2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ЭМЧИЙН ӨРӨӨ

Эрүүл ээжийн чанартай сүү бол хамгийн сайн дархлааны хамгаалалт

— Ч. Баяржаргал   2021 оны 05 сарын 18

Жирэмсэн ээж болон нярай ханиад хүрэх үед эмнэлэгт очих, эм уухаас урьтаж ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр Хүүхдийн их эмч, АУ-ны магистр Б.Энхмаатай ярилцлаа.Жирэмсэн эмэгтэй ханиад хүрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Ханиад томуу гэдэг дотроо хоёр янз. Ханиад нь амьсгалын замын энгийн өвчнүүдийг үүсгэдэг бөгөөд өөрөө аяндаа эдгэчихдэг ч тал бий. Харин томуу, томуу төст өвчний тухайд бүх нийтийг хамарч дэгддэг, хоруу чанар ихтэй. Гэвч аль аль нь адилхан вирусээр үүсгэгддэг. 

Нэгэнт халдварт өвчин учраас нууц үе, эхлэх үе, дуусах үетэй. Өнөөдрийн энэ ханиад томуу яг сонгодог хэлбэрийн томуу байхаа больчихсон. Үүнд Улаанбаатарын агаарын бохирдол, хүмүүсийн дархлаа муу байгаа нь нөлөөлж байна. Жирэмсний үед дархлаа сулардаг учраас ханиад хүрэх магадлал тэр хэрээр өндөр байдаг. Би зарим өвчинд тэр дундаа ханиад хүрэхээс сэргийлэх уламжлалт монгол эмчилгээг зөвлөмөөр байна. Ханиад томуунаас сэргийлэхийн тулд ганга өвсийг ашиглах боломжтой. Бүх өвчнийг антибиотикаар эмчлэх гээд байгаа нь буруу. Антибиотикоос аль болох татгалзах хэрэгтэй.

Ганга өвсийг ханиаданд хэрэглэх хамгийн энгийн арга нь өвсөө усанд хийж буцалган хандлаад, гэртээ уугиулах явдал. Дараа нь гаднаас гэртээ орж ирэхдээ ам хамраа зайлах хэрэгтэй. Ингэснээр дархлаа сайжирдаг. Ганга өвснөөс гадна сода, давсны уусмалыг гэрийн нөхцөлд бэлтгээд хоолой амаа зайлж, хамраа угаагаарай. 200 грамм усанд нэг халбага сода, эсвэл бага зэрэг жамц давс хийж хэрэглэж болно.

Дархлаа бол хүний биед гаднаас орж ирсэн дайснуудтай тулалдах зорилготой таны албат цэргүүд. Энэ цэргүүдийн тоо буюу дархлааны эсүүд хэчнээн олон тоотой байна, төдий чинээ таны биеийн эсэргүүцэл сайн байна гэсэн үг. Хүүхэд ханиад хүрчихээд халуурдаг нь тэр цэргүүд гаднын вирусийг эсэргүүцэж байгаа хэрэг. Иймээс дархлаагаа сайн байлгах нь нэн тэргүүний зорилго юм.

Халуурсан үед халууныг яаж буулгах вэ? 

Ханиадны вирус хоёрхон зүйлд үхдэг. Эхнийх нь халууныг тэсвэрлэдэггүй. Тиймээс ханиад хүрсэн хүүхэд өөрөө тэсвэрлэж чадаж л байвал халууныг нь хүчээр буулгах гэж яараад хэрэггүй гэж зөвлөе. Хэт өндөр халуураагүй л бол дайсныг эсэргүүцэж байгаа цэргүүдээ битгий тулааны талбараас яаран буцааж татаарай. 37-38,5 хэмийн халуун бол байж болох зүйл. Харин ханиад хүрсэн том хүний хувьд халуурахгүй байх тусмаа сайн. 

Хоёр дахь нь шингэн сайн уулгах. Эмийн эмчилгээний хувьд хамгийн энгийнээс эхлэх буюу Витамин С ууж болно. Үрэвслийн эсрэг, антиоксидант хэлбэрийн үйлчилгээтэй, хүний биеэс чийг нойтныг хөөдөг. Хойноос нь кальци хлорид хэрэглэж болно. Кальци хлорид бас чийгийг хөөх үйлчилгээтэй гэж үздэг.

Монголчууд ханиадыг чийг нойтон буюу дотор халуунтай хүн гаднын хүйтэн салхи авснаас болж үүсдэг гэдэг. Тиймээс гаднын хүйтэн салхийг халуун шөл, халуун уур зэргээр хөөгөөрэй. Хүндэрсэн тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ болох эмнэлэгт хандаж тусламж авах хэрэгтэй. 

Жирэмсэн ээжүүд маань ханиадаа хүндрүүлж, удаан хугацаанд ханиадтай яваад байвал урагт болон өөрийнх нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

Жирэмсэн үеийн өвчин урагт шууд нөлөөлөх талтай байдаг. Жирэмсний эхний саруудад өвчлөөд, ханиад хүрээд байвал ямар нэгэн ургийн гажиг, өсөлтгүй жирэмслэлт болох, дотор эд эрхтэн, ургийн хөгжил удаашрах, төрөлхийн дархлаа султай хүүхэд төрөх, ураг бүтэх гэх мэт олон хүндрэлүүд гарч болзошгүй. Тиймээс мэргэжлийн эмчийнхээ хяналтанд тогтмол явах ёстой.

Нярай хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

- Эцэг эхчүүдэд хүүхдээ яаж ханиад хүргэхгүй байх вэ гэдэг тал дээр нь илүү зөвлөмөөр байна. Нярай хүүхэд хөхний сүүгээрээ дархлааны таван чухал уургаа авдаг. Энэ уураг нь эхийн хөхөөр зургаан сар хүртэл нь хангалттай ирдэг. Гэхдээ эрүүл ээжээс. Сүүлийн жилүүдэд дөнгөж сар гарантай байхдаа ханиад хүрчихлээ, хатгалгаа болчихлоо гэх тохиолдол ихэссэн. Энэ нь ээжийн хөхний сүүний найрлага ямар байгаатай холбоотой. Ээж өөрөө эрүүл байж, сүү нь чанартай байвал хүүхэд ханиад хүргэхгүй, халдварт өвчин тусахгүй байх хамгийн сайн урьдчилан сэргийлэлт юм.  

- Дараагийн нэг зүйл нь манай улс маш хуурай уур амьсгалтай. Тиймээс хөхүүлэхээс гадна ус уулгах хэрэгтэй. Хүүхдийн ягаан дэвтэр дээр зургаан сар хүртэл нь ус битгий уулга гэсэн байдаг. Энэ бол ДЭМБ-ийн зөвлөмж болохоос тушаал биш. Харин манай улсад ус хэрэглэхгүй байж болохгүй. Ус бага хэрэглэснээс болоод цус маш өтгөнтэй байна. Өтгөн цустай ээж, нярай маш их болсон. Өтгөн цустай байх нь нэг газраа очоод бөглөрөх бохирдох эрсдэлтэй. Тиймээс хүүхдийнхээ болон өөрийнхөө цусыг өтгөрүүлж болохгүй. Ус уулгаж байх ёстой. Усаа уулгахдаа аль болох зөв бүтэцтэй ус уух хэрэгтэй. Мөн ширгээсэн ус уулгаж болно. Өглөө бүр ус уулгаад 10 минутын дараа сүүг нь өгөөд байвал хүүхдийн өтгөн хатахгүйгээс гадна олон сайн талтай.

- Бас нэг зүйл бол хүүхдэдээ тохирох тунгаар витамин Д тогтмол уулгах ёстой. Ялангуяа өвлийн улиралд рахитад орохоос нь өмнө урьдчилан сэргийлэх тунгаар уулгаж байх хэрэгтэй. Хэрэв рахитад орсон бол эмчид үзүүлж эмчилгээний тунгаар уулгах ёстой. Эцэг эхчүүдийн нэг алдаа нь хүүхэд нь хэдийн рахиттай болчихсон, толгой нь хөлөрч нойтон болдог, өвддөг, гэдэс нь дүүрч байхад урьдчилан сэргийлэх тунгаар нь л уулгаад байдаг. Заавал эмчид үзүүлж, эмчилгээний тунгаар өгөх ёстой гэдгийг сануулъя. Зөв тунгаар уулгах нь уушгины өвчин, ханиад томуу хүрэхгүй байх , хүрсэн ч хурдан эдгэрэхэд тустай. 

Ямар тохиолдолд хүндрэл гэж үзэн эмнэлэгт хандах вэ?

Вирус тодорхой үечлэлээр өөрөө эдгэрээд дуусдаг гэж дээр хэлсэн. Яагаад хүндрээд байна гэхээр халдвар нь вирусээр эхлээд дараа нь бактери болдогтой холбоотой. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс бараг бүгдээрээ бронхиттэй, уушгиндаа цэр нойтонтой явж байдаг учраас ханиад хүрэхээр хүндрээд байдаг. Ийм үед антибиотикийг эмчийн хяналт зааврын дагуу хэрэглэх шаардлагатай болдог. Дур мэдэн антибиотик эмчилгээ хийж болохгүй.

Бие чинь өвдөөд байвал хоолоо соль, амьдралыхаа хэвшлийг соль бүр болохгүй бол эм уу гэдэг. Гэтэл одоо хүмүүс юуны түрүүнд эм тариа хэрэглэх гээд байна. Эхлээд хоолоо тохируулж идэх, стрессгүй байх гэх мэт энгийн хэвшлүүдийг амьдралдаа бий болгох хэрэгтэй. 

Жирэмсний сүүлийн үеийн хордлоготой ээж нарын хувьд анхаарах зүйл нь бөөрний ачаалал ихэссэнтэй холбоотой сүүлийн саруудад хавагнах, таталт өгөх, даралт ихсэх өөрчлөлтүүд гардаг учраас ийм ээж нар аль болох ханиадаар өвдөхгүйг хичээх хэрэгтэй.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26