Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаан болов.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-ны байдлаар 92.4 хувьтай үргэлжилж байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.
Шахмал түлшний нөөц энэ сарын 15-ны байдлаар баруун бүсийн үйлдвэрт найм, зүүн бүсийн үйлдвэрт дөрвөн шугамаар хоногт 2,000-2,200 тонн түлш үйлдвэрлэж, нийт 106 мянган тонныг нөөцөлжээ. Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК 3 хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгожээ.
Эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайнуудад өвлийн их ачааллын үед шаардагдах дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг даалгалаа.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн хувьд малчид 1.1 сая тонн өвс, хадлан буюу нийт бэлтгэвэл зохих өвсний 94.0 хувийг бэлтгэсэн байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Гол эрсдэл нь энэ жил улсын хэмжээнд нийт 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарсан нь өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40 хувьд л хүрэлцэхээр байгаа аж. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас махны экспортыг нэмэгдүүлж малчид, ААН, байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга нар энэ үеэр хэлж байлаа. Энэ асуудалд салбарын яамнаас онцгойлон анхаарч, үхрийн махнаас бусад экспортын махны квотыг цуцалж, махны экспортыг бүх талаар дэмжин ажиллаж байгааг хэллээ.
УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймаг “Маш их”, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан аймгууд “Их”, Архангай, Говь-Алтай, Увс аймгууд “Дунд” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Үнэлгээгээр эрсдэлтэй дүгнэгдсэн, өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой зарим аймгуудаас судалгаа авч үзэхэд 2022 оны 11 дүгээр сард Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэлгүй болсон байна.
2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад өвс, тэжээл нэмэлтээр худалдан авах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх үүрэг өгөв.