2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

Доктор З.Ганчимэг: Хэл сурахад “чадах болов уу” гэх сөрөг бодол, айдсаа дэвслэн хаях хэрэгтэй

— Н.Дуламсүрэн   2019 оны 05 сарын 27

Англи хэлний академийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор З.Ганчимэг манай зочноор уригдлаа. 20 гаруй жил их сургуульд багшилж, олон мянган шавьтай болсон тэрээр 2005 онд тус академийг байгуулжээ. Мөн 90 гаруй жилийн түүхтэй “Тоастмастерс” олон улсын байгууллагыг Монголд оруулж ирэн залууст англиар ярих, илтгэх, манлайллын чадварт суралцах үүд хаалгыг нээж байна. З.Ганчимэг багшийн санаачилга, хөдөлмөрийг үнэлэн 142 оронд салбартай тус байгууллага Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаа түүнд хүртээсэн юм.

Англи Хэлний Академи хүүхдийн зуны сургалтандаа бүртгэж байгаа юм байна. "Англи хэлний брэнд хөтөлбөр" гэж тодотгосны учир юу вэ? 

-Монгол мэргэжлийн багш нар монгол хүүхдийнхээ нас, сэтгэхүй, соёл, уламжлалын онцлогийг тусгасан орчин үеийн заах арга зүйн ололт амжилтанд тулгуурласан тийм л брэнд сургалтын хөтөлбөрүүд боловсруулах их үйлст ханцуй шамлан ороод нилээн хэдэн жилийг ардаа орхилоо. Англи хэлний академийн босгоор орж ирсэн хүүхэд бүр бидний хувьд нэгэн шинэ судалгааны ажил, хэл сурах авъяасыг нь нээх илрүүлэх  томоохон даалгавар гэж хэлж болно. Хэлний сургалт бол зүгээр нэг поток лекц уншаад гарахтай огт адилгүй. 30-аад хүүхэд нэг ангид ар араас нь шил шилийг нь харуулж суулгаад, дэлгэц дээр бэлдсэн презентаци үзүүлээд сургана гэдэг боломжгүй. Гадаад болон дотоод маш олон хүчин зүйлээс хамааралтай нарийн практик үйл явц юм. Хүүхэд бүртэй нэгбүрчлэн  тулж ажиллах, хүүхэд бүрийн ижий аав, эмээ өвөөтэй нь холбогдох  амин харилцаа юм. Тэгэхээр бидний сургалтын хөтөлбөр анги тус бүр, хүүхэд бүрийн хувийн онцлогийг харгалзан үзэж тухай бүр шинэчлэгдэж байдаг. 

Jolly kids буюу 6-13 насны хүүхдэд зориулсан англи хэлний брэнд сургалтын захиалагч нь миний бага хүү юм. Бүр багаасаа телевизээр англи дээр хүүхэлдэйн кино үздэг, даган дуурайж хэлдэг хүү маань нэгдүгээр ангид байхдаа нэг өглөө “Ээж ээ, би англи хэл маш сайн сурмаар байна. Та надад “зөөлөн” сайн багш олж өгөөч” гэж гуйсан юм. Ингэж “насаараа” л Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилсан, дандаа оюутнууд, насанд хүрсэн хүмүүстэй ажиллаж байсан хүн чинь өөрийн эрхгүй хүүхдийн сургалт руу татагдан орсон. Англи хэлний академийн багш нартайгаа сайтар ярилцаж, судалсны эцэст энэхүү хөтөлбөрөө боловсруулсан юм. Jolly Kids гэдэг нэр эцэг эхчүүдэд танил сонсогддог болж байгаа.  

Хүүхдийн баруун тархийг хөгжүүлэх хэлбэрээр, хөдөлгөөнтэй, дуутай, аз жаргалтай хичээл гэхээр их сонирхол татлаа?

-Jolly Kids сургалтын маань гол зорилго нь хүүхдийг англиар зөв уншиж, ярьж сургах, мөн англи хэл сурах хүсэл чин эрмэлзлэлийг бий болгоход оршдог. Уламжлалт сургалтын аргаас эрс ялгаатай. Жишээ нь, манай эхний хичээл S,A,T, P гэсэн 4 үсгийн авиа тус бүрийг заахаас эхэлдэг. Англи хэлний 26 үсгийг 46 өөр авиагаар 256 янзаар дууддаг бөгөөд энэхүү авиа тус бүрийг судалсны үндсэн дээр хүүхэд ямар ч англи үгийг төвөггүй зөв уншиж сурдаг. Тухайлбал, igh-night. Хүүхдүүд маань зөвхөн үсгээр нь холбож унших гэвэл night гэдэг үгийг зөв уншиж чадахгүй шүү дээ. Монгол хэлэнд байхгүй th шүдний авиаг гэхэд хүүхдүүд дор нь зөв дуудаж сурдаг. Зөв дуудлага гэдэг маань цэвэрхэн дуудлагыг хэлнэ. Хичээл эхлэхээс дуусах хүртэл багш нар маань огт монголоор ярьдаггүй, бүр хичээлээ англиар заадаг. 

Ер нь хүүхэд дуулж, бүжиглэж хөдөлгөөнтэй, хөгжилтэй орчинд илүү их зүйлийг сурдаг учраас баруун тархи хөгжүүлэхийн тулд зураг зуруулж, дуу бүжгийн хөдөлгөөний хамтаар заадаг. Өдөр бүр ямар хичээл орсон, хүүхдүүд маань хэрхэн оролцсон, ямар даалгавар хийх талаар эцэг эхчүүдийн фэйсбүүк группт багш нар нь үргэлж бичиж байдаг. Багш, хүүхэд, эцэг эх гэсэн гурвалсан холбоон дээр сургалтын маань амжилтын үндэс бий болдог гэж боддог. Манай Jolly Kids анхны бяцхан шавь нар Англи хэлний олипиадуудад амжилттай оролцож, алт мөнгөн медалийн эзэд болж, олны өмнө гарч илтгэл хүртэл англиар тавьж байна. 

Ер нь хүүхдийг хэдэн наснаас нь хэл сургах хамгийн тохиромжтой юм бэ? Бага ангид нь эх хэлийг нь сайн сургах чухал гэж үзэх хүмүүс ч бий? 

-Монгол ахуй, монгол хүүхдүүдийнхээ дунд өсч бойжиж байгаа хүүхдэд эх хэлний дархлаа тогтож байгаа нь жам ёсны зүйл юм. Харин монгол сэтгэхүй, ёс заншил, эх оронч үзлийг зөв төлөвшүүлэх нь гэр бүлийн хүмүүжил, томчууд биднээс их шалтгаална. Дэлхийн эрдэмтэд хүүхдэд аль болох багаас нь гадаад хэл, хөгжмийн боловсрол олгож, баруун тархи хөгжүүлэх төрөл бүрийн сургалтанд хамруулснаар хүүхдийн сэтгэн бодох чадвар, ухаан задрахад асар их холбогдолтой болохыг олон жилийн судалгааны үр дүнд батлаад байна. Багаас нь зөв суурийг нь тавьж өгвөл оюуны том хөрөнгө оруулалт шүү дээ. Манай эцэг эхчүүд нэгийг тунгаах буй заа. 

Өсвөр насныхны Jolly Teens сургалтын онцлог юу вэ? 

-Англи хэлний академи 2014 оны 09 сарын 01-нээс өнөөг хүртэл “Оюуны Тулга” бүрэн дунд сургуулийн 1-12 ангийн бүх англи хэлний хичээлийг хариуцсан хөтөлбөрийн аутсорсингийн үйлчилгээг  Монголдоо анх удаа амжилттай хэрэгжүүлж байна. Jolly Teens брэнд хөтөлбөрөө боловсруулан, сургалтанд нэвтрүүлээд 3 жил болж байна. Монгол өсвөр насны хүүхдийн хүсэл сонирхол, гадаад хэл сурч эхэлсэн туршлага, өмнө нь заалгаж байсан багш нарын арга барил, ирээдүйд эзэмших мэргэжлийн чиг баримжаа, цаашид суралцах их сургуулийн элсэлтийн шаардлага гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж боловсруулсан хөтөлбөр юм. 

Хамгийн түрүүнд өсвөр үеийнхнийг өөртөө илтгэлтэй, бусдыг хүндэтгэн, бие биенээ дэмждэг өөдрөг үзэлтэй хувь хүн болон төлөвшихэд нь англи хэлний сургалтын агуулгаараа дамжуулан хувь нэмрээ оруулах гол зорилгыг өвөрлөсөн. Манай ихэнхи ЕБС-д англи хэлний хичээл голдуу  дүрэм зааж, орчуулга хийх маягаар явагддаг учраас хамгийн түрүүнд өсвөр насныхны ярианы чадварыг сайжруулах тусгай хөтөлбөр, бодит үр дүнд хүрэх амжилтын сэтгэл зүй, өсвөр насны онцлогт тохирсон үр дүртэй заах арга зүй, урамшууллын тогтолцоог ашигладаг.Үр дүнгийн хяналтын байнгын тогтолцоо, багш-хүүхэд-эцэг эхийн уялдаат хамтын ажиллагаан дээр тулгуурладаг.

Багаар ажиллах даалгавар, Олон улсын Тоастмастерс Интернэшнл байгууллагын “Залуу манлайлагч” гэдэг өсвөр үеийнхэнд зориулсан харилцааны болон манлайллын чадвар хөгжүүлэх хөтөлбөрийг мөн багтаадаг юм. Манай шавь нараас 12 дугаар ангиа IELTS шалгалтын чамлахааргүй өндөр оноотой төгсгөж байгаа шүү.

Эцэг эх,  багш, хүүхдийн хоорондох уялдаа чухал байх. Эцэг эхчүүдийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй санагддаг вэ?

-Эцэг эхийн дэм тус асар их. Цэцгээр зүйрлэвэл бид үрийг нь хөрсөнд суулгаж, эцэг эх нь усалж тордон, хүүхэд байгаль дэлхийн гайхамшиг мэт өөрөө урган цэцэглэдэг гэсэн үг. Саяхан манайд нэг инээдтэй явдал болоод. Манай Jolly Kids сурдаг орос 3-р сургуулийн нэг бондгор хөөрхөн хүү байдаг юм. Тэгсэн Соко багш нь эцэг эхийн фэйсбүүк группт ярьж байгааг нь live бичлэг хийх гэсэн чинь багшдаа Битгий, битгий гээд цааргалаад байхаар нь “Яасан бэ” гэсэн чинь “Ээж миний ярихийг сонсоод шоолоод байдаг юм” гэсэн гэнэ. Би ч тэрнийг нь сонсов уу үгүй юу ээжийг нь ирэхээр “Яагаад сайн ярьж байгаа хүүхдийг минь шоолоод байгаа юм. Ёстой болохгүй шүү” гэлээ. Ээж нь “Харин би огт шоолоогүй, хөөрхөн бондойчоод яриад байхаар нь өхөөрдөөд л инээсэн юм” гэдэг байгаа даа. Эцэг эх, эмээ өвөөгийн тус их бий дээ. Саяхан зуны сургалтанд нэг хүүгийн эмээ нь тэтгэврийн мөнгөө буухаар ач хүүгийнхээ төлбөрийг хийхээр ирсэн. "Миний амины  хүү юм байгаа юм. Сайн англи хэлтэй болгох гэсэн юм" гээд ирсэн эмээ ач хоёрыг харахаар хайр хүрэм. Тэгэхээр бидний сургах гэж өөрөөр хэлбэл ургуулах гэж цэцэглүүлэх гэж хичээж байгаа цэцэгнүүдийг усалж торддог нь гэр бүлийнхэн нь юм шүү дээ. Хамтын ажиллагаа амин чухал. 

                  Мөрөөдлөө нүдэндээ биелэл болгон харж чаддаг шавь нар амжилтанд хурдан хүрдэг

Сурах арга барилын хувьд хүмүүс янз бүр. Хамгийн өгөөжтэй арга барил гэвэл юуг онцлох вэ?

-Сурсан зүйлээ бусдад заах, бусадтай харилцах, шууд хэрэглээнд оруулах, бага ч гэсэн ахиц дэвшилд өөрийгөө болон бусдыгаа урамшуулах. Энэ нь маш чухал. Мөн өөрийнхөө сурах арга барил, онцлогийг сайтар харгалзан үзэх. Зарим хүмүүс ганцаараа тайван сууж хичээллэхийг илүүд үзэх нь бий. Гэхдээ хэл бол харилцааны хэрэглүүр гэдгийг л үргэлж санаж явах нь чухал. Миний хувьд, онцгой тохиолдолд л биш бол VIP ганцаарчилсан сургалт авахыг тэр бүр таашаадаггүй. Хамтдаа багаар ажиллаж байж хурдан үр дүнд хүрдэг гэж туршлагаасаа олж харсан. 

Сураад л байдаг хэрнээ үр дүн муутай, сайн ярьж сурахгүй хэвээр байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? 

-Сэтгэл зүйн “Яана аа, чадах болов уу” гэдэг тэр сөрөг бодол, айдсыг дэвслэн хаях хэрэгтэй. Биеэ чагнаж, бусад хүмүүс юу гэх бол гэдэг өчүүхэн бодол цаг хугацаа өнгөрөх тусам мангас мэт томорч таны өөртөө итгэл итгэлийг үгүй хийхэд хүргэдэг. Дэлхий дээр тэрбум хүн ярьж болоод байгаа юм чинь та ч гэсэн адилхан чадна шүү дээ. Зүгээр л ярь, алдах нь хамаагүй хүмүүс шоолох нь хамаагүй ярь. Ярьж байж л сурна. Ярихгүй, харилцахгүй бол хэл сурах ямар хэрэг байна вэ? 

Гадны сургуулиудад тэтгэлэг авч мөрөөдлөө биелүүлсэн олон шавь нараасаа та урам зориг авдаг гэсэн. Хөдөлмөр, хөлс хүчээ гарган хэлийг сурч чадсан тэдгээр хүмүүст ямар нийтлэг давуу тал байдаг вэ?

-Англи хэлний академи заримдаа гүүр мэт санагдах нь бий. Хамгийн түрүүнд мөрөөлдөө чин үнэнч, зорилгодоо хүрэхийн төлөө мятаршгүй, нөр их хөдөлмөрч залуус. Тэд эерэг хандлагатай, бусдадаа тусалж байж өөрөө сайжирдаг гэдгийг ухамсарласан байдаг. Нүдэндээ мөрөөдлөө биелэл болгож харж чадаж байгаа хүн чинь ямар ч өвлийн хүйтэнд хичээлдээ зориод л ирнэ, даалгавраа яаж ч ядарч байсан амжуулаад л хийнэ, яаж ч завгүй байсан Тоастмастерсийн хуралдаа ирж илтгэлээ тавьдаг л байхгүй юу. Хамгийн түрүүнд тэр мөрөөдөлдөө хүрэх гал халуун хүсэл эрмэлзлэл хүнд дундаршгүй их хүчийг өгдөг юм байна гэдгийг маш сайн ойлгосон.

Хэрэглээ, орчин байхгүй болохоор сурч мэдсэнээ мартагнах тохиолдол олон. “Тоастмастерс” клуб харин англи хэлээ байнга хэрэглэх боломжийг олгож байгаа юм байна. Дэлхийн сүлжээг анх монголд оруулж ирж байсан үетэй харьцуулахад клубт явснаар чадвараа сайжруулсан сайхан жишээнүүдээс хуваалцана уу? 

-Тоастмастерс бол үнэхээр дэлхийн даяар хүлээн зөвшөөрөгдсөн 90 гаруй жилийн түүхтэй 142 оронд 345000 гаруй гишүүнтэй маш сайн харилцагч, манлайлагч нарыг бэлддэг боловсролын байгууллага шүү дээ. AT&T, Bank of America, Chevron, eBay, Google, Microsoft гэх мэт байгууллагууд Тоастмастерсийн клубыг дэргэдээ байгуулж, ажилтнуудаа манлайллын болон харилцааны чадварт сургаж, улмаар ажлын байран дахь бүтээмжийг эрс сайжруулж буй туршлага байна. Монгол Улсад анх 2010 онд Тоастмастерс Монгол Үндэсний Байгууллага үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Эрдэнэт УБҮ, MCS APB Brewery, Англи хэлний академи, Wagner Asia, Онцгой Байдлын Ерөнхий газар зэрэг байгууллагууд дээр клубууд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. 

Монголчуудын хувьд “нэг сумаар хоёр туулай буудна” гэдэг шиг Тоастмастерсийн гишүүн болсноор харилцаа, манлайллын чадварт бодитоор суралцангаа, англи хэлээ сайжруулах бүрэн боломжийг нээж өгөөд байгаа юм. Эхний хуралд суухад бусдыг хараад ямар мундаг юм бэ хэмээн индэр дээр гарч ярихаас айж байсан хүн 5-6 удаа тасралтгүй хуралд идэвхитэй оролцоход өөрийн эрхгүй чих нь онгойж, ярьж эхэлдэг юм аа. Байгууллага, сургууль болгон дээр Тоастмастерсийн клуб байгуулагдаасай хэмээн бид чадлаараа бусдад үр шимийг тайлбарлан таниулж явна. 

 Та танин мэдэхүйн хэл шинжлэл сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм байна. Сургалтандаа ч энэ мэдлэгээ ашигладаг гэсэн. Таны судалгааны ажлын гол агуулга , өгөөж нь юу вэ?

-Хүн ер нь ямарваа нэгэн зүйлийг огт санамсаргүй хийдэггүй юм шиг надад санагддаг. Би чинь яалт ч үгүй Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн бүтээгдэхүүн, Монголын бүтээгдэхүүн. Бакалаврын дипломын ажил, магистрын ажил, улмаар 2003 онд 28 настайдаа хамгаалсан докторын ажлын сэдвүүд хоорондоо салшгүй холбоотой байсан. Миний докторын ажлын сэдэв “Шинжлэх ухааны хялбаршуулсан дискурсыг когнитив хэл шинжлэлийн үүднээс зэрэгцүүлэн судлах нь /Англи, монгол, орос хэлний хэрэглэгдэхүүн дээр/ ”. 

Монголын хэл шинжлэлийн ухааны сор болсон эрдэмтдийн удирдлага дор судалгааны ажлаа бичсэн маань хожим нь энэ одоогийн боловсруулж буй хөтөлбөрүүдийн онолын суурь болсон гэж талархан явдаг. Танин мэдэхүйн  онол, мета когнитив, пара хэл шинжлэл, нейро хэл шинжлэл, баруун зүүн тархины үйл ажиллагаа, дискурсын онол, мэдлэгийн онол, типологи, төрөл бус хэлний зэрэгцүүлсэн судалгаа гээд л тэр бүх онолын мэдлэг нь эргээд амьдрал дээр практик болгон буулгах бат суурь болж байгаа юм шүү дээ. Онолын нэр томъёо ашиглахаас гэхээсээ, харин ч бидний зааж буй зүйл хэн бүхэнд ойлгомжтой, шууд хэрэглэхэд хэрхэн хялбар болгох вэ хэмээн толгойгоо ажиллуулж сууна даа. Бид модал үйл үгийг баймж үйл үг гэдэг юм, эсвэл энэ чинь Төгс Одоо Энгийн цаг шүү гэж заагаад амжилтанд хүрэхгүй. Харин насанд хүрсэн монгол хүнд хэл зүйн дүрмийн ой тойнд бат үлдэхээр хэрхэн энгийнээр ойлгуулж, сэтгэлгээний ялгааг таниулж, улмаар зөв хэрэглээнд оруулах вэ гэдэг чинь л асуудал шүү дээ. 13 наснаас өмнө бол хүүхдэд англи хэл заах арга бол шал ондоо зүйл. Багш сайн байгаад, орчин нь зөв байхад хүүхэд автоматаар бүгдийг өөртөө яг нь Спонж боб парлон шиг шингээгээд л авчихна. Гайхамшигтай. 

Танай хаалгаар сурахаар орж ирэхэд нь тухайн хүнд “чадна” гэсэн итгэл, сайхан уур амьсгалыг бүрдүүлж, дарамтгүйгээр хэлийг сурах тийм гэгээн орчинг та яах аргагүй бүрдүүлж чаддаг. Ийм эерэг мэдрэмжийг хүмүүст өгдөг багш хүнээс сонирхож асуухад та өөрөө юунаас амьдралын эрч хүч авдаг вэ? 

-Урмын үг хэлсэнд гялайлаа. Аливаа байгууллагад өөрийн гэсэн онцлог уур амьсгал, соёл гэж байдаг. Англи хэлний академи дээр аль болох эерэг, бие биенээ дэмжсэн, сайн сайханд уриалан дуудсан тийм л орчинг бүрдүүлэх гэж хичээдэг. Хүн гэдэг угаасаа сэтгэлийн амьтан. Хэн чамайг хайрлаж, хүндэлж, хэн чамаар дутаж байна тэнд л очихийг, тэнд л байхыг хүсдэг шүү дээ. Миний хувьд ижийгийн минь оронд ижий болсон, үргэлж дэргэд байж өмөг түшиг болсон сайхан хань, хоёр хөөрхөн хүү, надтай адилхан чин сэтгэлээсээ Монголын олон олон хүүхэд залуусыг эх орондоо маш сайн англи хэлний боловсролтой болгохын төлөө ажиллаж байгаа үйлс нэгт багш нар минь, өдөр ирэх бүр өөртөө итгэлтэй болж, мэрийн суралцаж байгаа шавь нар, ер нь тэгээд намайг хүрээлж байгаа бүхий л сайхан сэтгэлт хүмүүсээс эрч хүч авдаг даа. Заавал таньдаг байх ч албагүй сошиэл ертөнцөнд ч гэсэн огт танихгүй атлаа бусдад эрч хүч, ухаарал хайрлаж гайхамшигтай хүмүүс их бий.  Өглөө бүр ургах улаан нарандаа "Зөв бодуулж, зөв яриулж, зөв хүмүүстэй уулзуулж, зөв явуулж хайрла” хэмээн залбирдаг даа.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө