2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ТОД ТУСГАЛ

Доктор Б.Хэрлэн: Юунд итгэж үнэмшихээ бид мэдэхээ болиод байна

— Б.Батцэцэг   2021 оны 03 сарын 20

Нийгэмд үлгэрлэгч, бүтээгч, оюун санааны манлайлагчдын үгийг ТОД хүргэх зорилготой "Тод тусгал ярилцлага" та бүхэнд ээлжит дугаараа толилуулж байна. Бидний энэ удаагийн зочин бол Бадарчийн Хэрлэн. Түүнийг монголын "оюун мэдлэг, боловсролын салбар" -дахь "түүчээлэгч" гэж тодорхойлоход хилсдэхгүй. 

Тэрээр "Төрийн удирдлага, удирдлагын сэтгэлзүй" -гээр үндсэн мэргэжлээ эзэмшиж Герман улс, Потсдамын Их Сургууль, Төрийн удирдлагын магистр, Герман улс, Потсдамын Их Сургуульд Улс төрийн шинжлэх ухааны доктор -ын зэрэг хамгаалжээ. Б. Хэрлэн өнөөдөр Удирдлагын Академийн Удирдлагын Социологи сэтгэл зүйн тэнхмийн багш, дэд профессороор ажиллаж байна.

Түүний ажилласан судалгааны ажлууд олны анхаарлыг эрхгүй татдаг. Тэрээр "Өнөөгийн монголчуудын үнэт зүйлс" ,"Төрийн албаны үнэт зүйлсийн өөрчлөлт" зэргийг мэргэжлийн түвшинд судалсан нэгэн. 

Юунд итгэж үнэмшихээ бид мэдэхээ болиод байна

Танд нийгмийн харилцаа, өнгө төрх өнөөдөр таалагдаж байна уу? Нийгмээс авдаг таны сэтгэл ханамжийг хамгийн эхэнд асуумаар байна? 

Бидний мэдээлэл авдаг бүхий л сувгуудад “ хар бараан” мэдээллүүд зонхилж байна. Эдгээр нь өөрийн эрхгүй болгоомжлох, айх мэдрэмжүүдийг төрүүлдэг. 

Нийгмийн сэтгэл зүйг айдас, болгоомжлолоор удирдах нэг төрлийн арга бий. Ийм замаар хүмүүсийг нэгтгэх, хүлцэнгүй болгох зорилготой. 

Магадгүй энэ их зорилготой, зорилгогүй мэдээллийн нөлөөгөөр нийгэмд бухимдал, аргагүйдсэн, нэг тийм үл итгэсэн байдал бий болсон санагддаг юм. Ажилгүйдэл, архидалт, өр зээл, авилга, хүчирхийлэл, хар тамхи,саарал жагсаалт, банкны дампуурал, хуурамч хууль шүүхийн тухай бүр ноцтой зүйл сонсогдох болсонд хүмүүс түгшиж байна.

Нийгмийн сэтгэлгээ, оюун санаанд айдас түгшүүрээр нөлөөлөх гэсэн санаархал их байна гэж ажиглагддаг. 

Санаж байгаа бол 2016 оны турш монголын эдийн засаг сөхрөхийн наагуур байна, 23 тэрбум долларын өртэй, бүсээ чангалахгүй бол болохгүй нь гэдэг мэдээлэлд иргэд живсэн. Өнөөдөр 2020 онд өр зээлийн хэмжээ 30 тэрбум хүрчихлээ. Харин нөгөө яриа ухуулга алга. Гэвч хүмүүсийн сэтгэл дотор 16 хан жилийн дотор монгол улс өр зээлэнд баригдчихлаа, яаж төлж барагдуулах бол гэсэн түгшүүр байсаар байна. Ажилгүй болчих вий, зээлээ төлж чадахгүй байх вий, солонгосын виз бүтэх болов уу гэж сэтгэл зовинох нь элбэг. Одоо сонгууль хаяанд ирсэн. Бие биенээ харлуулах гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй хов живээр нийгмийг дараад эхэлнэ. Гэтэл ард түмэнд түүнээс хэрэггүй зүйл алга. Манай нийгэмд өөрөө өөртөө, маргаашдаа итгэх итгэл л юу юунаас чухал хэрэгтэй байна.

Зорилго бүхий мэдээлэл түгээж монголчуудыг айдас түгшүүр, болгоомжлолд хүлэх шаардлага хэнд байна гэж та анзаарав, дотоодын хар цагаан пи ар уу? Эсвэл? 

Жишээлбэл албан хаагч ажлын байраа алдчих вий гэж айна, эдийн засаг хүнд байна, өр их байна. Хүүхэд төрөнгүүт л чи 25 сая төгрөгийн өртэй гэх мэтээр дарамтлах жишээтэй. Эсвэл өр шир хэрээс хэтэрч байна, уналтад орлоо. Эх орон дампуурах нь зэрэг мэдээллүүд их цацагдах тусам битүүхэндээ нийгэмд болгоомжлол, айдас бий болдог. Энэ бол сайн зүйл огт биш.

Бөөн зөрчил, алдааны талаарх мэдээлэл түгэхээр хүний амьдралдаа итгэх итгэлийг сулруулдаг. Гэтэл бидэнд итгэл, урам зориг хэрэгтэй байна. 

Гурванхан сая хүн дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж чадвал сайхан амьдрах боломж нээгдэнэ. Тийм байтал эсрэг, сөрөг мэдээлэл цаг тутам газар авах нь сайн зүйлд биднийг хөтлөхгүй.

Мэдээлэл авч байгаагаас гадна иргэд өөрийн байр суурь, үзэл бодлоо нийгмийн сүлжээгээр хангалттай илэрхийлэх болсон. Таны сая хэлснээр биднийг элдэв мэдээлэлд албаар төөрүүлж орхиж. Гэтэл иргэд ямар ч мэдээллийн дор өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон. Энэ нь эрх баригчдын шийдвэрт хүртэл нөлөөлөх болсон?

Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгмийг эрүүл болгох, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгмийг бүтээн байгуулахад харин ч тустай. 

Үзэл бодлоо нийгмийн сүлжээнд илэрхийлэх нь иргэн  эрхээ эдэлж буй л хэрэг. Гэхдээ тухайн хүний бичсэн хэлсэн зүйл нийгэмд, бусдад ямар үр дагавартай вэ гэдгийг ойлгох ёстой. Хэлсэн ярьсан, түгээсэндээ хариуцлага хүлээж чадах уу гэдгээ ухамсарлаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ийм байхад төрийн шийдвэр гаргахдаа нийгмийн сүлжээгээр давалгаалж буй санаа, сэтгэгдлүүдийг анзаарч, түүнд тулгуурладаг бол харамсалтай. Энэ бол ардчилсан дүр төрхтэй ч зангараггүй төрийг илтгэнэ.

Сонгууль ойртож байна. Улс төрчид аль эрт сонгогчдийн сэтгэлийг эзэмдэхээр мордсон. Сэтгэлийг эзэмдэхээр гэсэн маань учиртай. Таны ажиглалт, зарим судалгаа, үнэлгээгээр бидний монголчууд ер нь ямар түвшний, хэн гэдэг сонгогчид юм бол?

Сонгогчдын сэтгэлийг эзэмдэх арга заль нь нэг сарын аялал төдий зүйл байдаггүй. 

Үе үеийн эрх баригчид иргэдийн сонголтод нөлөөлөхөөр дөрвөн жилийн турш л бэлэг сэлт тараах, уралдаан тэмцээн зохион байгуулах, аялал зугаалгад явуулах, албан тушаалд тавих, хадгаламж нээж өгөх гэх мэтээр ажиллаж байдаг байна. Дээр нь сонгуулийн үеэр мөнгө тараах, царцаа нүүлгэх, өр зээлийг нь төлөх, халамжийн цар хүрээг өргөсгөх зэргээр нөлөөлдөг. Энэ бол улс төрийн нам, нэр дэвшигч сонгогчдод “авлига” өгч буй бодит дүр зураг. Авлигын хэмжээ нь сонгогчийн өрхийн гишүүдийн тоо, аж байдлаас хамаараад үнэ ханш нь өндөр нам байх нь хэвийн үзэгдэл. 

Хэдий чинээ амьдрал ядуу байна, саналын ханш хямд. Энэ нь ч авлигач нам, нэр дэвшигчдэд ашигтай. Ингэж авилгадсаар эцэстээ сонгогчдыг сонгуульд хандах хандлагыг өөрчилж гүйцлээ. 

Хэн над юу өгөх вэ, манай нутагт ямар хөрөнгө оруулалт авч ирэх вэ, бидэнд ямар унацтай вэ гэж хардаг болчихсон байна. Эцэстээ сонгууль нь нэр нөлөө, бэл бэнчингээрээ өрсөлдөх хүмүүсийн талбар болж дуусах нь. Хууль эрхзүй, улс төрийн намууд, сонгогчид дор бүрдээ үүнийг “одоо” өөрчлөхгүй бол оройтож байна.

Сурталчилгаа, хар цагаан пи ар, тархи угаах зорилготой тасралтгүй ундрах мэдээллээс иргэд сонгох эрхээ хэрхэн хамгаалбал зохистой бол? 

Хүмүүс өөрөө ч мэдэлгүй “нийгмийн сүлжээ” гэх эхлэл төгсгөл нь үл мэдэгдэх мэдээллийн урсгалд орчихсон. Тэр урсгал дунд бидний дийлэнх нь зорилгогүй, өөрийнхөө “эрх” “сэтгэл зүйг” хамгаалах чадваргүйгээр хөвж явна. 

Хаанаас хүчтэй урсгал ирнэ түүний чиглүүлсэн зүгт урсах боломжтой. Тийм бэлээхэн орон зай байгааг ч улс төрчид овжин ашиглаж, өнөөх олон төрлийн тоглолтуудаа гаргууд хийж мэргэшсэн харагдана . Гэтэл энэ дунд улс орны эрх ашиг, хөгжил гэх зүйл хохирч үлдээд байгаа нь харамсалтай.

Нийгмийн хандлага, сэтгэл зүйн давалгаа хэнийг ч хуу хамаад явчих хүчтэй. Улс төрийн өрсөлдөгчдөө намнахын тулд түгээж буй улс төрчийн мэдээлэл мэдээж сүү шиг цагаан байхгүй. Хүмүүсийг эргэлзээ тээнэгэлзэлд оруулсан, түгшүүлсэн, айдаст автуулсан мэдээллийг ялалтад хүрэх чухал зэвсгээ болгодог. Нэг улс төрч гавьяа байгууллаа гээд мэдээлэл хийхэд, нөгөөх нь гарч ирээд тэр нөхөр гай тарьлаа гээд үгүйсгэдэг. Энэ нь сөрөг хүчин, улс төрийн намуудын байр суурь үзэл суртал байж болох ч улс орны эрх ашигт нийцсэн эсэхээр л аливаад дүгнэлт хийж дуугармаар байгаа юм. Тийм үгүй, муу сайн, үнэн худал гэж нэгнээ үгүйсгэж хэвлэл, нийгмийн сүлжээгээр хэрэлдэх хооронд иргэд нь юунд итгэхээ бүр мэдэхээ байгаад байна. 

Сонгогч ямар үүрэгтэй, хариуцлагатай, алсын хараатай байх ёстой юм бол?

Чи бол миний бүх зүйл гэдэг шиг. Төр барих эрхээ эдэлж буй сонгогч бол эх орныхоо хувьд бүх зүйл нь юм. 

Таны дурдсан сонгогчийн үүрэг, хариуцлага, алсын хараа бол улс орны эрх ашиг, сайхан ирээдүй, эрх тэгш нийгэм ер нь маргаашийн маш олон зүйлийг тодорхойлж байдаг зүйл. Нэг сонгогч нэгдэхгүй.  Нэг хүн, нэг гэр бүл, нэг сум, нэг аймаг, нэг дүүрэг, нэгдсэн улсын хүн ам бүгдээрээ ямар бодол, зорилго, итгэл үнэмшилтэй сонголт хийнэ ирэх дөрвөн жилд яг тийм л төр, дүр төрх ноёрхоно. Сонгууль бол атга гурил, арван төгрөг тараалцах талбар, цаг хугацаа биш. Хөгжихөд юу хэрэгтэйг, хэн түүнийг хэрэгжүүлж чадахыг шийддэг түүхэн цаг хугацаа байдаг. Та, таны гэр бүлийн дөрвөн жилийн амьдралын өнгө аясыг тодорхойлох чухал мөч юм.

УИХ-ын гишүүн бол улс орон, ард иргэдийн амьдралыг зохицуулах хуулийн ээлтэй орчинг бий болгох  үүрэгтэй. Тэр хүмүүсийн санаа зориг, үзэл бодол гаргаж буй, гаргасан хуульд нь шингэж эргээд бидний амьдралд нөлөөлөх чадамжтай юу гэдгийг судалж ойлгох шаардлагатай.

Сурталчилгааны үеийн өнгө, мөнгийг харах биш, дуулиан шуугианд автах бус улс орны, нутаг усны хөгжил, нийт олны эрх ашгийн төлөө энэ хүн хэр хэмжээний хувь нэмэр оруулах чадавхитай вэ гэдгийг нь харах ёстой. Үүний тулд нам, нэр дэвшигчийн үүх түүх, үйлдэл, үг хэл бүрийг няхуур шүүн тунгаадаг болмоор байна. Манай залуу үе өөрийн чадвараа үнэлж мэддэг болсон. Чадвараа хөгжүүлж ажиллаж амьдрахад ямар эрх зүйт нийгэм хэрэгтэйг мэдэрч чадах байх.

Өнөө маргаашийн өглөг авлага, ойр зуурын хэрэгцээндээ тулгуурлаж сонголт хийдэг бүдүүлэг, хариуцлагагүй байдал устсан гэж итгэж байна. 

Ер нь сонгох, сонгогдох эрх маань хэр чухал эрх вэ?

Ардчилсан улс оронд сонгуулиар ард иргэд төрд дүнгээ тавьж, улс төрийн намуудад хариуцлага эсвэл итгэл хүлээлгэж байдаг. Төр барих эрх мэдлийг ард түмний сонголтод үндэслэн улс төрийн нэг хүчнээс нөгөөд шилжүүлдэг. 

Сонгох эрхэд халдаж, сонгогдох эрхээ баталгаажуулах санаархал ихсэж байна. 

Бэлэг сэлт бол энүүхэнд. Цаашлаад хуулийг ашиглаж сонгох эрхэд халдах явдал гарах боллоо. Сая гарсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.3-т Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно гэж заасан. Энэ заалтаа үндэслээд хөдөөд 15-25 мянган сонгогчийн саналаар нэг гишүүнийг сонгож байхад нийслэлд 40-50 мянган хүний саналаар сонгогдохоор тойргийн хуваарилалтыг хийлээ. Нийслэлийн иргэдийн сонгох эрх хязгаарлагдсан. Технологи хөгжсөн энэ цаг үед гадаадад суугаа монголчууд сонгуульд санал өгч чадахгүй боллоо. Энэ мэтээр сонгох эрхийг нь хязгаарлаж, хааж боогдуулж байгаад сонгогчид бухимдаж байна. УИХ-ын сонгуулийн хуулийн талаар сонгох эрхийнхээ төлөө иргэд ҮХЦ-д хүртэл хандлаа. Санаж байгаа бол 2017 онд ерөнхийлөгчийн дахин сонгуульд сонгох эрхээ хамгаалж 93 000 иргэн аль ч нэр дэвшигчийu дэмжихгүй, сонгууль шударга бус болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж цагаан санал өгсөн. Нийт сонгогчдын 8.6 хувь нь шүү дээ. 

Цөөн гэлтгүй иргэд сонгох эрхийнхээ үнэ цэнийг ухамсарлаж, үг хэл үйлдлээрээ өөрсдийнхөө байр сууриа илэрхийлдэг болж байна.

Урлаг соёлын одууд, бөхчүүд, бизнесмэнүүд төрд орохыг юу гэж боддог вэ? Ер нь сонгогдогч, улс төрч гэж хэн байвал зохилтой байдаг юм бол? 

Үндсэн хуулиараа монгол улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Энэ утгаараа эмч байна уу, дуучин эсвэл бөх байна уу хамаагүй бусдын л адил улс төрд орох, төрийн эрх барилцах эрхтэй. Гэхдээ урлагийн тэр сайхан торгон мэдрэмж, аялгуу сайхан дуу хоолой, бөх хүний тэр эрч хүч бяр чадал хүн болгонд заяадаггүй хувь хишиг. Энэ хишгийн хэргийг урлагийн тайз, бөхийн дэвжээн дээр нь гаргаасай гэж би боддог. Монголын соёл урлагаар олон түмнээ соён гэгээрүүлэхэд, цаашилбал соёл урлагийн арвин санг түмэн олондоо төдийгүй дэлхий дахинаа яг The Hu хамтлаг шиг түгээн таниулж, баялгийг бүтээгээсэй гэж боддог. Ингэвэл улс орондоо илүү нэмэртэй байх.

Тэгвэл бидэнд ямар удирдагч хэрэгтэй байна вэ? Хуульч юм уу эмэгтэйчүүд юм уу? 

Сонгуулийн өмнө тун сонирхолтой асуулт асуулаа. Ард олноороо хүрээлүүлж араасаа дагуулахуйц удирдагч. 

Ер нь улс орныг удирдах хүнд тавигдах шаардлага нийгмээс өөрөөс нь гарч ирдэг. Нийгмийн захиалгаар удирдагч төрдөг гэж болно. 

Өнөөгийн нийгэм, улс орны байдлаас харахад улс орныг удирдах төрийн жолоог атгах удирдагч нэн тэргүүнд эв нэгдлийг эрхэмлэх сэтгэлтэй байгаасай. 

Удирдагч хүн Нэгдүгээрт эв эеийг эрхэмлэгч, шударга ёсыг тогтоогч, улс орныхоо төлөө санаа нэгдэн ажиллах чадвартай байгаасай гэж бодож байна. Хоёрдугаарт, улс төр, эдийн засаг, нийгэм оюун санааны тусгаар байдлыг хадгалах мэдлэг, чадвар, туршлагатай удирдагч дутагдаж байна. Сүүлийн 30 жил эдийн засаг л ярьсан хирнээ өнөөдөр эдийн засгийн хувьд урд хөршөөс дэндүү хамааралтай болчихоод сууж байна. Эдийн засгаас илүүтэй нийгмийн оюун санааг анхаарахгүй бол болохгүй нь. 

Монгол үндэстний ой санамж, оюун санааны дархлаа сульдаж гүйцлээ. 

Үүх түүхийг маань үгүйсгэсэн гадны ямар ч суртал ухуулгыг хүлээгээд авахад бэлэн, үзэл бодол итгэл үнэмшлийн хувьд дэндүү харийг шүтсэн байдалтай болчихоод байна. Үнэндээ нийгмийн оюун санаа, үндэсний ой санамжийн дархан хил хязгаар хамгаалалтгүй болчихож. Гуравдугаарт, шинжлэх ухааныг хөгжүүлэх сэтгэлтэй хүн байгаасай гэж боддог. Хажуугийн хөрш улсууд шинжлэх ухаан технологийн асуудлыг онцгой анхаарч тусгайлсан яамд байгуулаад, төсвийг нь жилээс жилд ахиулаад л байна. Бид суралцахдаа суралцах ёстой.

Хувиа хичээгч буюу "индивидуалист" үзэл дэлхийд түгсэн ч “бусдын төлөө гэх” монголчуудын сэтгэл хадгалагдсаар байна 

Бидний нийгмийн хамгийн үнэ цэнэтэй зүйл нь юу байна вэ? Үнэ цэнийг хамгаалж хадгалдаг зүйл үү? Хөгжүүлж дэлгэрүүлдэг юм уу? 


Нийгмийн үнэт зүйл гэдэг бол тухайн нийгмийн оюун санааны луужин. 

Хүн бүр амьдралдаа мөрдлөг болговол зохих итгэл үнэмшил, эрхэмлэлийг энэ луужин илэрхийлж бас чиглүүлж байдаг. Нэг талаас социалист дэглэмтэй харьцуулбал ардчилсан нийгэмд бид өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон. Нөгөө талаас өнөөдөр ахуй амьдарлын хувьд хөрөнгө чинээ, эрх ямба, нутаг усаараа хүмүүс ялгарч байна. Мөн  гадаад дотоодын суртал ухуулга, соёл урлаг, боловсрол, шашны нөлөө хүчтэй түрж орж ирсэн. Үр дүнд нь манай нийгмийн оюун санааны бүхэллэг чанар алдуурч байна. 

Өнөөдөр нийгмийн оюун санааны луужин чухам хаашаа зааж байна вэ гэдэг нь тодорхой биш болчихоод, юунд итгэж үнэмшихээ бид мэдэхээ болиод байгаа нь үнэн. 

Та Монголчуудын үнэт зүйлийн талаарх судалгааг гардан хийсэн судлаач. Судалгааны дүгнэлтээс товчхон сонирхуулаач? 

Нийгмийн үнэт зүйлээ тодорхой болгох, түүнийг нийгмийн харилцаанд хэвшүүлэхэд нэн тэргүүнд төр засаг шийдвэрлэх үүрэгтэй. Үүнд хууль журмын үзэл санаа, төрийн бодлогын агуулга мөн чанар, төрийн албаны нийгэмд үзүүлэх үлгэр дууриал гол нөлөөтэй. Ялангуяа соён гэгээрүүлэх, боловсрол олгох төрийн бодлого, үйл ажиллагаа их чухал. Энэ тал дээр манай хойд хөрш 30 жилийн ардчиллын замналдаа дүн шинжилгээ хийгээд төрийн бодлогодоо томоохон өөрчлөлт оруулж байгаа нь анзаарагдсан. Хоёрт, хэвлэл мэдээлэл, гуравт, монгол гэр бүл чухал үүрэг хүлээнэ. Тэгээд мэдээж иргэд та бид өдөр тутмын харилцаа хандлагаараа сайныг нь хадгалж, саарыг нь арилгаж засах замаар нийгмийн үнэт зүйлийг бэхжүүлж байдаг. 

Хувиа хичээх индивидуалист үзэл дэлхий нийтэд хүчтэй түгэн дэлгэрч байгаа энэ цаг үед монгол хүний мөс чанарыг илтгэсэн бусдын төлөө сэтгэл тавих өгөөмөр сэтгэл нь бас ч хадгалагдсаар байна. Гэхдээ дэлхий нийтийн чиг хандлага манай хот суурин газар амьдардаг хүмүүс, залуу үеийнхэнд хэдийнээ нөлөөлөөд эхэлснийг хэлэх хэрэгтэй. Бидний судалгаанаас нийгмийн бүлгүүдийн хооронд үнэт зүйлийн ялгарал ихсэж байгаа нь илэрхий харагддаг.

Улс төрчид бурхан байгаад ч биднийг сайхан амьдрахад тийм их нөлөөлөхгүй. Гол нь хувь хүний хөдөлмөр зүтгэл, ухамсар шүү дээ гэх хандлага гарч эхэлсэн. Үүнийг та юу гэж харж байна? 

Усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр хүний амьдрал хувь хүний өөрийн нь хүсэл зоригоос илүүтэй тухайн нийгмийн хууль журам, дэг жаягаас хамаарч байдаг. 

Хууль ямар байна бидний амьдрал тийм л байна. 

Нэг ТВ ээр, сэтгүүлч хүн хичээвэл санасандаа хүрэх боломжтой нийгэмд амьдарч байна, муу амьдарч байгаа бол өөрийнх нь муугийнх гэж ярьж байсан. Уг нь 30 жилийн турш өөрийн сонголтоор амьдрах эрхийг хувь хүнд олгосон нийгмийг байгуулж яваа. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр монголын хүн амын 30 хувь нь ядуу байна. Энэ олон хүн муудаа биш, харин амьдрах нөхцөл, боломж нь нэг л болохгүй байгаад биш гэж үү? Өнөөдөр арван жилээ онц төгсчихөөд ажил ч үгүй, сургууль ч үгүй гэртээ суугаа залуучууд олон байна. Хоёр гурван ажил зэрэг хийж арай гэж нэгийг нь сургаад, бусдыг нь чадахгүй үлдээчихээд өөрөө буруутай юм шиг шаналж яваа аав ээжүүд байна. 

Эмчилгээний төлбөргүй учир амьдрал нь үрэгдэж байгаа хүмүүс ч байна. 

Тэгэхээр хууль журманд маань хүнээ хамгаалж, хүнээ дэмжих санаа дутаад байгаа юм биш үү, үүнээс болоод ядуу амьдрах хувь заяатайгаа эвлэрсэн дараагийн үе гарч ирж байна уу гэж асуумаар санагддаг.

Аль ч ард түмэнд анзаарагддаг зүйл бол төрийн үйл ажиллагаандаа сэтгэл дундуур байдаг явдал. Энэ юутай холбоотой юм бол?

Төр минь түвшин, түмэн олон амгалан байг гэж төрөө дээдлэх ёс уламжлал цагийн аясаар их өөр болж байна. Энэ нь иргэдийн амьжиргаа, мэдлэг боловсрол, мэдээлэл авах боломж нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. Дээр нь улс төрд гарч байгаа ёс бус үйлдлүүд иргэдийг бухимдуулж байна. 

Аль ч улс оронд төр засаг Үндсэн хуулиараа иргэнийхээ тодорхой эрхийг хамгаалах, иргэндээ тодорхой дэмжлэгийг үзүүлэх үүргийг хүлээдэг. Энэ үүргээ ор нэр төдий эсвэл огт биелүүлэхгүй эсвэл бүүр иргэнийхээ эрхийг хаан боогдуулж байгаа бол иргэд сэтгэл дундуур байгаад зогсохгүй, өөрийн эрхээ хамгаалан дуугарахаас өөр аргагүй. Цаашид мэдээлэл авах боломж нэмэгдэхийн хэрээр иргэдийн зүгээс төр засагтаа шаардлага тавих нь улам ихсэх байх.

"Төрийн албаны үнэт зүйлсийн өөрчлөлт" судалгаа шинээрээ байна. Бас өөр улсын төрийн албан хаагчидтай харьцуулсан нь сонирхол татаад байгаа. Уг судалгаа манай төрийн албан хаагчдын талаар юу гэж дүгнэсэн нь сонин байна?  

Хамгийн сүүлд 2018 онд Удирдлагын академи дээр Төрийн албаны үнэт зүйлс, тулгамдаж буй асуудлууд сэдэвт судалгааг хийсэн.

Бид БНСУ-ын болон монголын төрийн албан хаагчдыг ижил асуулгаар харьцуулан судалсан. 

Ерөнхийдөө хоёр орны төрийн албаны системийн ялгааг маш тод харуулсан судалгааны үр дүн гарсан юм. Солонгосынхноос ялгаатай нь манай төрийн албан хаагчид улс орныхоо өмнө хариуцлагатай ажил албыг хашиж байгаагаараа илүү их бахархдаг, сайн сайхныг хийж бүтээхсэн гэсэн сэтгэл нь илүү, өөрийн мэдлэг чадвартай их итгэлтэй байдаг юм байна. Гэхдээ улс төрийн нөлөө их, төрийн албан хаагчийн цалин, нийгмийн хангамж маш бага, ажлын зохион байгуулалт оновчтой биш, байгууллагын удирдлага, манлайлалтай холбоотой олон асуудлын улмаас төрд ажиллахад өнөөдөр амаргүй байна гэж судалгаанд хамрагдсан албан хаагчид дүгнэсэн. Энд би нэг зүйлийг онцлон хэлье. Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг дээшлүүлье гэвэл эхлээд сая хэлсэн асуудлуудыг цэгцлэх, дээр нь хариуцлага, хяналтын тогтолцоогоо оновчтой болгох, хууль шүүх нь шударга ажилладаг болгох шаардлагатай. Тоймтой арга хэмжээ авахгүй бол олон албан хаагч ажлаа солиход бэлэн байна, төр мэдлэг туршлагатай боловсон хүчнээ алдахад ойрхон байна.

Төрийн албан хаагч бол иргэдэд үйлчлэх ёстой гэдэг, харин та төрийн албаны сүр хүч гэлээ?

Угаасаа төрийн албан хаагчид иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх үүрэгтэй хүмүүс. Харин албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, тэдний эрх ашгийг дээдэлж ажиллах шаардлагыг төрийн албан хаагчдад сүүлийн үед тавих болсон. Энэ бол харьцаа хандлага, ажлын арга барилын өөрчлөлтийн тухай асуудал.

Судалгаанд суурилсан “шийдэл” хийддэггүй 

Та бол судлаач. Орчин үед судалгаа гэдэг зүйл хэр үнэ цэнэтэй ойлголт вэ, судалгаа хийх шаардлага гэж юу вэ? Аливаа зүйлийн хөгжилд судалгаа ямар нөлөө үзүүлж болох вэ?

Хүн төрөлхтний мэдлэгийн сан жилээр биш сар өдрөөр шинэ мэдлэгээр баяжиж байгаа энэ цаг үед хэн мэдлэгийг хэрэглэж хөгжиж чадсан нь хожиж байна.

Бид судалгаанд суурилж, шинжлэх ухаанчаар хандаагүйн улмаас ямар боломжийг алдав? 

Гаргасан шийдвэрээ сар бололгүй өөрчилж буцах явдал ажиглагдах болсон. Хэрэв судалгаа шинжилгээгээр үр дүнтэй, өгөөжтэй нь батлагдсан юм бол шийдвэртээ тууштай байх хэрэгтэй. Саяхан Англи улс Европын Холбооноос гарлаа. 2016 оноос хойш дөрвөн жил ёстой монголчуудын хэлдгээр долоо хэмжиж нэг огтлоно гэгчээр олон дахин шүүн хэлэлцэж байж сая ажил хэрэг болгож байх шиг байна. Гэтэл манайх 2019 оны 11 сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, одоо 2020 оны тавдугаар сард хэрэгжүүлж эхлэнэ. Уг нь хуульд ганц үг өөрчлөхөд түүний үр дагавар хол тусдаг гэдгийг шийдвэр гаргагчид сайн мэдэж байгаа. 

Манайхан хууль журмаа өөрчлөх, хөгжлийн бодлого, ЗГ -ын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх гээд олон юман дээр дэндүү шуурхай.

Судалгаанд суурилж, шинжлэх ухаанчаар үнэн бодит байдлаа шинжиж, өөртөө тохирсон шийдэл гаргалгааг олох нь бодлого төлөвлөгөөг хийдэлгүй, хөрөнгө хүч тарамдахгүй байж, ядаж нийгэмд итгэлцэл бий болгох боломж бүрдэнэ. Төр засгийн шийдэл нь хийдэлгүй болно. 

Хамгийн их судалгаа хэрэгтэй салбар юу вэ? Судалгааг хэрхэн үр дүнтэй ашиглах ёстой юм бол? 

Бизнес, төр засаг, нийгэм гээд бүх салбарт судалгаа чухал. Нэн тэргүүнд хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болохын тулд үйлдвэрлэл, технологийг хөгжүүлэх судалгаа шинжилгээ хэрэгтэй байна. Ялангуяа орчин цагийн хөгжилд нийцэж очихын тулд шинжлэх ухааны амжилтад тулгуурласан баялаг бүтээх судалгаа шинжилгээ түлхүү хэрэгтэй байна.

Бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр