2024/03/28. Пүрэв гараг Дугаар: #2961

ТОД ТУСГАЛ

Д.Амартүвшин: Эрх чөлөөнийхөө төлөө үргэлж сонор сэрэмжтэй бай

— Б.Батцэцэг   2022 оны 01 сарын 27

Залуус голдуу "комедиан" гэж таних Амрааг ковид дэгдсэн хоёр жилийн дараа “тэмцэгч”, “шүгэл үлээгч” “жагсагч” гэх тодотголтойгоор илүү олон хүн таньдаг болж бүр дэмжих нь олширсон юм. “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн ч Амраагаас эхтэй байсанг энд онцлох хэрэгтэй. Шүгэл үлээж хулгайг таслах, худлааг илчлэх, бурууг шүүмжлэх зоригтой гэхээсээ “үзэл бодол нь төлөвшиж, түүндээ итгэж үнэмшсэн” явдал нь түүнийг талбай дээр жагсахад хүргэдэг юм байна гэж ярилцлагын төгсгөлд сэтгүүлч би хувьдаа дүгнэсэн. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх нь хувь хүний хамгийн том зэсвэг бас чимэг байдаг юм байна. Тийм хүн үнэт зүйлээ мэддэг, түүнийхээ төлөө тэмцэхээс хулчийдаггүй аж.

Монголчуудын дийлэнх нь их ухаантай хүмүүс

Монголчууд үзэл санаа, оюун бодлын хувьд хэр чадамжтай, үнэлэгдэхээр ард түмэн гэж өөрөө боддог вэ? Ер нь бол монгол хүн мундаг тийм ийм байсан гэх яриа биш, яг одоо бид ямаршуухан үзэл санаа, үзэл бодлын төлөвшил дунд амьдарч байна вэ? 

Гадны олон орноор явж үзсэн. Тэгэхэд масс бас л хэцүү шүү дээ. Монголчууд л болохгүй бусад хүмүүс болоод байна гэдэгт санал нийлэхгүй. Зөвхөн монголд л хүмүүс нь тэнэг байгаад байгаа юм биш. 

Харин үзэл санааны хувьд жаахан тогтворгүй байж магадгүй. Ашигтай юм руу явчихаад байдаг. Барууныхны зарим төлөөлөл соёл, үзэл санаан дээрээ хатуу чанга зогсдог. Буудуулж үхдэг жишээг нь ч бид мэднэ. Манайхан харин ашигтай зүйл рүү явах гээд байдаг талтай. Гэхдээ сүүлийн үед үзэл санаандаа үнэнч хүмүүс олон болж байгаа нь харагдаж байна. Нийгмээрээ л сурах процесс явагдаж байна. 

Нийгмийн бүхий л хүн үзэл санаатай болоод л, түүнийхээ төлөө явдаг болно гэж байхгүй. Тодорхой нэг хэсэг буюу ойролцоогоор арав орчим хувь нь л нийгмээ чирч явдаг. 

Ашигтай хэрэгтэй зүйлийнхээ төлөө үзэл бодлоо худалдчихдэг хүмүүс байгаа гэж байна. Харин та өөрөө үзэл бодолдоо хэр үнэнч хүн бэ? Таны үзэл бодол хэр үнэ цэнэтэй, ганхашгүй байж чадах бол? Юугаар ч сольшгүй гэж ярьдаг, тийм байж чадах уу? Амраагийн үзэл бодлын ноён нуруу хаана хугарч магадгүй бол?

Би нэг юманд итгэж байгаа. Тэр нь “чөлөөт зах зээл байх юм бол улс орон хөгждөг. Төрийн оролцоо бага байвал авилга нь бага, иргэд нь жаргалтай байдаг юм байна” гэдэгт хатуу итгэл үнэмшилтэй болчихоод байгаа. Үүнтэй минь нийлж байвал “чөтгөр” ч гэсэн надтай нийлж болно. Надтай олон жилийн өмнө муудалцаж, харааж байсан хүмүүстэй өнөөдөр би найз болчихсон” байх нь бий. Яагаад гэвэл тэр хүмүүстэй би үзэл санааны хувьд нэгдчихэж. Харин олон жилийн өмнө найзлаад хошуу амаа нийлүүлэх нь холгүй байсан хүмүүстэй би өнөөдөр дайсан болсон. Учир нь бидний үзэл санаа өөр байсан. 

Үзэл бодол төлөвших, өөрийн гэсэн үзэл санаа суухад хэр хугацаа шаарддаг юм бэ? Ямар зорилготой, бодолтой, итгэл үнэмшилтэй болж байж хүн үзэл бодолтой болдог юм бэ? Үзэл бодол тогтох нь хэр чухал вэ? 

Эхлээд үзэл бодол гэж юуг хэлээд байгаа гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Толгойд орж ирсэн бүхнээ үзэл бодол гэж андуурдаг хүмүүс ч бий. Үзэл бодол гэдэг логик дэс дараатай, системчлэгдсэн мэдлэг юм болов уу гэж би боддог. Тэр зүйлийг ойлгож байж тэр зүйлд итгэнэ. Итгэж үнэмшсэн зүйл чиний үзэл бодол болно. Зүгээр хаа хамаагүй юманд итгэснээ, манай нутгийн хүмүүс сайн би үүнийгээ үзэл бодол гэж боддог гээд өөрийнхөө бодлыг үзэл бодол гээд байж болохгүй. 

Толгой дотор орж ирсэн бодлыг үзэл санаа, үзэл бодол гэвэл тэрийг зарахад ямар ч асуудал байхгүй. Тэр зүйлдээ үнэхээр итгэж үнэмшээгүй учраас л зараад байгаа хэрэг. 

Сонгосон улс төрчид чинь та нарыг яаж "хошногодож" байгааг харж байна уу? 

Амьдарч буй нийгмээ өөрийнхөөрөө дүгнээд хэлж болох уу? Хүсэмжит сайхан нийгмээ өөрийнхөөрөө төсөөлбөл? 

Эрх чөлөөтэй, аль болох төр бага оролцдог нийгмийг л хүсэж байна. Иргэд нь хүссэн зүйлээ хэнээр ч хязгаарлуулахгүй бас бусдын эрхэнд халдахгүйгээр хийдэг нийгмийг л хүсдэг. Хэрвээ та нар анзаардаг бол “төр аль болох битгий оролцооч, та нар чадваргүй, самраад байна гэж л би хэлдэг. 

Миний хүсдэг нийгэм бол төр нь маш бага, иргэдийнх нь эрх чөлөө маш өндөр байдал. Ер нь бол улстөрчдийг өөрчилдөггүй юм байна, улс төрчид зүгээр л иргэдийг юу хүсэж байгааг ярьж гарч ирдэг учраас сонгогчийн сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй юм байна лээ. 

Өөрөө болохоор төр бага оролцох ёстой гэдэг. Харин хүмүүс муу амьдарч байгаа шалтгаанаа төр юу ч хийхгүй байна гэдэг. Төр бага оролцох ёстой гэдэг яг ямар түвшинд яаж ажиллахыг хэлээд байгаа юм? 

Манайх чинь посткоммунист орон шүү дээ. Бүтэн 70 жил “төр л бүх юмыг хийдэг юм байна” гээд бодчихсон хүмүүс олон. Төр нь өөрөө хувь хүнээс  хариуцлагыг нь урдуур нь ороод булаагаад авчихдаг. 

Улстөрчид ч тэнэг биш. Худлаа үнэн “аль болох бизнест бага оролцъё” гээд ярьж эхэлж байна шүү дээ. Энэ чинь маш том өөрчлөлт. 

Яагаад төрийн компаниуд дандаа алдагдалтай ажилладаг вэ гэхээр улс төрийн томилгоогоор сонгогдсон хүмүүс очоод сонгуулиар олсон мөнгөө хусдаг. 

Найз нөхөд, хамаатан саднаа, цүнх баригчдаа, бөгс долоогчдоо аваачиж тавиад тэд нарыгаа паразитлаж амьдардаг юм байна гэдгийг одоо ойлголж эхэлж байна. Урьд нь "төр бүгдийг нь ав, уул уурхайн компаниудаа төр ав" гээд орилоод байдаг байсан бол одоо бас боддог болчихоод байна хүмүүс.

Амараа ингэж ярих нь Амраагийн баримталдаг үзлээр бол Амраад л хэрэгтэй байх. Гэхдээ юуны төлөө бодоод, хэний төлөө яриад байгаа юм бэ, шоудаж байна, хэн нэгний гар хөл гэх мэтээр хүлээж авдаг хэсэг бас бий? 

Боловсролтой залуус нь боловсон, зориггүй царайлаад нэгэндээ хэтэрхий их итгээд, тэрэнд  ижил асуудал байгаа юм чинь тэр шийдчих байх гээд юм биш биз?

Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр миний асуудал биш. Хүмүүсийн л асуудал. Би "чи яагаад өөрийнхөө төлөө тэмцэхгүй байгаа юм" гэж хэлэх ямар ч шаардлагагүй. Тэр хүний л амьдрал шүү дээ. Би өөрийнхөө өмнөөс л ярина. Тэр хүн ямар боловсролтой, мэргэжилтэй, хувиа хичээсэн эсэх нь надад огт хамаагүй. Миний амьдрал муухай байгаа учраас өөрийнхөө өмнөөс л тэмцээд явж байгаа. 

Өөрөө ингэж дуугараад хүмүүсийн хандлагыг хэр өөрчилж чадаж байна гэж харж байна вэ? Үзэл бодолдоо үнэнч гэхээсээ материаллаг “паналд” явчихаад байдаг массыг яах юм, үзэл бодлыг материаллаг зүйлс дийлсээр л байгаа байх магадгүй? 

Өнгөц харахад тийм байж магадгүй. Хоол хүнс өгөхөөр хүн мэдээж баярлана. Хүний хамгийн мэдрэг юм нь халаас нь байдаг юм байна л даа. Сонгуулийн үеэр 100 мянган төгрөг эсвэл 15кг будаа өгөөд сонгогдсон байж болно. Хэсэг хүмүүсийг байнга хоолны талоноор угждаг ч байж магадгүй.

Угжуулдаггүй хүмүүс их байгаа шүү

50 мянган төгрөг аваад саналаа өгчихсөн хүмүүс бол одоо “бензин, хүнсний үнэ яаж өсөв” гэдгийг тэнэг биш учраас тооцоолоод үзэж байгаа биз. Угаасаа “халаасаа тэмтрүүлсэн хүн хамгийн рациональ байдаг”. Хүмүүс бодохдоо нийт масс гэхээр хонь ямаа шиг тэнэг, мангар гэж боддог юм шиг байгаа юм. Үгүй. Адгийн тэнэг хүн ч арван мянган төгрөгийг нь хулгайлчихаар уур нь хүрдэг.  Би энэ бүхнийг нь л хүмүүст сануулж, заримдаа амыг нь асуудаг.  “Та нар харж байгаа биз дээ. Саналаа 50 мянгаар зарсан, одоо тэр мөнгөө бензин, хүнсээ авахдаа хэд дахин нугалж төлж байна шүү дээ! Та нар юм бодохгүй юм уу?” гэсэн асуултыг л хүмүүсээс асуугаад байгаа юм. Ийм асуулт их олон хүнд хүрдэг юм билээ. "Нээрээ тийм шүү дээ, яг үнэн юм ярьж байна" гэдэг. Энэ л их чухал. Эрх баригчид ч гэсэн алдаанаасаа сураад ойлгоод байгаа. "Бид нар бол ковидыг хянаж чадахгүй юм байна, хорьж болохгүй юм байна" гэдгээ ойлгосон. Гадаадаас ирсэн иргэдээ гурав хоног хорьж байсан шийдвэрээ сая цуцалчихсан. Ойлгоод байгаа байхгүй юу. Ойлгоогүй байсан бол хэд хоногоор хориод л явж байгаа. Тиймээс өнгөрсөн нэг жилд их юм ойлгосон байна. 

2024 онд бас л дүнгээ тавиулаад таны урам хугарах зүйл болох болов уу? Давтагдаж л ирсэн процесс ч гэж болно байх бараг? Сонголт ямар чухал үнэ цэнтэй зүйл вэ таныхаар?

Хэлж мэдэхгүй юм. 24 онд юу ч болсон бай тэр процесс нь илүү чухал байх. Бид нар ийм л хүмүүс юм байна гэдгийг ойлгоод авчихаж байна. Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа хүмүүс өөрсдийгөө хараад авч байгаа. Бид ийм хүмүүс сонгодог ийм л хүмүүс юм байна гээд. Бидний ихэнх нь ийм юм байна гээд ойлгож авч байгаа нь өөрөө чухал. Сэтгэл гонсойхоос айгаад суугаад байж болохгүй. Гонсойж байгаа бол улам илүү их зүйл хийх ёстой юм байна, сайн сонголт хийх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгож аваад байна. Нэг удаа сонгоод хаячихгүй хянаад, цагдаад, хэл ам хийгээд л явж байх ёстой уг нь бол. 

Эрх мэдлийг багасгах нь маш чухал. Бид  эрх баригчдыг хэдий чинээ бага эрх мэдэлтэй болгох тусмаа тэднийг хянахад амархан. Том эрх мэдэл өгчихвөл хянахад маш хэцүү. Тиймээс бага эрх мэдэл өгөөд маш сайн хянадаг л байх хэрэгтэй. 

Бүх юмыг төр хий гэж маш том төсөв батлуулаад тэрийг хянахад бэрх. Хэн хаана юу идэж уугаад байгааг олоход хэцүү. Тендер нь зарлагдаагүй байхад бурхан барьчихсан ч байх шиг. Мөсөн уулын жижигхэн хэсэг нь л ил гарсан хэрэг. Гэтэл одоо эсэргээрээ хоёр яам нэмж байгуулаад 39 сайдтай болж байна. Манайд ийм олон сайд хэрэггүй. Гараад тас эсэргүүцэх ёстой шүү дээ. 

Өөрөөр хэлбэл сонгох эрх, түүний үр дагавар ямар чухал гэдгийг их үнээр буюу маш их цаг хугацаа зарцуулж байж ойлгож байна гэж үү? 

Ер нь төлөөсгүй тэнэглэл байхгүй гэж би боддог. Бид нар хэр их цаг хугацаа зарцуулж байгаагаас тэр хэмжээний тэнэг хүмүүс байсан байна гэдгээ л ойлгох хэрэгтэй. Тэнэг хүнд таарсан л шийтгэл ирнэ. Тэнэглэлтэйгээ таарсан л хариуг хүртэнэ. Дааж давахааргүй их төлөөс гэхээсээ өөрсдийнхөө тэнэглэлд таарсан төлөөсөө л бид өгч байгаа хэрэг. Би бол монголчуудын ихэнх нь ухаалаг хүмүүс гэж боддог. 

Эрх чөлөөнийхөө төлөө үргэлж сонор сэрэмжтэй бай, эрх мэдэлтнүүд хулгайлахад яг бэлэн байна

Казакстаны асуудлыг хараад бодсон л доо. Казакстанд бараг дайн болж байна, төр нь иргэдтэйгээ дайтаж байна уу гэж би хувьдаа харж байгаа. Олон сувгаар олон төрлийн л мэдээлэл гарч байх шиг, өөрөө яг ямар дүгнэлттэй байгаа вэ?  

Ингэж айж байгаа нь, үгээ хэлж бухимдлаа хэлж байгаа бидний амьдарч буй нийгмийн юугаар ч хэмжээлшгүй үнэ цэнэ мөн үү? 

Тэгэлгүй яахав. Энэ үнэт зүйлээ л хамгаалж үзэж тарж байна. Наадах чинь нийгмийн үнэт зүйлийн эсрэг юм байна. Эсэргээр та үнэт зүйлээ хамгаалж байж улс орон аюулгүй тусгаар тогтносон байна. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь ямар чухал юм бэ гэдгийг энгийн Казахстаны жишээнээс харж байна. Яагаад ойр ойрхон эрх мэдэлтэй байсан хүмүүсээ амбаардаж унагаагаад шинэ хүмүүсийг гаргаж тавиад байгаа юм бэ гэдэг чинь маш чухал байгаад байна. Энэ үнэт зүйлээ цагдаа нь ч, төр ч тэр ойлгож байгаа байх.

Үнэт зүйлээ эдлээд талбай дээр жагсаал хийгээд. Баривчлагдаад эхэлж байна. Сая шүүх хуралд орлоо. Процессийг нь хэлбэл юу болов? Шүүх танхимд хүний эрх зөрчигддөг гэж ярьдаг? Хэр ортой юм бэ? 

Лорд Актон гээд хүний хэлсэн ийм үг байдаг. “Эрх мэдэл хүнийг эвддэг. Хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвддэг” гэдэг маш үнэн. 

Цагдаа сэргийлэхийн хувьд 10 жилийн өмнө байснаасаа хамаагүй дээрдсэн гэж би хэлнэ. Гэхдээ хүний эрхийн мэдрэмжгүй дарга нар ч байна. Улс төрийн томилгоогоор гарсан болохоор дарга нарыгаа хамгаалах сонирхолтой, түүгээрээ дамжуулж эрх мэдлээ хамгаалдаг.

Яг талбай дээр очоод цагдаа нартай харьцаад үзэхэд тэд хүнээрээ байдаг гэдгийг би мэдэрсэн, харсан. Баатархүү гээд ахыг би байнга ярьдаг. Үнэхээр найрсаг. "За миний дүү нар битгий ингээрэй, ингэнэ шүү" гээд маш сайн ойлгуулдаг. Гэх мэтчилэн доод шатны албан тушаалтнууд ойлгодог. Дээд шатнаасаа л буруудчихдаг.

Алтан дээр суусан гуйлгачин гэдэг шиг эрх чөлөөтэй хэрнээ түүнийгээ мэдрэхгүй, хамгаалахгүй байна уу бид? Халамж хавтгайруулах нь эрх чөлөөний хулгай мөн үү? 

Мөн. Маш том хулгай. 

Халамж гэдэг бол нэг хүний заяамал эрх чөлөөнөөс хулгайлж буй хэрэг. Өмчтэй байх чинь төр байсан байгаагүй эдлэх ёстой бидний заяагдмал эрх шүү дээ. 

Гэтэл энэ эрхнээс хулгайлаад байна. Надаас хүчээр татвар аваад дураараа нэмж хасдаг, тэрнийхээ талыг өөртөө аваад, талаар нь өөр нэг хүнийг халамжилж байна гээд өгч байна. Гэтэл... Тэр хүн ер нь яах гэж амьдраад байгаа юм бэ? Хэний төлөөд амьдраад байгаа юм? Яг үнэхээр халамж хэрэгтэй хүн мөн үү гэдгийг эрүүл ухаанаар бодоод үз. Үнэхээр халамж хэрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Саяхан талбайн хажууд жагсаж байсан. 200 гаруйхан мянган төгрөг авдаг гэнэ. Гэтэл ямар ч халамж авах шаардлагагүй хүмүүст сар бүр 100 мянган төгрөг өгч байна. Хангалттай хүүхдээ тэжээж чадаж байгаа, ажил орлоготой хүмүүст халамж өгөх нь ямар утгатай вэ. Халамж өгөх ёстой хүндээ ахиу өгөөд, хэрэггүй хүнд заавал халамж өгөөд хавтгайруулаад байх хэрэггүй, ойлгомжгүй байгаа байхгүй юу.

Зургаан хүүхэд төрүүлсэн хүнд яагаад байр өгөх ёстой юм бэ. Хэдэн хүүхэдтэй болох нь тэр хүний өөрийнх нь асуудал биздээ. Тэжээж чадахгүй бол яах гэж хүүхэд төрүүлэх юм. Харин байгалиасаа буюу төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрсөн  хүүхдэд, хүнд ямар ч сонголт боломж байхгүй шүү дээ. Бид хүүхэд төрүүлэх үү, үгүй юу гэдгээ сонгож чадна. Харин тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй төрөх эсэх нь тусдаа асуудал. 

Бас нэг асуудал. Төр хэдэн зуун тэрбумаар нь нийгмийн даатгал аваад л байхад нөгөө талд нь даатгал төлж байгаа аав ээжийн хүүхдүүд нь хорт хавдрын эмчилгээ гээд хандив гуйж байна. Даатгал гэж авсан мөнгө хаашаа ороод байгаа юм бэ? Өдөр бүр хүүхдүүд 600, 700 сая төгрөгийн мэс засалд орох гээд гуйлга гуйж байхад ашигтай гараад байгаа даатгалын сангийн мөнгө тийшээ явах хэрэгтэй биздээ. Үүнийг бид л өөрсдөө дуу хоолойгоо хүргэж байж засна. Чимээгүй суугаад байвал хэзээ ч засрахгүй. Өөрсдийнхөө сонгосон хүмүүст яаж дээрэлхүүлж байгаагаа л харчих хэрэгтэй. Үүнээс гадна бидэнд бас их асуудал байдаг. Таксинд ороод суухаар хүн бүр төрийг муулаад гоё гоё юм ярьдаг. Яг өөрсдөө тэнд очоод суухаар потенцалны авилгачид байгаад байдаг. Хамгийн аймар нь...Өөрсдөө шудрага бус юм хийхэд хэзээд бэлэн. Хэзээ ч хамаагүй мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн мөртлөө яг өөртэйгөө адилхан хүнийг шүүмжлээд байгаа харагддаг. Шүүмжлээд байгаа байж л хүүхдээ төрийн албанд оруулчихмаар байна гэж зүтгээд. 700-хан мянган төгрөгийн цалинтай ажлаар яах гэж байгаа юм гэхээр "за яахав ээ төрийн албанд орчихвол учраа олчих байх" гэж ярьдаг хэрнээ төрөө муулаад, шүүмжлээд яваад байдаг. Хүүхдээ ажилд оруулах гээд авилга өгөөд л...Өөрсдөө “мөнгийг нь ч хамаагүй өгөөд тендер авчихмаар байна” гэж ярьдаг мөртлөө төрөө муулдаг. Уг нь бол эсэргээрээ тендер зарлахыг нь болиулах ёстой биздээ. Тендер авъя гэхийн оронд "болиулаач, хувийн компанид ажлыг нь өгөөч. Төрийн албанд хүүхдээ оруулахын оронд наад компаниа хувьчлаач ээ" гээд яриад явж байх ёстой шүү дээ. 

Бидний амьдарч буй нийгмийн үнэт зүйлийг хамгаалж үлдэхийн тулд яах ёстой юм бэ? Нураая гэвэл сэмэлсээр нураах энүүхэнд. Таны хэлдгээр хамгаалахын тулд залуус бодитоор яг яах ёстой юм бэ? 



 

 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүний гавьяат эмч А.Оюунчимэг: Хүн чанар ямар үнэтэй юм, хязгааргүй байхгүй юу...

Энэ хүнийг хэн бэ гэвэл ХҮНИЙ ДЭЭД гэж би хэлнэ. Мэдлэг мэргэжил, харилцаа хандлага, хүн чанар нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ЭМЧ ХАТАГТАЙ.Би 37 настай. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 19

БИ САЛХИ ШИГ ХЭРНЭЭ ОРШИН ТОГТНОЖ АМЬДАРСАН

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа. Монголын орчин үеийн рок поп урлагийн ноён оргилуудын нэг. Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч Ү.Хүрэлбаатар хэлэхдээ,... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 04 сарын 26

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26