2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ЭМЧИЙН ӨРӨӨ

Б.Одбаяр: Манайд хөхний хавдрын оношилгоо, эмчилгээ цогцоороо шийдэгдсэн

— Ч.Баяржаргал   2021 оны 10 сарын 20

Аравдугаар сар бол дэлхий нийтээр хөхний хорт хавдрын эсрэг тэмцэх, уг өвчний талаар мэдлэг мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг таниулах сар билээ. Манай улсад жилд дунджаар 250 гаруй хүн хөхний хорт хавдраар оношлогдож байна. Эдгээрийн дийлэнх нь хожуу шатандаа илэрч байгаа тул урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээний талаар ХСҮТ-ийн Хөхний төвийн мэс заслын эмч Б.Одбаяртай ярилцлаа.

Юуны өмнө та хөхний хорт хавдар үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийн талаар мэдээлэл өгөөч? 

Хөхний хорт хавдрын үүсэл нь олон зүйлээс хамаардаг. Эмэгтэй хүн гэдэг хүйсийн онцлог нь өөрөө хөхний хавдрын эрсдэлийн томоохон шалтгаан юм. 

Хөхний хавдрын тохиолдлын 98-99 хувь нь эмэгтэй хүнд, 1-2 хувь нь эрэгтэй хүнд үүсэж байна. Зөвхөн эмэгтэй хүнд тохиолддог өвчин гэж шууд ойлгож болохгүй.

Эмэгтэй хүний хөх дааварт маш их мэдрэг эрхтэн. Бэлгийн бойжил явагдах, хөх ургаж эхлэх үеэс маш их дааврын хэлбэлзэл явагддаг. Өөрөөр хэлбэл хөх ургах, хүүхэд төрүүлэх, хөхөнд сүү орох, цэвэрших зэрэг амьдралын процессуудад даавар хэлбэлзэлж байдаг. Энэхүү хэвийн хэлбэлзэл дундаа хөхний эс аль нэг дааврын нөлөөгөөр мэдрэгших нь хавдар үүсгэдэг. Ихэнх хавдар дааврын өөрчлөлтийн улмаас үүсдэг. Тэр дундаа строген дааврын нөлөө хамгийн их. Строген даавар өндгөвч эсвэл өөхний эсээс үүсч ялгардаг. Тэгэхээр биеийн жин нэмэгдэх, таргалалт нь хавдрыг өдөөдөг нэг хүчин зүйл болж өгнө. Эсэргээрээ жингээ хасах болон хэвийн жинтэй байх нь дааврын хэлбэлзлийг бууруулдаг. Мөн нас ахих тусам хүний эд эс хөгширч, мутацлагдах байдал нэмэгддэг.

Хортой, хоргүй хавдар юугаараа ялгарах вэ? 

Хүний биеийн эсийн хяналтгүй ургалтыг хавдар гэж хэлээд байгаа. Хортой хавдар нь цус болон тунгалгийн замаар дамжиж бусад эрхтэнд үсэрхийлдэг учраас эрүүл мэндэд илүү их эрсдэл учруулдаг. Харин хоргүй хавдар нь тухайн хэсгээс өөр эрхтэн рүү үсэрхийлэхгүй, хальж ургадаггүй гэдгээрээ ялгаатай. Хөхний хавдар ч мөн дотроо хоргүй, хортой гэж ялгагдахаас гадна хортой хавдар нь хэд хэдэн төрөлтэй. 

Хөхөнд үүсч байгаа нийт хорт хавдрын 60-70 орчим хувь нь цоргоны өмөн байдаг. 

Өөрөөр хэлбэл хөхний сүү дамждаг хэсэг буюу цоргоны бүтцэд үүсдэг хэсгийг хэлнэ. Хөхний хавдар хөхний өөрийн эсээс гаралтайгаар үүсдэг. Аль бүтэц нь гажигшиж байна түүнээс хамаарч эс нь хяналтгүй ургах буюу хавдар болдог гэж ойлгож болно.

Удамшил хэр нөлөөлдөг вэ. Үзлэгт энэ талын асуумж авдаг?

Удамшлын нөлөө мэдээж байна. Гэхдээ шууд удамшсан байна гэж хэлж болохгүй. Тухайлбал, гаднын орнуудад удамшлын мутацийг үздэг нарийн шинжилгээ байдаг. Тухайн хүнд хавдар үүсэх эрсдэл хэр байгааг тодорхойлдог гэсэн үг. Мутаци генийг үзсэнээр хэдэн насандаа ямар өвчнөөр өвдөх магадлалтай гэдгийг хүртэл тодорхойлоод гаргаад ирж байна. Шинжлэх ухаан маш нарийн түвшинд хөгжиж байгаагийн нэг дэвшил нь молекул генийн шинжилгээ юм.  Хавдраас урьдчилан сэргийлье гэвэл молекул генеткийн түвшинд судлах хэрэгтэй. 

Монголын 3 сая хүн амын зорилтот бүлэг дунд генийн шинжилгээг нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой. Учир нь хөхний хорт хавдрын ихэнх тохиолдол хожуу шатандаа илэрч байна. Өөрөө хөхөө тэмтэрч шалгах нь мэдрэг арга биш.

Ер нь шинж тэмдэг илэрсэн үед нь оношилно гэдэг буруу арга барил. Шинж тэмдэг өгөх нь тухайн өвчин нэлээн даамжирсан гэсэн үг шүү дээ. Тиймээс өвдөхөөс нь өмнө тогтмол үзүүлж, урьдчилан сэргийлэх нь л хамгийн чухал.

Генийн шинжилгээг манай улсад хийж байгаа юу? 

Одоогоор цуснаас генийн шинжилгээг цогц байдлаар бүрэн хийхгүй байна. Гэхдээ хавдраар оношлогдсон хүмүүсийн эдийн материал дээр генийн шинжилгээ хийж байна.

Эмэгтэйчүүдийн тунд хамгийн түгээмэл тохиолддог хавдрын нэг нь хөхний хорт хавдар.  Ер нь нөхцөл байдал ямар байна вэ? 

Манай улсад жилдээ 250 гаруй хөхний хавдрын тохиолдол оношлогдож байна. Тэр дундаа 40-50 насны эмэгтэйчүүдийн дунд хамгийн их тохиолдож байгаа. Улсын хэмжээнд нийт хавдрын 6-рт, эмэгтэйчүүдийн хавдрын 4-рт хөхний хавдар орж байна. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдэж байгаа бөгөөд насны бүлгээр нь авч үзэхэд өнгөрсөн жил залуу хүмүүс нэлээдгүй оношлогдсон нь анхаарал татсан асуудал юм.

Нас залуужиж буйн шалтгаан нь маш олон янз. Шууд хэлэх боломжгүй. Үр хөндөлт, төрсөн эсэх, дааврын бэлдмэл хэрэглэх, жирэмслэлтээс хамгаалах аргууд зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.

Хоргүй хавдар ургаад авхуулсан хүнд хортой хавдар үүсэх эрсдэл хэр байх вэ? 

Хавдрууд дотроо олон янз. Эхлээд тухайн хүнийг үзэж, үнэлээд өөрт нь ямар зовуурь байгаа талаар асуумж авч, үзлэг хийнэ. ЭХО болон рентген шинжилгээ хийсний дараа голомт байвал эд эсийн шинжилгээ хийж байж эцсийн оношилгоог гаргадаг. Хавдрыг эцэслэн 100 хувь оношилдог арга нь эд эсийн шинжилгээ. Энэ шинжилгээгээр яг аль төрлийн хавдар байна, эд эсийн хувьд ямар өөрчлөлт байгаагаас хамаарч эрсдэлтэй эсэх, хянах шаардлагатай юу, эсвэл эрт үед нь жижиг мэс ажилбар хийх эсэх нь шийдэгддэг. Мэс ажилбар хийсэн бол тухайн авсан эдээ лабораторид илгээж эсийн түвшинд үргэлжлүүлэн оношилно. Магадгүй насан туршдаа хоргүй ургалт байж ч болно.

Манай улсад хөхний хорт хавдрын эмчилгээ ямар түвшинд хийгдэж байна вэ? 

Хөхний хорт хавдрын эмчилгээ дэлхийд маш сайн судлагдаж, өндөр хөгжсөн. Судлагдахын хэрээр эмчилгээ маш боловсронгуй болж байгаа. Монгол улс дэлхийн түвшнээс хоцрогдоогүй. Мэс заслын эмчилгээ, эрхтэн хадгалах хагалгаа, гоо сайхны хагалгаатай нь хавсарсан, нөхөх сэргээх, хими, туяа эмчилгээ гэх мэт бүхий л эмчилгээнүүд хийгдэж байна. Шаардлагатай эм тариунууд ч байгаа.

Эмчилгээ ярихаас өмнө хамгийн чухал зүйл нь зөв оношлох явдал юм. Дүрс оношилгоо, мэс, паталоги буюу эмгэг судлалын шинжилгээ гурав бол эмчилгээний хувьд тулгийн гурван чулуу нь. Эдгээр онош нэг голдиролоор явах нь чухал байдаг. Дүрс оношилгоо хийсний дараа эдийн түвшинд баталж, хамгийн сүүлд нь эмгэг судлаач эмчид очдог. Эдийн шинжилгээ ямар гарахаас хамаарч эмчилгээний тактик боловсруулдаг. 

Манай улсын хувьд олон улсын стандартын дагуу дүрс оношилгооны дүгнэлтийг бичиж үнэлгээ хийдэг. Бүгд нэг стандартаар явдаг учраас өөр газар очоод зөрнө гэсэн зүйл байхгүй.  

Тухайн хүнээс авагдсан эд 20, 30 жил хадгалагддаг бөгөөд дэлхийн хаана ч авч явсан шинжилгээ хэзээ ч зөрөхгүй. Тиймээс эд эсийн түвшинд онош тавьсан бол ямар ч эргэлзэх зүйл байхгүй. Эмч нар ч чадвартай, маш сайн оношилгоо хийж байна. Хавдар судлалын үндэсний төв дэлхийн түвшний протокол, стандартаар явж байгаа. Дэлхийд ямар стандарт удирдамж мөрдөж байна яг л тэр удирдамжаар хамгийн сайн гэсэн нь нутагшуулахыг зорьдог. Монгол улсад хөхний хавдрын эмчилгээ цогцоороо шийдэгдчихсэн.

Гаднын орнуудаас нэг давуу тал нь хавдрын эмчилгээ манай улсад ямар ч төлбөр, өртөггүй хийгдэж байна. Гадаадад оношилгоо, эмчилгээ маш өндөр өртөгтэй. Харин манай улсад бүхий л оношилгоо, эмчилгээ шинжилгээ даатгалын системээр үнэ төлбөргүй болж хүндээ ээлтэй болсон байна шүү дээ.

Хавдрын эмчилгээний үр дүн зөвхөн чадварлаг эмчтэй байхаас шалтгаалахгүй байх? 

Ямар үе шатандаа оношлогдсоноос хамаарч үр дүн өөр өөр байна. Дэлхийд тун ойрын хугацаанд төгс эмчлэгдэх боломжтой болно. Харин одоо байгаа эмчилгээнүүд бол хүний насыг уртасгахад чиглэдэг. Хөхний хавдар ямар нэгэн өвдөлтгүй, зовуургүй явагддаг учраас хожуу шатандаа оношлогдох тохиолдол их байна. Аль болох эрт үед нь илрүүлэх тусам амьдралын чанар дээшилдэг. Хавдрын эмчилгээний үед хүний амьдралын насыг 5, 5 жилээр үнэлдэг. Тодруулбал,

  • 1-р үе шатанд оношлогдсон бол 5 жил амьдрах магадлал 96-аас дээш хувьтай,
  • 2-р үед оношлогдсон бол 5 жил амьдрах магадлал нь 90-ээс дээш хувьтай,
  • 3-р үед оношлогдсон бол 5 жил амьдрах магадлал нь 75-аас дээш хувьтай,
  • 4-р үед оношлогдсон бол 5 жил амьдрах магадлал нь 25-аас дээш хувьтай байдаг. Аль үе шатанд оношлогдохоос хамаараад тухайн хүний амьдрал 5 эсвэл 20, 30 жил ч байж болно.

Хорт хавдраар оношлогдсон бол айх хэрэггүй. Эмчлэгддэг өвчин учраас зоригтой байгаарай гэж хэлэе. Сэтгэл санаа өөдрөг байх нь эмчилгээний үр дүнг илүү төгс болгоход чухал нөлөөтэй. Тухайн хүн даван туулна гэсэн хүчтэй сэтгэл зүйтэй байж, өөрөө хичээж чадвал даваад л гараад ирнэ. .Мөн гэр бүлийн сэтгэл санааны дэмжлэг хавдрын эмчилгээнд маш чухал байдаг. Хэчнээн сайн эм тариа хэрэглэсэн ч сэтгэлээрээ уг өвчнийг давахгүй л бол өвчнийг эдгээж чадахгүй.

Эрт илрүүлгийн ач холбогдол юу вэ. Хөхний оношилгоо шинжилгээг хүндрэл бэрхшээлгүй өгөх боломж манайд хэр бүрдсэн бол?

Эрт илрүүлэг гэдэг хүмүүст зөв зан үйлийг дадуулахаас л эхэлнэ. Жилдээ нэг удаа үзлэг оношилгоонд орж сурах, эрүүл мэндийн мэдлэг боловсролтой байх нь ирээдүйд учирч болох томоохон эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж буй хариуцлага, үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. 10 дугаар сарыг хөхний эсрэг тэмцэх сар болгосон нь жилдээ нэг удаа хөхний үзлэгт хамрагдах хугацаа болсон шүү гэдгийг л сануулж буй.

Манайхан сонссон даруйдаа л маргааш очоод үзүүлэе гэдэг. Мэдээж шууд маргааш очвол аль ч газарт ачаалал, оочер байна. Магадгүй 6 сард шүдээ үзүүлнэ гэж бодсон бол гурван сарын өмнөөс цагаа захиалдаг ч юм уу. Ийм байдлаар зөв дадал, үйлчилгээний соёлтой болох хэрэгтэй юм.

Хөхний хавдрын гарааны оношилгоо буюу хамгийн эхэнд үзлэгт ороход хөхний рентген зураг, хөхний хэт авиан зураг гэсэн хоёр гол шинжилгээг хийдэг.  Нэг зургийг хоёр янзаар авч байгаа аргууд юм. 

Энэ аппаратууд нь давуу болон сул талтай. Илүү залуу эмэгтэйчүүдэд хөхний рентген зургийг аль болох бага зөвлөдөг. Учир нь рентгений цацраг хүнд хортой байдаг учраас залуу эмэгтэйчүүдийг аль болох цацрагийн нөлөөлөлд бага өртүүл гэж зөвлөдөг. Антомын бүтцийн хувьд залуу эмэгтэйчүүдийн хөхний булчирхайлаг эд илүү давамгай байдаг учраас хөхний рентген зурагт жижиг голомт харахад төвөгтэй. Тиймээс 30 хүртэлх насны эмэгтэйчүүдэд энэ шинжилгээний арга үр дүн багатай байдаг учраас хөхний эхо буюу хөхний хэт авиан шинжилгээг зөвлөдөг.

Хүний нас ахих тусам булчирхайлаг эд багасч өөхлөг чанар нь ихэсдэг. Булчирхайлаг чанар нь багасч хатингаршаад, өөхлөг чанар луу шилжиж эхлэх үед хавдрын голомт нь булчирайлаг юм шиг тод илэрч харагддаг. Тиймээс олон улсад 40-өөс дээш насанд эмэгтэй хүмүүсийг хөхний рентген зурагт орохыг зөвлөдөг. Энэ ялгааг мэдэх нь хамгийн чухал. Ихэнх газар рентген л яриад байдаг нь маш буруу юм. 

Хөхний шинжилгээнд жилдээ нэг удаа орчихсон байхад цаашид ямар нэгэн асуудал гарвал дахин хэдий хугацаанд шинжилгээ өгөх, хянах шаардлагатайг эмч тодорхой хэлээд өгдөг.

Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын ямар хэв маягтай байх хэрэгтэй вэ?

- Хамгийн чухал зүйл нь аль болох эрүүл зан үйлтэй байх. Нийгмийн стресс, эрүүл аюулгүй орчин хангагдаагүй, чанаргүй хоол хүнс гэх мэт олон асуудал, эрсдэл бидний эргэн тойронд бий. Тиймээс аль болох стресс дарамтгүй байхад суралцах, хоол хүнсэндээ анхаарах, хорт зуршлаас татгалзах зэргээр эрсдэлийг багасгаарай. Сүүлийн үед эмэгтэйчүүд маш их архи, тамхи хэрэглэж байна. Энэ бүгд хавдрын эрсдэл болдог.

- Жингийн илүүдэлгүй байх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, чанартай нойртой авах нь бас нэг урьдчилан сэргийлэлт юм.

- Физиологийн үйл явцыг аль болох таслан зогсоохгүй байх буюу эрүүл жирэмслэлт, төрөлтөд анхаарах хэрэгтэй.

Шинжлэх ухаан хэдийгээр сайн хөгжиж байгаа боловч дэлхий нийтэд хавдрыг одоогоор ялан дийлэх болоогүй. Хавдрыг 100 хувь ялан дийлье гэвэл өмнө нь сэргийлэх ёстой. Тиймээс та хөхтэй л бол ялангуяа 40 нас хүрсэн бол жилдээ заавал нэг удаа үзүүлж хэвшээрэй. Ноцтой байх албагүй. Хүмүүсийн буруу хандлага нь заавал нэг асуудал гаргах ёстой юм шиг ханддаг. “Та зүгээр байна” гэж хэлэхээр ингээд л болоо юу гэдэг. Эрүүл гэдэг үгийг сонсох хэчнээн сайхан билээ. Эрүүл байгааг тань харах, эрүүл байна гэж хэлэх нь эмч хүнд хамгийн сайхан байдаг юм шүү дээ.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө