НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд хямралаас хурдацтай сэргэж байна гэж мэдэгджээ. Ойрхи Дорнод, Европ, Африк зэрэг бүс нутгууд салбарын сэргэлтийг тэргүүлж байна.
2023 оны 1-7-р сарын хооронд 700 сая жуулчин олон улсад аялсан нь 2022 оны мөн үеийнхээс 43%-иар өссөн үзүүлэлт юм. 7-р сар хамгийн ачаалалтай үе байсан бөгөөд нийт 145 сая олон улсын аялагчид бүртгэгдсэн нь 1-7-р сар хүртэлх нийт бүртгэлийн 20%-ийг дангаар эзэлж байна.
Энэ өсөлтөө хадгалснаар Дэлхийн аялал жуулчлалын салбар оны эцэс гэхэд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 80%-95%-д хүрэх боломжтойг харуулж байна. Хятад болон бусад Азийн зах зээл аялал жуулчлалыг дахин сэргээж байгаа нь бүс нутаг болон дэлхийн бусад хэсэгт аялал жуулчлалын өсөлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Харин манай улсад 2023 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарлаж 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2023 онд “Нэг сая” жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 480.255 жуулчин иржээ.
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын жил бүр төлж буй татварын хэмжээг авч үзвэл нэмэгдсэн статистик харагдаж байгааг албаныхан мэдээллээ.
- 2019 онд 1320 байгууллага 87,1 тэрбум төгрөг,
- 2020 онд 1348 байгууллага 47,1 тэрбум төгрөг,
- 2021 онд 1401 байгууллага 65 тэрбум төгрөг,
- 2022 онд 1637 байгууллага 94,2 тэрбум төгрөг,
- 2023 оны эхний 6 сарын байдлаар 1376 байгууллага 63,6 тэрбум төгрөгийн улсын төсөвт оруулсан байна.