлтэй уулзаж, аутизмын оношилгоо, засал ямар явцтай байгаа талаар мэдээлэл авсан. Мөн орон нутаг, бусад байгууллагуудад ямар байгаа талаар ажиглах үйл ажиллага явуулсан. Энэ завшаанд, Монголд ирж сургалт хийх хүртэл хамт байж холбон ажиллаж байгаа хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэцийн эмч Балжиннямын Сэлэнгэ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, салбарын сайд Т.Мөнхсайхан, хамтран ажиллаж буй Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Энэ хамтын ажиллагааг улам өргөжүүлж, туршлагаа хуваалцах нь бидний зорилго юм.

ADOS-2 аутизмын оношилгоогоор тухайн хүүхэд бүрийн түвшинг илрүүлэн, тулж ажиллах боломжтой болно гэж ойлголоо. Хүүхэд бүрд тохирсон заслын хөтөлбөр боловсруулах ажил нь ямар систем бүтцээр хийгдэх вэ? 

Аутизимтай хүүхэд бүрийн шинж тэмдэг, онцлог нь өөр байдаг. Аутизм нь маш том хүрээний талаар яригдаж буй асуудал. Зарим нь огт ярьдаггүй, харилцаанд ордоггүй учир энгийн сургуульд сурч боловсрол эзэмшихэд үр дүнгүй. Иймд тэдний төлөө тусгай анги, сургууль үүсгэх зайлшгүй шаардлагатай. Харин зарим нь тодорхой хэмжээний дэмжлэгтэйгээр энгийн сургуульд үе тэнгийнхэнтэйгээ суралцах боломжтой байдаг. Дэлхийн хаана ч аутизмыг ийм эмээр, ингээд эмчилнэ гэсэн төгс эмчилгээний арга байхгүй. Бид хүүхэд бүрийг үнэлж, шийдвэр гаргадаг. Эрт оношлуулан, тусламж үйлчилгээг эрт авч чадвал хэлний чадвар, оюун ухааны чадамж маш сайн үр дүнд хүрдэг. 

Дэлхий нийтэд ч аутизмтай хүүхдүүдийг нийгэмд хэрхэн яаж бэлдэж, оруулж өгөх вэ гэдгийг гол зорилгоо болгож байна.  

Бидний хийж буй гол зүйл бол хүнд шинж тэмдгүүдийг нь хөнгөхөн хэлбэрт оруулах, амьдрах ур чадварыг нь нэмэгдүүлэх явдал. Ийм арга барил, үр дүнтэй заслын төрлүүдийг хөгжүүлэхийн тулд 20 жилийн турш тасралтгүй судалгаа, оношилгоо хийж, хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Ингэхдээ тухайн хүүхэд аль нэг хөгжлийн хоцрогдолтой, харилцааны ямар асуудал байна гэдгийг нь илрүүлсэн бол тэрхүү асуудлуудыг нь шийдвэрлэх, засах, өөрийн хамгийн өндөр чадамждаа хүрч нийгэмд оролцох тал дээр нь бүх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Тодруулбал, аутизмтай хүүхэд шүдний эмчид үзүүлэхэд, түргэн тусламж авах шаардлага үүсэхэд хэрхэн яаж хандах вэ гэх мэт сэтгэцийн эмч, багш, засалч, сэргээн засалч, хөдөлмөр засалч, нийгмийн халамжийн мэргэжилтэн, боловсролын сэтгэл зүйч хэрхэн ажиллах гээд бүхий л чиглэлээр баг бүрдүүлэн ажилладаг. 

ADOS сургалтын нэг зорилго нь ч энэ юм.  Хүүхэд бүрийн түвшин, хэмжээнд тохируулж зорилго, төлөвлөгөө боловсруулан ажиллах арга барилыг эзэмшүүлэхийг зорьж байна. Тэрхүү заслын төлөвлөгөөг хэрэгжүүлээд, дараагийн шатанд хүргэнэ гэдэг бол хамгийн том дэвшил. Тиймээс асран хамгаалагчид маань энэ тал дээр маш анхааралтай хандаж, төгс эмчилгээ хайж, том хүлээлт үүсгэн цаг хугацаагаа үрэлгүйгээр эрч хүчээ зөв зүйлд зарцуулж, хүүхдэдээ тохирсон төлөвлөгөөг мэргэжлийн эмч, багтай хамтран хэрэгжүүлэх нь чухал юм.





Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

"Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрийн үр дүнд өсвөр насныхны асуудлаа даван туулах чадвар сайжирч, мэргэжлийн хүнд хандах нь нэмэгдэв

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйч нарыг чадавхжуулах сургалт бүхий... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 12 сарын 10

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чадвар алдагдлыг дэмжих дараах 6 талт аргачлал нь илүү үр дүнтэй

"Сэтгэцийн эрүүл мэнд-2024" үндэсний чуулган үргэлжилж байна. Энэ жилийн чуулганаар сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгож... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 10 сарын 16

Санал болгох

Сэрэмжлүүлэг: 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагджээ

Нийслэл хотын хэмжээнд 2024 онд 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа иргэдийн 816 буюу 61.3 хувь нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхэд 213... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

Орон нутгаас ирсэн оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж авдаг боллоо

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа. Шинэчлэгдсэн журам хэрэгжиж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө