2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

"Чиний биед хэн нэгэн хүн дураараа халдах ёсгүй" гэдэг дархлааг хүүхдэд суулгаж өгөх хэрэгтэй

— Ч. Баяржаргал   2021 оны 03 сарын 12

Хүний бэлгийн амьдрал нь өргөн агуулгатай ойлголт бөгөөд гэр бүлийн оршин тогтнох нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлж байдаг нэг чухал зүйл юм. Гэвч хүн бүрийн бэлгийн зан үйл харилцан адилгүй байдаг нь зарим тохиолдолд хэвийн бэлгийн амьдралтай юу, эсвэл ямар нэгэн бэлгийн эмгэг өөрчлөлттэй юу гэдгийг тодорхойлох нь бий. "Сэтгэлийн дархлаа" энэ удаад олон хүний ил тод ярихаас эмээж явдаг сэдэв болох "Бэлгийн эмгэг" -ийн талаар СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч, бэлгийн эмгэг судлаач Г.Гантулгатай ярилцлаа. 

"Бэлгийн эмгэг" гэж юуг хэлэх вэ? 

Бэлгийн харилцаанд орж байгаа хоёр хүний харилцаа хэвийн хэмжээнд явагдах ёстой. Гэвч нэг хүн өөрийн дур хүслээ дөвийлгөх буюу нөгөө хүнийхээ хүсээгүй байдлаар, тааламжгүй хэлбэрээр бэлгийн харилцаанд орох, олноор хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс гаж байдалтай бэлгийн харилцаанд орохыг "бэлгийн эмгэг" гэж ойлгож болно.

"Бэлгийн эмгэг" гэдэгт бэлгийн таашаал авах арга замын эмгэг, бэлгийн харилцааны үед үүсч байгаа дур ханах болон бэлгийн үйл ажиллагааны эмгэгүүд ордог.

Ийм эмгэг төрөлхийн байдаг уу, эсвэл олдмол уу? Ямар нөхцөл байдлаас болж үүсдэг вэ? 

Хүмүүсийн дунд төрөлхийн гэх яриа байдаг. Төрөлхийн гэхээр сэтгэцийн солиорох эмгэгтэй өвчтөнүүдэд хоёрдогч өвчин хэлбэрээр илэрч байгааг хэлнэ. Шинж тэмдэгийн хувьд бэлгийн дур ихсэх, бэлгийн өвөрмөц буюу гаж этгээд бэлгийн харилцаануудыг хийх зэргээр илэрдэг.  

Гэхдээ амьдрал дээр сэтгэц хэвийн гэж тооцогддог хүмүүст ч илэрдэг. Үүний шалтгаан нь бага наснаасаа сэтгэл цочирдох, бэлгийн хүчирхийлэлд өртөх, бусад хүмүүсийн гаж, этгээд байдлаар бэлгийн харилцаанд орж байгааг харах, тэдгээр зүйлд өртсөний дараа үүсдэг.  Судлаачид өнөөг хүртэл яг ийм шалтгааны улмаас энэ эмгэг үүсээд байна гэж нарийн тогтоосон зүйл байхгүй. 

Бэлгийн таашаал авах арга замуудын хувьд ямар байдлыг гаж, этгээд гээд байна вэ? 

Бэлгийн таашаал авах арга замын эмгэг нь тухайн хүний сэрэл мэдрэмж, дур тачаалыг хамгийн дээд зэргээр өдөөж, таашаал авахад хүргэж байгаа хүчин зүйлсийг хэлдэг. Тухайлбал, тухайн эрэгтэй нь эмэгтэй хүний өмсдөг зарим нэг өвөрмөц хувцас өмсөх, эд хэрэглэл ашиглах, эсвэл бусдыг секс  хийж байгааг хажуугаас нь харж таашаал авдаг хүмүүс байдаг. Ийм этгээд мэдрэмжүүд нь тухайн хүндээ хамгийн сайхан таашаалыг өгдөг байх жишээтэй. 

Хүн бүрийн бэлгийн таашаал авах аргууд өөр өөр байдаг шүү дээ. Бэлгийн эмгэгтэй гэдгээ өөрөө яаж мэдэх вэ?

Азиуд, тэр дундаа манай монголчууд бэлгийн амьдралын элдэв зүйлсээ ил гаргаж ярихаас ичдэг, дардаг зан уламжлалтай хүмүүс. Иймээс бэлгийн эмгэгтэй хүмүүс өөрт нь мэдрэгдээд байгаа зүйлээ нууж, айж ичдэг. Ингэж удаан хугацаанд мэдрэмжээ дарж явсаар эцэст нь шунал хүсэл, тачаалдаа автаж өөрийн мэдэлгүй ил үйлдэл хийж эхэлдэг. 

Эдгээр хүмүүс өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй, дарах, дотроо байнгын зөрчил, айдас түгшүүртэй, өөртөө үл итгэсэн байдалтай явж байдаг. 

Ихэнхдээ өөрөө мэдэж, эмчид хандахаас илүүтэй хуулийн байгууллага, ар гэрийн гишүүдийн зүгээс санаандгүй олж мэдсэнээр, олон дахин тэр үйлдэл давтагдсаны дараа зөвлөгөө авахаар эмнэлэгт ханддаг. 

Эрт бэлгийн харьцаанд орсноос болж "бэлгийн эмгэг" үүсч болох уу?

Тухайн хүний төрж өссөн орчин, бэлгийн амьдралын тал дээрх хүмүүжил, мэдлэгтэй холбоотойгоор хувь хүн бүрт бэлгийн амьдралд орох нас нь өөр өөр байдаг. Биологийн хувьд 18-21 насанд хүрснээс хойш бие махбодын хувьд бэлгийн харилцаанд ороход тохиромжтой гэж үзэх боловч сэтгэл зүйн нас гэдэг тусдаа асуудал. Гэвч бэлгийн амьдралд эрт орсноос болж тодорхой хэмжээний айдас түгшүүр, дараа дараагийн эмгэг үүсэхэд нөлөөлөх талтай.

Улс орнуудад харилцан адилгүй өөр өөр бэлгийн зан үйлдлүүд байдаг. Эдгээрийг яг бэлгийн эмгэг гэж үзэх үү? Эмгэг мөн бол яаж эмчилж, эдгээх вэ?

Эмгэг гээд байгаа зүйл нь тухайн хүндээ бэлгийн хамгийн дээд таашаалыг өгч, сэрэл болоод бэлгийн хөөрөлд оруулдаг тусгайлсан зүйл нь байдаг. Энэ нь хүмүүсийн ярьдаг хэвийн бэлгийн харилцаанаас илүүтэйгээр таашаал өгч, улмаар 6-8 ба түүнээс дээш сараар давтагдах,  зөвхөн тэр зүйлээр л таашаал аваад байвал эмгэг рүү орж эхэлдэг. 

Ийм байдалд хүрэхээс өмнө тухайн хүн маш их эсэргүүцэл, тэвчээр, үгүйсгэл дотроо тээж, хийхээсээ үзэн ядах байдалд байсаар аажимдаа тэвчээр алдах буюу өөрийн мэдэлгүйгээр олны өмнө үйлдэж эхэлдэг. Жишээ нь, олон нийтийн дунд өөрийн биеэ нүцгэнээр харуулахыг энд онцолж болно. Мөн олон нийтийн газар хэн нэгний биед зөвшөөрөлгүй хүрэх байдлаар таашаал авдаг хүмүүс ч бий.

Ийм гаж зүйл бусдад харуулах, мэдрүүлэх нь объект болж буй хүмүүсийн сэтгэл зүйг цочроох, айлгах, таагүй байдалд оруулах, сэтгэл зүйн хувьд гэмтэл авахад хүргэдэг учраас бэлгийн эмгэгтэй хүмүүсийг эмчилгээнд хамруулах зайлшгүй шаардлагатай. 

Тогтмол бус бэлгийн харилцаатай эсвэл ганц бие амьдралаар удаан амьдарсан, бэлгийн харилцаанд орохгүй удах нь сэтгэл зүйд яаж нөлөөлдөг бол? 

Тогтмол бэлгийн харилцаатай буюу гэр бүлтэй, байнгын бэлгийн хамтрагчтай хүмүүс өөртөө итгэх итгэл, стрессийг даван туулах, амьдралын эрч хүч байдлаараа тогтмол бус бэлгийн харилцаатай хүмүүсээс илүү байдаг. Тогтмол бус бэлгийн амьдралтай хүмүүс тохиолдлын бэлгийн харилцаанд орох үедээ өөртөө итгэлгүй болж, айж эмээх, ичих сандрах, үүнээсээ болж стресст орох тохиолдол их гардаг. Тиймээс тогтмол, аюулгүй, эрүүл бэлгийн харилцаатай байх нь бие махбод, сэтгэл зүйн хувьд сайнаар нөлөөлөх юм. 

Танай төвд ирж зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс ихэвчлэн бэлгийн харилцааны ямар асуудалтай байна вэ?

Эмэгтэйчүүдийн хувьд дур ханах мэдрэмж авахгүй байх, бэлгийн харилцаанд орох үеийн өвдөлтийн шалтгаанаар ханддаг бол эрчүүдийн хувьд бэлгийн сулрал, эрт дур ханах, хөвчрөлт сул байгаа талаар хандаж зөвлөгөө авдаг.

Бэлгийн эмгэгт байдалд хүрэхгүйн тулд хэзээнээс хэрхэн анхаарах вэ?

Гэр бүл болон сургуулийн орчинд бэлгийн амьдралын талаар зөв боловсрол олгодог болох хэрэгтэй. Энэ бол ичиж, нуух хаалттай сэдэв биш гэдгийг эцэг эхчүүд маань хүүхдэдээ ойлгуулдаг болмоор байна. Бэлгийн амьдрал гэж юу болох, аюулгүй бэлгийн харилцаа, жирэмслэлтээс сэргийлэх, биед нь хэн нэгэн хүн чамайг хүсээгүй байхад дураараа халдах ёсгүй гэдэг дархлааг хүүхдэд суулгаж өгөх хэрэгтэй. Дээр нь эцэг, эхчүүд хүүхдэдээ бага наснаас нь эхлээд хараа хяналт тавьж, хэнтэй үерхэж нөхөрлөж, юу хийж байгааг нь анзаардаг байцгаая.

Бэлгийн этгээд дур сонирхлууд төрөөд байгаа тохиолдолд яах вэ?

Янз бүрийн этгээд бодлууд төрөх, өөрийгөө хүчилсэн мэдрэмж төрж, тийм үйлдэл хийхийг хүсч эхлэх тохиолдолд мэргэжлийн эмчид, манай эмнэлэгт хандаж болно. Бид сэтгэл заслын ярилцах эмчилгээ, шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ хийдэг.

Хүнийг гаднаас нь хараад бэлгийн эмгэгтэй гэдгийг мэдэх хэцүү юу? 

Гадна төрөх, үг яриагаар нь эмгэгтэй гэж хэлэх боломжгүй. Ихэнхдээ ийм эмгэгтэй хүмүүс энэ байдлаа үргэлж нууж хаадаг. 

Интернэт орчинд бэлгийн дур сонирхлоо илэрхийлсэн элдэв сэтгэгдэл, зураг, бичлэг, постууд их явдаг. Тэр хүмүүсийг эрүүл гэж хэлэхэд хэцүү ч юм шиг санагддаг? 

Энэ бол тухайн хүний үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлж байгаа байдал. Гэхдээ бусдын сэтгэл зүйд таагүй байдлаар нөлөөлж болохгүй. Яагаад тийм зураг, бичлэг оруулах болсон зорилго нь юу вэ, түүнийхээ дагуу үйлдэл яг хийгээд байна уу гэдгээс шалтгаалж эмгэг үү, эсвэл төрөх үйлийн өөрчлөлттэй буюу бусдын анхаарлыг татах зорилготой байгаа эсэхийг нь ялгаж салгах хэрэгтэй болно. 

Насанд хүрэгчдийн кино, порно байнга үзэх нь сэтгэл зүй, бэлгийн амьдралд яаж нөлөөлөх вэ? 

Ийм кино, бичлэгийн тухайд хүний сэрэл, сэтгэл хөөрлийг маш богино хугацаанд дээд цэгт нь тултал өдөөх зориулалттай байдаг. Дээр нь эмэгтэй, эсвэл эрэгтэй хүнийг хэт дорд үзсэн, эзэрхийлсэн, бага зэрэг түрэмгийлсэн, нэг талын хүчийг тулгасан байдлаар гараад байдаг. 

Энэ зүйлүүд нь бэлгийн амьдралын талаар бодит буюу хосуудын бэлгийн харилцааны амьдралаас тэс өөр зүйлийг гаргаж үзүүлдэг учраас тухайн хүний бэлгийн амьдралыг үзэх өнцгийг өөрчлөх хандлага байдаг. Тиймээс гэр бүлийн болон бэлгийн амьдрал нь тогтчихсон, өөрийнхөө бие, сэтгэл санааг удирдах чадвартай болчихсон хүмүүсийн хувьд ийм кино үзэхэд болно. Харин хэт бага залуугаасаа тогтсон бэлгийн харилцаа, тогтворжсон амьдралтай болж эхлээгүй байж насанд хүрэгчдийн кино үзэх нь олон сөрөг үр дагавруудыг араасаа дагуулдаг. Бэлгийн эмгэгтэй ч болохыг үгүйсгэхгүй.

Гар хангалга байнга, ойрхон давтамжтай хийх нь бэлгийн харилцаанд ороход асуудал үүсгэх шалтгаан болох уу? 

Үүнийг гаж гэж үзэхгүй. Өсвөр, идэр, ахимаг насны эрэгтэй эмэгтэй хүн бүрт тохиолддог зүйл. Бэлгийн харилцаа бол хоёр хүний хооронд явагддаг харилцааны хэлбэр учрааас нэг хүний дур таашаал авах арга бус хоёр биендээ таашаал өгөх, таатай мэдрэмж авах зорилготой. Харин гар хангалга нь тухайн хүнд өөрөө өөрт нь таашаал өгөх зорилгоор хийгдэж байгаа зүйл учраас удаан хугацааны турш буюу байнгын зуршил болгох, цаашлаад бэлгийн таашаал авах арга замын сонголт нь болж хувирвал хурдан дур ханах, бэлгийн хамтрагчаа мэдрэхгүйгээр өөрөө дур ханах гээд байх, бэлгийн хөөрөлд хурдан орох, зарим тохиолдолд дур ханахгүй удах байдал үүсгэж эхэлдэг. 

Тиймээс гар хангалга хийж байгаа үед ямар нөхцөл байдалд, ямар үед хэрэглэх вэ гэдгийг өөрөө бодох хэрэгтэй. Байнгын хэв маягаа болгоод байвал бэлгийн хамтрагчтай болох үед зарим сөрөг нөлөө гарах гээд байдаг талтай.

Гэр бүлийн амьдралд бэлгийн харилцаа чухал байр суурьтай. Эрүүл, бэлгийн харилцаатай байхад юуг анхаарах талаар та зөвлөөч?

Гэр бүлийн амьдралыг тогтвортой байлгахын тулд бэлгийн харилцааныхаа талаар хосууд маань бие биедээ нээлттэй, илэн далангүй, чөлөөтэйгээр илэрхийлж ярилцдаг байгаарай. Бие биенийхээ бэлгийн фантаз, хүсэл нь юу байдаг, бэлгийн харилцаанаас юуг хүдэг, яавал тааламжгүй байгаа зэргээ хоорондоо ярилцах нь чухал юм. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө