Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Баярбаатар, Б.Батбаатар, Н.Номтойбаяр, Э.Болормаа, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Ж.Золжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Алтангэрэл, О.Номинчимэг, Ц.Сандаг-Очир, нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Нэр дэвшигч Г.Занданшатар, УИХ Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана. Гэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноороо хамтардаг юм биш. Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн намууд, УИХ-ын гишүүд улсынхаа төлөө нэгдэж хамтарч ажиллаж, буруу зүйлийг шүүмжилдэг байх ёстой гэлээ.
Мөн тэрбээр төрийн алба цомхон, чадварлаг, давхардал, хийдэлгүй байх шинэчлэлийг бүхэлд нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллана. Төрийн албанд үр ашгийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээгээд, энэ нь улс төрийн болон нийгэм, эдийн засгийн зорилт, чиглэл хандлагатай нийцэх ёстой гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, экспорт буурч, төсвийн зарлага нэмэгдсэн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байгаа энэ үед шинэчлэл хийх сайн боловсон хүчнийг сонгож ажиллахыг чухалчилж буйгаа илэрхийлсэн. Мөн иргэдэд дарамт болж буй татварын тогтолцоог шинэчилж, иргэдийн амьдралд ээлтэй, эдийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг хүссэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, нийгэм, эдийн засгийн системийн өөрчлөлтийг төрийн өмчит компаниудын өөрчлөлтөөр эхлүүлэх нь зүйтэй гэсэн бол, УИХ-ын гишүүн Э.Болормаа, төрийн албаны шинэчлэлийг Засгийн газрын бүрэлдэхүүнээс эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг 34 дэх Ерөнхий сайдаар томилох эсэхийг эцэслэн шийдэхээр хэлэлцэж байна.