Сэтгэлийн дархлаа ярилцлагын булангаар энэ удаа "Gaslighting effect буюу сэтгэл хөдлөлийн хүчирхийллийн харилцааны талаар "Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэн"-ийн УЗ-ын дарга, Сэтгэл зүйч Б.Жавзантай ярилцлаа.
Gaslighting (цаашид “газлайтинг” гэх) нөлөө юу болохыг та тайлбарлаж өгөөч. Хүмүүс хоорондын харилцааны нэг хэлбэр юм уу, эсвэл сэтгэл зүйн эмгэг үүсгэх нөхцөл байдал уу?
Энэ нэршил анх 1944 онд үүссэн бөгөөд газлайтинг нөлөө бидний харилцаанд байсаар ирсэн.
“Газлайтинг эффект” гэдэг нь бусдын сэтгэл санаа, бодолд өөрийнхөө бодлыг тойруугаар тулгах замаар нөлөөлөх үйл явцыг хэлнэ.
Эхнэрээс нөхөрт, нөхрөөс эхнэрт, эцэг эхээс хүүхдэд, байгууллагын даргаас ажилтандаа гээд бүхий л харилцаанд газлайтинг нөлөөг үзүүлж байдаг. Үүнийг улс төрчид өргөн ашигладаг. Энгийн жишээ гэвэл, “манайх ингэж хөгжүүлээд өгье, ийм бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлээд өгье” гэж хэлээд дэмжлэг авдаг. Бодит байдал дээрээ хэрэгжүүлдэггүй. Яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ гээд асууж шаардахаар “тийм төсөв, хөрөнгө байхгүй, ийм тийм юмнаас болж бидний үйл ажиллагаа зогссон” гэх мэт тайлбар хийдэг. Өөрсдөдөө бурууг халдаахгүй, бусад зүйлийг буруутгадаг.
Тэгэхээр газлайтинг хийхдээ албаар тухайн хүний үзэл бодолд нөлөөлөх гэж оролддог юм уу? Эсвэл ухамсаргүйгээр өөрөө ч мэдэхгүй газлайтинг нөлөө үзүүлдэг юм уу?
Тухайн хүний насан туршдаа үүссэн зан төлвийн асуудал болчихсон байдаг. Газлайтинг нөлөө үзүүлэгч (цаашид "газлайтер" гэх) нь бусад хэн нэгнээс энэ зан төлөвт суралцсан гэсэн үг. Газлайтерууд ихэнхдээ гэр бүлээсээ л ийм нөлөөлөл авна.
Гэр бүлийн гишүүд газлайтинг нөлөө үзүүлж сэтгэл зүй, бодолд нь нөлөөлж байсан бол үр хүүхдүүд нь түүнийг сурдаг.
Нэг төрлийн хортой харилцаа гэж ойлгож байна. Газлайтинг нөлөөнд орж байна гэдгээ хэрхэн мэдэх вэ? Та дэлгэрэнгүй хэлж өгөөч?
Хүмүүс урт хугацааны харилцааны явцад ийм нөлөөнд орсон гэдгээ ерөөс анзаардаггүй. Гэр бүл салалтын дараах шалтгааныг нь харах юм бол газлайтинг нөлөө их байдаг.
Олон жил хамт амьдрахдаа, эхэндээ хардах, хянах, анхаарах нь хамгаалж, хайрлаж, харамлаж байгаа мэт таатай мэдрэмж төрүүлнэ. Яваандаа энэ байдал нь улам түрэмгийлсэн шинжтэй болж нэг мэдэхэд л хортой харилцааны нөлөөнд орсон байх бөгөөд үүнийгээ гэнэт анзаардаг. Магадгүй 5 жил, эсвэл бүр 10, 20 жилийн дараа анзаарна... Ингэхдээ, Газлайтинг нөлөө 5 янзаар илэрнэ. Үүнд:
- Газлайтинг нөлөөнд орсоор байгаад ямар ч хариу үйлдэл үзүүлж чадахгүй болдог. Байдаг л зүйл мэтээр хүлээгээд авчихсан байна.
- Газлайтинг нөлөөнд удаан байхдаа нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж, өөрийгөө нийгмийн харилцаанаас татах, сэтгэл гутрал, түгшүүр гэх мэт сэтгэцийн эмгэгээр өвдөж эхэлнэ.
- Газлайтинг нөлөөнд орсноо гэнэт мэдээд гэр бүл, үр хүүхэд, эд хөрөнгө гээд бүх зүйлээ хаяад зугтдаг.
- Удаан хугацаанд газлайтинг нөлөөнд байснаар сэтгэцийн эмгэг нь хүнд хэлбэрт шилжинэ. Эцэстээ хариу үйлдэл үзүүлэх ямар ч чадваргүй болж хүний гарт ордог.
- Сэтгэл санааны тааламжгүй, хүнд байдлаасаа болж сэтгэл зүйн огцом үйлдэл хийдэг. Магадгүй амиа хорлох үйлдэл хийх ч эрсдэлтэй.
Хамгийн гол нь газлайтинг нөлөө нэгхэн өдөрт явагддаггүй.
Урт удаан цаг хугацааны турш явагддаг үйл явц учраас хүмүүс газлайтинг нөлөөнд ороод байгаагаа анзаардаггүй.
Тодорхой цаг хугацааны дараа анзаарч болно эсвэл мэдэхгүй явсаар л байдаг.
Зөвхөн хосын харилцаанд байдаггүй гэж байна. Эцэг эхийнх нь харилцааны газлайтинг нөлөө хүүхдэд ямар байдлаар яаж нөлөөлдөг вэ?
Газлайтинг нөлөө үзүүлээд байгаа гэр бүлд өссөн хүүхэд өөрөө газлайтерын нөлөө үзүүүлдэг болох талтай. Эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдийн аль нэг нь газлайтинг нөлөөнд оруулаад байгааг мэдрээд эхлэхээрээ бухимддаг. Нөлөөнд хэт автсан гэр бүлийнхээ гишүүний талд орох, авч зугтаамаар, салгамаар, хоёр тийш нь болгомоор санагдана. Нэгэнт үүссэн гэр бүлийн хортой харилцааг үр хүүхдүүд нь яаж ч чадахгүй ийм нөхцөл байдалд хамгийн том хохирч нь хүүхэд болдог.
Газлайтер нөлөө үзүүлэгчид нь “намайг ирэхэд энэ юмаа тэгсэн байгаарай гэх мэтээр захирах зандрах тушаах" байдлаар байнга хэт их шаардлага тавьж, хийгээгүй бол шийтгэдэг.
Ийм байдлаар шийтгэл аван айдас түгшүүртэй өссөн хүүхэд 20 гаруй насандаа түгшүүрийн эмгэг тусаад ирсэн тохилдол бий.
Өөр нэг сөрөг нөлөө нь буруутгагдахаас айсан хамгаалах механизм юм. “Намайг тэгчихвий, тэгээд хэлчих байх даа, дахиад үглэнэ дээ” гэж бодсоор хүүхэд айдас түгшүүртэй болохоос гадна өөртөө итгэлгүй өөртөө эргэлздэг болно. Байнга загнуулдаг хүүхэд нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарладаг. Гэх мэт газлайтинг нөлөөний сөрөг үр дагавар маш их.
Тэгэхээр амьдралд, хүмүүс хоорондын харилцаанд байдаг үйл явц юм шиг хэдий ч хэт их газлайтинг нөлөө үзүүлэх нь хүүхдийн сэтгэл зүйн сайн сайхан байдал, амьдралын чанарт маш муугаар нөлөөлж цаашид хүүхдээ хүмүүжүүлэх арга болон дамждаг гэдгийг ойлгох нь чухал. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа маш олон залуус, хүүхдүүд ийм хортой харилцааны золиос болчихсон явж байна.
Газлайтер хүн ямар үйлдлүүд хийдэг вэ? Яаж мэдэж болох вэ? Та ялгааг тодорхой тайлбарлаж өгөөч?
Газлайтерүүд тухайн хүний бодол, сэтгэл санаанд манипуляцын аргаар нөлөөлөн өөрийн хүссэн үйлдлээ хийлгүүлэхийг шаарддаг.
Газлайтер хүмүүс ихэнх нь параноид, нарсисист зан чанартай байдаг.
- Тэд эхлээд хамтрагчаа, эхнэр/нөхрөө/ харилцаанаас татдаг. “ Гэр рүүгээ, аав ээжрүүгээ л байнга гүйгээд байх юм” гэх мэт үгээр хатгана. Дараа нь найз нөхдийнх нь харилцаанаас татна. “Орой болчихлоо хурдан ир, танай найз чинь богино юубек өмсөөд аальгүй юм билээ. Ганц бие юм дагаад буруу хүнд татагдлаа, Чи тэр хүнээ дагаад тийм болчихно доо” гэх зэргээр өөлж ярисаар найз нөхдөөс нь хөндийрүүлнэ. Цаашлаад “ажил хийгээд яах юм, ажил чинь ийм тийм” гэж хэлсээр байгаад ажил хийх сонирхолгүй болгочихдог. Эцэст нь нөлөөнд орсон хүн ажил дээрээ очоод зохицож ажиллаж чадахаа больдог. Нийгэмшлээс аяандаа тусгаарлагдаж өнөөх газлайтерын нөлөө үзүүлэгч нөхөр/эхнэрээсээ өөр хэн ч үгүй ганцаардмал нэгэн болж хувирдаг. Гэхдээ үүнийг шууд өөр дээрээ хүлээж авахгүй байхыг хүсье. Амьдралын шаардлагаар хүүхдээ хараад, асраад, үр хүүхдийнхээ төлөө явж байгаа ээж, аавууд хань ижлээ шууд ийм гэж буруутгаж болохгүй. Хүн бүр газлайтерчин биш. Өнөөдрийн хөл хөдөлгөөн түгжрэлтэй орчинд бид хүүхдээ хүргэж өгөх авах гэсээр ажил хийх боломжгүй байх, нэгнийхээ ажил хийхийг дэмжээд, хэн нэг нь хүүхдээ асарч ажил хийх боломж бага байдаг. Тиймээс буруу тусгаж аваад эхнэр нөхрөө буруутгаж болохгүй шүү гэдгийг заавал анхааруулмаар байна.
- Дараагийн хэлбэр нь хамтрагчдаа түгшүүр үүсгэж эхэлдэг. Жишээлбэл, газлайнтинг нөлөө үзүүлэгч нь байхгүй бол гэрт сайхан амар тайван байна. Ирж байна гэх сургаар тэр гэрийн бүх хүн сандарч, тайван биш болдог. “Одоо ирээд энэ юмаа байранд нь тавиагүй бол үглээд эхэлнэ дээ” гээд л сандарлалдана. Хүүхдүүд аав ээжийгээ ирэхэд нь гэрээ сайхан цэвэрлээд угтаж бололгүй л яахав. Энэ бол хэвийн зүйл. Харин газлайтинг нөлөөнд орсон хүүхэд, гэр бүлийн гишүүд тухайн газлайтер хүнийг ирэх сургаар маш их түгшдэг. Учир нь ингэсэнгүй тэгсэнгүй гэж үйлдэл бүрийг нь өөлдөг болохоор түгшүүр үүсгэдэг.
- Гурав дахь хувилбар нь өөрийгөө хүндлэх, үнэлэх байдлыг нь доош дардаг. Жишээ нь газлайтинг нөлөө үзүүлэгч нь хэт сайхан хувцаслах зэргийг сэжиглэн “сонин харагдаж байна, бүдүүн байна, онцгүй байна, биеэ тохируулан аятайхан юм өмчихгүй, чи чадахгүй" гэх мэтээр тухайн хүний өөрийн үнэмлэмжийг бууруулан, өөртөө итгэх илгэлгүй болгодог. Эрүүл харилцаатай хосын хувьд заримдаа эхнэр/нөхрийнх нь өмссөн хувцас үнэхээр л онцгүй зохимжгүй байвал солиод өмсчих гэж эерэг байдлаар шүүмжилж болно. Харин үүнээс ялгаатай нь газлайтинг нөлөө удаан явцтай, дандаа буруутгагддаг, сөрөг харилцаа учраас яаж ийгээд л нөлөөнд орогчийн буруу болоод хувирчихдаг. Найз нөхөдтэйгөө ярьж суухаар, “хүмүүсийн дэргэд дандаа хачин хачин юм ярьдаг” гэх зэргээр шүүмжилнэ. Алхам бүрээ шүүмжлүүлж газлайтинг нөлөөнд орсон хүн олны дэргэд ч юм ярьж чадахгүй, өөрийгөө үнэлэхээ больдог.
- Дөрөв дэх хэлбэр нь байнга буруутгагдсаар байгаад өөрөө өөрийнхөө бодолд эргэлзэхэд хүргэдэг. Нэг үг, нэг үйлдэл хийсэн ч буруутгалд ордог. Жишээлбэл, будаа авлаа гэхэд тэрийг нь авахгүй, наад будаа чинь ийм тийм гэнэ. Хоёр талаасаа нэг газар болзохоор болоход өөрөө хоцорчихоод “чи яг түгжрэлтэй үед уулзъя гэлээ, чамаас болж би хоцорлоо” гэж буруутгана. Ийм байдал үргэлжилсээр нөлөөнд автсан хүн сүүлдээ өөртөө эргэлзэж эхэлдэг. Нээрээ л өөрийнх буруу юм байна гэж бодно. Эргэлзэж байгаа учраас шийдвэр гаргаж чадахаа больдог. Нэг ёсондоо нөгөө хүнийхээ гарт орно.
- Сүүлийн хэлбэр нь хянадаг. “Хэнтэй хаана байгаа юм, яг хаана явж байна, хэзээ ирэх гэж байна, гоё хувцас өмсөөд хаачих гэж байгаа юм” гэж үйлдэл бүрийг нь хянадаг учраас тэр хяналтаас нь гарч чадахаа больдог. Газлайтерүүд нарсисист зан чанартай учраас хэн нэгэнтэй бичсэн мессэж, яриа, зургийг нь хадгалж авч баримт бүрдүүлсэн байх нь бий. Байнгын хянадаг учраас тийм амархан тавьж явуулдаггүй. Жишээлбэл, эхнэрээрээ улс төрийн холбоотой хууль бус бичиг баримтын ажил хийлгээд түүнийгээ баримт болгож авсан нөхөр байна. Эргүүлээд түүгээрээ эхнэрээ сүрдүүлж, олзолдог. Гэхдээ бага зэргийн хардалт, болох болохгүй хүнээс ирсэн хуурамч мессеж зэрэгт хосууд бухимдах үе амьдралд бишгүй л гардаг гэдгийг бас ялгаж ойлгоорой. Харин газлайтерчин хүн утас, чат, и-мэйл гээд бүгдийг нь хянадаг.
Хосууд маань харилцааны хортой, хоргүй эдгээр хэлбэрийг өдөр тутамд үүсдэг энгийн жижиг асуудал, ганц нэг алдаатай хандлагаас ялгаж ойлгох хэрэгтэйг энд дахин онцолъё.
Газлайтер нөхөр/эхнэртэй хүн сэтгэл хөдлөлийн хүчирхийлэлд орсон гэдгээ анзаардаггүй гэсэн учраас тэр нөлөөнөөс нь яаж татаж гаргах вэ?
Ихэнхдээ аав ээж, ах дүүс, бусад дотны хүмүүс нь хөндлөнгөөс анзаардаг. Магадгүй тухайн гэр бүл салах үед эсвэл олон жилийн дараа л сэтгэл хөдлөлийн хүчирхийллийн харилцаа байсан байна гэдгийг өөрөө ухаардаг.
Сэтгэл зүйн хүчирхийлэлд байсан гэдгээ хохирогч болсныхоо дараа л мэддэг нь хамгийн харамсалтай.
Үүгээр ч зогсохгүй сэтгэцийн эмгэгээр өвдөж цаашлаад амиа хорлоод дуусах хэмжээний аюултай нөлөө үзүүлдэг.
Газлайтинг нөлөө бүхийн харилцаанд байгаагаа мэдэрсэн хохирогч дараах үйлдлүүдийг хийдэг.
- Хосын болон хайрын харилцаа нь болохоо больж буйг, байнга буруутгагдсан нөхцөл байдалд байгаа хүн эсэргүүцэж эхэлнэ. Улмаар харилцаа нь хоёр тийш болдог. Харин эсэргүүцэж чадахгүй нөхцөл байдалд орсон хүнд ах дүүс, хамаатан, найз нөхөд нь “танай хүн болохгүй байна шүү” гэж анхааруулж хэлж ойлгуулах гэдэг. Тэр гэр бүлийн харилцаанд хөндлөнгөөс оролцохоос аргагүй болох нь бий.
- Хохирогч өөртөө дургүй хүрч, өөртөө эргэлзэж, өөрийгөө л тухайн харилцаанд буруутгасан нөхцөл байдлаа бодож дотроо маш их шаналдаг. Ингээд харилцаагаа дуусгахын тулд зугтаана. Ихэнхдээ ингэж л тэр нөлөөнөөс гарах оролдлого хийдэг. Гэхдээ,
Газлайтер хүнтэй хамт байгаа хүн амархан сална гэж байхгүй. Салсан ч араас нь зууралддаг. Мөнгөөр, эд хөрөнгөөр, давуу талаараа өөрөөсөө тийм ч амархан явуулахгүй.
Зугтаагаад явсан ч гэрт нь очиж хаалгыг нь тогшино, янз бүрийн асуудал үүсгэнэ, хаана явж байгааг нь мөрдөнө, утсыг нь хянана. Салсан тохиолдолд газлайтерчин хүн дараагийн хохирогч болох хүнээ байнга хайж явдаг.
Газлайтинг нөлөөний эцсийн үр дагавар нь хүүхдийг маш ихээр шаналган зовоож, сэтгэл зүйн гэмтэлтэй болгодог тул энэ сэдвийг хөндөн хосууддаа харилцаагаа анхаараасай гэсэн үүднээс бид зориглон ярьж байгаа юм шүү. Хүүхэд аав ээждээ хоёуланд нь хайртай байтал ийм харилцаанаас болж хэнийх нь ч талд орж чадахаа больдог. “Ээж чинь яасан, аав чинь яасан” гэх мэтээр хүүхдээр хов зөөлгөж нэгнээ муулуулах гээд байдаг нь ийм нөхцөл байдал үүсгэдэг. Салсан хойноо ч хүүхдээрээ байнга тагнуул хийлгэх оролдлого хийнэ. Газлайтерчин эхнэр/нөхрийн эцэг эх нь ч мөн адил түргэмгийлэгч зан авиртай байдаг тул нөлөөнд орсон талыг нь “чиний л буруу” гэж нэмж буруутган, хүүхдээс нь “танай ээж/аав тэгсэн үү ингэсэн үү” гэж асууж шалгаадаг.
Энэ бүх хортой харилцаан дунд хүүхэд маш том цочрол авч трауматай болж үлддэг. Хүүхэд том болоод нөхөр, эхнэртээ мөн тийм нөлөө үзүүлэгч нэгэн болно. Эсвэл харилцаанаас өөрийгөө татдаг, сэтгэл зүйн эмгэгтэй, харилцах чадваргүй, сэтгэл хөдлөлөө зохицуулж чадахгүй нэгэн болох эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.
Газлайтинг нөлөөнд байсан хүн олон жилийн амьдрал, нийгмийн байр суурь, гол нь сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ бүхний дараа эргээд нийгмийн харилцаанд орох, өөрийгөө хайрлахад хэрхэн туслах вэ?
Асуудлаа даван туулахын тулд иог, бясалгал хийх, зөвлөгөө авах гэх мэт янз бүрийн арга хэрэглэж үздэг. Гэхдээ тэдгээр нь үнэхээр эмчилж байна уу гэдэг эргэлзээтэй. Цаана нь буй суурь өвчнөө эмчлэхгүй бол бүрэн эдгэрэхгүй шүү дээ. Учир нь газлайтинг нөлөөнд байсан хүмүүс түгшүүртэй, сэтгэл гутралтай, харилцах чадвар суларсан байдаг тул иог бясалгалгаар бүрэн анагаахгүй.
Өөрийгөө ойлгож, сул тал болсон зүйлээ засах, өөртөө сэтгэл зүйн хатуужил бий болгохын тулд мэргэжлийн зөв хүнд хандах нь маш чухал.
Мэргэжлийн хүний тусламжтайгаар нөхцөл байдлаа зөвөөр ойлгон үнэлэлт дүгнэлт хийж чадна. Ингэснээр найз нөхөд, бусад дотны хүмүүсээсээ тусламж авч, тэднийхээ дэмжлэгтэйгээр айдас түгшүүрээ даван туулж чадах юм.
