2025/04/29. Мягмар гараг Дугаар: #3358

НОГООН ХУУДАС

Бид хүүхдэдээ усаа хэмнэ гэж хэлдэг ч бодит байдал дээр аж ахуйн нэгжүүд хөрсний усыг их хэмжээгээр шавхаж байна

— Б.Батцэцэг   2024 оны 08 сарын 21

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар болон худгийн талаарх ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү?

Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед түгээмэл тархацтай ордыг хориглох тухай ярихгүй, харин зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээлт хийх шаардлагаа өндөрсгөнө. Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж саналуудаа нэгтгэнэ.

Харин нөгөө ажлын хэсэг нь...

Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүс ойгоор бүрхэгдсэн талбай, ойн сан бүхий газар, цэвэр бохир усны шугам сүлжээ шинээр хийхээр төлөвлөсөн, зураг төсөл батлагдсан инженерийн дэд бүтэцтэй, төвлөрсөн шугам сүлжээтэй газарт цооног өрөмдөж худаг гаргахыг хориглох талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг. Бид үүнийг хялбарчлаад “Худаг” гээд байгаа. Ажлын хэсэг маш өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол ундны усыг цэвэр байлгах, хамгаалах. Хэн нэг нь дуртай газраа өрөмдөөд худаг гаргаад байдгийг цэгцэлье гэж байгаа. Мэргэжлийн байгууллагын өгч байгаа мэдээллээр Монгол Улсад 78 мянган худаг байдаг. Үүний гуравны нэг нь Улаанбаатар хотод байна. Нэг худгийг тойроод олон арван нүхэн жорлон байна. Ийм нөхцөлд тэр худаг, худгийн ус цэвэр байх боломжгүй. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 350 мянган нүхэн жорлон бий. Харин Усны газрын дарга Д.Батбаяр бол 680 мянган нүхэн жорлон байгаа гэдэг. Яагаад жорлонгийн тоо яриад байна вэ гэхээр ямар зайд яаж нөлөөлдөг гэдэг нь чухал. 

Судалгаагаар хөрсөн дээр ямар байгаагаас шалтгаалаад 6-250 метр радиуст гэдэсний савханцар тархаж байдаг. Тэгэхээр тэр олон мянган жорлон, тэр олон мянган худгийг бохирдуулж, эргээд энэ нь хүндээ халдвар тараах үндэс болоод байна. 

Хөрсний бохирдол, ундны ус ярьж л байгаа бол нүхэн жорлонгийн асуудал заавал ингэж давхар яригдах болчхоод байна. Худгаа тоолоод яг тоог нь гаргачихъя, бас нүхэн жорлонгийн нэгдсэн тоог гаргая. Нэг талдаа нүхэн жорлонг багасгах, байгальд ээлтэй технологиудаар шийдэх ажил нь явах байх. Нөгөө талдаа ундны усаа цэвэр байлгаж, хэн дуртай нь өрөмдөж худаг гаргадгийг цэгцлэх цаг ирсэн.

Худгийн тоог яаж гаргах вэ, ер нь цаашдаа худаг гаргах зөвшөөрлийг хориглоно гэж ойлгож болох уу?

Хэрэглээг хянах, гүний усыг хамгаалах хамгийн эхний арга бол гүний худгаас ус хэрэглэдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд усны тоолууртай болох шаардлага тавих. 

Гүний усыг зөвхөн өрхийн хэрэгцээнд, ундны зориулалтаар ашиглана гэдэг ч юм уу заалт оруулаад хэрэглэж байгаа хэн боловч тоолууртай байна гээд журамлаад өгвөл худгийн тоо гарчихна, бас хэрэглээг хянаад явчихна. Ажлын хэсэг дээр бол гүний худаг өрөмдөхийг хориглох тухай маш олон үндэслэлтэй саналуудыг мэргэжлийн хүмүүс гаргасан.

Усны төлбөрийн асуудал ер нь яригдав уу? Манай улс бол хэрэглээний усандаа маш бага тариф тогтоосон улсын нэг шүү дээ.

Манай улс усны дөрвөн төрлийн төлбөр л авдаг. Нэгдүгээрт, ус ашигласны төлбөр. Энэ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Хоёрдугаарт, ус бохирдуулсны төлбөр. Энэ нь ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Гуравдугаарт, ус хомсдуулсны төлбөр. Харамсалтай нь, 2012 оноос усны тухай хуульд байгаа энэ заалтыг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байдаг юм билээ. Дөрөвдүгээрт, усны үйлчилгээний төлбөр гэж байгаа. Энэ бол бидний мэддэг төлбөр. Бид үүнийг хэрэглээний ус ашигласны төлбөр л гэж ярьдаг. Яг үнэндээ бид усаа үнэгүй ашигладаг. Одоо төлөөд байгаа төлбөр бол Ус сувгийн газрын гаргадаг зардлыг л төлж байгаа. Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөлд ч манай улсын хэрэглээний усны үнэ тарифыг маш бага гээд тарифыг бага багаар нэмэгдүүлж олон улсын жишигт ойртуулах зөвлөмж өгсөн байдаг.

Танаас тодруулга ярилцлага авч байгаа энэ үед нийслэлээс хөрсний усыг зориулалтын бусаар зайлуулж байгаа зөрчлүүдийг арилгуулахаар ажиллаж байна. Хөрсний усыг хууль бусаар зайлуулах, зөвшөөрөл авахгүй шавхах зэрэг ноцтой зөрчлүүд байх шиг байна?

Усны газраас авсан мэдээллээр хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан 18 аж ахуйн нэгж байгаа юм билээ. Энд нэг тоо баримт хэлье. Ус сувгийн удирдах газар жилдээ 50 сая метр.куб ус нийлүүлдэг. Гэтэл хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан энэ 18 аж ахуйн нэгж 11 сая куб.метр усыг шавхан зайлуулж байгаа. Зөвшөөрөл аваад зайлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ бодоод үз дээ. Ус сувгийн удирдах газрын жилдээ нийлүүлдэг усны тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхаад зайлуулж байна. Зөвшөөрөлгүй хэд ч байгаа юм бүү мэд. Сүүлийн хэдэн хоногт гэхэд л нийслэл маш олон зөрчлийг илрүүлж, үүрэг өгөөд явж байна. 

Бид хүүхдийг шүдээ угаахдаа крантаа хаа, усаа хэмнэ гээд л байдаг. Бодит байдал дээр хэдхэн аж ахуйн нэгж ийм их хөрсний усыг шавхаж байна.

 Харамсалтай, хайран байгаа биз.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Монгол орны жилийн дундаж агаарын температур +2.55 хэмээр дулаарчээ

Монгол орны нутаг дэвсгэр дээр жигд шахам тархан байрласан цаг уурын ажиглалтын урт цуваат 45 өртөөдийн мэдээгээр тооцоолоход Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2024 оны хооронд 2.55°С/85 жил (p<0.05 буюу статистик... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 07

Байгаль хамгаалагч нарын хувцас хэрэглэл хангалтгүй байна

Зүүн бүсэд түймэр унтраахаар ажиллаж байгаа Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Овоо сумдын байгаль хамгаалагчдаас нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг ирүүлжээ. Түймрийг цаг алдахгүй унтрааж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 12

Санал болгох

БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлнэ

онгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй өнөөдөр /2025.04.28/ Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

ЭМД-ын тогтолцооны талаар өргөн хүрээний судалгаа, дүн шинжилгээ хийх санал хэлэв

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр