2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

АУ-ны доктор Д.Оюунсүрэн: Нийгэмд үнэт зүйлийн хямрал их байна. Үүний нэг үзэгдэл нь "амиа хорлолт"

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 10

ҮРГЭЛЖЛЭЛ

Амиа хорлох үзэгдлийн тухай. Ярилцлагын өмнөх хэсэгт Монголчуудын хувьд амиа хорлолт ямар байна, амиа хорлолтыг хэрхэн судалсан болон амиа хорлолтын хүйсийн ялгаатай байдал, учир шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн талаар ярилцсан юм. Өмнөх хэсгийг энд дарж уншаарай. 

Харин энэ удаа “Амиа хорлолт”-д хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн нөлөөлдөг, мэдээлж буй өнцөг, хэлбэр, агуулга ямар байдаг, ямар байх хэрэгтэй, “амиа хорлох” оролдлого хийх гэж буй хүний сэтгэл зүйн байр байдлыг хэрхэн анзаарч мэдэх, амиа хорлох оролдлого хийсэн хүмүүс тэрхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулж буй талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, Тэргүүлэх зэргийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Д.Оюунсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна. 

Монголчуудын сэтгэл зүйн дархлаа ер нь ямар байна вэ? 

Залуу үеийнхний сэтгэл зүйн дархлаа маш сул байна. Анхаарах цаг хэдийн болсон. Сэтгэл зүйн хувьд дасан зохицох чадварт суралцах нь чухал. Монголчууд бидний хэлдгээр “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” гэдэг бас л үнэн үг. Байгаа нөхцөл байдал, газар орчин, нийгэмдээ дасан зохицох, нийгмийн ороо бусгаа хэцүү бүхэнд холбироод байхгүй сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй. “Усыг нь уувал ёсыг дага” гэдэг шүү дээ. Би ийм хүн биш гээд зүтгээд байж болохгүй.

Ер нь монголчууд бид аугаа уламжлалт түүх, ёс заншил, философитой үндэстэн. Эрт дээр үеэс уламжилж ирсэн эдгээр зүйр цэцэн үгэн дотор маш том философи, хүний нийгэмд яаж өөрийгөө авч явах вэ гэдэг зам мөр, маш чухал зарчмууд, үнэт зүйлс шингээстэй байдаг.

Орчин үед сэтгэцийн эрүүл мэндийн тухай маш олон ойлголт, судалгаанууд хийгдсээр байна. Гэхдээ монгол хүний онцлогийг мэдье гэвэл уламжилж ирсэн ёс заншил, түүхтэйгээ холбон судлах зайлшгүй шаардлагатай. Тэгж гэмээнэ Монгол хүний сэтгэл зүйд тохирсон менежмент ямар байхыг тодорхойлох боломжтой болно. Монголчуудын дунд “амиа хорлох” үзэгдэл яагаад ийм сенсацтай байна гэдгийг баталгаа нотолгоотой ул суурьтай яръя гэвэл Монгол хүнийхээ онцлогийг л судлах ёстой.

Таны сая хэлсэн онцлогтой холбож асуумаар байна. Ази, Европ зэрэг бусад тивүүдийн хооронд амиа хорлох үзэгдлийн ялгаатай байдал хэр байдаг вэ? 

Монгол Улс газар зүйн байршлын хувьд далайн чийгшлээс хол, өндөрлөгт оршдог. Байгальтайгаа маш ойр байдаг нүүдэлчин соёлтой ард түмэн. Хотжилтын түүх нь 100 хүрэхгүй жил. Бүр дөрвөн уулын дунд давчуухан орчинд шамбааралдан амьдарч буй хугацаа нь гэвэл сүүлийн 30 гаруй жил.

Бид нүүдлийн хэв маягтай, жилийн дөрвөн улиралд малаа маллаад хүссэн газартаа нүүдэллэн явдаг, хаа нэг танихгүй хүнтэй таардаг, хот айлынхаа хорь гучин хүнтэй л өдөр тутамдаа харьцаж амьдарч ирсэн. Миний харж буйгаар нүүдэлчин соёлоос бидний олж авсан, цусанд шингэсэн зүйл нь уужим орон зайд байх, аливаа зүйлийг уужуу, тааваараа хүлээн авч амьдардаг тэр хэв маяг. “Нэг сайхан нартай өдөр л...тэгж байгаад...” гэсэн байдлаар юм бүхэнд хандах гээд байдаг. Энэ нь одоогийн хурдтай нийгмийн хөгжилтэй нийцдэггүй тал бий. Цагт баригддаг түүнийгээ зохицуулах гэж асуудлуудтай тулгардаг. Аргагүй шүү дээ. Хэдэн мянган жил дураараа амьдарсан ахуйтай, байгалийн амьд харилцаанд байсан хүмүүс. Байгальтай харилцах харилцаа нь нэг нэгэн хүнээс хамаарсан олон зүйл шаардахгүй. Гэтэл хүнтэй харилцах харилцаа илүү их мэдрэмтгий байхыг шаарддаг. Олон хүнтэй харилцаанд ороод амьдраад ирэхээр зөвхөн миний эрх ашиг биш тэр хүний эрх ашгийг ч харгалзан үзэж, зөвшилцөх, бодож тунгаах хэрэг гарна. Гэтэл монголчуудад ийм суурин амьдралын харилцаа, төлөвшил бага. Үл ойлголцол, маргаанууд эндээс л урган гарч ирдэг. Маш ээдрээтэй төвөгтэй зүйлс гараад ирсэн. Жендерийн асуудал ч ихээр яригддаг болсон. Энэ бүхний цаана өнөөх л сэтгэл зүйн байр байдал өөрчлөгдөж, эерэг сөрөг олон нөлөөлөлд автах нөхцөл үүсээд байгаа юм. Бусад тив, улс оронтой харьцуулахад бид маш их ялгаатай, онцлогтой ард түмэн.

Тэгэхээр бид нийгмийн харилцаанд хэрхэн оролцох талаар сэтгэл зүйн төлөвшилд суралцаж, дасан зохицох гээд л ядаж яваа учраас сэтгэл зүйн асуудлууд ч үүнийгээ дагаад их байна гэж ойлгож болох уу? 

Тийм. Бидний урт удаан хугацаанд эрхэмлэн хадгалж ирсэн үнэт зүйлс орчин үеийн хөгжлийг дагаад тийм ч амархан өөрчлөгдөхгүй гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй болов уу. Одоо бүх зүйл өөр болсон гээд л өнгөрсөн бүхнээ үгүйсгэж болохгүй гэсэн үг л дээ. Энэ бүхэнд тохирсон үнэт зүйлс байх ёстой.

Нийгэмд үнэт зүйлийн хямрал их байна. Үүний нэг үзэгдэл нь амиа хорлолт ч байж болно. “Би хямраад байна, учраа олохгүй байна, хэчнээн хичээсэн ч өөрийгөө ойлгохгүй байна” гэсэн асуудлаа хүмүүс янз бүрээр илэрхийлээд л яваад байдаг. Өнөөх нь даамжирсаар, хуримтлагдсаар...Гэнэт л хормын дотор амиа хорлох шийдвэр гаргачихдаггүйг олон олон судлаачид хэлдэг. Асуудлаа удаан тээж явсаар эцэстээ амьдралаас татгалзах сонголт хийхэд хүрж байна. Үүнийг нь харин эргэн тойрны хүмүүс, нийгэм ухамсарлан ойлгож байна уу гэдэг асуудлын гол нь юм. Бид соргог байх хэрэгтэй. Хажуу дахь хүнээ анзаардаг байя. 

Амиа хорлох үйлдэл хийх гэж буй тэр агшинд тухайн хүний сэтгэл зүй, сонголтыг нь өөрчлөх, нөлөөлөх боломж хэр байдаг бол? 

Ийм сонголт хийх гэж буй хүнд өөрт нь туслах хэн ч байхгүй мэт санагдаж байгаа. “Би ерөөсөө гарцгүй болчихсон. Хэн ч надад тусалж чадахгүй. Би угаасаа амьд явах эрх ч байхгүй” гэдэг бодол, мэдрэмж төрдөг. Яг ийм мухардалд орсон үед “Танд туслах газар байна шүү, арай өөрөөр нэг бодоод үзээрэй” гэдэг ямар нэгэн зүйл нүдэнд нь харагдаж байх ёстой. Тусламжийн утасны дугаар ч юм уу. 

Хоёрдугаарт. Хүн амд эрүүл мэндийн боловсролыг нас насанд нь тохирсон байдлаар олгож байх ёстой. Үүнд бүх зүйл хамаарна. Гараа угаахаас эхлээд. Нэг сайн жишээг бид бүгд анзаарч байна. Ковид-19 цар тахлын жилүүдэд хүн бүр гараа угаах ёстой, ариутгах ёстой гэдгийг хэвшил болгож чадсан. Үүн шиг л эрүүл мэндийн мэдлэг боловсролыг маш системтэй зөв арга замаар бүх нийтэд олгох хэрэгтэй юм. Энэ талын боловсрол, ойлголт мэдээлэл дутмаг, асуудал тулгарсан үед хэрхэн шийдвэрлэх аргаа мэдэхгүй явсаар нас биед хүрж буй хүмүүс олон. Тиймээс одооноос ч болтугай боловсролын системдээ суулгаж өгөх ёстой чухал ухагдахуун нь сэтгэл зүйн боловсрол юм.

Хүн амьдралдаа ямар ч гарцгүй нөхцөл байдалд орж болно. Төгс биш үү дээ. Тийм үед нь харин “Танд туслах, таныг ойлгох хэн нэгэн хаа нэгтээ байж магадгүй учраас сонголт хийхээсээ өмнө тийшээ хандаад үзээрэй” гэдэг гарц, зөвлөгөөг бий болгох ёстой. 

Ямар ч гарцгүй юм шиг санагдах үед зүрх сэтгэлд нь эцсийн итгэл найдварын гал мэт асах тэр сэтгэл зүйн дархлааг л үр хүүхдэдээ суулгах хэрэгтэй байна.

Амиа хорлох үйлдэл хийх гэж буй хүн гэнэт тийм шийдвэр гаргадаггүй. Дотроо удаан бодож төлөвлөсөн байдаг гэсэн. Ямар шинж тэмдэг, өөрчлөлт, хандлага мэдрэгддэг вэ? Бид хэрхэн сэргэг байх вэ?

Тухайн хүн өөрөө ухамсарлаагүй ч гэсэн амиа хорлох сэдэл төрж байж болзошгүй олон шинжүүд бий. Тэр дундаас хамгийн нийтлэг илэрдэг хэд хэдэн шинжийг дурдъя.

  • Хэлдэггүй зүйлсээ хэлж эхлэх.
  • Хийдэггүй зүйлсээ хийж эхлэх.
  • Сонирхдоггүй зүйлсээ сонирхож эхлэх.

Энэ бол тэр хүн хэвийнээс арай өөр байгааг илэрхийлэх хамгийн тод шинж байдал.

Хэрэв та дотнын хүнээ “Нэг л бишээ, огт ингэдэггүй хүн дээ” гэж анзаарсан бол заавал анхаарал тавиарай. Товчхондоо, хүн хийдэггүй зүйлээ хийгээд, гаргадаггүй ааш аяг гаргаад байвал ер нь нэг биш. Ямар нэг асуудал байна, энэ хүнд тусламж шаардлагатай, хэн нэгэн хэрэгтэй байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй.

Ямар нэгэн байдлаар, тоглоомоор ч гэсэн үхэх тухай агуулга бүхий зүйл ярьж л байвал үүнийг тоохгүй орхиж болохгүй.

Социологич, амиа хорлолтыг судалдаг судлаачид “Хүн хэзээ ч санамсаргүй үхэх тухай ярьдаггүй” гэж ам нэгтэй хэлдэг. Санамсаргүй ч гэсэн “ Өө ингэж ч амьдрах гэж дээ...Ийм амьдрал гэж юу байхав дээ, ингэж амьд явсанаас бушуухан дууссан нь дээр..” гэхчлэн шууд, шууд бус агуулгатай ярих нь тоглоом биш.

Магадгүй ийм утгатай зүйл хэлбэл “Миний найз сайн уу, юу болж байна, зүгээр үү, сэтгэл санаа нь ямар байна” гээд асуугаад үзээрэй. Ямартай ч тэр хүнд нэг хэрэгцээ байна. Тиймээс та тусалж чадах бүх зүйлээ хийхэд бэлэн гэдгээ ойлгуулаарай. Энэ нь тэр нэг агшин, хэцүү шийдвэр гаргахыг өөрчлөх том нөлөөлөл. Ийм нэг нэгэндээ анзаарч, халамжлах сэтгэл зүйн ойлголт хандлагыг хүүхдэдээ багаас нь хэлдэг байх хэрэгтэй. Анзааргатай бай, дотнын хүмүүсдээ анхаардаг бай, ярилцдаг бай гэж.

Монголчууд хэлдэг шүү дээ. “Амны бэлэггүй... үгийн гарз” гэх мэт. Гэтэл энэ цээрийг даван байж хэлж байна гэдэг ноцтой хэмээн анхаарч, анзаарах ёстойн дохио. Эрүүл амьдрах ухаан ерөөс ийм жижигхэн зүйлсээс л эхэлдэг. Хажуу дахь хүнээ анхаар.

Амьдрал гэдэг үнэхээрийн хайрлах хэрэгтэй маш ховор аз завшаан

Амиа хорлолтын тухайд бид юуг хэрхэн ойлгох хэрэгтэй вэ. Оролдлого хийгээд амьд үлдсэн хүний сэтгэл зүй ямар байдаг бол, юуг даван туулдаг вэ?

Би амиа хорлох үзэгдлийг судлаж байх явцдаа 2015 онд АНУ-ын Санфранциско хотод энэ талын судлаачдын чуулга уулзалтад оролцсон юм. Гэтэл миний бодож төсөөлж байснаас тэс өөр орчин нөхцөл угтан авсан. Учир нь тэнд цугларсан хүмүүсийн бараг 95 хувь нь амиа хорлох үйлдэл, оролдлого хийсэн, түүнийг даван туулж, амьд үлдсэн хүмүүс байсан. Дэлхийн 100 гаруй улс орноос ирсэн өөр өөр ёс заншил, соёлтой, амиа хорлох үйлдэл оролдлого хийж байсан түүхтэй тэр олон хүнийг нэг дор харж, тэдэнтэй уулзаж ярилцах, тэднийг сонсох нь надад маш сонин мэдрэмж төрүүлж байв. Магадгүй би тэнд очиж тэр хүмүүсийн дуу хоолойг сонсоогүй байсан бол судалгааны ажлаа санасан хэмжээндээ хийж чадахгүй байсан байх гэж боддог.

Тэнд байх долоо хоногийн хугацаанд надад мэдрүүлсэн зүйл бол “Хүн байх, амьдрах гэдэг ямар үнэ цэнтэй” юм гэдгийг маш гүн гүнзгий ойлгосон явдал. 

Амиа хорлох оролдлого хийж байсан хүмүүсийн ихэнх нь “ямар азаар би амьд үлдсэн юм бэ” гэж хэлж байсан. 

Тэр хүмүүс амьдралын үнэ цэнийг маш их мэдэрсэн байсан нь надад бодож байснаас минь илүү эерэг мэдрэмж төрүүлсэн юм. Гэхдээ хүн амьдралын үнэ цэнийг мэдрэхийн тулд заавал ийм үйлдэл хийх ёстой юу? гэж бас бодсон. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл, тийм хэмжээнд хүрч байж амьдралын үнэ цэнийг мэдэрч азаар амьд үлдсэн хүн хэд байх вэ. Ухаарч амжилгүй хорвоог орхисон нь хэд бэ? Тиймээс ийм үйлдэл хийх хүртэл нь хэцүү байдалтай явуулах бус түүнээс өмнө цаг ямагт бид эргэн тойрны дотны хүмүүсдээ, үр хүүхдэдээ амьдралын утга учир, үнэ цэн, үнэт зүйлсийн талаар үнэн мөнийг хэлж ойлгуулдаг байх хэрэгтэй юм билээ.

Амьдрал, амьд явах сайхан. Гэхдээ асуудалтай, бас хэцүү, бэрхшээлтэй зүйлс ч бий гэдгийг үнэнээр нь хэлдэг байх ёстой. Дандаа амьдрал сайхан гээд яриад байвал жаахан асуудал үүсэх төдийд эмзэгээр хүлээж авдаг, сэтгэлийн дархлаагүй нэгэн болно. Тиймээс амьдрал сайхан, эсвэл амьдрал угаасаа хэцүү тэвч гэж хэт туйлширсан зүйл ярихгүйг хичээдэг байх. 

Амиа хорлолтод сэтгүүл зүйн салбарын нөлөөлөл их гэдэг. Тэнд тийм хүн тэгж амиа хорлох гэж оролдлоо, амиа хорлосон байна гэж үзэгдэл бүрийг толгой дараалан мэдээлж байгаа нь хэр ёс зүйтэй вэ? 

Хэвлэл мэдээлэл үнэхээр хүчтэй нөлөөлдөг. Амиа хорлолтын үзэгдэл сенсаци төдий яриа болж нийтэд тарж байгаад хэвлэл мэдээлэл хамгийн их буруутай. Хэвлэл мэдээлэл энэ үзэгдэлд хамгаалах эсвэл өдөөн турхирах гэсэн эсрэг тэсрэг хоёр үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх хэвлэл мэдээлэл “Бид бусад хүмүүсийг хамгаалах гэж, сэрэмжүүлэх гэж мэдээлдэг” гэдэг. Гэхдээ сонгож хэлж, бичиж байгаа үгнээс нь эхлээд бүх зүйл нь өдөөгч болдог.

Гэтэл бусад орнуудад, хамгийн түрүүн энэ мэдээллийг хэн, хэрхэн, хэзээ, ямар үгээр, ямар нөхцөлд, ямар сувгаар, яаж дамжуулах вэ гэдэг нь бүгд тодорхой байдаг. Хэвлэл мэдээллийн тодорхой хүмүүсээ энэ сэдвээр хэвлэн мэдээлэхэд бэлдчихсэн, тэр хүмүүс л амиа хорлолтын талаарх мэдээллийг буюу олон тохиолдлуудаас хэзээ болсоныг нь, хэдэн насны, ямар хүйснийхэнд чиглэсэн байдлаар, ямар өнгө аяс, үгээр, зураг авалт нь ямар байх хэрэгтэй гээд бүгдийг нарийн менежменттэй, хяналттай, жинхэнэ утгаараа өдөөгч болохоос сэрэмжлүүлэн мэдээлэхэд сургаж бэлтгэсэн байдаг. Амиа хорлолт бол зөвхөн судлаачын ажил биш гэдгийн учир нь энэ. 

Яг ингэж хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын ажилтан, сэтгүүлчдийг сургах хэрэгтэй юм. Заавал тэр бүх тохиолдлыг мэдээлэх шаардлагатай юу, үгүй юу гэдэг асуудал ч яригдана. Гэтэл хэвлэлийнхэн хэт сенсаци хөөж мэдээлдэг нь харамсалтай. Амиа хорлолт бол сенсацалж, хандалт авах гэж нийтэлдэг сэдэв биш гэдгийг хатуу хэлье. 

Хүний амьдралын маш олон эмзэг, ээдрээтэй асуудал цаана нь бий. Болсон үйл явдлыг дахин сонсох нь бүү хэл, сураг дуулсан хүний сэтгэл зүйд маш эмзэг тусдаг учраас зөвхөн сенсацилах маягаар мэдээлж болохгүй.

Амиа хорлох үзэгдэл нь улс орны аюулгүй байдал, үнэт зүйлсэд хэр чухлаар тавигдах анхаарах ёстой зүйл вэ. Монголчуудыг хорт хавдар л алж байна гэж ярьдаг. Амиа хорлолт бас тийм хэмжээнд очиход нь л анхаарч ярих ёстой биш байх?

Монгол улсад жилд амиа хорлож нас барсан тохиолдол нь автомашины ослоор нас барсан тохиолдлын тоотой бараг тэнцдэг. Олон жилийн туршид ийм үзүүлэлттэй байна. Энэ бол гуравхан сая хүнтэй манай улсын хувьд дэндүү эмгэнэлтэй их тоо.

Амьд явна гэдэг хамгийн том үнэт зүйл. Та ганцхан минут амьсгалаа түгжих гээд үздээ. Ямар хэцүү байдаг билээ. Тэгэхэд амьсгалаа бүрэн зогсоох шийдвэр яагаад гаргах хэмжээнд хүрэв. Зүгээр нэг болдог, байдаг л зүйл биш. Амиа хорлолт бол зөвхөн нийгмийн биш хувь хүн, улс орны бүхий л түвшинд тодорхой хэмжээгээр зохицуулга шаардлагатай үзэгдэл. Тэгж гэмээнэ бууруулах боломжтой болно. Ядаж л ажилгүйдлийг шийдэх, хүнийг үнэт зүйлстэй байлгах, бага наснаас нь эхлээд эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсролыг олгох тогтолцоо, систем хэрэгтэй. 

Хүний амь нас, иргэний аюулгүй байдал зөрчигдөх явдал бол улс орны хамгийн том асуудал, улс орны аюулгүй байдал оршин тогтнохын нэг чухал үзүүлэлт.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр