2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Б.Номин: 5 монгол хүн тутмын 2 нь ажлын байрандаа өндөр стресстэй ажилладаг

— Ч.Баяржаргал   2019 оны 10 сарын 21

Бид бүхэн долоо хоногийн тав, заримдаа үүнээс ч олон өдрийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Чухам яг энэ орон зай дотор янз бүрийн хүнтэй харилцаанд орж, баярлан догдолж, гутран гунихарч, стрессдэж, өсөж хөгжих зэргээр сэтгэл зүйн олон асуудалтай тулгарч, түүнээс шалтгаалан ажлын үр дүн, бүтээмж хэр байх нь хэмжигддэг. Иймээс ч ажлын байрны сэтгэл судлалын шинжлэх ухаан хэмээх томоохон салбар тусдаа үүсэн хөгжиж, судлагдсаар байгаа биз ээ. "Сэтгэлийн Дархлаа" яг энэ сэдвээр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач, боловсрол судлалын доктор Б.Номинтой сонирхолтой яриа өрнүүллээ.

Хүн өдрийн 24 цагийн 1/3-ийг нь ажил дээрээ өнгөрүүлдэг гэдэг. Байгууллагын сэтгэл зүйн салбар хэзээнээс үүссэн юм бэ?

Дэлхийн I дайны үед зэвсгийн үйлдвэрүүд богино хугацаанд их хэмжээний зэр зэвсэг үйлдвэрлэх шаардлагатай болсон байдаг. Ингэснээр үйлдвэрийн газарт хүмүүсийг олноор нь яаж үр дүнтэй ажиллуулах вэ гэдэг хэрэгцээ шаардлага гарч эхэлсэн. Ингээд ямар хүнийг ажилд авах уу. Авсан хүнээ яаж богино хугацаанд үр дүнтэйгээр ажиллуулах уу гэдэг дээр менежерүүд толгойгоо ажиллуулах хэрэгтэй болж.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан, тэр дотроо байгууллагын сэтгэл зүйн салбар шинжлэх ухаан харьцангуй залуу салбар. XX зууны эхэн үеэс эхлэлтэй гэж үздэг.

Ажилтныг яаж үр бүтээмжтэй ажиллуулах уу гэдэг чинь судалгааны бүхэл бүтэн сэдэв. Ажилтан сэтгэл ханамжтай ажлаа хийснээр үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байж чаддаг. Энэ нь тухайн ажилтны харилцаагаар байгууллагын нэр хүнд, үйлчилгээний чанар, үнэлэмж хэмжигдэнэ гэсэн үг. Нэг хүн сургуулиа төгсөөд ямар нэгэн албан байгууллагад ажиллахаар ирлээ гэж бодъё. Тухайн хүн уг байгууллагад тохирох уу гэдэг хамгийн эхний асуулт гарч ирнэ. Үүнд ур чадвар, мэргэжлийн нарийн чадвар, хүнтэй харилцах чадварууд орно.

Ажлын байрны сэтгэл ханамжийг ажил дээрээ хэрхэн бүрдүүлэх вэ. Үүнийг хүн бүр хийж чаддаггүй, байгууллага болгон бүрдүүлдэггүй шүү дээ?

Ажилтан ажлын байрандаа сэтгэл хангалуун байхад ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг талаар судалгаа бий. Энд юуны түрүүнд ажлын цалин хөлсийг хүмүүс нэрлэсэн байна. Учир нь тухайн хүний ар гэр, амьдрал ахуйн олон зүйлс ажлынх нь цалин хөлснөөс шууд шалтгаална. Дээр нь би энэ ажлын байран дээр өсч дэвжиж, албан тушаал ахих боломж байна уу гэдгийг хүмүүс их анхаардаг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл хүмүүс ирээдүйн карьертаа санаа зовж байна гэсэн үг. Мөн ажлын ачаалал ямар байхыг ихэнх хүмүүс чухалчилж үздэг. Учир нь авч байгаа цалин хөлс, ажлын цаг нар, ачаалал нь хоорондоо тэнцэж, тохирч байна уу, үгүй юу гэдэгт ямар ч хүн анхаарлаа хандуулдаг. Өөр нэг хүмүүсийн санаа зовдог зүйл бол би энэ байгууллагад хэрэгтэй хүн мөн үү. Би энэ хамт олны дунд хэр зэрэг үнэ цэнэтэй вэ гэдэг асуулт. Сүүлийнх нь удирдлагатайгаа таарч тохирох тохирц. Эдгээр хүчин зүйлсүүд бүгд хангагдаж байж тухайн хүн ажлын байрандаа сэтгэл хангалуун, ажиллах хүсэл эрмэлзэлтэй болдгийг судалгаагаар нотолсон.

Одоо цагт дэлхийн томоохон компаниуд ажилтныг ажилд авахдаа ур чадвар, багаар ажиллах чадвар зэргээс гадна энэ хүн манай байгууллагын дотоод соёлд нийцэх хүн мөн үү гэдгийг их чухалчилж үздэг болжээ. IQ буюу оюун ухааны чадварыг нь илүүтэй чухалчилж хүнийг үнэлэх замаар ажилд авдаг томоохон компаниуд ч бий.

Өөр нэг асуудал бол монгол хүний өөрийнх нь онцлог. Соёлын онцлог, ялгаа гэсэн үг л дээ. Тиймээс манай байгууллагын хувьд ажлын байрны сэтгэл ханамжийн судалгааг явуулахдаа гадаадын судалгааг үндэс болгохоос илүүтэй монгол хүний онцлогийг тусгасан тусгай асуулга, тестийг бэлддэг.

Ажилтан, босс хоёрын хооронд харилцааны ямар бэрхшээл илүүтэй үүсдэг вэ?

Ажилтан, удирдлага хоёроос гадна ажилтан-үйлчлүүлэгч, ажилтан-ажилтны хооронд асуудал их үүсдэг болохыг судалгаанаас харж болно. Учир нь ажилтан хүн удирдлагатайгаа өдөр тутам байнга харьцаад байх шаардлага тэр бүр гардаггүй. Харин үүний оронд хамтран ажиллагсадтайгаа, эсвэл өөрийн байгууллагын үйлчлүүлэгчтэйгээ өдөр тутам тогтмол харьцдаг болох нь судалгаанаас харагдаж байгаа. Ер нь бол ажилтнууд удирдлагаасаа юу хүсдэг вэ гэвэл өөрийг нь анхаараасай. Юу хийж байгааг нь анзаарч үнэлээсэй гэж л хүсдэг.

Бидний өнгөрсөн хугацаанд судалснаар хүнтэй харилцдаг харилцааны мэргэжлүүд ажилтнаас ихээхэн хүч, стресс шаарддаг болох нь батлагдсан. Энд би даатгалын ажилтнуудыг нэрлэмээр байна. Даатгалын ажилтнууд үйлчлүүлэгчээ тайвшруулж ятгах шаардлага ихээхэн гардаг тул хамгийн стресс ихтэй ажилд тооцогдсон. Хойноос нь сэтгэл судлаач, нийгмийн ажилтуунд, мөн эмч болон цагдаа нар ордог. Учир нь эдгээр ажлууд өдөр тутам олон хүнтэй харьцах шаардлага гардаг. Энд мөн сэтгүүлч мэргэжлийг дурдмаар байна. Ихээхэн стресс шаарддаг ажил гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Судалгаанаас харагдаж буй өөр нэг онцгой зүйл бол сүүлийн жилүүдэд хүмүүс, ялангуяа залуус ажлын байраа ойр ойрхон сольж байгаа явдал. Энд бүр 1990 оноос хойш төрсөн залуусыг нэрлэе. Ганц Монголд ч биш, дэлхий даяараа энэ үеийнхнийг Z үе буюу онцгой үе гэж үзэх болсон. Өмнөх үеийнхэн буюу бид нарын аав, ээж нарын үед дарга нь ажилтандаа “Чи тэрийг ингэж хий” гэж хэлчихэд болчихдог байсан бол энэ Z үеийнхэнтэй ингэж хандаж болохгүй. Тэд бол өмнөх үеийнхнээс тэс өөр, илүү нээлттэй, өөрийгөө шал өөрөөр илэрхийлдэг хүмүүс. Урьд нь “Чи даргад тохируулж хий”, “Даргад таалагдах хэрэгтэй” гэдэг шаардлагыг тавьдаг байсан бол Z үеийнхний хувьд тийм биш. Тэдний хүсээд байгаа зүйл нь илүү их гэдгийг судлаачид анзаарсан.

Бид ажлаасаа гарчихаад дахиж ажилд орж чадаагүй, мөн олон ажил сольсон Z үеийнхний дунд судалгаа явуулахад тэд байгууллагын тавьж буй өндөр шаардлага буюу үгэнд дуулгавартай орж, олон зүйл ярилгүйгээр ажилладаг байх. Тэгсэн мөртлөө санаачилгатай байх гэсэн хоёр тэс ондоо хоорондоо авцалддаггүй шаардлагыг эсэргүүцэгчид гэдэг нь тодорхой болсон. Учир нь энэ үеийнхэн санаачилгатай байх, үг дуугүй захирагдах хоёрыг тэс өөр хоёр зүйл. Хоорондоо авцалдахгүй гэж үзэцгээдэг. Санаачилгатай байх гэдгийг өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, өөрийнхөөрөө хийх гэж энэ үеийн залуус үзэх болсон байна.

Ажилтан стресс багатайгаар ажлаа хийхийн тулд ямар орчинг бүрдүүлэх ёстой юм бэ?

Манай орны нөхцөлд хийсэн судалгаагаар таван монгол хүн тутмын хоёр нь ажлын байрандаа өндөр стресстэй байдаг нь тогтоогдсон. Мөн хоёр хүн тутмын нэг нь ажлаасаа халшрах, шантрах мэдрэмж заримдаа төрдөг гэж хариулсан байх жишээтэй. Ямар ч хүн ажлын байрандаа сэтгэл ханамжтай байхад гурван үндсэн хүчин зүйлс нөлөөлдөг:

Нэг. Өөрийнхөө хийж буй ажлаа хүнд хэрэгтэй маш чухал гэдгээ мэдрэх,

Хоёр. Хариуцлага. Тэр хүн хариуцлагаас зугтаах биш, эсрэгээрээ өөрийнхөө хариуцлагыг мэдэрдэг байх,

Гурав. Хийж буй ажлынхаа үр дүнг өөрөө хэмжиж, мэдэрч, түүнээсээ таашаал авдаг байх.

Дээрх гурван зүйлд сэтгэл хангалуун байж чадаж байгаа ажилтан хүн хэчнээн цалин багатай ч гэсэн стресс багатай, ажилдаа дуртай явдаг.

Ажлын байран дах хувийн орон зай ажилтнуудын стресст ихээхэн чухал нөлөөтэй.

Жишээ-1

- Японы зарим байгууллагад нэг хүнд оногдох зай талбай маш бага байдаг. Жижигхэн талбайд олон хүн шамбааралдан суууж ажиллах хэрэгтэй болдог. Хоёр ажилтныг хооронд нь нэг жижигхэн тусгаарлагч хавтан хана л хагас хугас тусгаарладаг байх жишээтэй. Энэ нь стресст өртөх нэг гол шалтгаан болж байна.

Жишээ-2

- Орчин үеийн ихэнх байгууллагууд ажлын байр буюу оффистоо камер суулгах болсон. Энэ нь стресст өртөх нэг том шалтгаан болж байна. Энд гадаадад хийгдсэн нэг судалгааг дурдаж болно:

Нэг байгууллагын хамт олны суудаг оффисын өрөөнд нь камер суулгаагүй мөртлөө нууц камер суулгачихсан байгаа гэж худлаа хэлээд ажиглалт явуулж эхэлжээ. Гэтэл хүмүүсийн биеэ авч явах байдалд огцом өөрчлөлт орж, бүгд хэтэрхий хичээж эхэлцгээсэн байна. Ингэснээр тухайн хамт олны дунд стресс ч огцом нэмэгджээ.

Ажлын байрны тав тухыг бүрдүүлэхийн тулд заавал их хэмжээний хөрөнгө мөнгө, орчин нөхцөл шаардлагагүй. Жижигхэн зүйлсээр үүнийг нь бүрдүүлж өгч болно. Танай оффис хэчнээн жижигхэн, зай талбай багатай байсан ч ажилтнаа өдрийн цайны цагаар хэдхэн хором унтаад амарчих жижгэвтэр буйдан тавьчихсан байхад энэ нь тав тухыг бүрдүүлж өгч байгаа хэрэг мөн.

Ажлын байран дах харилцааны ёс зүй:

- Удирдлагын зүгээс ажилтнууддаа анхаарал халамж тавих нь хүн ёсны зүйн хэрэг боловч хувийн харилцаа, ажлын байрны харилцаагаа хооронд нь ялгаж салгах хэрэгтэй. Та тэр хүний удирдлага нь болохоос аав нь, ээж нь биш гэдгээ анхаар

- Ажилтнуудтайгаа хэт их эгч ээ, ах аа, миний дүү гэсэн харилцаанд орохоос татгалз

Ажлын байрны тохирц гэж нэг чухал онол бий. Жишээлбэл нэг ажилтан бүх зүйлээ нарийн чанд төлөвлөж хийдэг байхад нөгөөх нь илүү хурдтай, хэт эрч хүчтэй байх жишээтэй. Ийм хоёр өөр хэв шинжийн өөр зан ааштай ажилтнууд хоорондоо тохирохгүй байх нь түгээмэл.

Ажлаас залхах хам шинж гэж юу вэ?

Хүн нэг ажлаа хэтэрхий олон жил буюу 20 жилээс дээш хугацаагаар хийгээд ирэхээрээ ажлаас залхах хам шинж үүсэхийг хэлнэ. Судалгаагаар одоо цаг үеийн хүмүүсийн нэг байгууллагад тууштай ажиллах хугацаа 5-10 жил биш, дээд тал нь гуравхан жил болчихсон гэдэг нь ажиглагдсан. Өөр нэг анзаарагдсан зүйл гэвэл тухайн ажилтны хийх ажил, үүрэг функц нь тодорхойгүй байдгаас болж олон хүн тухайн ажлын байрыг орхидог явдал.  

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ажлын байрны чиглэлээр буюу байгууллагын сэтгэл зүйгээр ямар төрлийн зөвлөгөө өгдөг вэ?

Стрессээ удирдаж сурах бүлгийн зөвлөгөөнүүд болон хувь хүнд тохирсон ганцаарчилсан зөвлөгөөг өгч байна. Мөн удирдлагуудад зориулсан сургалт, EQ-гээ яаж хөгжүүлэх вэ, бизнес EQ зэрэг сургалтуудыг тогтмол явуулж байгаа. Дээр нь байгууллагын соёлын судалгаа, оношилгоонуудыг хийдэг.

Нэвтрүүлэг үзэх линк:


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26