Нэг анхаарах зүйл нь сэтгэл хөдлөлийн хүчирхийллийн харилцаа буюу газлайтинг нөлөөнд орсон хүмүүс олон жилийн турш өөрийг нь хянах, хөндлөнгөөс нөлөөлөх нь хэвийн зүйл гэж үзэж ирсэн учраас дахиад хэн нэгэн газлайтерчин нарсисит хүнтэй учирч хохирогч болох магадлал өндөр байдаг. Тиймээс хэн нэгэнтэй шинээр харилцаа үүсгэхдээ заавал сэтгэл зүйн үнэлгээ хийлгэх хэрэгтэйг зөвлөе.
Нэг мэдэхэд л өмнөхтэйгөө адилхан хүн сонгоод нийлчихсэн явж байдаг тохиолдол амьдралд олон.
Газлайтинг нөлөө үзүүлэгч нарсисист хүн өөрийн энэ үйлдлээ буруу гэж ухамсарлан ойлгож өөрчлөгдөх боломж бий юу? Ийм хүний хажууд хэн ч байж тэвчихэд хэцүү санагдаж байна?
Параниод, нарсисист эмгэгтэй хүнийг бүрэн эмчлэх боломж сэтгэл судлалын шинжлэх ухаанд одоогоор байхгүй. Эмчлэх эм гэж дэлхийн хаана ч байхгүй. Тэд ч мөн эцэг эхийнхээ, гэр бүлийнхээ харилцаанаас хохирогч болсон хүмүүс. Тиймээс хүлээн зөвшөөрөх нь л гол арга зам. Хүлээн зөвшөөрснөөр маш удаан хугацааны засал эмчилгээнд явж сайжрал авдаг.
Гэр бүл салалт, гэр бүлийн хортой харилцааны сүүдэр хүүхдэд хамгийн тодоор тусдаг учраас, гэр бүл зохиохдоо залуус маань анхаарах ёстойг та бид хоёрын ярилцага улам бүр ойлгуулах шиг. Ийм хортой харилцаа үүсгэхээс урьдчилан сэргийлэх тал дээр та зөвлөгөө өгөөч?
Гэр бүлийн харилцаа үүсгэж байгаа хосууд биентэйгээ маш сайн ойлголцох нь чухал. Анхнаасаа л хоорондоо сайн ярилцаж ойлголцолж сурах хэрэгтэй. Манайхны нэг сул тал нь ярилцаж чаддаггүй. Яагаад уурлаад, яагаад гуниглаад байгаа мэдрэмжээ илэрхийлдэггүй. Бараг нөгөө хүнээ өөрөө олж мэд гэж таавар таалгах байдлаар буруу харилцаад байдаг талтай. Ярилцаж сурах нь бүхий л харилцааг урт хугацаанд бат бөх хадгалж авч явах түлхүүр нь юм шүү.
Газлайтер хийдэг хүн гэр бүлтэй болох эрхгүй гэвэл худлаа шүү дээ. Хорвоод янз бүрийн асуудалтай хүмүүс бий. Тэдэнтэй зохицох амьдрах нь хүний нийгэм. Тиймээс газлайтерчид өөрийгөө засаж, хөгжүүлж, өөртөө дүгнэлттэй хандах хэрэгтэй. Хайр сэтгэлээр хоорондоо нийлсэн ч амьдах явцад гэр бүлийн харилцаа доошоо дээшээ болох асуудал маш их тохиолдоно. Тэр бүхнийг эрүүлээр, зөвөөр шийдэж хамтдаа даван туулдаг байхын тулд гэр бүл болохоосоо өмнө хос хоёр сэтгэл зүйн тест хийлгэхийг би зөвлөнө. Манайх шиг сэтгэл зүйн тестийн нарийн стандарттай оношилгоо хийдэг газарт ирээд өөрсдийгөө оношлуулж давуу сул талаа эртхэн мэдээд авбал цаашид тохиолдох үйл ойлголцол багасна.
Магадгүй газлайтер хийгч нэгэн байлаа гэхэд түрэмгийлэл, хүчирхийллийн харилцаа нь цааш даамжирсаар эхнэр/нөхөр, хүүхдийнх нь сэтгэл зүйд насан туршийн шарх, гэмтэл үүсгэдэг болохыг нь мэргэжлийн хүний тусламжтай ойлгон авч өөрийгөө хөгжүүлж засах боломжтой юм шүү. Манай хүрээлэн яг ингэж сэтгэл зүйн асуудлыг эмгэг болохоос нь өмнө урьдчилан сэргийлэхийг зорин ажилладаг.