2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ЭМЧИЙН ӨРӨӨ

Д витамины дутагдал ясны сийрэгжилтэд хүргэнэ

— Ч. Баяржаргал   2022 оны 05 сарын 20

Бидний хэлж хэвшсэнээр яс сийрэгжих буюу ясны нягт буурах нь хөгшин хүний өвчин байхаа хэдийн больсон. Өвчний нас залуужих болсон нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, эрүүл мэндийн мэдлэг боловсрол дутмаг байгаагаас ихээхэн шалтгаалж байна. Ясны сийрэгжилттэй хүмүүсийн яс маш хэврэг болж, бага зэргийн хурц хөдөлгөөнд ч гэмтэх, нуруу нугасны гэмтэл саажилтын улмаас амьдралын чанар ихээр доройтдог. Тиймээс уншигч та бүхэнд ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх болон ясны нягтыг тодорхойлох аппаратын талаар мэдээлэл зөвлөгөө хүргэхээр ТТАХНЭ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүний их эмч, дэслэгч Б.Буянжаргалтай ярилцлаа.

Яс сийрэгжилт хэдэн насны ямар хүмүүст тохиолдох эрсдэлтэй вэ? Яс сийрэгжих буюу ясны нягт нь багасах шалтгаан юу вэ? 

Яс нь хатуу бүтэцтэй, хүний биеийн гол тулгуур болдог бөгөөд цус төлжилтөнд оролцож цусны эсүүдийг үүсгэдэг маш чухал ач холбогдолтой. Яс нь дотроо маш олон төрлийн бодисыг агуулдаг учраас байнгын сэргэж хангагдаж байх ёстой. Гэтэл сүүлийн үед ясны нягт буурах байдал түгээмэл тохиолддог болсон. Өөрөөр хэлбэл ясны дотор байдаг бодисуудын нягтрал нь суларч, хатуу нягт байх ёстой бүтцээ алдснаас болж  маш олон төрлийн шинж тэмдэг, зовиур илэрч, булчингийн тогтолцоо, бөөр дотоод шүүрлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж эхэлдэг.

Яс сийрэгжилт нь 40-өөс дээш насны эмэгтэй, олон төрсөн эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог бөгөөд физиологийн онцлогтой холбоотой. Жирэмслэх, төрөх, цэвэрших зэрэг физиологийн хэд хэдэн үзэгдлүүд эмэгтэй хүнд гардаг.  Эдгээр өөрчлөлтийн улмаас маш их шим тэжээлийн бодисуудаа гадагш алддаг.

Харин эрчүүдэд ажлын нөхцөл, стресс, амьдрах зан үйлээс шалтгаалж ясны сийрэгжилт бий болдог. Тэр дундаа хоёрдогчоор үүссэн ясны сийрэгжилт буюу гэмтлийн дараа тохиолдох  нь элбэг. Ямар нэг гэмтлийн дараа эмчилгээ хийлгэж эдгэсэн ч ясны нягт тодорхойлох шинжилгээ хийлгэх хэрэгтэй. 

Мөн архаг суурь өвчтэй буюу зүрх судасны өвчтэй, чихрийн шижин хэв шинж хоёрын гаралтай бөөрний дутагдал зэрэг архаг өвчнүүдийн үед бие махбодид бодисын солилцооны алдагдал үүссэний улмаас ясны сийрэгжилттэй болох нөхцөл бүрддэг. 

Ясны бүтцэд кальци чухал нөлөөтэй гэдэг. Кальци, Д витамины хоорондын хамаарал нь  юу вэ?

Д витамины хамгийн гол үйлчлэл нь ясанд кальцийг хуримтлуулж, кальци фосфорыг зохицуулж өгөх биологийн чухал ач холбогдолтой. Хүмүүс кальци сайн гээд дураараа хэрэглээд байдаг. Кальци нь хэдийгээр ясны нягт, хатуулгыг бүрдүүлэгч мөн боловч, Д витамин нь кальцийг хоол боловсруулах замаар шимэгдүүлж, кальци зөөвөрлөгч уургийг нийлэгжүүлснээр хэрэгтэй газраа буюу ясанд кальци хүрч ясны эрдэсжих процесс явагддаг.

Ясны сийрэгжилтэд хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл нь Д витамины дутагдал.  

Сүүлийн үед эрдэмтдийн судалгаагаар Д витамин нь зөвхөн яс фосфорын солилцоонд оролцохоос гадна өсөлтийн фактор буюу витаминаас давсан хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг биологийн идэвхт даавар төст болис нэрлэгдэх болсон. Манай орны хувьд Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар сургуулийн насны хүүхдүүдийн 54-өөс дээш хувь нь Д витамины дутагдалтай байна. Хүн амын дунд ч Д витамины дутагдал маш их байгааг олон судалгааны дүн харуулж байгаа юм. Ясны нягт буурахаар яс маш амархан хугарамтгай болж хэврэгшдэг. Тиймээс Д витамин, кальцийн хэмжээгээ мэргэжлийн эмчид үзүүлж, тунг нь тогтоож байж уух шаардлагатай.

Ясны нягтаа сайжруулахын тулд хоол тэжээлээрээ сайн нөхөх хэрэгтэй гэдэг. Ямар хоол хүнс хэрэглэж ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх вэ? 

Хүүхдүүдэд Д витамины дутагдлын улмаас үүсдэг эмгэг бол рахит буюу сульдаа юм. Рахитын улмаас хүүхдийн цээжний хэнхэрцгийн хэлбэр багтаамж өөрчлөгдөн хавирга хоорондын болон хэвлийн булчин суларснаас гэдэс дүүрч, өрцийг дээш шахан, амьсгалын хөдөлгөөн хязгаарлагддаг. Иймд рахиттай хүүхэд, ялангуяа амьсгалын замын цочмог халдвар ба уушгины хатгалгаагаар өвчлөмтгий, өвчилсөн тохиолдолд өвчний явц хүнд байдаг.  Эцэг эхчүүдийн дунд байдаг нэг буруу хандлага нь  Д витаминыг сайн гээд дур мэдэн янз бүрийн тунгаар хүүхдэдээ өгдөг байдал. Түүнээс өмнө заавал эмчид хандаж, хүсвэл цусанд нь д витамины хэмжээг тодорхойлуулж,  шинжилгээний хариунаас нь шалтгаалж хүүхдийн кг жинд нь тунг тааруулж өгдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.  

Жишээ нь, ээжүүд бие биендээ мэргэжлийн бус зөвлөгөөг ам дамжин өгдөг. Хүүхдэдээ өгч байгаа витамин, хүнсний нэмэлт бүтээгдхүүнүүдийг шууд л нэгэндээ санал болгодог, хэрэглэдэг. Гэтэл хүүхэд бүрийн бие физиологийн онцлог өөр учраас дутуу мэдээлэл дээр үндэслэж Д витамин болон нэмэлт бүтээгдэхүүнүүдийг дураар өгч болохгүй.

Хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс,  чипс, нөөшилсөн бүтээгдэхүүн гэх мэт хүүхдийн биед шим тэжээлгүй нүүрс ус, өөх тос ихээр агуулсан хоол хүнс хэрэглэж байгаа нь Д витамин болон бусад эрдэс бодис, шим тэжээлийн дуталд орох шалтгаан болдог учраас эрүүл зөв хооллолтыг  дадал болгох хэрэгтэй.

Зөвхөн ясны сийрэгжилт төдийгүй бусад өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Бүх эрхтэн тогтолцоо харилцан уялдаатай бөгөөд нэг эд эрхтэн өвдөхөд бусад бүх эрхтэндээ нөлөөлдөг учраас өөрийнхөө биеийг жилдээ нэг удаа оношлуулах шаардлагатай юм.

Д витамин агуулсан хүнс буюу мах, өндөг, лууван, чихэрлэг төмс, чинжүү, сүү сүүн бүтээгдэхүүн, бяслаг, загасны мах, шош буурцгийн төрлийн хүнс зэргийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглээрэй.

Д витамины шинжилгээ өгөх давтамж болон хэвийн хэмжээнд барьж байгаагаа хэрхэн хянах вэ? 

Шинжилгээгээр Д витамины дутагдалтай гарсан бол дор хаяж хоёр сар ууж , 60-90 хоногийн дотор дараагийн давтан шинжилгээг өгнө.  Гэтэл зарим хүмүүс дөнгөж 10, 20 хоног уучихаад шинжилгээ өгөөд Д витамины хэмжээ нэмэгдээгүй байна гээд эмчилгээгээ орхидог тал байдаг.  

Кальци хэрэглэж байгаа бол заавал витамин Д хэрэглэх шаардлагатай юм байна. Витамин Д-г мөн кальцитай хамт хэрэглэх ёстой юу? 

Заавал кальци хэрэглэх шаардлагагүй. Хүн бүрийн бие физиологи, үзүүлэлт өөр учраас мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Кальцийг дангаар нь хэрэглэвэл бие махбодид шингэхгүйгээр 80-аад хувь нь гадагшилдаг. Улмаар кальцийн илүүдэл үүссэнээр бөөрний чулуу үүсгэх, яс ургах зэрэг сөрөг үр дагавар бий болдог. Тиймээс кальцийг тусгай заалтаар уух ёстой. Харин Д витаминыг хүн өдөр бүр байнга ууж, хоол хүнснээсээ авах хэрэгтэй юм.

Танай төв дээр ясны нягтыг ямар үзүүлэлтээр хэрхэн тодорхойлдог вэ? Хэдэн насны хүмүүс оношлуулах боломжтой вэ?

2018 оны 10 дугаар сараас эхлэн ТТАХНЭ нь Эрүүл мэндийг дэмжих төв ажиллуулж байна. Энэ төв нь урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, эрт илрүүлгийг гол чиглэлээ болгон ажилладаг бөгөөд ясны сийрэгжилтийг эрт оношлох буюу ясны нягтыг тодорхойлох аппарат оруулж ирсэн.

АНУ-д үйлдвэрлэгдсэн "Sonost 3000" аппарат нь хэт авиан тусламжтайгаар хүндээ өвдөлт зовиургүйгээр ясны нягтыг тодорхойлж, тэр даруйдаа хариу нь гардаг үйл оношийн шинжилгээ юм. Ингэхдээ тухайн хүнийхээ баруун эсвэл зүүн хөлийн шагайнд тусгай гелен бүтэц бүхий бодис түрхэн ясны нягтыг тодорхойлдог. 

Яс нь тулгуур эрхтэн бөгөөд хамгийн том ясны хэсэг нь хөлөнд байдаг учраас шагай хэсгийг оношилгоонд оруулахад ясны сийрэгжилтийн эрсдэл байгаа эсэх нь тодорхой гарч ирдэг.

Уг аппаратаар 18-аас дээш насны бүх хүмүүс оношлуулж болно. Ямар нэг хориглох заалт, сөрөг нөлөө байхгүй.

Ясний нягтыг гурван үзүүлэлтээр гаргадаг.

  • Хэвийн
  • Ясны нягт буурсан остепени
  • Ясны сийрэгжилттэй буюу остепороз гэсэн хэлбэрээр ясны нягтрал тийм шугамаар тэдэн хувьтай буурсан гэж гарах бөгөөд дараагийн нарийн шатны шинжилгээнд орох шаардлагатай эсэхийг тодорхойлдог.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр