Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж дуусгаад байна.
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөрийн (2026.05.05) хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгаад байгаа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хууль, тогтоолын төслүүдийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар хийлээ.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан асуулт асууж, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төв нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх байгууллага болон био банкнаас тусдаа болох тухай тодруулсан бол Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн зүйл, заалт бүрээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй.
Иймд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат горимын санал гаргаж, тогтоолын болон хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтруулан явуулах нь зүйтэй гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77