Манай улсад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгчдийн эзлэх хувь 2013 онд 10.3 хувь байсан бол 2015 онд 23.5 хувь болж нэмэгдсэн ба архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн гэх судалгааг одоогоос 3 жилийн өмнө танилцуулж байв. Архины асуудал нэг хүн биш нийгмийн асуудал болсныг хэн хүнгүй харж болохоор. Сэтгэлийн дархлаа ярилцлагын булангаар Архинд донтох эмгэг, ямар шалтгаанаар яагаад хамааралтай болж байна, үүнд юу нөлөөлж байна, хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой болон эмчилгээний үр дүнгийн талаар донтох эмгэгийн чиглэлээр 17 жил ажиллаж буй СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын их эмч Б.Соёлмаатай ярилцсанаа хүргэж байна.
Архины асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болон хувирсан уу. Ер нь нөхцөл байдал ямар байна вэ?
Манай орон төдийгүй дэлхий даяар архи болон бусад мансууруулах бодисын хэрэглээ ихсэж байна. Тэр тусмаа манай улсад сүүлийн 10 жилийн ажиглалтаар донтолт жил тутам нэмэгдэж байна. СЭМҮТ-д хандаж буй эмчлүүлэгчийн байдал, тоо, үзүүлэлтээр тасралтгүй өсөх прогресстэй байгаа нь салбарын эмч мэргэжилтнүүдийн хувьд сэтгэл зовоосон асуудал болоод байгаа. Хэдийгээр иргэд биеийн эрүүл мэнд, хоол хүнсний хэрэглээ, эрүүл амьдралын хэв маягт суралцаж, анхаарах болсон ч сэтгэцийн эрүүл мэнддээ хайнга хандаад байгаа тал байна.
Архинд донтох өвчнийг архины хамаарал, архисах өвчин, архинд донтох эмгэг гэж янз бүрээр нэрэлдэг ч энэ бол олон улсын өвчний F10 англилд орсон сэтгэцийн эмгэг юм. Донтолтыг химийн бодист донтох ба химийн бус бодист донтолт гэж хоёр ангилдаг. Химийн донтолт нь ямар нэг химийн агууламжтай, этилийн спирт, бусад мансууруулах төрлийн бодис, тамхи, никотин зэргийг хэлдэг бол химийн бус донтолт нь цахим мөрийтэй тоглоомын дон, бэлгийн дон, ажлын дон, шоппинг дон зэрэг зан үйлийн донтолтыг хэлдэг. Энэ дундаас архины хамаарал нь их хүнд өвчин бөгөөд сэтгэцийн буюу тархины өвчин гэж үздэг.
Архины хамааралд ороход юу нөлөөлж байна вэ?
Нөлөөлөх гурван том хүчин зүйл бий.
- Нийгмийн хүчин зүйл: Тухайн улс орон архины донтолтоос яаж сэргийлдэг, архины хэрэглээ, худалдаа, үнэ зэрэгт улсаас бодлого явуулж донтолтоос хэрхэн хамгаалж буй зэрэг нь хамаарна. Тухайлбал, Ажлын орчин, архины хэрэглээтэй гэр бүл, найз нөхдийн хүрээлэл дунд байх зэрэг нийгмийн бичил орчнууд.
- Биологийн хүчин зүйл: Удамшлын байдлаар, генетикийн өгөгдөл буюу ферментийн дудагталтай, элэг архийг задалж чаддаггүй байхыг хэлнэ. Бага уусан ч маш их шарталт хордлогод ордог.
- Сэтгэл зүйн хүчин зүйл: Нийгмийн орчин хэцүү, биологийн өгөгдөлтэй байлаа гээд сэтгэл зүйн хувьд хүчтэй бол донтолтод өртөхгүй. Гэтэл сэтгэл зүйн хувьд сул дорой, багадаа янз бүрийн хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байсан, гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хайр халамж дутуу, үл хайхрагдсан орчинд өссөн зэрэг нь сэтгэл зүйн хүчин зүйл болдог. Улмаар сэтгэл зүйн дархлаа султай хүн амархан уурлаж стрессдэж, түгшдэг ба үүнийгээ зөв аргаар тайлж чадахгүй, шууд л архи уух байдлаар хамааралтай болдог.
Эдгээр гурван хүчин зүйл нэг хүнд давхцаж байж архины хамаарал үүсдэг. Аль нэг нь байлаа гээд шууд хамааралтай болохгүй. Манайд хандаж буй үйлчлүүлэгчийн байдлыг судлахад сэтгэлийн дархлаа сул, биологийн өгөгдөл ферментийн дутагдалтай, аав ээж нь архины асуудалтай дээрээс нь нийгмийн орчин буюу ажилгүйдэлд өртсөн, гэр бүл салалттай, найз нөхөд нь архины хамааралтай байсан зэрэг нөхцлөөс үүдэн архинд донтсон хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг.
Архи хэрэглэх давтамж, хэмжээ ямар байдлаар хамааралд хүргэдэг вэ?
Уусан болгон архины хамааралтай болохгүй. Архины хэрэглээний соёл улс орон бүрд өөр. Тэдгээрээс хамаарч тэмдэглэлт баяраар хаа нэг уухыг архины хамааралтай гэж үзэхгүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Туйлширч болохгүй.
Би хааяа л амсдаг, хамааралтай биш гэх хүмүүс ч байна, эсвэл уудаг болгоныг хамааралтай болжээ гэж оношлох уу? Архинд донтсон байгааг ямар шинж тэмдэг, үйлдлээр оношлох вэ? Хамаарлын хэлбэр, үе шат хэрхэн үргэлжилдэг вэ?
Ихэнх хүмүүс 18-25 насны хооронд анх амсаж эхэлсэн байдаг. Тэр үедээ шууд донтохгүй. Тодорхой хугацаанд тогтмол хэрэглэж, хэрэглээ нь улам ихэссээр аажмаар донтолт үүсгэдэг. Урьд нь бага хэмжээгээр уугаад болдог бол хэмжээ нь улам бүр нэмэгдэж, их хэрэглэж байж л согтдог нь донтох эмгэгийн оношилгооны нэг үзүүлэлт.
Монгол хүнд хийсэн судалгаануудаас харахад эрэгтэйчүүдэд 5-10 жил, эмэгтэйчүүдэд 2-5 жилийн хугацаанд давтамжтайгаар буюу тогтмол хэрэглээтэй байх нь архинд донтох эмгэг хүргэдэг болохыг тогтоосон байдаг.
- Эхний ээлжид сэтгэцийн хамаарал үүсдэг. Жишээ нь, Баасан гараг бүрд л гэгэлзээд, найзуудтайгаа уулзмаар санагдах, баярлахаар эсвэл таагүй асуудал тулгарахад архиа л бодох сэтгэцийн хувьд бодол үүсэх, архинд татагдах нь архинд орох эхний үе шат. Үүнийгээ хүмүүс анзаардаггүй.
- 2-р үе шатанд, Сэтгэцээс цааш хүндэрч бие махбодын хувьд хараат байдал үүсдэг. Өнөөдөр уулаа гэхэд маргааш нь үргэлжлүүлээд уухгүй л бол бие нь өвддөг болдог. Толгой өвдөх, ам цангах, хөлрөх, салгалах, ядрах зэрэг шинж илрэх бөгөөд үүнийг шартах хам шинж буюу биеийн хараат байдал үүссэн гэж үздэг.
- 3-р үед Сэтгэц, биеийн хамаарлаас гадна зан төрхийн өөрчлөлт буюу тархины биохимийн даавруудад өөрчлөлт гарч, даавар нь дутагдах, багасах байдал илэрнэ. Энэ тохиолдолд архи хэрэглэж байж л хэвийн болдог. Нэг ёсондоо бие махбодод бүрэн дасал үүссэн байдаг. Ийм болоод ирвэл төгсгөл шат буюу хүнд хэлбэртээ орсон гэсэн үг.
Судалгаанаас харахад эмэгтэй хүн арай богино хугацаанд донтдог юм байна. Шалтгаан нь юу вэ?
Эмэгтэйчүүдийн архины асуудал далд явагддаг нь нөлөөлөх талтай. Учир нь эмэгтэйчүүд архи хэрэглэхээрээ эхэн үедээ нуудаг. Эмэгтэй юм байж гэж чичлэх байх гээд нууж явсаар хүндэрсэн шатандаа ил болдог. Эрэгтэй хүний уулт харин ил харагддаг болохоор "уугаад байна уу" гээд гэр бүлийнхэн нь анхаарал тавьж сануулдаг.
Зан төлөв өөрчлөгддөг гэсэн?
Хүнд шатанд буюу тархинд өөрчлөлт гарах үед зан төлөв өөрчлөгддөг. Бодисноос хамааралтай болж, хэрэглэхгүй бол уур нь хүрэх, худлаа хэлээд ч хамаагүй олж уух л хүсэлд автдаг. Ажил амьдралын ямар ч зорилгогүй болж зөвхөн өнөөдөр л ууж, дотроо засахыг боддог. Тиймээс худлаа хэлж, өр зээл тавих, эд зүйл зарах, хүмүүсээс мөнгө авах гэх мэтээр нийгмийн харилцааны зөрчлүүд гардаг.
Архи уугаад тасрах, юу ч санахгүй болох асуудал үүсдэг нь хамаарлын аль хэлбэр вэ?
Үүнийг ойгүйдэл гэдэг. Архины бага хэрэглээтэй хүн дээр ч яригддаг. Тухайн хүн хэмжээнээсээ хэтрүүлэн ууснаар ойгүйдэлт үүсдэг. Эхэн үедээ хөнгөн байдлаар буюу зөвхөн тухайн үеийн зарим зүйлсээ сайн санахгүй байна гэж ярьдаг. Хүндрээр архины хамаарлын төгсгөл шатанд орохоор "ойгүйдэлтийн хам шинж" үүсдэг. Өнөөдрийн он сараа ч мэдэхгүй, юу ч санахгүй, хаана байгаагаач ойлгохгүй, бүрэн мартаж, асаргаанд ордог. Учир нь гэрээсээ гараад явахаар төөрчихдөг. Тархины гэмтэлтэй, гэмтэл авч байсан зэрэг өгүүлэмжтэй залуу хүмүүс архи хэрэглэвэл ойгүйдлийн шинж илүү залуу насанд илэрдэг.
"Их уугаад байна" шүү гээд хэлэхээр ихэнхдээ хүлээн зөвшөөрдөггүй асуудал байдаг?
Архины хамаарлын 2-р үе шатанд орох явцдаа тухайн хүн ажлаа зохицуулаад хажуугаар нь архи хэрэглээд байдаг. Тиймээс ажил амьдралаа алдаагүй гэж өөрийгөө өмөөрдөг. Энэ өвчний хамгийн хэцүү нь үгүйсгэл. Магадгүй хорт хавдар, өөр өвчнөөр оношлогдсон бол шууд л эмнэлэгт ханддаг. Гэтэл архины хамааралтай хүн хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нь хамгийн хэцүү бөгөөд эцсийн шатандаа л хандах шалтгаануудыг нэг. Тиймээс дотны хэн нэг нь арай л их хэрэглээд байна уу даа гэж хэлэх юм бол өөрийгөө анзаарч, үгүйсгэлээ давж гарах нь чухал. Сүүлийн үед залуусын хандлага сайжирч байна. Өөрсдөө эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хүнд хандаж тусламж хүсдэг болсон.
Архины асуудал нэг хүний асуудал биш цаана нь олон хүн давхар өртдөг болохоор нийгмийн асуудал гээд байгаа байх?
Тийм. Архины хамааралтай хүний эргэн тойрны 30-50, холын 100-аад хүн давхар хамааралд өртдөг. Ууж байгаад нь санаа зовж, болиулах оролдогууд хийх, уучихаж гэж үргэлж түгшдэг. Үүний улмаас архины хамааралтай хүний эргэн тойрны хүмүүс ч мөн адил маш уур бухимдалтай болдог. Тиймээс давхар хамаарлын өвчин гэж үзээд гэр бүлийн хүмүүст нь ч засал эмчилгээ хийх шаардлагатай байдаг.
Хэзээ мэргэжлийн хүний тусламж авах вэ? Архинаас гаргана гэх янз бүрийн эмчилгээ, эм тан элдэв зүйлсийг хүмүүс нэгэндээ зөвлөж харагддаг. Ер нь архинаас гаргах ямар эмчилгээ үр дүнтэй байдаг вэ?
Анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлт нэн чухал. Багаас нь эхлээд, сургуулийн насанд нь тохирсон сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох нь анхдагч сэргийлэлт. АНУ зэрэг хөгжилтэй орнуудад удамд нь ферментийн дутагдал, өгөгдөл байгаа эсэхийг нь цусан дахь ферментээр нь үзэж, ирээдүйд ийм эрсдэл байна гээд хэлээд өгчихдөг. Үүнийг манайд ч бас хэрэгжүүлэх шаардлагатай.
Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь залуу насандаа тогтмол давтамжтай хэрэглэж байвал энэ байдал нь архины хамаарлын эхлэл ба сэтгэцийн хараат байдал үүсээд үүссэн байна тиймээс ийм арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг өрх дүүргийн эмч нар зөвлөж, танин мэдэхүйн ойлголтыг байнга өгөдөг байх. Ямар ч өвчин хүндэрсэн үедээ эмчилгээний үр дүн муу байдаг шүү дээ. Тиймээс эрт үедээ мэргэжлийн тусламж авахын хэрээр эмчилгээний үр дүн сайн байна. Нөгөөтээгүүр, Өөрөө л хүсэхгүй бол, тусламж авахгүй бол улам хүндрээд явдаг. Тухайн хүнээс их хамаардаг.
СЭМҮТ-д архинд донтох эмгэгийн эмчилгээ, тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байна?
Үндсэн хоёр янзын эмчилгээ бий. Эмийн бус буюу сэтгэл зүйн, тэгээд эмийн эмчилгээ. Эмийн эмчилгээ нь олон янз байдаг. Тухайн хүнд тохирсон тун хэмжээгээр мэргэжлийн эмчийн хяналтад эмчүүлэх ёстой.
Ер нь архины хамаарлын үеийн суурь эмчилгээ нь сэтгэл зүйн байдлыг эмчлэх явдал. Тэгэж байж дараагийн үр дүн гарна. Сэтгэл зүйг нь засаагүй байж шууд л эм өгөөд, наалт элдэв юм хэрэглэх зэргээр оролдох нь ихэнхдээ бүтэлгүйтдэг. Эмийн үйлчилгээ биеэс гарахад дахиад л уудаг. Тиймээс сэтгэл зүйн эмчилгээнд явах нь маш чухал.
Бөө лам дээр очоод шившлэгтэй архи уулгаад, эм өгөөд эдгэрчихдэг зүйл биш шүү!
Архаг өвчин амархан эдгэрэхгүй. Удаан хугацаанд тогтмол хамрагдаж байж үр дүн гарна. Үүнээс шантарч болохгүй. Манай төв архины асуудлыг ЭМД-аар үнэ төлбөргүй амбулаториор болон хэвтэн эмчлүүлэх тусламжийг үзүүлж байгаа. Жилдээ зөвхөн архины асуудлаар 3-4 мянган хүн ханддаг.
Ярилцлагыг үзэх: