Сүүлийн үед бөөрний архаг дутагдлаар оношлогдох хүний тоо нэмэгдэж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Иймд бөөр өвчлөх шалтгаан, ямар тохиолдолд үрэвсдэг, үрэвсэл нь яагаад архаг хэлбэрт орж, юунаас болж архаг дутагдалд хүрдэг, хэрхэн урьдчилан сэргийлж бөөрөө бөөцийлөх талаар УНТЭ-ийн бөөрний дотрын эмч (ахлах зэрэгтэй), АУ-ны магистр Н.Мандахайтай ярилцлаа.
Бөөрний өвчлөлийн тархалт, нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн судалгаанаас хэлж өгөөч?
Бөөрний өвчлөл дэлхий даяар ихсэх хандлагатай байна. Ялангуяа бөөрний архаг өвчний тохиолдол түгээмэл оношлогдож байгаа. Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн судалгаагаар одоогоор дэлхийн хүн амын 10 орчим хувь буюу 850 саяас дээш бөөрний архаг өвчтөй хүн байгаа гэж гарсан.
Статистикийн мэдээллээр 10 хүний нэг нь бөөрний архаг өвчинтэй, 80-95 хувь оношлогдоогүй тохиолдол байгаа. Иймд эрт оношилж, тухай өвчний шалтгаанаас хамаарч тохирсон эмчилгээг эрт эхлүүлэх нь хамгийн чухал байгаа.
1990-2017 оны хооронд дэлхийн бөөрний архаг өвчлөлийн тохиолдол 33 хувиар нэмэгдсэн. Энэ бол маш өндөр тоо. 2017 оны байдлаар нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааны зэрэглэлээр дэлхийд 12-т орж байсан бол, 2040 онд 5-д орно гэсэн тооцоо гарсан.
Бөөр хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бэ? Бөөр сайн байх нь хурдтай, эрч хүчтэй байхын шинж гэж ярьдаг.
Бөөр нь олон үүрэг гүйцэтгэдэг хүний биеийн лаборатори болсон амин чухал эрхтэн. Үүнээс голлох үүргүүдийг нь дурдах юм бол,
Нэгт. Шээс ялгаруулах. Бөөр нь биеийн илүүдэл ус, эрдэс, токсин шүүх замаар шээсийг ялгаруулдаг.
Хоёрт. Артерийн даралтыг зохицуулах. Ренин ферментийг ялгаруулж, цусны даралтыг зохицуулдаг.
Гуравт. Цус төлжүүлэх. Эритропоэтин даавар ялгаруулдаг бөгөөд энэ нь цус төлжүүлэх чухал үүрэгтэй. Бөөрний архаг дутагдалтай хүнд цус багадалт үүсдэг шалтгаан нь үүнтэй холбоотой. Бөөрний эд эс үйл ажиллагаа нь алдагдаж соривжоод ирэхээр даавар ялгаруулж чадахаа больж гаднаас тарьж хэрэглэх шаардлага үүсдэг. Тиймээс бөөр эрүүл байх нь цус төлжүүлэх чухал үүргийг хангадаг гэсэн үг.
Дөрөвт. Хүчил-шүлт, эрдсүүдийн тэнцвэрийг хадгалж зохицуулдаг.
Тавд. Витамин Д-г идэвхжүүлэх. Витамин Д-г идэвхтэй хэлбэрт хувиргаж, ясны эрүүл мэндийг дэмждэг. Эдгээр үүргүүдээр бөөр нь биед ус, эрдэс бодисын солилцооны тэнцвэрийг хангаж, хорт бодисыг гадагшлуулж, биеийн үйл ажиллагааг хэвийн байлгадаг.
Бөөрний өвчлөл үүсгэж буй анхаарал татах шалтгаанууд нь юу вэ?
Орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотойгоор бөөр өвчлүүлэх номер нэг шалтгаан нь бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин болоод байна.
Тухайлбал, Манай бөөрний тасагт хэвтэж буй хүмүүсийн ихэнх нь чихрийн шижингийн бөөрний хүндрэл болсон хүмүүс байна. Бөөр орлуулах эмчилгээнд орж буй хүмүүсийн 80 хувь нь чихрийн шижингийн хүндрэлийн улмаас бөөрний дутагдалд орсон байгаа зэргээс харж болно.
2024 оны олон улсын судалгаагаар чихрийн шижинтэй 3 өвчтөний 1 нь даралт ихсэлттэй, 5 өвчтөний 1 нь бөөрний архаг дутагдалтай гэж оношлогдсон.
Бөөр өвчлөх бусад эрсдэлт хүчин зүйлсүүдийг хэлж өгөөч?
- Артерийн даралт ихсэлт нь бөөр өвчлүүлэх томоохон хүчин зүйл. Артерийн даралт удаан хугацаагаар хяналтгүй байснаар бөөрний судас гэмтэж, бөөрний үйл ажиллагааг алдагдуулдаг.
- Мөн зүрх судасны архаг өвчнүүд байна. Зүрхний үйл ажиллагаа муудсанаар бөөр рүү очих цусны эргэлт багасаж, бөөрний үйл ажиллагаа мууддаг талтай.
- Тамхи татах,
- Таргалалт,
- Удамшлын хүчин зүйлс. Тухайлбал, Бөөрний поликистоз бөөрний өвчний эрсдэлийг нэмэгдүүлнэ.
- Нас ахих тусам бөөрний үйл ажиллагаа аажмаар буурдаг. 60-аас дээш насны хүмүүс бөөрний өвчинд өртөх эрсдэл өндөр.
- Эмийн зохисгүй хэрэглээ, ялангуяа өвчин намдаах эмнүүд (стериод бус өвчин намдаах гэх мэт) ихэвчлэн бөөрний завсрын эдийн гэмтэл үүсгэдэг.
- Архаг пиелонефрит буюу бөөр шээсний замын халдвар.
- Эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхайн өвчин, түрүү булчирхайн томрол шээс ялгарах явцыг хүндрүүлж бөөрийг гэмтээх эрсдэл үүсгэдэг.
Монголд жилийн бараг есөн сарын турш хүйтэн, сэрүүн нөхцөлд амьдарч байгаа учраас доороосоо даарах түүнийгээ тоохгүй явах нь их.
Бөөрний үрэвслийг цагт нь оношилж эмчлэхгүй бол архаг хэлбэр луу шилжих эрсдэлтэй.
Мөн шингэн бага хэрэглэх, шээсийг давсганд удаан барих зэрэг нь шээсний заманд үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Шингэн бага хэрэглэдэг хүмүүс бага шээдэг. Ингэснээр давсгандаа шээсийг удаан барьдаг. Хүний давсганд 200 мл шээс үүсэх юм бол шээх мэдрэмж төрдөг. Гэтэл хангалттай шингэн уухгүй бол энэ мэдрэхүй нь багасаж хуримтлагдсаар бактери үржиж, арга хэмжээ авахгүй байсаар шээсний өгсөх замын халдвараар бөөрөө үрэвсүүлдэг. Улмаар бөөрний цочмог ба архаг үрэвсэл үүсэж хүндрэх эрсдэлтэй. Эдгээр хүчин зүйлсүүд бөөрний өвчлөл үүсэхэд нөлөөлж болох тул эртнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал.
Бөөрний өвчлөлөөс болж даралт ихэсдэг шалтгаан нь юу вэ?
Бөөрнөөс болж даралт ихэсдэг гол шалтгаанууд бол бөөрний архаг өвчин, бөөрний артерийн нарийсалт, цочмог эсвэл архаг түүдгэнцэрийн үрэвсэл. Бөөрний артерийн даралт зохицуулах механизмд алдагдал үүсдэг шалтгаануудтай. Тэгэхээр шалтгааныг оношилж эмчилгээг сонгох нь зөв.
Усыг бага уух, их уух аль аль нь бөөрөнд муу байх?
Усыг бага уух болон их уух нь хоёулаа бөөрний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой. Гэхдээ аль нь илүү сөргөөр нөлөөлөх вэ гэдгийг нөхцөл байдлаас хамаарч ойлгох нь чухал. Усыг бага уух нь шээсний заманд үрэвсэл, чулуу үүсгэх эрсдэл нэмэгдүүлнэ. Усыг хэт их уух нь бөөрний ачаалал ихэсгэх эрдсүүдийн тэнцвэр алдагдах эрсдэлтэй.
Иймд зөв зохистой хэмжээний ус уух нь чухал. Өдөрт 1.5-2 литр ус уух нь ихэнх хүмүүст тохиромжтой байдаг. Гэхдээ хүний биеийн байдал, нас, хүйс, биеийн жин, хөдөлгөөний хэмжээ, эрүүл мэндийн байдал зэргээс хамааран энэ хэмжээ өөрчлөгдөж болно.
Бөөрөнд чулуу үүсэх нь юутай холбоотой вэ? Анхаарах зүйлс, эмчилгээний талаар та зөвлөгөө өгөөч?
Бөөрөнд чулуу үүсэх нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой бөгөөд ихэвчлэн шээсний найрлага дахь эрдэс бодис, давсуудын тэнцвэр алдагдах үед үүсдэг.
Бөөрөнд чулуу үүсгэх гол шалтгаан нь шингэний дутагдал.
Ус бага уух нь бөөрөнд чулуу үүсэх хамгийн түгээмэл шалтгаан. Тодруулбал, Шээс өтгөрч, эрдэс бодис болон давсууд (кальци,оксалат, фосфат) тунадас үүсгэдэг. Энэ тунадас нь бөөрөнд хуралдаж, чулуу үүсгэдэг.
Дараагийн нэг шалтгаан нь хоол хүнсний хэрэглээ. Давс, кальци, оксалат ихтэй хүнс хэт их хэрэглэвэл бөөрөнд кальцийн оксалат чулуу үүсэх эрсдэлтэй. Уургийн хэт их хэрэглээ бас нөлөөлнө. Амьтны гаралтай уураг (мах, өндөг, загас гэх мэт) их хэрэглэх нь шээсний хүчиллэгийг нэмэгдүүлж, чулуу үүсгэх эрсдэлийг ихэсгэдэг.
Гуравт нь бодисын солилцооны эмгэгүүд нөлөөлдөг. Зарим бодисын солилцооны эмгэгүүд нь шээсээр хэт их кальци, оксалат, эсвэл фосфат ялгарахад хүргэж, чулуу үүсгэхэд нөлөөлнө. Жишээлбэл, гиперпаратиреоидизм, цистинури нь чулуу үүсгэх шалтгаан болдог.
Мөн зарим төрлийн эмүүд байна. Тухайлбал диуретик (шээс хөөдөг эм), витамин д зэрэг нь шээсний кальцийн хэмжээг ихэсгэж, бөөрөнд чулуу үүсэхэд нөлөөлдөг.
Зохистой усны хэрэглээ, эрүүл хооллолт, биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар бөөрний чулуу үүсэхээс сэргийлэх чухал алхам болно.
Бөөр ер нь хэр мэдрэг, шинж тэмдэг өгдөг эрхтэн бэ?
Бөөрний өвдөлт нь төрөл бүрийн асуудлаас үүсч болно. Жишээлбэл, Бөөрний чулуу, буглаа хурц хүчтэй өвдөлт өгөх шалтгаан болдог. Энэ үед яаралтай эмчид хандах шаардлагатай. Нэмэлтээр шээсний заманд саад үүссэн мэдрэмж, дүлж шээх, шээс гарах үед өвдөлт өгөх, цустай шээс гарах, халуурах зовуурь илрэх магадлалтай.
- Бөөрний өвчлөлийг илтгэх бусад шинж тэмдэг гэх юм бол шээстэй холбоотой зовиуруудаас шээс хүрц үнэртэй тундастай гарах, хүрэн өнгөтэй эсвэл цустай гарах, хөөсөрч гарах гэх мэт.
- Шээсний гаралттай холбоотой зовиурууд болох ойр ойрхон шээх, дүлж шээх, дутуу шээх, шээх үед өвдөх, шөнө их шээх эсвэл эсрэгээр шээсний гарц эрс багасах.
- Мөн ядрах, сульдах, хоолондоо дургүй болох, артерийн даралт ихсэх, хавагнах, дотор муухайрах, огих, бөөлжих, аманд төмөр амтагдах, арьс загатнах. Хэрэв та эдгээр бөөрний өвдөлтийн зовуурийг мэдэрч байгаа бол эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй.
Архаг өвдөлтийг нурууны өвдөлтөөс ялган оношлох нь зөв байдаг. Нуруу өвдсөн байх, эсвэл бөөр өвдсөн гэж дур мэдэн онош тавьж даамжруулах тохиолдол олон. Тиймээс эхлээд цус, шээсний шинжилгээ өгч, ЭХО-д харуулж байж өвчлөлийг тодорхой оношлох боломжтой.
Архаг үрэвслийг эмчлэхгүй яваад байвал ямар эрсдэл, хүндрэл гарах вэ?
Бөөрний архаг дутагдал үүснэ. Архаг үрэвсэл оношлогдсон үед гам дэглэм сахих, дороосоо даарахгүй, шингэн хангалттай уух, үрэвсэл сэдэрсэн тохиолдолд тэр дор нь эмчлэх нь чухал. Эмчийн хяналтад хамрагдахгүй, дутуу эмчлэх, дур мэдэж өөрөө эмчлэх тэрнээс болж үрэвсэл ойр ойрхон сэдрэх шалтгаан болж улмаар архаг хэлбэрт шилждэг. Гол нь зөв эмчилгээг зөв цагтаа эхэлснээр үр дүнтэй.
Бөөрний архаг дутагдалд хүрсэн бол эмчилгээний ямар сонголтууд байдаг вэ?
Бөөр орлуулах гурван төрлийн эмчилгээ болох хэвлийн диализ, гемодиализ, эрхтэн шилжүүлэх арга байдаг. Бөөрний архаг дутагдлын 1-4 үе шатанд диализ эмчилгээ яригдахгүй. Эхний 3 үе шатанд бөөр хамгаалах эмчилгээ хийж, мах, уургийн хэмжээг хязгаарлан, даралт, сахрыг хянаж, гам сайн бариад явах боломжтой. 4-р үе шатнаас диализийн эмчилгээнд бэлдэж эхэлдэг.
Хамгийн харамсалтай нь залуу насныхан бөөрний үйл ажиллагаагаа огт шалгахгүй явсаар бөөрний дутагдлын 5-р үе шатанд оношлогдож байгаа тохиолдол байна. Уг нь тогтмол үзүүлээд хянуулаад явсан бол арга хэмжээ авах бүрэн боломжтой байдаг. Тиймээс архаг дутагдалд хүргэх дээрх эрсдэл, шалтгаанаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байж, тогтмол үзлэгт орохыг дахин зөвлөе.
Бөөр хэр сайн эмчилгээ авдаг эрхтэн бэ. Үрэвслийг бүрэн дарах боломжтой юу?
Нянгийн гаралтай үрэвсэлийг бүрэн эмчлэх боломжтой. Харин бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлийн үед дархлааны системийн механизмаар үүсдэг тул бүрэн эмчлэгдэдгүй өвчнүүд байдаг. Энэ тохиолдолд эмчилгээний гол зорилго нь өвчнийг намжмал байдал руу оруулж барих явдал.
Ер нь бөөрийг хэзээнээс хэрхэн яаж, анхаарч бөөцийлөх хэрэгтэй юм бэ?
Бага наснаас нь эхлээд л хамгийн энгийн оношилгоо болох шээсний шинжилгээнд хамруулж байх хэрэгтэй. Түүдгэнцрийн үрэвсэл, бөөрний анхдагч өвчин хүүхэд насанд илрэх нь элбэг.
Азид тэр дундаа Японы туршлагаар бол бүр цэцэрлэгийн наснаас нь эхлээд заавал шээсний шинжилгээ өгч уураг, улаан эсийн үзүүлэлтүүдийг хянадаг юм билээ. Эдгээр урьдчилан сэргийлэлтийн арга нь эрт үед илрүүлж эмчлэх хамгийн үр дүнтэй арга. Мөн хамгийн эхний шинж тэмдэг болох шээс хөөстэй, цустай гарах хавагнах зэрэг зовуурь байвал заавал нарийн мэргэжлийн бөөрний хүүхдийн эмчид үзүүлэх шаардлагатай.
Аминдэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмийн замбараагүй хэрэглээ бөөрөнд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Уураг, нэмэлт бүтээгдэхүүнийг залуус, тамирчид их хэрэглэдэг болсон байна. Энэ нь бөөрөнд маш их ачаалал өгч, бөөрний өвчин сэдрэх том шалтгаан болдог. Тиймээс анхааралтай, эмчийн хяналтад хэрэглэх хэрэгтэй.
- Амино хүчил, өндөр тунтай витамин С удаан хугацаанд хэрэглэх нь бөөр, ходоодыг мөн л гэмтээдэг.
- Хаван хөөх эмнүүд бөөрний сувганцарыг гэмтээх өндөр эрсдэлтэй. Турах зорилгоор хаван хөөж байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй.
- Өвчин намдаах төрлийн эмнүүд бөөрний эд эсэд сорвижилт үүсгэх, бүр цаашлаад бөөрний дутагдалд хүргэх хүртэл аюултай. Ялангуяа өндөр настай, үе мөч нь өвддөг, толгойны архаг өвдөлттэй хүмүүс байнга өвдөлт намдаах эм ууснаас болж эмийн гаралтай бөөрний гэмтэл, дутагдалд орох тохиолдол их. Тиймээс бөөрний эмчийн хяналтад давхар явж бөөрний үйл ажиллагаагаа заавал хянуулах хэрэгтэй.
Хүний биед орж байгаа эм болгон бөөрөөр шүүгддэг. Тиймээс ямар ч эмийг эмчийн заавраар, зөв тунгаар хэрэглэх ёстой.
Одоогийн нөхцөлд бөөрөнд хамгийн халтай зуршил, хамгийн ээлтэй зүйлийг хэлээч гэвэл та юу гэж зөвлөх вэ?
Чихрийн шижин, бодисын солилцооны алдагдал хамгийн том сөрөг нөлөө болж байгааг ярилцлагын эхэнд хэлсэн. Тиймээс нэн түрүүн биеийн жингээ хэвийн байлгах, илүүдэл жинтэй бол цусан дахь сахрын хэмжээгээ үргэлж хянах шаардлагатай. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ нэг удаа ороод явах нь маш чухал юм шүү.
Бөөрний эмч нарын тогтмол зөвлөдөг 8 алтан дүрэм байдаг. Үүнд:
1. Зохистой шингэний хэрэглээ
2. Эрүүл хооллолт
3. Идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх, биеийн жин хэвийн барих
4. Артерийн даралтын хяналт
5. Тамхинаас татгалзах
6. Цусан дахь сахрын хяналт
7. Үрэвслийн эсрэг өвчин намдаах эмийн хэрэглээг багасгах, тогтмол уухгүй байх
8. Хэрэв 1 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл байгаа бол эмчид хандаж бөөрний үйл ажиллагааг шалгах (таргалалт, чихрийн шижин, даралт ихсэлт эсвэл удамшлын бөөрний өвчин).
Ярилцсанд баярлалаа танд.