2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

АУ-ны доктор Б.Жаргал: Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал зүйл бол нойр

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 21

“Сэтгэлийн дархлаа” ярилцлагын булангаараа энэ удаа хүний сэтгэлзүйн дархлаа хэзээ хэрхэн яаж тогтдог вэ, сэтгэлзүйн асуудлыг даван туулах чадвар, сэтгэцийн эмгэг болон хүндрэхэд нөлөөлдөг хүчин зүйлс тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө хүргэхээр "PPC" сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч, АУ-ны доктор Б.Жаргалтай ярилцлаа. 

Манай улсын өнөөгийн нийгмийн сэтгэлзүйн байдал ямар байна вэ? Нийгмийн бухимдал, стресс нэлээдгүй байгаа юм шиг ажиглагддаг. Ялангуяа сошиал орчинд? 

Нийгмийн сэтгэлзүй гэдэг хувь хүн болон бүлэг хүмүүсийн хоорондын зан үйл, бодол, сэтгэхүйн үйл ажиллагаагаар илэрдэг онцлогтой. Хэдэн жилийн өмнөх үйл ажиллагаануудтай харьцуулвал бид одоо харьцангуй хөгжсөн, мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хэн ч хэдхэн секундийн дотор бүхий л мэдээлэлтэй танилцах боложтой учраас хүмүүсийн сэтгэлзүйн байдал амархан хувьсаж өөрчлөгдөх боломжтой болж байгаа. Урьд нь хязгаарлагдмал орчинд хязгаарлагдмал мэдээлэл дотор амьдарч байсан бол одоо өргөн хүрээний мэдлэгүүдийг маш олон урсгалаар авах боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор сэтгэлзүйн байдал, үзэл бодол, хандлага амархан өөрчлөгдөх боломжтой болж байна гэж харж байгаа. Нэг ёсондоо жам ёсоороо л хөгжиж, даван туулж яваа. 

Дэлхий нийтийн цар тахалтай холбоотойгоор сүүлийн 2-3 жилийн хугацаанд хүмүүсийн нийгмийн сэтгэлзүйн байдал хурдан өөрчлөгдөж байгаа судалгаанууд бий. Бид ч бас өөрсдийн амьдрал дээр бие сэтгэлээрээ мэдэрч байна. Ковидын өмнө хүмүүсийн юманд хандах хандлага, үзэл бодол өөр байсан бол хоёр жилийн хугацаанд ямар болж өөрчлөгдөв, магадгүй цар тахлын дараа хэрхэн яаж өөрчлөгдөхийг судлаачид судлаад явж байгаа. Одоо дүгнэж хэлэхэд эрт. 

Одоогийн нөхцөлд хүн өөрийгөө сэтгэцийн хувьд эрүүл байна гэдгээ хэрхэн мэдэх вэ? Одоогийн гэдэг нь мэдээллийн эрин зуунд, нээлттэй дэлхийд амьдарч байгаа энэ цаг үед хүний сэтгэлзүйн байдлыг хэрхэн тодорхойлж байна вэ?

Энэ маш чухал асуулт. Хүнийг сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар нь эрүүл, тулгамдсан асуудалтай, эмгэгтэй гэж хуваадаг. Хүмүүсээс энэ гурван тодорхойлолтын аль нь вэ гэж асуухад ихэнх нь “тулгамдсан асуудалтай” гэж хариулдаг. Гэвч олон жилийн судалгаанаас үзэхэд хүн амын дунд эрүүл сэтгэцтэй хүн маш олон байдаг. 

  1. Хүмүүс сэтгэлзүйн тулгамдсан асуудалд байнга л өртөж байдаг. Өдөр бүр л ямар нэгэн байдлаар стресстдэг. Найз нөхөдтэйгөө муудалцах, гэр бүлийн асуудал, санхүүгийн бэрхшээл зэрэг бидний амьдралын эргэн тойронд стресс маш их. Энэ бүхэн сэтгэлзүйн тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэдгээр асуудлаа зохистойгоор шийдвэрлэж, тодорхой хэмжээгээр өөрийнхөө нөөц боломжийг дайчилж чадаад даван туулж, дасан зохицож чадаж байвал эрүүл сэтгэлзүйтэй гэнэ. 
  2. Харин сэтгэлзүйн тулгамдсан асуудлаасаа болоод ажилдаа явахгүй, бусадтай харилцах харилцаанд нь өөрчлөлт гарах, архи, тамхи хорт зуршлыг хэтрүүлэн хэрэглээд байвал тулгамдсан асуудал болж байна гэж үзнэ. Энэ хугацаа нь хэдэн сараар үргэлжилж болно. 
  3. Бүр цаашлаад стрессээ даван туулж чадахгүй, асуудалтайгаа байсаар, зургаан сар болон түүнээс дээш хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн эмгэг болох эрсдэлтэй. Аливаа нэгэн сөрөг зан үйл тухайн хүнд тогтвортой, удаан хугацаагаар үргэлжлэх юм бол асуудал болж хувирч байна гэсэн үг. 

Хоёр жилийн хугацаанд ковидын нөхцөл байдалд байгаа ч үүнтэй дасан зохицож ажлаа хийж, хичээл сургуульдаа явж чадаж байгаа хүмүүс илүү олон байгаа. Энэ бол эрүүл сэтгэлзүйтэй байгаагийн тод жишээ юм. Ихэнх хүн сэтгэлзүйн боловсрол, туршлага, мэдлэг, юманд хандах хандлагаараа ковидын хүнд нөхцөл байдлыг даван туулах чадвартай байна гэж дүгнэж болохоор байна. 

Хүн бүр сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэлтэй юу? Ер нь сэтгэцийн эмгэг, өвчин үүсэх гол шалтгаанууд юу вэ? 

Сэтгэцийн өвчнөөр хэн нэгэн тусгайлсан, онцлогтой хүн өвддөг гэж ойлгох нь буруу гэдгийг тодотгож хэлмээр байна. Хэн ч, хэзээ ч сэтгэцийн эмгэгээр өвдөж болно.

 Сэтгэцийн эмгэгээр өвдөхөд хүргэдэг нийгмийн, сэтгэлзүйн, биологийн хэд хэдэн хүчин зүйлс бий. Үүнд: 

  • Тухайн хүний биологийн онцлог. Бие махбод, биологи, биохимийн мэдээлэл, мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа гэх мэт маш олон нарийн бүтцээс шалтгаалдаг. Тодруулбал, бие махбодын өвчний шалтгаантай сэтгэцийн эмгэгээр өвдөж болно. Бие махбод тэр чигтээ химийн үйлдвэр. Таны идэж буй хоол хүнс, амьсгалж байгаа агаар, энэ бүхэн бодисын солилцоонд нөлөөлж байдаг. Гэтэл энэхүү бодисын солилцоонд алдагдал үүсвэл сэтгэцийн эмгэгээр өвдөх эрсдэл үүсдэг. 
  • Зан араншны онцлог. Аав ээжээс уламжилж ирсэн мэдээллийн санд тулгуурлаад, нийгэмтэй, бусадтай харилцах харилцаан дээр үндэслэн зан араншин төлөвшин тогтдог. Энэ хүчин зүйлийн сөрөг байдал эмгэг үүсэхэд нөлөөлдөг.
  • Хамгийн том хүчин зүйлийн нэг нь гэр бүлийн хүмүүжил. Аливаа стрессийг хэрхэн даван туулах чадвартай байна, сэтгэл хөдлөлөө хэрхэн таньж мэдэх үү, асуудалд ороход үүнийгээ яаж эерэгээр зохицуулж сурах уу гэдэг чадварыг хүүхдэд багаас нь олгоогүйгээс болоод яваандаа хүүхэд тань сэтгэлзүйн илэрхийлэл, мэдрэмжээ гаргаж чадахгүй байх, сэтгэцийн эмгэгээр өвдөх эрсдэлүүд нэмэгддэг.
  • Түүнчлэн нийгмийн болон амьдарч буй орчин, ажилгүйдэл, ковидтой холбоотой эдийн засгийн хямрал, ядуурал, архидалт, ажил амьдралын стресс, гэр бүлийн таагүй уур амьсгал, хүчирхийлэл, эцэг эхийн салалт зэрэг эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр сэтгэцийн эмгэгээр өвдөх эрсдэл нэмэгддэг.
  • Ямар нэг халдварт өвчнөөр өвдөх, тархины гэмтэл бэртэл, бусад янз бүрийн мансууруулах бодисын нөлөөгөөр мөн сэтгэцийн эмгэгээр өвдөнө. 

Эдгээр хүчин зүйлсийн нэг юм уу хоёр нөлөөлөл тухайн хүнд үйлчлэхэд ямар байх уу, эсвэл эдгээр бүх хүчин зүйлсийн нөлөөн дотор байх нь сэтгэцийн эмгэгээр өвдөх магадлалыг хэр нэмэгдүүлэх үү  гэдгээс шалтгаалаад янз бүр байна.  

Сэтгэцийн өвчин, эмгэг ген буюу удмаар дамждаг уу? Ямар төрлийн эмгэг, яагаад удамшдаг вэ? 

Сэтгэцийн маш олон эмгэг байдаг. Бүлгээр нь авч үзвэл тархины гэмтэл бэртлийн шалтгаантай, архи тамхи, мансууруулах бодисын шалтгаант, стресстэй холбоотой гэх мэт олон эмгэг байдаг ч бүгд удамшдаг гэж үзэхгүй. Харилцан адилгүй шинж чанартай. Сэтгэцийн өвчин удамшдаг уу гэх асуудал өнөөдрийг хүртэл асуулт хэвээр байсаар байгаа. 

Зарим сэтгэцийн эмгэгүүд буюу шизофрени, хоёр туйлт эмгэг, сэтгэл гутрал, аутизм гэх мэт эмгэгүүд удамших магадлал бусад эмгэгийг бодвол харьцангуй илүү байна гэж үздэг. 

Жишээлбэл, өвөрмөц генийн бүрдэл бүхий эс сэтгэцийн эмгэгүй болон эмгэгтэй хүмүүстэй харьцуулан судлахад эмгэгтэй хүнд илүү гарч ирсэн байдаг. Үүнд тулгуурлан генийн талаас мэдээлэл дамжин удамших магадлалтай гэж үзсэн. Гэхдээ аав ээж, хамаатан дунд хэн нэг нь сэтгэл гутрал, шизофрени өвчтэй байлаа гээд таны хүүхэд сэтгэцийн эмгэгтэй болно гэж бодох нь өрөөсгөл. 

Магадгүй ген байсан ч бусад хүчин зүйл болох гэр бүлийн халуун дотно харилцаа, эерэг уур амьсгал, хүүхдэдээ анхаарал халамж сайн үзүүлэх, хоол хүнсний чанар, нойрны асуудал гэх мэт амьдралд нөлөөлж байгаа биологи, сэтгэлзүйн бусад хүчин зүйлсийг аль болох эрүүл, таатай байлгаж чадвал сэтгэцийн эмгэгээр өвдөхөөс урьдчилан  сэргийлж чадна. 

Гэтэл удамд нь сэтгэцийн эмгэгтэй хүн огт байхгүй боловч дээрх хүчин зүйлүүд хэтэрхий олон хувилбараар нөлөөлсөн тохиолдолд тухайн хүн удамшлын сэтгэцийн эмгэгтэй хүнээс ч илүү сэтгэцийн эмгэгээр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа бий. Тиймээс хэт туйлширч ойлгож болохгүй. 

Аливаа нэгэн зүйл олон талтай учраас мэдээлэл авахдаа зөвхөн нэг талын мэдээлэлд хэзээ ч бүү тулгуурлаарай. Цаад учир шалтгааныг нь бодит эх сурвалжаас авах, мэргэжлийн хүмүүсээр оношлуулах нь илүү оновчтой.

Аав нь архи ууж агсан тавьдаг, эсвэл аав ээж нь салсан хүний хүүхэд тийм л болдог. Хүүхэд эцэг эхээ л дуурайдаг гэж ярьдаг. Энэ ойлголт, хандлагын тухайд?

Сэтгэцийн эмгэг үүсгэх хүчин зүйлсүүдээс удамшлын хандлагатай нь хэд байна гэдэг асуудал яригдана. Хүүхдэд яагаад аав ээжтэйгээ адилхан болно гэсэн мэдээлэл орж ирэв. Учир нь, төрсөн цагаасаа эхлээд насанд хүрч тусдаа гарах хүртлээ архины асуудалтай, гэр бүлийн хүчирхийлэлтэй, дарамт шахалтанд ихэнх нас нь өнгөрсөн хүүхдэд тэр мэдээлэл танин мэдэхүйд нь сууж өгөх магадлалтай. Энэ нь тухайн хүүхдийг ирээдүйд тэр асуудал руу нь чиглэхэд танил мэдрэмж, танил орчин болдог учраас үргэлжлүүлэх гээд байдаг. 

Бага байхдаа дарамт шахалт, агсан согтуу, таагүй амьдралыг бие сэтгэлээрээ мэдэрсэн хүүхэд эрүүл орчинтой гэр бүлд өссөн хүүхэдтэй харьцуулахад сэтгэлийн дархлаа бага байдаг. 

Багаасаа л сэтгэл түгшилт, үзэн ядалт, таагүй сөрөг мэдрэмжүүдээ дотроо хадгалж явсаар хожим асуудал тулгарахад сөрөг байдлаар сэтгэлзүйгээ илэрхийлэх хэлбэр лүү шилжих талтай. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сэтгэлзүйн байдалд сайн анхаарч, эрүүл сэтгэлзүй, бие махбодтой, нийгэмд дасан зохицох чадвартай бие хүн болгон төлөвшүүлэхийг хичээх хэрэгтэй. Энэ бол бидний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаж, энэ талын ойлголтоо сайжруулах нь чухал.

Сэтгэлзүйн асуудлаа шийдэж чадахгүй урт хугацаанд тээж яваа, магадгүй сэтгэцийн эмгэгтэй байж болох хүнтэй хамт амьдрахад хажуу дахь эрүүл сэтгэлзүйтэй хүнд яаж нөлөөлдөг бол? 

Сэтгэцийн эмгэгийг удамшдаг, халдвар шиг тархдаг, дамждаг гэсэн янз бүрийн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Нэг зүйлийг энд тодорхой хэлье. 

Аливаа өвчнийг халдварт болон халдварт бус гэж хоёр ангилдаг. Сэтгэцийн эмгэг, өвчин бол халдварт бус өвчний ангилалд ордог. 

Хэдий тийм ч сэтгэцийн асуудалтай, өвчтэй гэх нөхцөл байдлаа өөрөө ойлгож ухамсарлан, хүлээн зөвшөөрч, даван туулах оролдлогыг хийхгүй бол чимээгүй тахал мэт оршиж эргэн тойрондоо сөрөг зан үйл хийх, нөлөөлөх аюултай. Биеийн өвчинтэй харьцуулахад сэтгэцийн эмгэг илрэхгүйгээр нийгмийн, нийтийн дунд далд хэлбэрээр байх нь илүү их. 

Сэтгэцийн асуудалтай хүнтэй хамт байх нь тухайн хос, найз нөхөд, ажилтан, албан хаагч гэх мэт хүмүүс хоорондын харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Байгууллагын дарга маш ууртай хүн байна гэж бодъё. Гэтэл ажилчид нь яваандаа “даргыг уурлуулчихгүй юмсан, даргын сэтгэлд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол буцаад бидэнд асуудал болдог” гэдэг байдлаар хандаж, мэдрэмжээ улам хааж, дотогшоо болсоор хэдэн сар, жилийн дараа ажилдаа явах ямар ч дур сонирхолгүй, ажлаасаа халшрах хам шинжтэй болохыг үгүйсгэхгүй. 

Үүнтэй адилхан гэр бүлд ч ийм сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Нөхөр нь эхнэрийнхээ хувийн орон зайд хэт халдаж, сэтгэлзүйн хүчирхийлэл үзүүлсээр байгаад хэсэг хугацааны дараа, магадгүй 5, 10 жилийн дараа буцаад эхнэр нөхрөө хүчирхийлж ч болох. Тийм хэмжээнд сэтгэлзүйн сөрөг нөлөөл үзүүлж байна. Үүний гаргалгаа бол ерөөсөө л хүүхэд байхаас нь анхаарах явдал юм. Яагаад ийм болчихов гээд харвал хүүхэд настай шууд холбогдоно. 

Хүүхдэд хувийн орон зай байх ёстой. Энэхүү хувийн орон зайг нь хүндэтгэж харилцах аргад эцэг эхчүүд суралцдаг, хил хязгаарын дүрэмтэй байх ёстой. 

Эцэг эх хүүхдийн хооронд, найз нөхдийн дунд, ажилтан, дарга захирлын хооронд гэх мэт бүхий л харилцаанд хил хязгаарын дүрэм гэдэг зүйлийг баримтлаагүйгээс хувийн орон зайд халдах асуудал үүсдэг. 

Тухайлбал, Аав ээж нь хүүхдийнхээ тэмдэглэлийн дэвтэр, хувийн зүйлийг нь дураараа, зөвшөөрөлгүй үзэх нь яваандаа хүүхэд том болоод “минийхийг үздэг юм чинь би ч гэсэн үзэж болно” гэсэн сэтгэхүйтэй болгоно. Тэгээд найзынхаа цүнхийг уудлаад зөвшөөрөлгүй бал авах жишээний. Энэ байдал нь хожим гэр бүлтэй болоход нөхөр эхнэрийн харилцаан дээр үргэлжилнэ. Утсыг нь зөвшөөрөлгүй үзэх зэргээр. 

Миний юм бол чинийх, чиний юм бол минийх гэсэн хил хязгааргүй ойлголттой, хувийн орон зай гэж юу болохыг ч мэдэхгүй эргэлзэж явсаар эцэстээ өөрийнхөө орон зайг хамгаалж чадахгүй, бусдад орон зайгаа алдаж эхэлдэг. Нөгөө талаас зарим нь бусдын орон зайг хэт булааж авах гэж үзнэ. Энэ ойлголтын зөрүүтэй байдал нь нэг талаас хүчирхийлүүлэгч эсвэл хүчирхийлэгч болж хувирах бэлтгэл хангагдаж байна гэсэн үг юм.  

Яг ийм нөхцөл байдалд байгаа, хувийн орон зайгаа хамгаалж чадахгүй байдалд орж эхэлсэн бол ямар хариу үйлдэл хийх хэрэгтэй вэ? 

Өөрийгөө анзаарах хэрэгтэй. “Би энэ хүнтэй хамт амьдраад аз жаргалтай байж чадаж байна уу? гээд өөрөөсөө асуугаад үз. Магадгүй тэр хүний хажууд өөрийнхөөрөө байж чадахгүй, уурлуулчих вий, гомдоочих вий гэсэн болгоомж, түгшүүртэй, тайван бус мэдрэмж төрж байвал тэр хоёр хүнд бие биенээ хүндэтгэх, зөв зохистой хил хязгаар буюу хувийн орон зай байхгүй болж эхэлж байгаагийн илрэл юм. Тэр хүний хажууд байхдаа та тухгүй байна уу? гэдэг бол хамгийн эхний шинж тэмдэг. 

Одоо тэгвэл яах вэ? гэдэг асуулт тулгарна. Юуны өмнө нөхөртэйгөө эсвэл эхнэртэйгээ ярилцах байдлаар хамтарч дүгнэлт хийх, ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Энэ нь үр дүнтэй байвал сайн байна. Цаашдаа ярилцаад, засаад сурчихдаг. Гэтэл ийм ойлголтод хүрэхгүй, хэн нэг нь сонсохгүй, нөгөөх нь өөрийгөө илэрхийлж чадахгүй, таагүй мэдрэмжтэй явсаар байвал ужиграад эцэст нь салалтаар дуусдаг. Эсвэл үр хүүхдээ бодоод салахгүйгээр насан туршдаа сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл дунд амьдрах нөхцөл байдалд ордог. Үнэхээр сөрөг шинж тэмдэг байгаад нөгөө хүнтэйгээ ярилцлах боломж байхгүй бол дараагийн шат нь мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Өөрсдөө ямар нэгэн зохистой арга хэмжээ авч чадахгүй л байгаа бол бусдаас тусламж авах нь үр дүнтэй. 

Тэгэхээр сэтгэлзүйн дархлаа сул учраас хувийн орон зайгаа алдаж, сөрөг нөлөөнд амархан автаад байгаа мэт санагдаж байна. Ер нь сэтгэлзүйн дархлаа хэзээ бий болдог юм бэ? Хүүхэд насанд эцэг эхийн хүмүүжил, амьдарсан орчинд үүсэн тогтож тэрхүү дархлаагаараа насан туршдаа хамгаалагддаг уу? Эсвэл амьдралын явцад саад бэрхшээл, асуудалтай тулгарч даван туулснаар туршлагатай, хаттай болж сэтгэлзүйн дархлаа тогтдог юм уу? 

Хүний биеийн дархлаа тогтолцоотой адилхан. Бид хамгаалагдсан, хязгаарлагдсан орчинд байвал дархлаа султай болдог гэдгийг олон эмч мэргэжилтний зөвлөмж, бодит амьдралаас мэдэж авсан. Харин ямар нэгэн байдлаар гадаад орчинд дасан зохицож, тэмцэж, зохистой хэмжээнд хамгаалах арга хэмжээ авч, зохицуулах нь дархлаа тогтолцоог улам сайн болгодог. Таны асуусан шиг хүүхэд насны хүмүүжил, амьдралын туршлага аль аль нь чухал. 

Хүүхдийг сэтгэлийн дархлаатай, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайн хөгжүүлж чадвал насанд хүрсэн хойноо тэр хэрээр сэтгэлзүйн дархлаа өндөр байна.

Ингэхийн тулд дөнгөж төрсөн цагаас нь л эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөв хэлээр ярилцаж сурах, өөрийгөө илэрхийлэхэд нь туслах, нас болгоных нь сэтгэлзүйн онцлогыг таньж мэдэх нь хүүхдээ ирээдүйд сэтгэлзүйн дархлаатай бие хүн болоход хамгийн том хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгох хэрэгтэй. 

Нөгөөтэйгүүр нас ахих тусам амьдралын туршлага нэмэгдэхийн хэрээр сэтгэлзүйн дархлаа үүсдэг. Нийгмийн харилцаагаа тэлж, олон хүнтэй харилцаанд орж, таньж мэдсэнээр хүмүүстэй дасан зохицож, ажил амьдралаа зохицуулж сурч байна. Энэ хэрээр сэтгэлзүйн дархлаа төлөвшдөг. Тиймээс хүүхэд байхаас нь олон нийттэй, нийгэмтэй харилцуулах орчинг эцэг эх бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хүүхдээ зөвхөн гэрт нь байлгаад, мундаг эрдэм номтой хүн болоход хэт анхаараад, халдварт өвчнөөс хэтэрхий сэргийлээд, зөвхөн өөрийн хүссэнээр хүүхдээ өсгөх нь хүүхдийг сэтгэлзүйн дархлаагүй болгоно. Хүүхэд олонтой харьцаж, нийгмийн дунд төлөвшиж, бусдаас мэдээлэл авч, бусдын жаргал зовлонг мэдрэх нь танин мэдэхүйг нь тэлэхэд тусалдаг. 

Дотны найз нөхөдтэйгөө асуудал, зовлонгоо хуваалцаж ярих нь сайн гэдэг ч сонсч буй хүндээ дарамт, сэтгэлзүйн сөрөг нөлөө үзүүлээд байвал яах вэ? Үргэлж асуудал сонсоод, хараад байхаар хүн халширдаг ч юм шиг. Энэ байдалд сэтгэлзүйн дархлаагаа яаж хамгаалах вэ?

Түрүүн хэлсэн хил хязгаарын дүрмийг санацгаая. Найздаа туслах гэж байна гээд дандаа асуудлыг нь сонсоод байвал өөрөө буцаад сэтгэлзүйн хувьд гэмтэл авч болох талтай. Үүнийгээ өөрөө мэдрээд, тухгүй санагдаж байвал, найзыгаа гомдоохгүй байх талаас нь зөвөөр ойлгуулж хэлэх байдлаар зохицуулж сурах хэрэгтэй. 

Найз чинь чамд асуудлаа яриад, чи хамаг л боломжоороо туслах гэж асуудалд нь оролцоод шийдэх гэж хичээсэн. Тодорхой хэмжээний үр дүнд хүрэх болов уу гэтэл хэсэг хугацааны дараа найзын чинь нөгөө асуудал хэвээрээ л байдаг. Тэр үед сонсож, туслахыг хичээсэн хүний урам хугарч, сэтгэлзүйн хувьд гэмтэж эхэлдэг. Тиймээс ийм мэдрэмж авч байвал найздаа бодит байдлыг зөвөөр ойлгуулж хэлэх л хэрэгтэй. “Найзых нь зөвлөгөө тусламж чамд хэрэг болохгүй байвал ямар нэгэн байдлаар мэргэжлийн хүнээс тусламж аваарай” гэдэг ч юм уу. Хэчнээн найз боловч дээр хэлсэн шиг өөр өөрсдийн хил хязгаарт байх ёстой. 

Өөр нэг жишээ. Хүүхдийн нэг асуудалд ах дүү, хамаатан садан бүгд оролцож шийдэх гэдэг. Тэгвэл хүүхэд цаашдаа хэнд итгэж асуудлаа хэлэх вэ? Аав, ээждээ итгээд ярьсан зүйлийг нь ах дүү, хамаатан садан нь бүгд мэдчихвэл хүүхэд тань “хүнд итгэх хэрэггүй юм байна” гэсэн бодолтой болно. Асуудлыг нь зөвөөр олж хараад дэмждэг бол мэдээж сайн. Гэтэл бүр дарамт болоод байвал өөр хэрэг. Нэг хүнд загнуулах нь байж болох ч арав хорин хүнд зэмлүүлэх мэдрэмж нь тухайн хүнд ямар их сэтгэлзүйн дарамт болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. 

Хүмүүс сэтгэлзүйн талаар ойлголт мэдээлэлтэй болохын хэрээр өөртөө онош тавих гээд байдаг талтай. Биеийн эрүүл мэндийн хувьд ч тэр дур мэдэн өөрийгөө оношилж эм уудаг байдал түгээмэл. Сэтгэл зүйн оношийг хэн тавих вэ? 

Хоёр талтай л даа. Хүмүүс гэлтгүй хүүхэд ч тэр энэ талын мэдээллийг маш хурдан үзэх боломжтой орчинд байгаа учраас онлайн сорил бөглөөд өөрийнхөө асуудлыг тодорхойлоод мэдэж болно. Ингэж чадвал сайн. Гэтэл эцэг эх нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж, тоохгүй орхивол байдал улам хүндэрч асуудал үүсч, аюултай алхам ч хийх тохиолдол гардаг. Тиймээс ярилцаж, сонсож, тухай бүрд нь шийдвэрлэх нь зүйтэй.

Эсэргээрээ өөртөө хэт хатуу онош тавих нь түүнийг ялан дийлэх сэтгэлзүйн тэнхээ дутах, сэтгэлзүйн сөрөг үр дагавар үүсгэх талтай. "Би угаасаа л сэтгэцийн өвчтэй болчихсон юм байна" гэж гутарч явтал мэргэжлийн хүнд үзүүлээд оношлуулахаар багахан тулгамдсан асуудал байж ч болно. 

Харин илэрч буй шинж тэмдгүүдээ олж харах нь давуу тал. Гэхдээ мэргэжлийн хүнээр буюу сэтгэцийн нарийн мэргэшсэн эмчид хандаж, тодорхойлуулах нь илүү үр дүнтэй зөв алхам. 

Хэт туйлшрахгүй аливаад бодитоор хандах, эерэг сөрөг бүхий л орчинд өөрийн сэтгэлзүйн дархлаагаа хамгаалж чаддаг байхын тулд яах вэ? Сэтгэцийн эмгэг, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар та зөвлөөч? 

Өөрийн сэтгэл хөдлөл, зан үйлээ  таньж мэдэх хэрэгтэй. Мөн хоол хүнс, нойроо анхаарах шаардлагатай. Гэхдээ байнга өөрийгөө хяна гэсэн үг биш шүү. Өөрийгөө ажиглаад, ерөнхийд нь баримжаалаад явчих хэрэгтэй. Магадгүй сүүлийн үед та тайван биш болж, нойргүйдээд, юманд амархан уурлаж бухимдаад, анхаарал төвлөрөхгүй, гараас чинь юм гарахгүй, гэр бүл, найз нөхөд рүүгээ уурлах, харилцмааргүй санагдах гэх мэт сөрөг шинж тэмдэг анзаарагдаад байвал стрессийн дохио өгч байна гэсэн үг. Анзаарсан энэ стресс нь ажил амьдралын хувьд юутай холбоотой үүсч байгааг үргэлжлүүлэн таньж мэдэх хэрэгтэй. Ингэснээр стрессээ яаж бууруулж болох уу, яаж шийдэж болох уу гэдэг гаргалгаа хайх нь зөв бөгөөд чухал алхам юм. 

Болоод байгаа асуудал, маргааны цаана далд стрессүүд, тайлагдаагүй бодлууд, зовуурь байгаа учраас хариу урвал нь сөрөг байгаа хэрэг. Тиймээс өөрийгөө, сэтгэл санааны байдлаа сайн ажигла. 

Та юманд идэвх сонирхолтой байна уу, хийж байгаа ажил тань аз жаргалтай байлгаж, урам зориг авч чадаж байна уу? Найзтайгаа чин сэтгээлээсээ уулзаж чадаж байна уу? Эсвэл найзаасаа зугтаад байна уу? гээд асуугаад үзээрэй. Үүнээс гарах шинж тэмдгүүд нь бидний сэгэлзүйн байдлыг тодорхойлж өгдөг. 

Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал зүйлсийн нэг бол нойр. Хүн хэдий чинээ сайхан унтаж амарна төдий чинээ тархи тайван, бодлууд цэгцтэй, анхаарал сайн төвлөрдөг. Тэгж гэмээнэ ажлын бүтээмж, сурлагийн амжилт сайжирна.  

Эсэргээрээ хэт стресстээд, шалгалтандаа бэлдэх ёстой, ажлаа хийх ёстой гээд нойроо алдаад байвал амжилт улам л буурна. Би үүнийг байнга хэлдэг. Амьдралд хамгийн чухал үнэт хэрэгцээнүүд болох агаар, устай адил нойргүй бол оюун санаа амарч чадахгүй. Та нэг өдрийн нойроо алдахад ямар шинж илэрч байна? Үүнийг 7 хоногоор, сараар, жилээр үржүүлээд үзэхээр асар их нойрны алдагдал үүсдэг. Ингэж явах нь бодисын солилцооны хямрал үүсгэж улмаар бие махбодын өвчин болж эргээд сэтгэцийн асуудалтай болох, энэ байдлаасаа болж нийгмээс тусгаарлагдаж эхэлдэг гэдгийг маш сайн ойлгоод авах хэрэгтэй. 

 

 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө