"Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын алба болон ЭМЯ, СЭМҮТ хамтран зохион байгуулсан.
Уг хэлэлцүүлэгт АУ-ны доктор, клиникийн профессор, сэтгэц судлаач, сэтгэц-наркологийн эмч, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Дэмидмаа "Согтуурах донтой хүнд үзүүлж буй эмчилгээ тусламж үйлчилгээ"- ний талаар илтгэл тавьсан юм.
Тэрбээр салбартаа тасралтгүй 33 жил ажиллаж байгаа бөгөөд докторын ажлаа хамгаалсан сэдвийн нэг хэсэг нь “Архинд донтох нь гэр бүлийн өвчин” гэсэн хэсэг байсан бөгөөд илтгэлийн үеэр уг сэдвийг хөндөн ярьж, салбар яамнууд, бодлого шийдвэр гаргагчид, эмч мэргэжилтэн, судлаачид бүгд нэг зүг рүү харж, архины эмчилгээг стандарт болгож чадсанаар зөвхөн архинд донтсон өвчтөнийг аврахаас гадна тэдний гэр бүлийн хүмүүсийг аврах боломжтой гэдгийг онцолсон.
Архинд донтох нь ГЭР БҮЛИЙН ӨВЧИН
Энэ зурагт харагдаж байгаа яст мэлхийн хуягаар бүрхэгдсэн хүн бол “Архины асуудалтай гэр бүлийн насанд хүрэгчийн дүр төрх”
Өөрөөр хэлбэл архинд донтсон нөхрийн/эхнэрийн хань ижил, ээж, аав нь гэсэн үг. Хүн гэж хэлэхэд хэцүү харагдаж байгаа биз.
Учир нь хамгийн хайртай хүн нь архины асуудалтай болчихсон. Эхний үед энэ хүн эргэн тойрны хүмүүсээсээ архинд орсон эхнэр/нөхрөө маш их нууна. Өөрөө асуудлыг нь шийдэх гэж лам бөөгөөр явна. Хаана л сайн хүн, сайн юм байна байна түүн рүү очдог. Тэгээд архины асуудалтай хүнийхээ үүрэх ёстой үүрэг хариуцлагыг өөрийнхөө мөрөн дээр үүрсээр бөгтөр болчихдог. Ихэвчлэн эхнэрүүдийн дүр төрх ийм. Энэ хүний амьдралын гол зорилго нь архины асуудалтай хүнээ яаж архинаас гаргах вэ л гэдэг.
Эхлээд "архинаас гаргана" гэдэг томьёоллыг халах ёстой. Архинд донтох нь өвчин учраас өвчнөөс гаргана гэдэг ойлголт байхгүй. Бид ханиаднаас гаргана, хоолойны ангинаас гаргана гэж хэлдэггүй шүү дээ. Тиймээс энэ томьёол нь архины өвчин гэдэг бодит ойлголтоос холдуулж байгаа хэрэг. Архинд орчихлоо гээд байдаг. Орчихсон болохоор өнөөх хүнээ архинаас гаргана гэх амьдралын зорилго нь өөрийг нь хэн ч биш болгож хувиргадаг гэдгийг санах хэрэгтэй. Ингээд нуруун дээрээ ачаа үүрсээр яст мэлхийн хуягаар бүрхэгддэг гэж зүйрлэж болно.
Эхлээд өөрийн аав ээж, хамаатан садан руугаа утасдаж, хэлдэг. "Надад хэцүү байна. Нөхөр/эхнэр маань архи уугаад байна" гэдэг. Харин бусад хүмүүс “чи наад архичнаасаа салаач” гэдэг. Уг нь өөрөө эхэлж муулж, хэлдэг ч эргээд нөгөөхөө өмөөрдөг. Тэгээд хадам тал руугаа ярьж эхэлдэг. Хадам тал нь “миний хүү/охин, миний дүү чамтай суухдаа архичин байгаагүй. Чи л ийм болгосон” гэдэг. Ингээд хэнд ч хэлээд нэмэргүй тул гомдож шаналдаг. Бүхий л цаг хугацаа амьдралаа зориулж байгаа тэрбээр яст мэлхийн хуягаар бүрхэгдэж, асуудлаа ярихаа больж улам дотогшоо нэгэн болдог. Гэтэл анх хайртай хүнтэйгээ суухдаа, хүүхэд төрүүлэхдээ ийм хуяг бүрхүүлгүй хэчнээн хөөрхөн байсан бол гэдгээ санаарай. Архинд донтсон хүнийх нь өвчин энэ хүнийг ч мөн давхар хамааралтай болгодог.
Дараагийнх нь “Айлын том хүүхэд” –ийн дүр түрх
Энэ хүүхэд онц сурна, гэрээ цэвэрлэнэ, хариуцлагатай, дүү нараа харна, аав/ээж согтуу ороод ирэхэд хажууд нь хүйтэн ус хийж тавих ёстой, хувцсыг нь цэвэрлэж цэгцлэх ёстой гэх мэт бүх зүйлийг хийдэг. Ээж нь эрүүлжүүлэх, бөө, ломбард гээд асуудлыг нь цэгцлэх гээд явчихсан байгаа...Тэр хооронд айлын том хүүхэд жижигхэн мөрөндөө тэр бүх амьдралын ачааллыг үүрдэг. Тэгээд энэ хүүхэд “ёстой” гэдэг дүрмийн дагуу амьдардаг болдог. Том болоод бүр зургаа дахь мэдрэхүйгээрээ шууд л асуудалтай хүнтэй очиж суудаг. Тэр нь заавал архины асуудалтай биш, мөрийтэй тоглодог эсвэл мансууруулах бодис хэрэглэгдэг ч юм уу. Ямартай ч асуудалтай хүнийг хар аяндаа сонгож нийлдэг. Яагаад гэвэл багаасаа “би” нь алга болчихсон, хариуцлага үүрэх ёстой учраас эрүүл хүнтэй амьдрах чадваргүй болчихдог. Архины асуудалтай гэр бүлд өсөж байгаа хүүхдүүдийн 30 хувь нь ийм болдог.
Архины өвчинд өртдөг дараагийн дүр нь “Айлын дундах хүүхдүүд"-ийн төрх
Энэ хүүхдүүд хурдан том болж гэр бүлээ аврах хүсэлтэй. Өөрийгөө аврагч гэж боддог. Гэхдээ онц сурч чаддаггүй. Аав ээж, гэр бүлийн хүмүүсийнхээ анхаарлыг өөртөө татахын тулд сөрөг буруу аргаар буюу хичээлээ тасална, янз бүрийн хуулийн эсрэг зүйлс хийдэг. “Алиа салбадай” гэж нэрлэдэг. Энэ хүүхэд “үгүй” гэж хэлж чаддаггүй. Өнөөдрийн нийгэм маш хүнд байгаа үед ийм хүүхдүүдийг архи, мансууруулах бодист оруулах хүмүүс бэлэн хүлээгээд байж байдаг. Архины асуудалтай гэр бүлд өсөж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь ийм байдалд ордог.
Өөрөөр хэлбэл, хоёр хүүхдийн нэг нь. Яагаад мансууруулах бодисын хэрэглээ, хүмүүсийн тоо нэмэгдээд байна гэвэл асуудалтай гэр бүлийн хүүхдүүд тэр армийг нэмээд байна. Уг нь энэ хорт бодис, хэрэглэж болохгүй гэдгийг мэддэг ч “үгүй” гэж хэлж чаддаггүй учраас автдаг. Цаашлаад ухамсартайгаар хэрэглэдэг. Хурдхан том болох хүсэлдээ хөтлөгдөж эр хүн болсноо, том болсноо мэдрэх гэж хорт зуршилтай болдог. Тэгээд энэ хүүхдүүдийн эрүүл тархи нь сэтгэц нөлөөт бодист хордож, дараагийн донтогч бий болдог.
Дараагийнх нь “Айлын бага” хүүхдийн дүр төрхБага хүүхэд төрөх үед өнөөх архины асуудалтай гэр бүлийн эдийн засгийн байдал улам муудсан байдаг. Тиймээс бага хүүхдүүд рахиттай, тэжээлийн дутагдал, генийн өөрчлөлтөд орчихсон хамгийн их гэмтэлд өртсөн хүүхэд болдог. Энэ хүүхдүүд өөрийнхөө ертөнцөд л амьдардаг болж өсдөг. Харанхуй буланд эсвэл ширээн доор эвдэрхий машин, хүүхэлдэйгээ тэврээд л сууж байдаг. Гэрт нь хэрүүл маргаан, хүчирхийлэл, зодоон болсон ч хамаагүй.
Уг нь отгон хүүхдээ архины хамааралтай хүн эрхлүүлэх гэж үздэг. Гэхдээ архины асуудал нь нэмэгдэх тусам худлаа хэлдэг. Амлалтдаа хүрэхээ больдог. Хүүхдийн тоглоомын төв оруулна, мөхөөлдөс авч өгнө гэдэг ч юм уу хэлсэн зүйлс нь биелэгдэхгүй болохоор энэ хүүхдүүд болоогүй юмыг болсноор төсөөлж, итгэж эхэлдэг. Яг бодит юм шигээр “Аав намайг дагуулж явсан, гоё юм авч өгсөн” гэдэг сэтгэхүйгээр амьдардаг. Үүнийг "ганцаарчлах өвчин" гэж оношилдог. Насанд хүрсэн хойноо ганцаарчлах өвчний хөнгөн хэлбэр хэрхэн илэрдэг гэвэл, хамт олон дунд зожигдуу хүмүүс байдаг даа. Хүнтэй найзалдаггүй, нийлдэггүй, хүнтэй суудаггүй. Тийм л болж хувирдаг. Зөвхөн архи гэлтгүй бусад донтолтын асуудалтай гэр бүлд өсөж байгаа хүүхдүүдийн 20 хувь нь ийм дүртэй бие хүн болдог.
Энэ хүүхдүүдийг хэн ийм болгоод байна? Нөгөө л хэлээд байгаа архинд донтогч, өвчтөн. Архины өвчнөөр өөрөө өвчлөөд зогсохгүй гэр бүлээ давхар хамаарлын өвчтэй болгож байна. Тиймээс зөвхөн энэ өвчтөнийг эмчлэхээс гадна цаад сүүдэрт нь байгаа гэр бүлийн энэ олон хүмүүсийг орхиж болохгүй гэдгийг хэлмээр байна.
Архины асуудалтай гэр бүлд асуудалтай болж өсөж буй хүүхдүүдтэй та бидний үр хүүхдүүд хамт нэг нийгэмд өсөж байгаа гэдгийг ойлгохыг хүсье. Надад тулгараагүй юм чинь хамаагүй гэж хаалганаас цааш хөдөлдөггүй эс үйлддэг хөрш битгий байгаарай. Нийгмээрээ хүн бүр нэгэн зүг рүү харах нь чухал юм.
Архинд донтогч өвчтөнийг, түүний гэр бүлийг эдгээх хамгийн үр дүнтэй эмчилгээ нь "Сэтгэц-нийгмийн сэргээн засах" тусламж үйлчилгээ юм. Урт хугацааны засал эмчилгээ гэсэн үг. Тэрнээс 10 хоног хэвтэж хордлого тайлаад эсвэл код, спираль тавиулаад эдгэрэхгүй. Сүүлийн шат руу орохоос нь өмнө барьж эмчилж нийгэмшүүлэх нь бидний зорилго.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн хөдөлгөөний хүрээнд “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” өнгөрсөн оны 09 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа. Уг төвийг бүх дүүрэг, орон нутагт барьж байгуулах, хүний нөөц, санхүүжилтийг шийдвэрлэх нэн чухал байна.
“Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” нь төв 12 алхамд тулгуурласан Миннесота сэтгэл заслын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Дараах төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.
- Архины донтох эмгэгийн оношилгоо
- Сэтгэл зүйн зөвлөгөө
- Урам зориг сэдэлжүүлэлт
- 12 алхамд суурилсан Миннесота сэтгэл заслын хөтөлбөр
- Танин мэдэхүй, зан үйлийг өөрчлөх сэтгэл заслын эмчилгээ
- Хандлагаар анагаахуй заслын хөтөлбөр
- Хөдөлмөр засал, ном, хөгжим, орчин, арт терапи зэрэг заслын эмчилгээ
- Иог, бясалгал болон ховс эмчилгээ
- Туслах болон дэмжих бүлгийн үйлчилгээ
“Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” -ийн фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/profile.php?id=61567396413460