2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ЭМЧИЙН ӨРӨӨ

АУ-ны доктор Н.Нансалмаа: Эрэгтэйчүүдийн 25-30 хувьд нь түргэн дур тавих эмгэг ажиглагддаг

— Ч. Баяржаргал   2021 оны 03 сарын 18

Эрчүүдийн 40-50 хувь нь өөрсдийгөө хэвийн биш, хэт хурдан дур тавиад байна гэж боддог аж. Гэвч дур тавилтын хугацаа, түргэн болон удаан дур тавих зэрэг нь дотроо олон шалтгаантай. Орчин үеийн шинжлэх ухаанд эрэгтэйчүүдийн дур тавих эмгэгүүд түүний шалтгааныг илүү нарийн судалж, оношилдог болсон. Тиймээс бид энэ удаа гэр бүл, хосуудынхаа бэлгийн эрүүл мэндийн боловсролд зориулан дур тавилтын эмгэгүүд болон түрүү булчирхайн  үрэвсэл, асуудлуудын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр "Адам" андролог урологийн эмнэлгийн эмч, АУ-ны доктор Н.Нансалмаатай ярилцлаа. 

Юуны өмнө эрэгтэйчүүдийн дур тавилтын хэвийн хугацааг сүүлийн үеийн шинжлэх ухаанд юу гэж үзэж байгааг хэлж өгөөч? Хүмүүсийн дунд хугацааны асуудал янз бүрээр яригддаг. 

Дур тавилтын хугацааг маш олон судлаачид судалж олон янзын тоог дунджаар гаргасан байдаг. Дэлхий даяар хийгдсэн эдгээр судалгаануудаас томоохонд тооцогдох буюу  2000 – 10.000 хүнийг хамруулсан судалгааны дүнгээр 3-7 минутыг хэвийн дур тавилтын дундаж хугацаа гэж үздэг.

Үтрээн дотор шодой орсноос хойш хугацааг хэлэх нэг өөр, бэлгийн харилцааны хугацаа буюу оршил хэсэг, өрнөл хэсэг, дур тавилт, дур тавилтын дараах эргэн сэргэх процессийг оруулсан хугацаа нь нэг өөр ойлголт юм. Тодруулбал, 

Үтрээнд шодой орсноос хойш хөдөлж эхлэх дундаж хугацааг дунджаар 3-7 минут гэж үздэг. 

Дур тавилтын эмгэг хэлбэр гэдэг нь юуг хэлэх вэ?

2000 - 2015 он хүртэл 2 минутаас богино хугацаанд шодой үтрээнд ороод үрийн шингэн гадагшилж байх юм бол “түргэн дур тавилтын эмгэг” гэж үздэг байсан. 2015 оноос хойш “Олон улсын секс судлалын зөвлөхүүдийн холбоо” –оос гаргасан мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр “түргэн дур тавилтын эмгэг”-ийн хугацааг 1 минут болгосон. 

1-2 минутын дотор үрийн шингэн гадагшилж байгаа бол түргэн дур тавилтын эмгэг гэж үзнэ.

Үүний эсэргээр “удаан дур тавих эмгэг” гэж байдаг. Энэ нь үтрээнд шодой орсноос хойш 25-30 минут болон түүнээс илүү удаан хугацаанд үрийн шингэн гадагшлахгүй байх юм бол удаан дур тавих эмгэг буюу дур тавилт удаашрах эмгэг ч гэж хэлдэг. Энэ эмгэг тийм ч их тохиолддоггүй.

Мөн “үрийн шингэн огт гадагшлахгүй” байх эмгэг бий. Үүнээс гадна дур тавьсны дараа үрийн шингэн гадагшлах буюу зэрэг тавихгүй байх тохиолдол ч байдаг. Ихэнх хүмүүст дур тавих үед үрийн шингэн зэрэг гадагшилдаг байхад зарим хүмүүст дур тавьсны дараа буюу шодой хөвчирсөн байдлаа алдаж дур тавьсан боловч үрийн шингэн гадагшлахгүй байж байгаад хэдэн минутын дараа шээсний сүвнээс урсаж гарах асуудлууд гардаг.  

Үндсэндээ эдгээр гурван том бүлгийг үрийн шингэн гадагшлах үеийн буюу “дур тавилтын эмгэгүүд” гэдэг.

Зарим тохиолдолд дур тавиагүй байхад хөвчирсөн байдал нь алдагдах нь ч бий. Шодой хөвчрөх процесс судасны асуудалтай шууд холбоотой байдаг учраас тухайн хүний судасны эмгэгээс шалтгаалан, бие махбодод байгаа даралт ихсэх өвчин, чихрийн шижин, судасны ханын хатуурал, цусанд өөх тосны хэмжээ өндөр байх зэрэг судастай холбоотой эмгэгүүдээс үүдэн үрийн шингэн гадагшлаагүй байхад хөвчирсөн байдлаа алдах эмгэг гардаг.  Эрэгтэй хүний бэлгийн амьдрал зүрх судасны үйл ажиллагаатай шууд холбоотой. Зөвхөн түрүү булчирхайн асуудал гэж тусд нь ойлгож болохгүй.

Эдгээр эмгэгүүд ямар шалтгаанаар үүсдэг вэ? 

Түргэн дур тавилтын эмгэг нь дотроо анхдагч, хоёрдогч шалтгаантай. Анхдагч нь насан туршдаа хурдан дур тавидаг эмгэгтэй байхыг хэлнэ . Энэ нь тухайн хүний бэлэг эрхтний толгойн хэсгийн мэдрэгжилт нь хэт их өндөр байхаас шалтгаалж анх бэлгийн харилцаанд орсон үеэсээ эхлээд л насан туршдаа хурдан дур тавидаг.  Анхдагч эмгэг нь тухайн хүний мэдрэхүйтэй холбоотой байхаас гадна хэт их гар хангалга хийх ялангуяа эрт бага наснаас эхлээд гар хангалга хийх зуршилтай болсон, өдөр бүр, өдөрт хэд хэдэн удаа хийдэг хүмүүсийн мэдрэхүй нь өөрчлөлт өгсөн байдагтай холбоотойгоор нөлөөлж болдог.

Гэхдээ үүний эсрэг гарч ирсэн судалгаа ч бас байдаг. Зарим эрдэмтдийн судалгаагаар гар хангалга хийх нь түргэн дур тавилттай холбоогүй. Энэ бол тухайн хүний төрөлхийн онцлог гэсэн сөргүүлсэн дүгнэлтүүд бий. Тиймээс яг гар хангалгаас болж үүсдэг гэж хэлэх нь одоо ч маргаантай асуудал хэвээр байна.

Түргэн дур тавих эмгэгийн хоёрдогч шалтгаан гэдэг нь хэвийн бэлгийн амьдралтай байсан хүн олдмол байдлаар эмгэгтэй болохыг хэлнэ. Ихэнхдээ түрүү булчирхайн үрэвсэлтэй холбоотойгоор гарч ирдэг. Түрүү булчирхайн үрэвслээс болоод үрийн шингэн гадагшилсны дараа хорсох, хэт их хурдан буюу 2 минут хүрэхгүйгээр үрийн шингэн гадагшилдаг болоод ирвэл таны түрүү булчирхайнд асуудал байгааг илтгэж байгаа хэрэг. Үүнийг дагалдаад түрүү булчирхайн бусад шинжүүд ч илэрч болно. Тухайлбал,  шээс гарахдаа сааадтай болох, дутуу шээх, дүлэх, шээсний сүвээр хорсдог болох, шээсээ барихад хүндрэлтэй болох асуудлууд нь түрүү булчирхайн үрэвсэлтэй холбоотойгоор илэрдэг.

Бэлгийн дур тавилтын эмгэг, асуудлуудаар хийгдсэн судалгаа байдаг уу? Монгол эрчүүдийн дунд хэр түгээмэл тохиолддог эмгэг вэ?

Тархалтын хувьд Монгол улсад хийгдсэн судалгаа байхгүй. Мэдрэхүй талаас нь хэмждэг “Biothesometer” гэсэн багаж байдаг. Үүгээр зарим эмнэлэгт хэмжиж байна.

Ер нь түргэн дур тавих эмгэг 30-40 хувийн тархалттай гэж үздэг. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн 30-40 хувь нь эмгэг хэмжээний түргэн дур тавих байдал ажиглагддаг. 

Гэхдээ үүний цаана ихэнх эрэгтэйчүүд өөрсдийнхөө бэлгийн амьдралыг бага гэж бодох, сэтгэл хангалуун биш байдагтай нь холбоотой ч байж болох юм. Эрчүүдийн 40-50 хувь нь өөрсдийгөө хэвийн биш, хэт хурдан дур тавьдаг гэж боддог.

Харин “удаан дур тавилтын эмгэг” нь тийм ч элбэг биш. Заримдаа мэдрэлжүүлэлтийн  асуудал, чихрийн шижинтэй холбоотойгоор гарч ирдэг. Мэдрэл гэмтэх буюу нуруу нугасны мэс засал, гэмтлийн дараа, түрүү булчирхайн мэс заслын дараа, эсвэл мэдрэлийн шалтгаантай, бага аарцгын хөндийд ямар нэгэн голомтод өөрчлөлт, эмгэг үүссэнтэй холбоотойгоор илэрдэг. Тархалтын хувьд 3-5 хувь гэсэн судалгаанууд бий.

Гурав дахь хувилбар буюу үрийн шингэн огт гарахгүй байх эмгэгийн хувьд ховор тохиолддог. Чихрийн шижин, түрүү булчирхайд нөлөөлдөг зарим эмүүд энэ асуудалд хүргэж болдог.  Тархалтын хувьд маш бага буюу 0.1 – 0.15 хувьтай байдаг. Гэхдээ чихрийн шижин өвчнөөр 10-15 жил өвчилсөн хүний мэдрэл гэмтдэг. Мэдрэлийн гэмтэл гэдэг нь түрүү булчирхайг мэдрэлжүүлж байгаа, шээсний сүвэн дотор түрүү булчирхайн яг голын хэсэгт үрийн шингэн цацагддаг үрийн товгор гэж хэсэг байдаг. Энэ хэсгийн булчингийн мэдрэлжүүлэлт алдагдсантай холбоотой үрийн шингэн огт гарахгүй биш давсаг руугаа цацагдчихдаг. Ийм байдлаар мөн илэрч болно.

Мөн цоргоны дутуу хөгжлөөс буюу цорго битүү байх тохиолдолд үрийн шингэн огт гарахгүй байх эмгэг байдаг. Энэ нь маш ховор тохиолддог.

Дур тавилтын эмгэгт нас хэр нөлөөлдөг вэ? 

Бэлгийн амьдрал гэдэг маань хүний бэлгийн дадалтай холбоотой. Бэлгийн амьдралд дөнгөж орж байгаа залуучуудад үрийн шингэн гадагшлахыг ухамсартайгаар өөрөө барих чадвар аажимдаа сууж эхэлдэг. Богино хугацаанд дур тавих гээд байвал хөдөлгөөнийг зогсоох, эсвэл бэлэг эрхтний үзүүр хэсэг юм уу толгойн хэсэгт нь хавчих, зогс хавч гэсэн технологийг хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Мөн байршлаа өөрчлөх, тухайн үед арай өөр юм бодох зэрэг сатаарах байдлаар үрийн шингэн гадагшлах гээд байгаа үед зогсоож хугацааг нь удаашруулах чадварт суралцаж болдог.

Хосууд 10-аас дээш жил амьдраад ирэхээр бие биенийхээ бэлгийн таашаал авдаг байрлалууд, ямар үед нь хурдан дур тавьдаг, ямар үед нь илүү тааламжтай байдаг гэдгийг мэддэг болж бие биенийхээ бэлгийн амьдралд илүү дасдаг. Нэг ёсондоо аажимдаа суудаг дадал гэж хэлж болно. Энэ дадал суух хүртэл буюу насны хувьд илүү залуу хүмүүст түргэн дур тавих байдал тохиолддог гэж хэлж болох юм.

Харин үрийн шингэн удаан гарахгүй байх нь 45-аас дээш насанд, таргалалтаас болсон чихрийн шижний хоёрдугаар хэлбэрийн үед, чихрийн шижингээр олон жил өвдсөн хүмүүст дээр хэлсэн шалтгаануудын улмаас илрэх боломжтой. 

Дур тавилтын хугацаанд өөрчлөлт орох нь үр тогтоох чадварт нөлөөлдөг үү? 

Хугацаанаас үр тогтоох чадвар тэр бүр хамаарахгүй. Заримдаа үрийн шингэн гадагшлаагүй байх үед ч үр тогтох боломжтой гэж үздэг.  Хурьцал үйлдэж байх үед үрийн шингэн маш бага хэмжээгээр ялгарч байдаг. 1 мл-т 15-200 сая эс байхыг хэвийн гэж тооцдог боловч зарим тохиолдолд маш цөөхөн эр бэлгийн эс байхад ч гэсэн үр тогтоох боломж байдаг. Үрийн шингэн гадагшлах үед гадуур нь тавьсан байхад жирэмсэн болчихлоо гэх тохиолдол амьдралд нэлээдгүй гарч ирдэг нь үүнтэй холбоотой.

Үрийн шингэний өнгө, үнэр өөрчлөгдөх нь ямар шалтгаантай вэ? 

Үрийн шингэний өнгө цайвар цагаан байх ёстой. Хэрэв шаргал, зэс шиг хүрэн болоод ирвэл тэнд үрэвсэл явагдаж байх боломжтой. 

Ямар нэгэн байдлаар үрэвсэл явагдаж, шар, ногоон туяатай, шаргал болоод ирвэл асуудалтай. Үнэрийн хувьд үрийн шингэнэ өөрөө өвөрмөц үнэртэй. Гэхдээ үмхий үнэртэй болох буюу гэдэсний савханцраар үүссэн үрэвслийн нянгийн шалтгаанаар эвгүй үнэртэй болдог. Зарим тохиолдолд анатомийн эмгэгтэй холбоотой асуудлаас болж үнэр өөрчлөгдөх тал бий. 

Түрүү булчирхайн үрийн шингэн цацагдах хэсэгтэйгээ харьцдаг уйланхай юм уу, бүтцийн өөрчлөлттэй үед үрийн шингэн цустай гарах тохиолдол байдаг. Энэ нь маш ховор. Түрүү булчирхайн уйланхай элбэг байдаг боловч цустай гарах нь ховор байдаг.

Дур тавилтын эмгэгийн үед ямар эмчилгээ хийдэг вэ? Эмчилгээний үр дүнгийн талаар?

Түргэн дур тавих эмгэгийн анхдагч шалтгааныг эмчилж болдог. Сэтгэл зүйн талаас нь бэлгийн зуршил, бэлгийн амьдралын хэв маягтай нь холбоотой зөвлөгөө өгөх болон эмийн эмчилгээ хийдэг. Мэдрэхүйн босгод нөлөөлөх эмүүдийг схемтэйгээр эмчийн заавраар өгдөг. Энэ бүлгийн эмүүд дотроо зарим эмийг огцом зогсоож болохгүй, эмийн үр дүнг тодорхой хугацаанд барих, дараа нь эмчилгээний барих тунд орох гэх мэтээр нарийн эмчилгээний заалттай.  Бэлгийн эмгэг судлаач, андоролигийн эмч, сэтгэл зүйч, мэргэжлийн эмч нарын оролцоотойгоор олон талаас нь хавсарсан байдлаар эмчилдэг. Эмчилгээний үр дүн 100 хувь биш. Сүүлийн үед эдгээр бүлгийн эмүүд зарим төрлийн сөрөг нөлөө байдаг учраас зөвхөн бэлгийн амьдралд нөлөөлөх нөлөөллийг нь сонгомолоор илүү үйлчилгээг нь хөгжүүлсэн төрлийн эмүүд ч орж ирж байгаа.

Сахарын өвчин нийт хүн амын дунд маш их байдаг. Энэ өвчний эрсдэлийг хүмүүс мэддэг байснаар эрт үед урьдчилан сэргийлэх боломжтой болов уу? 

Сахарын өвчинтэй хүмүүс муу хяналттай байдаг нь харамсалтай. Уг нь бол сахарын өвчнийг дэлхий нийтэд маш сайн эмчилж чадаж байгаа. Эм, бэлдмэл, инсулин тарих хэлбэрээр эмчилж болдог ч хүмүүс хоолоороо зохицуулах гээд, тарианд орох дургүй гэж явсаар олон жилийн дараа сахарын зохицуулга нь ээнэгшлээ алдаж бүр хүндэрдэг. Захын мэдрэлүүдийн гэмтэл нь бэлгийн үйл ажиллагаатай холбоотой гарч ирэхээс гадна хөл, гарын хүндрэл үүсч, хөлийг нь тайрах хэмжээнд хүртэл очдог гэдгийг анхаарах хэрэгтэй.  

Надад хандаж байгаа хүмүүсийн ихэнх нь “би сахартай 10 жил болж байна, эм уудаггүй, гайгүй байдаг” гэж хэлдэг.  Хоолоороо зохицуулдаг гэдэг нь зарим үед чихэр гурил идэхээ хорьж, 7 хоногт ганц нэг алхаж байгаагаа болоод байна гэж боддог. Гэтэл тухайн хүний цусанд байгаа сахарын хэмжээ нь хэдээс хэдийн хооронд байх ёстой, ямар эм уухаар, ямар хоолны дараа, хэдэн цагийн дараа гээд системтэйгээр хянаж тухайн эм таарч байгаа эсэхийг гурван сарын турш хянаад, эмээ солих уу, хавсарсан болгох уу, тарианд оруулах уу гэдийг чихрийн шижинг хянадаг дотоод шүүрлийн эмч нар маш сайн хэлж өгдөг. Энэ байдлаа хэлэхгүй зүгээр л үнэгүй эм авахад анхаараад байдаг нь харамсалтай. Энэ мэт хяналт муу байгаа нь  эргээд бэлгийн амьдралд маш их сөрөг нөлөө үзүүлж байна.  Тиймээс хяналт маш сайн байх ёстой.

Түрүү булчирхайн үрэвсэл дур тавилтад нөлөөлдөг талаар та хэлсэн. Ямар шинж тэмдэг илэрвэл хэрхэн оношлуулах вэ?

Түрүү булчирхайн үрэвсэл хоёр янзаар үүсдэг. Нэгдүгээрт, бөөр шээсний замын эмгэгийн үед буюу бөөрний болон давсагны үрэвслийн дараа эсвэл биед ямар нэгэн идээт голомт байх, хоолойны ангенаас болоод бөөр өвддөгтэй адилхан идээт голомт түрүү булчирхайг үрэвсрүүлэх шалтгаан болж болно.  Үүн дээр нэмэгдээд даарах, хэт олон цагаар шингэнээ хорих, шингэн бага уух зэрэг нь нөлөөлөх хүчин зүйл болж өгдөг.

Хоёрдугаарт, БЗХӨ-ийг дутуу эмчлэх, дур мэдэн, ам дамжсан эмчилгээ хийдэг байдал нөлөөлдөг. Гэтэл заг хүйтэн өвчний стандарт өөрчлөгдсөн. Нэг эмчилгээгээр эмчлэгдэхээ больсон. Үүнээс гадна түрүү булчирхайг үрэвсүүлдэг маш олон төрлийн нянгууд байна. Ялангуяа микоплазм нян гэхэд дотроо дөрвөн янзын хэлбэртэй. Мөн үтрээний нян, мөөгөнцрийн шалтгаантай түрүү булчирхайны үрэвсэл явагдана. Хламид, трихомониаз гэх мэт өвчнүүдээс болж үүснэ.

Вирусийн шалтгаант давсагны үрэвсэл, гэдэсний савханцар, хоолойны нян зэрэг хүний биед байдаг энгийн нянгаас үүдэлтэй түрүү булчирхайн үрэвсэл бас үүсдэг. Нянгүй хэлбэр ч байна.

Түрүү булчирхайн үрэвслийн өвчлөл монголд маш өндөр байна гэж харж байгаа. Тэр дундаа залуучууд маш их өвчилж байгаа нь бэлгэвч хэрэглэж дадаагүйтэй холбоотой. Бэлгэвч хэрэглэхээр таашаал бага авдаг гэдгээс болж хэрэглэхгүй байх нь ганцхан удаагийн хариуцлагагүй үйлдлээр насан туршдаа эрүүл мэндийн асуудалтай болох эрсдэлтэйг ухамсарлах хэрэгтэй. Ганц удаагийн үйлдлээс болж маш үнэтэй шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх, цаг хугацаа, сэтгэл зүй, эдийн засгийн хувьд хүнд байдалд ордог.  Мөн дээрээс нь түрүү булчирхайн үрэвсэл маш амархан сэдэрдэг. Бага зэрэг алкохол хэрэглэхэд, жаахан даарах төдийд л сэдэрчихдэг.

Амьдралын хэв маяг, дэглэм бусад нөлөөлөх хүчин зүйлсийн тухайд?  

Үүнд бэлгийн боловсролыг ярих хэрэгтэй. Зөвхөн дур тавих эмгэгээс гадна бэлгийн харилцааны үед эмэгтэйгээсээ түрүүлж дур тавих байдал эрчүүдийн дунд их байдаг. Эмэгтэй эрэгтэй хүний сэрлийн дээд цэгтээ хүрэх хурд өөр өөр байдаг гэдгийг мэддэг байх, бэлгийн амьдралаа сайжруулах, хоёр биендээ таашаал өгөх тал дээр суралцаж, мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүнээс ичиж санаа зовох зүйл огт байхгүй.

Эмэгтэй хүний хэлүү хөвчрөх, үтрээний шингэн ялгарч бэлэн байдалд орсны дараа хурьцал эхэлж байвал илүү тааашаалтай, дур тавих давтамж нь зэрэг байх боломжтой. Гэтэл эрэгтэй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйнхээ бэлгийн харьцаанд орох бэлэн байдлыг хүлээж тэсэхгүйгээр бушуухан дуусгачихдаг. Ингээд эмэгтэй нь таашаал авахгүй хоцордог байдал нь бэлгийн боловсрол хэр байгаатай л холбоотой.

Эмэгтэйчүүд "нөхөр маань хурдан дур тавиад байна" гээд дагуулж ирэх тохиолдол нэлээдгүй байдаг. Эсвэл таашаал өгөх байдлаа хоорондоо ил ярьдаггүйгээс болж асуудал үүсдэг. Энэ асуудлаа ил ярихаар намайг буруугаар ойлгохвий дээ гэсэн болгоомжлол нь харин ч эсэргээрээ бие биенээсээ таашаал авахаа болих, сүүлдээ шийдлээ хайхын тулд гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орж эхлэх хүртэл даамжирдаг. Ингээд нэг байтугай хэд хэдэн хүний хавсарсан өвчлөл үүсэх эрсдэлтэй. Энэ нь сүүлдээ эмчлэхэд л төвөгтэй болдог.  

Бэлгийн амьдралын тал дээр асуудал үүсвэл хамгийн түрүүнд хаана, хэнд хандах хэрэгтэй вэ? 

Юуны өмнө хосоороо хандах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн эмчид хандаж, хосоороо эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хоёулаа хамт эмчлүүлэхгүй л бол илүү их зардал, цаг хугацаа, чирэгдэл үүсдэг учраас энэ байдлаа нэг нэгэндээ нээлттэйгээр хэлж, шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэв эрэгтэйчүүд маань элдэв суурь өвчингүй эрүүл бол 40 нас хүртлээ 2 жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Үүгээр далд хэлбэрийн ямар нэгэн үрэвсэл нян байгаа эсэхийг молекулын түвшинд  PCR –ийн шинжилгээгээр илрүүлж, өвчнийг хөнгөн хэлбэрт байхад нь бүрэн төгс эмчлэх боломжтой болдог. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө