2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ОНЦЛОХ

Доктор Б.Хэрлэн: Монголын нийгэмд үнэт зүйлийн төөрөгдөл бий болоод байна

— Н.Дуламсүрэн   2019 оны 08 сарын 27

"Монгол хүний үнэт зүйлс” сэдвээр Удирдлагын академи саяхан эрдэм  шинжилгээний хурал  зохион байгуулсан юм. Ховор хэлэлцэгддэг хэрнээ зайлшгүй ярих ёстой энэ агуулгын хүрээнд судалгаа хийж, илтгэл тавьсан тус академийн Сэтгэл судлал, Судалгааны арга зүйн тэнхимийн багш доктор, дэд профессор Б.Хэрлэнтэй ярилцлаа.

“Монгол хүний үнэт зүйлс” сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааныхаа гол дүгнэлтээс хуваалцахгүй юу? 

-Хүн бүрт хийх үйлдэл, хэлэх үг, гаргах шийдвэртээ баримтлал болгож байдаг итгэл үнэмшил бий. Яаж амьдарвал зохилтой, юунд хүрэхийг эрмэлзүүштэй тухай итгэл үнэмшил, үзэл бодлыг үнэт зүйл гэж хэлж болно. Сүүлийн 27 жилийн туршид монгол оронд өрнөж байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн суурь өөрчлөлтүүд, даяаршил, мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшил гээд олон хувьсал өөрчлөлт манай нийгмийн харилцаа, монгол хүний үнэт зүйлсийг эрс өөр болгож байна. Ялангуяа монголын нийгэмд баян ядуугийн, шинэ хуучны, ахмад болон залуу үеийн, хот хөдөөгийн, улс төр болон шашин шүтлэгийн итгэл үнэмшил, үзэл бодлын ялгаа зааг өдөр тутмын амьдралд өнөөдөр хурцаар илэрсээр байна.

Үзэл бодлын энэ ялгаа нийгэмд гарч буй асуудалд нийгмийн бүлгүүд өөр өөрийн байр сууринаас хандаж, өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлж, улмаар нийгэмд үнэт зүйлийн төөрөгдөл, тодорхойгүй байдлыг бий болгож байна. Энэ янзаараа даамжирвал ялгаварлан харьцах байдал, зөрчил  үүсгэх, улмаар нийгмийн эв нэгдэл, хамтын ажиллагаанд ноцтой хүндрэл бэрхшээл учруулж болох юм. Иймээс монголын нийгмийн, цаашлаад хувь хүмүүс, нийгмийн бүлгүүдийн үнэт зүйлийг судлах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

 Бид энэ удаагийн судалгааг Schwartz.S-ийн аргачлалыг ашиглан хувь хүний түвшинд үнэт зүйлийг судаллаа. Нийтдээ 900 орчим анкетад хариулт авснаас 797 хүний хариултад боловсруулалт хийж дүгнэлт гаргалаа. “Ойг нь танихын тулд модыг нь судал” гэсэн эртний сэтгэгчдийн үг бий. Тэгэхээр энэ 797 хүний хариултаар монголын өнөөгийн нийгмийн үнэт зүйлсийг тодорхойлох боломжтой гэж бид үзсэн. 

Судалгааны үр дүнгээс харахад монголын нийгмийн бүлгүүдийн үнэт зүйлс нэлээд ялгаатай байна. Орлого, хөдөлмөр эрхлэх байдал, амьдрах нутаг орон, нас, боловсролоос хамааран хүмүүсийн итгэл үнэмшил нэлээд ялгаатай байна. Нийгмийн итгэл үнэмшлийн хувьд нийгмийн бүхэллэг чанар зарим талаараа суларсан хэдий ч зарим талаараа нийгмийн “организмын холбогч эдүүд” болох нийтлэг санаа зорилгууд бат байгааг судалгааны үр дүн харуулсан.

 Судалгаанд хамрагдсан хүмүүсийн үнэт зүйлсийн системд нэгдүгээрт бусдад санаа тавих, хоёрдугаарт хувь хүний эрх мэдэл-амжилт, гуравдугаарт хувь хүний болон нийгмийн аюулгүй байдал, дөрөвдүгээрт бүх нийтийн сайн сайхны төлөө санаа тавих гэсэн нийтлэг санаа ийм эрэмбэтэйгээр агуулагдаж байна.

Судалгаанд оролцсон хүмүүсийн үнэт зүйлсийн нэгдүгээрт “бусдад санаа тавих” гэсэн дүн гарсан нь сонирхол татлаа. Аав ээж, ах дүү саднаа гэдэг манайхны уламжлалын илрэл мөн байна даа?

-Судалгааны дүнгээс харахад өгөөмөр байх (benevolence), нийцтэй байх мотивацийн зорилго бүхий үнэт зүйлс онцгой анхаарал татаж байна. Тодруулбал, ойр дотны хүмүүсээ хайрлах халамжлах, тэдэнд шударга хандах, үнэнч байх, туслах, ууч сэтгэлээр хандах явдал судалгаанд хариулсан дийлэнх хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа баримтлах гол итгэл үнэмшил нь болдог байна. Нийцтэй байна гэдэг нь аядуу, олны аясаар байж, бусдыг гомдоож мэдэх аливаа үг хэл, үйлдлээ хянаж татаж байхыг ойлгоно. Нийцтэй, өгөөмөр байх явдал үнэт зүйлсийн системд дээгүүрт жагсаж байгаа нь өнөөдөр хүмүүс өөрийгөө хойш тавьж, бусдын төлөө гэх сэтгэлтэй болоод байна уу, энэ хариултын цаад учир шалтгаан юу вэ, үүний хувь хүн болоод нийгмийн зан үйлд үзүүлэх үр дагавар юу вэ гэдгийг цааш нь тодруулж авч үзэх шаардлагатай болж байна.

“Монгол хүний үнэт зүйлс” сэдэвт эрдэм  шинжилгээний хурлын үр дүн, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажлынхаа талаар сонирхуулна уу?  Солонгосын Төрийн захиргааны институтээс судлаачид илтгэл тавьж санал бодлоо солилцсон гэсэн. 

-2017 онд Удирдлагын академи Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн захиалгаар нийт 7 сэдвээр судалгаа хийж байна. Тэдгээрийн нэг болох “Монгол хүний үнэт зүйлс” сэдэвт судалгааг  Сэтгэл судлал Судалгааны арга зүйн тэнхим гүйцэтгэж,  эхний үр дүнгээр энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Үнэт зүйлсийн онол, практикийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг сая амжилттай зохион байгууллаа. Тус хурал хоёр үндсэн хэсэгтэй байлаа. Эхний хэсэгт Монгол хүний үнэт зүйлийн талаарх судалгаануудын үр дүнг хэлэлцсэн бол, хоёр дахь хэсэгт төрийн алба, төрийн байгууллагыг үнэт зүйлээр удирдах тухай асуудлыг хөндсөн илтгэлүүдийг хэлэлцлээ. Хуралд шинжлэх ухааны академи, дотоодын их дээд сургуулиуд, Солонгосын төрийн захиргааны институтээс (KIPA) судлаачид оролцлоо.

МУБИС-ийн багш доктор, проф. П.Эрдэнэчулуун, ХААИС-ийн багш докторант М. Эрдэнэтуяа, докторант Ж.Мөнхбат, докторант Т.Чимэдрэгзэн, Удирдлагын академийн доктор, дэд проф. Т. Алтанцэцэг, докторант П.Байгалмаа нар илтгэл тавьж, монголын уламжлал болон өнөөгийн амьдралын өөрчлөлтийн улмаас үнэт зүйл хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Үнэт зүйлийг төрийн удирдлагын практикт хэрхэн хэрэглэж байгаа талаар дараагийн хэсэгт Солонгосын Ерөнхий сайдын дэргэдэх Солонгос улсын Төрийн Захиргааны Институтийн  судлаач доктор DoSuk Lee, доктор Hwan Seok Lee нар илтгэл тавилаа. Тэд Төрийн үнэт зүйл, Төрийн албаны үнэт зүйл, Төрийн албан хаагчийн үнэт зүйлийн хоорондын зааг ялгааг тодруулах, хооронд нь уялдуулах асуудлаар судалгаа шинжилгээнийхээ үр дүнг хуваалцлаа. Түүнчлэн  Солонгосын Засгийн газар гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг хэрхэн нийтийн үнэт зүйлд суурилж боловсруулж байгаа талаар танилцуулав. Манай судлаачид монголын төрийн албанд зонхилж байгаа соёл, үнэт зүйлс нь 1993 оноос хойш авч хэрэгжүүлсэн төрийн захиргааны шинэчлэлийн бодлогуудын суурь зарчмуудыг нутагшуулж хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөө үзүүлж ирсэн талаар олон асуудал хөндөж илтгэл тавилаа. Үндсэндээ үнэт зүйлийн өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох, үнэт зүйлээр удирдах гэсэн агуулгын 2 түвшинд илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ хурал эрдэмтэн судлаачдын цаашдын хамтын ажиллагааны эхийг тавьсан гэж хэлж болно. Удирдлагын академийн Эрдэм шинжилгээний бичиг гэдэг сэтгүүлийн 2017 оны сүүлийн дугаарыг “Үнэт зүйлийн онол, практикийн асуудлууд” сэдвээр гаргах боллоо. Энд дээрх хурлын илтгэлүүдээс гадна энэ чиглэлээр судалгаа хийдэг бусад судлаачдын бүтээлийг оруулна. Үнэт зүйлийн талаар хийсэн судалгааны бүтээлээ энэ сэтгүүлд хэвлүүлэх хүсэлтэй хүмүүсийг Удирдлагын академийн Сэтгэл судлал Судалгааны арга зүй тэнхимд хандахыг урьж байна.

Систем талаас нь харвал Монгол улсад дархлаа гэхээр юм байна уу? 

-Нийгмийн харилцаа, нийгмийн үнэт зүйл хоёр харилцан шүтэлцээтэй байдаг. Энэ шүтэлцээг зөв залж чиглүүлж авч явах нь төрийн чухал үүрэг. Энд монголын болон гадаадын хоёр жишээг харьцуулж хэлмээр байна. Хэдийгээр спортын хүрээний нэг л кейс боловч үүнээс бид өнөөгийн байдалдаа дүгнэлт хийж болно байх аа.  

2017 оны 2017 оны 4 сарын 13 нд Японы Мэргэжлийн сумогийн Хару башёд зайлах мэхээр давсан монгол бөхийг сумо үзэгчид "Монгол руугаа буц" гэж хашгирсан явдлыг японы парламентаар авч хэлэлцсэн байх юм. Сайд, парламентын гишүүд сумо үзэгчдээс өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Нийгэмд арьс өнгө, яс үндэс, гарал үүслээр гадуурхах, ялгаварлах байдал гарах ёсгүй. Сумо үзэгчдэд хүндлэл гэдэг зүйл алга. Сумо бөхийн өнөөгийн хөгжилд монголчууд томоохон үүрэг гүйцэтгэж яваа тул бөхдөө хайртай  бол монголчуудыг хүндэтгэх ёстой гэсэн байна. Тиймээс Монгол бөхчүүдийг хайрлаж, хүндэтгэх ёстой гэдэгтээ ихэнх япончууд санал нэгдсэн байна. Энэ жишээнээс харахад нийгмийн сэтгэлгээний нэгдмэл, бүхэллэг байдлыг хадгалахын тулд Японы төр засаг ердөө бөх үзэгчдийн хэлсэн үгийг шүүн хэлэлцэж нийгмийн харилцаан дахь буруу зөвийг ялгаж, баримтлах чигийг нь гаргаж өгч байна.

Өнгөрсөн онд манайд болсон нэг үйл явдлыг эргэж санацгаая. Олимпийн 2016 оны тоглолтын чөлөөт бөхийн тэмцээнд Г.Мандахнаран цаг дуусахаас 2 секундын өмнө барилдалгүй дэвжээ тойрсон тул шүүгчид ялалтыг эсрэг талд өгсөн, энэ шийдвэрийг хоёр дасгалжуулагч нь дэвжээн дээр нүцгэлэж эсэргүүцсэн үйлдлийн талаар нэг хэсэг монгол даяараа шуугисан. Адилхан л спортын хүрээнд гарсан асуудал. Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоонд хандан хариуцлага хүлээхээ мэдэгдэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооны удирдлага толгой гудайлган уучлал хүссэн. Гэтэл Монгол Улсын төрийн тэргүүн Г.Мандахнаран болон дасгалжуулагчдыг хүлээн авч, шударга ёсны төлөөх тэдний тэмцлийг дэмжиж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үнэндээ өнөөг хүртэл чухам энэ үйлдэл зөв юм уу, эсвэл буруу юм уу гэдгийг бид тогтоогүй, дотроо эргэлзэж тээнэгэлзсээр яваа. Бүр төөрөлдөж гүйцлээ. Энэ мэт эргэлзээ, төөрөгдөл ихсэхийн хирээр зөвийгөө буруугаас ялгаж чадахаа больж, чухам юуг зөв гэж үзэх нь тодорхойгүй, баримтлах чиг нь будилаантай болоод байна. Ялангуяа хуучин, шинэ тогтолцооны үнэт зүйлсийг хамтад нь агуулж байгаа өнөөгийн монголын нийгмийн харилцааг залж чиглүүлэхэд төрийн үүрэг роль юу юунаас чухал байна.

Үзэл санааны хувьд монголын залуу үе улам л индивидуаль, хувиа хичээсэн хэв маягтай болоод байна гэж хардаг. Энэ сэтгэлгээг буруутгах аргагүй мэт? 

-Тиймээ, өнөө үеийн залуус хүн өөрийнхөө амьдрал, сайн сайхан байдлын төлөө өөрөө л хариуцлага хүлээнэ гэсэн ойлголттой төлөвшиж байна. Энэ байдал дэлхий нийтийн хөгжлийн хандлага индивидуалист соёлыг хөхүүлэн дэмжсэн шинжтэй байгаатай холбоотой. Хувь хүний хариуцлага, хувь хүний идэвх санаачлага, оролцоог хангахыг дэмжсэн үзэл санаа төрийн бодлогуудад шингэж байна. Үүний үр нөлөөгөөр залуу үе ахмад үеийнхнийг бодвол, ялангуяа социализмын үед хүмүүжсэн ахмад үеийнхнээс илүү хувиа хичээмтгий болж байгаа тал бий. Манай судалгааны үр дүнд   энэ   байдал   тодорхой   харагдаж  байгаа.

Монгол уламжлалын үнэт зүйлс харьцангуй ихтэй ард түмэн. Гэвч үүнийг сэргээх, уламжлуулан өвлүүлэх бодлого, стратеги тал дээр учир дутагдалтай мэт санагддаг? 

-Тиймээ, монголчууд бид уламжлалт үнэт зүйлс ихтэй ард түмэн. Ялангуяа төрт ёсны арвин түүхэн уламжлал бидэнд бий. Түүхээ судлах, түүхээсээ суралцах замаар төрт ёсоо дээдэлж ирсэн сэтгэлгээг сэргээн бэхжүүлэх юмсан гэж бодогддог. Жишээ нь Их эзэн Чингэс хааны үед зэрэг зиндаа, хөрөнгө мөнгө, танил тал гэж ялгалгүй төрийн хууль цааз хүн бүрт жигд үйлчилдэг байж. Ял цаазын зарлигийг доод тушаалын хүн авч ирж, гүйцэтгэх болоход хэргэм цол, эрх ямбаар өндөр албан тушаалтан үг дуугүй хүлээн авдаг байсан гэдэг . Өөрөөр хэлбэл, өнөөдрийн ярьдаг шударга ёс, хариуцлага, тэгш байдал гэдэг зарчимыг хэрэгжүүлж байж, төрөө дээдлэх итгэл үнэмшлийг хадгалж ирсэн түүх бий. Гэтэл өнөөдөр хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш байна уу, халдашгүй бүрэн эрх гэгчээр халхавчлан хариуцлагаас мултрах боломж зарим хүнд олдоод байна уу, түүхэн уламжлалаа өнөөдөр хэрхэн сэргээж авах вэ гээд бодох зүйл их байна.

Ерөнхийдөө уламжлалын үнэт зүйлс нийгэмд тогтсон түүхэн уламжлал, дэг жаяг, ёс, зан заншлыг хадгалах, үүгээрээ дамжуулан сахилга, дэг журмыг бэхжүүлэх санаа зорилгыг агуулж байдаг. Ер нь уламжлалаа судлах, хадгалах өвлүүлэх талаар хоёр янзын байр суурь ил тод харагддаг. Даяаршлын өнөө цагт монголоороо үлдэхийн тулд уламжлалаа түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх нь зүйтэй гэж үзэж байхад, бусдын адил байх нь илүү дээр гэх байр суурь бас бий. Бидний судалгааны үр дүнгээс харахад ахмад үе уламжлалын үнэт зүйлсийг чухалд тооцож байхад харин залуу үе уламжлалыг тийм чухал биш гэж үзсэн байна. Түүнчлэн хөдөө орон нутагт оршин суугаа хүмүүс хот газрынхнаас илүүтэй уламжлалаа чухалчилдаг байна. Үүнийг өнөөгийн амьдарлын хэв маяг нь уламжлалт ахуйд хэр ойр эсвэл хол байгаа, орчин цагийн хөгжил дэвшлийн нөлөө зэрэгтэй холбон тайлбарлаж болно. Тэгэхээр уламжлалаа өвлүүлэх, хадгалах, сэргээх бодлогын тухайд стратеги, тактикийн хувьд нарийн бодлоготой хандах шаардлага байна. Ялангуяа төрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад төрт ёсны уламжлалыг таниулж сургадаг Бүгд Найрамдах Солонгос улс зэрэг хөгжингүй орнуудын туршлага байдгийг бид хармаар байгаа юм.

Хөгжлийн бодлого талаас нь харах юм бол монгол улсын хөгжлийн үзэл баримтлалын асуудлаар, хүнээ хөгжүүлэх чиглэлээр олон баримт бичиг боловсруулагддаг ч амьдрал дээр өөрчлөлт мэдрэгддэггүй. Судлаач хүний хувьд энэ асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Энд хоёр асуудлыг хөндөхөөс аргагүй. Нэгдүгээрт, төрийн бодлогын төвд хүн байна уу, эсвэл төр, эсвэл төсөв санхүү байна уу; таны бодлоор энэ гурвын аль нь хамгийн их яригддаг, анхаарлын төвд байдаг бол гэж асуувал хүмүүс төсөв санхүү, төр засаг хоёрыг гэх болов уу. Үнэндээ улс орны нөхцөл байдал, дээр нь сүүлийн 27 жилд хийж ирсэн өөрчлөлтийн улмаас төрийн бодлогууд энэ л хоёр зүйл дээр төвлөрч ирсэн. Нийгмийн асуудал, хүний асуудал орхигдож, энэ хэрээр нийгмийн харилцаанд олон доголдол гарч ирж байгаа. Монголчууд бид юунд зорьж тэмүүлж байгаа билээ, монголчууд бид нийгмийн харилцаанд юуг баримжаа болгож явна вэ гээд асуувал хариулт нь нийтлэг шинжтэй байж чадахгүй л бол уу.

Хоёрдугаарт, 1992 онд батлагдсан Үндсэн хуульд “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм”-ийг байгуулна гэж тунхагласан байгаа. Хөгжлийн бодлогууд энэ л чиг шугамыг хэрэгжүүлэх учиртай. Хэрвээ энэ чиг шугам хэрэгжихгүй, хүндээ өгөөж багатай бол түүнийг хэрэгжүүлэх арга зам нь оновчтой биш байсантай холбоотой байж таарна.  

Тэгэхээр өнөөдөр хөгжингүй орнуудад бүх түвшиндээ төрийн аливаа шийдвэр нийгэмд  авч ирэх үр дагавар, ялангуяа нийгэмд бий болгож, төлөвшүүлж байгаа эсвэл төлөвшүүлэхийг зорьж байгаа нийтийн үнэт зүйлд төвлөрөх ёстой гэж үзэж, үнэт зүйлээр удирдах тухай ярьдаг болжээ.

Үндэстний хувьд үнэт зүйлээ бий болгох, хадгалах тал дээр үлгэр жишээ болохуйц улс гүрнүүдийн жишээнээс сонирхуулна уу? 

-Нийтлэг үнэт зүйлээр үндэстнээ удирдаж хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан орнууд олон. Үүнээс Сингапур, ХБНГУ хоёрыг дурьдмаар байна. Олон үндэстэн ястнаас бүрдсэн буурай орныг Ли Куан Ян хэрхэн нэгдмэл үзэл санаатай, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэй болгож 26 жилийн дотор өндөр хөгжилтэй орны эгнээнд оруулсныг дэлхий даяараа мэднэ.

Мөн хэдэн арван жилээр дундуураа ханаар тусгаарлагдан хоёр өөр тогтолцоо, хоёр өөр үзэл суртлаар амьдарч ирсэн баруун зүүн Германы ард түмэн нэгдэж, өнөөдөр дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болж чадсан туршлага бас бий. 

Ер нь нийгмийн харилцаа, нийгмийн үнэт зүйлийг залж чиглүүлж ирсэн туршлагыг нь сайтар судлах, өөрийн байгаадаа дүн шинжилгээ хийх шаардлага бидэнд тулгараад байна.

Удирдлагын Академид та олон жил багшиллаа. Оюутнууд, сонсогчдоо харж байхад залуусын мэдлэг оюунаа тэлэх хүсэл сонирхол давамгай байна уу эсвэл диплом хөөх төдий байна уу? 

-Удирдлагын академид 1997 оноос хойш 20 жил ажиллаж байна. Аль алинтай нь л таардаг. Гэхдээ хувь хүн өөрөө хичээж зүтгэж, амьдралдаа хариуцлагатай байж чадвал сайхан амьдрах бүрэн боломжтой цаг үед амьдарч байгаа гэдгээ залуус ухамсарлаж байгаа болохоор өөрийгөө хөгжүүлэх тэр хүсэл тэмүүлэл нь давамгайлж байна гэж би хардаг. Энэ тал нь илүү зонхилдог гэж би бодож байна. Ийм ч учраас багш бид бэлэн мэдлэгийг халбагадаж өгөх биш, эргэцүүлж бодож, эрэл хайгуул хийж, өөрсдөө бие даан суралцахад нь дэмжиж ажилладаг.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   18 цагийн өмнө

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 минутын өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө