2024/03/28. Пүрэв гараг Дугаар: #2961

ЭМЧИЙН ӨРӨӨ

АУ-ны доктор Б.Пүрэвжаргал: 30 хүрээгүй залуус архинд донтох эмгэгийн эцсийн шатанд орж байна

— Ч.Баяржаргал   2022 оны 09 сарын 15

Монгол улсын архины хэрэглээний өнөөгийн байдал, архинд донтох эмгэгийн хор уршиг, оношилгоо, эмчилгээ, цаашид анхаарах асуудлуудын талаар АУ-ны доктор, Боржигоны оточ наркологийн эмнэлгийн ерөнхий захирал Б.Пүрэвжаргалтай ярилцлаа. Тэрбээр, 2021 онд “Архины шалтгаант дэмийрэл бүхий үгүйлэх хам шинж”-ийн эмнэл зүйн судалгаагаар АУ-ны докторын зэрэг хамгаалсан юм. Түүний хийсэн судалгаа Монголчуудын архины хэрэглээ, архинд донтох эмгэг үүсгэж буй шалтгааны суурь судалгаа болсон. 

Та судалгааны дүгнэлт, үр дүнгээсээ танилцуулаач? 

Монгол хүний архинд донтох эмгэгтэй болоход нөлөөлж буй хүчин зүйлүүд, тэр дундаа биологийн хүчин зүйл болох архи задалдаг ферментийн идэвх Монгол эрүүл хүнд ямар хэмжээтэй байдаг, архины хэрэглээтэй хүнд ямар болсон, архинд донтох эмгэг болж хүндрэх тусам ямар хэмжээтэй болдог талаар судлах нь бидний ажлын нэг хэсэг байсан. 

Ингээд архины асуудалтай, донтох эмгэгтэй 81 хүн болон харьцангуй эрүүл 81 хүний цусанд архи задалдаг ферментийн агууламжийг тодорхойлж үзсэн. 2009 онд судлаач н.Нарантуяа нар Монгол эрүүл хүний архи задалдаг фермент Европ хүмүүстэй харьцуулахад 3.5 дахин бага байна гэсэн судалгаа хийсэн. Харин бидний судалгаагаар архины хэрэглээ, архинд донтох эмгэгтэй эмчлүүлэгчдийн цусан дахь архи задалдаг фермент нь 1.69 болж буурсан байсан. Архины солиорол буюу энэ өвчний хүндрэл даамжрахын хэрээр, архины цагаан солио өвчний үед архи задалдаг ферментийн хэмжээ 1.2 хүртэл буурсан байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Монголчуудын ген, цусан дахь архи задалдаг фермент бага байгаа нь юутай холбоотой вэ?

Монголчууд олон зуун жилийн турш айраг, нэрмэл архи зэрэг бага градустай этанолийн агууламжтай согтууруулах ундааг идээний дээж хэмээн хэрэглэж ирсэн онцлогтой. Гэтэл одоогийн цагаан архи гэж нэрлээд байгаа 38 градус, түүнээс өндөр градусын архийг 1960-аад оноош хойш  идээний дээж хэмээн буруу нэрлэж ихээр хэрэглэх болсон. Өөрөөр хэлбэл монголчууд генийн хувьд олон зуун жил бага градустай архи хэрэглэдэг, архи задлах фермент нь бага учраас одоогийн өндөр градустай архийг монгол хүний бие хүлээн авахгүй, архи задлах чадвар сул байдагтай холбоотойгоор өнөөх дутуу задралын ацетилальдегид хэмээх хор уураг тархинд сөргөөр нөлөөлдөг. Тодруулбал, элгэнд байдаг архи задалдаг альдегиддегидрогеназа гэх фермент Монгол хүнд бага байна. 

1960-1989 оны хооронд өндөр градустай цагаан архи хэрэглэж байсан боловч нийгэм, эдийн засаг нь тогтвортой, хүн бүр ажилтай, нийгмийн хамгаалал хяналт өндөр байсантай холбоотой хүмүүс хэтрүүлэн хэрэглэх байдал харьцангуй бага байсан. Үргэлжилсэн уулт байхгүй учраас тухайн үед хэтрүүлж хэрэглэсэн хоруу чанар байсан ч уураг тархинд байнгын давталттай, тархины эд эсийг гэмтээх нь бага байв. Тиймээс архинд донтох эмгэгийн үе шат ахих нь олон жил буюу 10, 10 жилээр үргэлжилдэг байсан.

Харин сүүлийн жилүүдэд дөнгөж 25 настай залуухан хүн архинд донтох эмгэгийн эцсийн шатандаа орж байна. Энэ нь ажилгүйдэл, нийгмийн байдал өөрчлөгдсөнтэй холбоотой. Мөн эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт суларсан. Ихэвчлэн хувиараа ажил эрхэлдэг хүмүүс үргэлжилсэн уулт ихтэй болсон. Нэг уухаараа 3-5 хоног дараалан уудаг, 7 хоног бүр тогтмол уух болсон. Элгэнд байдаг архи задлах фермент угаасаа бага  учраас хэтрүүлэн хэрэглэх үед элгэнд дутуу задарсан хортой нэгдэл уураг тархины лимфд маш хүчтэйгээр нөлөөлж донтолт үүсгэж байна. 

Өсвөр үеийнхэн, залуучуудын архинд донтох байдал хурдацтай, үе шат ахих нь түргэн буюу 5, 5 жилийн давтамжтай, 30 нас хүрээгүй эцсийн шатандаа орж байна. 

Эцсийн шатанд орсон үед уураг тархи эсийн хэмжээнд ноцтой өөрчлөлтөд ордог учраас мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагат зайлшгүй хандаж эмчлүүлэх шаардлагатай.

Харьцуулсан судалгаагаар анхаарал татсан өөр ямар үр дүнгүүд гарсан бэ? Хэдэн жил хийсэн судалгаа вэ?

2017 - 2021 оны хооронд таван жилийн хугацаанд судалгаа хийсэн. Монгол хүнд тохиолдоод буй архины цагаан солио эмгэг яагаад үүсээд байна, эрсдэлт хүчин зүйлийг нь тодруулсан. Эцэг эхийн архины нөлөө, биологийн хүчин зүйл болох архи задалдаг ферментийн хэмжээ, цусан дахь амин дэмүүд болох витамин B1, B12 аминд дэм ямар түвшинд байна гэдгийг гаргаж ирсэн. Эдгээр амин дэмүүд нь архинд донтох эмгэгийн эмчилгээтэй холбоотой учраас судлах зайлшгүй шаардлагатай байв. Мөн архины хүндрэл нь уураг тархинд нөлөөлдөг учраас ойгүйдэл буюу оюун ухааны сулрал ямар хэмжээнд байгааг хөндсөн.

Архинд донтолтын үе шат ахих тусам танин мэдэхүйд өөрчлөлт гарах, ой тогтоолт буурах шинж илэрдэг. 


Зөв зохистой хоол хүнсний хэрэглээ монгол хүнд зайлшгүй шаардлагатайг энд онцлох хэрэгтэй. Архи задалдаг ферментийн найрлагад цайр гэх мэт микро элементүүд тодорхой хэмжээгээр оролцдог учраас Монголчуудын хооллолт, эрдэс баялаг ихтэй, баяжуулсан хүнс хэрэглэж байна уу гэдэг нэг асуудал. Ихэнх нь өлөн байхдаа архи уудаг, уухдаа хоол иддэггүй зэрэг нь архинд донтох өвчний хүндрэл, солиоролд орох, архины шалтгаант тэнэгрэл үүсгэх хүчин зүйл болж байгаа гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Архи уухаараа агсам тавьдаг, эрүүл үедээ сайхан хүн гэдэг. Ингэж зан араншин өөрчлөгдөх нв юутай холбоотой вэ?

Хүний уураг тархитай холбоотой. Бага тархийг ороож бүсэлсэн лимфийг эрдэмтэд эртний тархи буюу адгууслаг тархины үлдэгдэл гэдэг. Лимф нь хүний зориг үйлдэл, сэтгэл хөдлөл, бэлгийн үйл ажиллагаа, дур хүсэл, үйлдэх хөдөлгөөн зэрэг амьтнаас үүссэн төрх үйлдлүүд холбоотой байдаг. Тиймээс архины дутуу задарсан хор тархины лимфд нөлөөлж, мэдрэлийн эсийн түвшинд бодисын солилцоог өөрчлөлтөд оруулдаг. Мэдрэлийн эс нь сэрэл, саатал гэсэн хоёр төрлийн бодисын солилцооны зохицуулгад оролцдог. Тодорхой хэмжээгээр эрүүл хооллолт, зөв амьдралын хэв маягтай хүнд 22 цагаас хойш мэдрэлийн эсийн сааталд оруулдаг даавар, өглөө нь мэдрэлийн эсийн сэрлийн дааврууд үүсдэг. Гэтэл архийг өдөр дарааллан хэтрүүлэн хэрэглэх үед мэдрэлийн эсийг тайвшруулж, анагааж, сааталд оруулдаг дааврын хэмжээ устдаг. Оронд нь хөөрөл, сэрлийн дааврууд ихээр үүсдэг. 

Архины хэтрүүлэн хэрэглээний үед хэтэрхий их мэдрэлийн эсийн сэрлийн дааврууд чөлөөлөгдөж гарснаас үүдэн тухайн хүн зан төрхийн хувьд хөөрлийн байдалтай, сэтгэл хөдлөл, үйлдэл ихтэй, агсам тавьдаг, араатанлаг үйлдэл их гаргадаг.

Сэрлийн даавар ингэж ихээр гарснаас болж тодорхой хугацааны дараа сэрлийн дааврын дутагдалд ордог. Буцааж үүсгэхийн тулд заавал архи нэхэгддэг. Тиймээс архины хамаарал нь мэдрэлийн эсийн түвшинд нөлөөлж хүний зан төрх, авир араншин, үйлдэлд нөлөөлдөг. Архины хэрэглээ нь нэмэгдэж, даамжрах тусам улам амьтан төрх рүү орох, хүн гэхэд хэцүү болох, араантаглаг хэв шинжтэй болдог нь тархины үйл ажиллагаа алагдасантай холбоотой. Тиймээс ийм хүндрэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, эмчлэх зайлшгүй шаардлагатай.

Архины хэрэглээ бусад өвчин эмгэгт хэрхэн нөлөөлдөг, хэр чухлаар тавигдах асуудал вэ?

НҮБ-ын шинжээчид 2017 онд, Монгол улсын хүн амын дунд согтууруулах ундааны хэрэглээ зүрх судасны өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл болж байгаа төдийгүй нас баралтын 77 хувийг халдварт бус өвчлөл эзэлж байгаа нь дэлхийн нас баралтын дунджаас 6 хувиар өндөр гэж дүгнэсэн.

Архи худалдаалагчдын нягтрал нь 270 хүн тутамд 1 архины дэлгүүр ногдож байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Элэгний өвчлөл, бусад халдварт бус өвчлөл үүсэж буй нь архины дутуу задралаас үүссэн хор биемахбодод нөлөөлж буйтай холбоотой юм. Тиймээс архины хэрэглээг бууруулах, жижиглэн худалдааны хэрэглээний хязгаарлалт хийх, зар сурталчилгааны бүрэн хориглолт хийх шаардлагатай гэж дүгнэжээ.

Архины эсрэг хэн хэрхэн яаж тэмцэх вэ? Архины асуудлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн үр дүнтэй гэж үзэж байна вэ?

Судалгааны ажилтайгаа холбоотойгоор хэлэхэд, Монгол хүнд архи задалдаг ферментийн агууламж бага гэдгийг нотолчихсон. Гэтэл Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа болон импортлогдож байгаа архины этанолийн агууламж өндөр байна. Энэ асуудлыг төрийн болон хууль хяналтын байгууллага анхааралдаа авах ёстой.

Нийт хүн амын дунд архи задалдаг ферментийг судлах генийн түвшний тархалтын судалгаа хийх хэрэгтэй. Бидний хийсэн судалгаа бол зөвхөн суурь судалгаа. Үүгээр үйлдвэрлэлд өөрчлөлт хийнэ гэж шууд хэлж болохгүй. Тиймээс томоохон судалгаа хийхэд засгийн газар, ДЭМБ-аас анхаарч санхүүжилтээр ханган архинд донтох эмгэгийг судлах хэрэгтэй гэж үзэж байна. Үүний үр дүн, нотолгоонд суурилсан тусламж буюу архины үйлдвэрлэлийн этанолийн агууламжийг шат дараалан бууруулах хэрэгтэй юм. Ингэснээр 10-20 жилийн дараа амьдралын зөв хэв маягтай, эрүүл иргэн бий болж төлөвших урт хугацааны бодлого хэрэгжих байх.

Ажилгүйдэл архидалтыг ихэсгээд байна уу? Энэ хоёрын хоорондын хамаарал ямар байна вэ?

Бусад эрдэмтдийн болон бидний хийсэн судалгаанд ч тэр ажилгүй болон хувиараа ажил эрхэлдэг хүмүүс хамгийн их архинд донтох эмгэгт өртөж байна. Тиймээс хүн бүрийг ажилтай байлгах, олон хувийн их дээд сургуулиудыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлүүд хөгжих зэргээр ажлын байрыг бий болгох хэрэгтэй юм. 

Нийгмийн байдал, ажилгүйдэл архидалтыг үүсгэж буй томоохон хүчин зүйлсийн нэг хэвээр байна.

Архинд донтох эмгэгийн хүнд болон эцсийн шатанд орсон хүнд ямар эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх вэ? Эмчлэгдэх боломжтой юу?

Манай улсад төр, хувийн хэвшлийн болон ТББ байгууллагууд архинд донтох эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ 3 үе шаттай. Үүний хоёр дахь шатанд 45 хоног хэвтүүлэн эмчлэх, хордлого тайлах, дуршил бууруулах зэрэг өвөрмөц эмчилгээнүүд хийгддэг. Үүний дараа батжуулах эмчилгээ буюу өвчнийг эмчлэх үргэлжлэх хугацаа нь 1.6 жил байдаг.  Гэтэл хоёр сарын эмчилгээ дуусаад, 1.6 жил хүртэл хугацаанд батжуулах тусламж үйлчилгээ манай улсын хувьд хоцрогдмол, хангалттай биш байна.

Донтох өвчтэй хүмүүсийг нөхөн сэргээх, сэтгэл заслын төвүүд байхгүй. Яаралтай нөхөн сэргээх төвтэй болох шаардлагатай. Түүнчлэн бүх байгууллага багаар ажиллах ёстой цогц үйл ажиллагаа хэрэгтэй. Үүнээс гадна мэргэжлийн боловсон хүчний асуудал байна. Улсын хэмжээнд 40 хүрэхгүй наркологийн эмч байдаг. Гэтэл Монгол улсын архины асуудал маш их байна. Наркологийн төв бий болж, боловсон хүчин хангалттай бэлтгэгдэж байж тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26