2025/07/18. Баасан гараг Дугаар: #3438

ЭМЧИЙН ӨРӨӨ

Г.Анхболд: Сэтгэц нөлөөт эм бодис хэрэглэсний улмаас уушгины цочмог гэмтэл, амьсгалын дутагдалд орох тохиолдол нэмэгдэж байна

— Ч.Баяржаргал   2024 оны 08 сарын 30

Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний улмаас залуучууд уушгины үжил болж хүндэрч ирэх, амь нас нь эрсдэлд орох тохиолдол нэмэгдэх болсон байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Уушги, харшил судлалын төвийн уушги, харшлын их эмч Г.Анхболдоос тодрууллаа. 

Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ жил тутам нэмэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж анхааруулдаг. Энэ төрлийн эм бодис нь зөвхөн сэтгэцэд нөлөөлж донтолт үүсгээд зогсохгүй бие махбодод маш хор хөнөөлтэй. Сэтгэц нөлөөт эм бодисыг залуучууд дур мэдэн хэрэглэж, судсаар тарьсны улмаас цусны халдвар авч үжил үүссэн байдал нэмэгдэж байна. 

Учир нь хүний биеийн арьсны гадаргуу, бохир орчинд MRSA буюу антибиотикт тэсвэртэй бүлгийн стафилококк ауреус бактерийн халдвар байдаг. Халдвар хамгааллын дэглэмгүй бохир орчинд өөрөө дур мэдэн судсаар сэтгэц нөлөөт эм бодис тарьж хэрэглэхэд цусанд халдвар орж улмаар хүнд хэлбэрийн цусны халдвар, үжил болдог. Уушгинд үжлийн хатгаа үүсэх нь маш аюултай. Уушгины энд тэнд голомтод хөндий үүсгэж, амьсгалын дутагдалд оруулах цаашлаад үхэлд хүргэх хүртэл эрсдэлтэй учраас анхаарал хандуулах шаардлагатай болоод байгаа юм. Яг ийм байдлаар халдвар авч хүндэрсэн тохиолдол сүүлийн таван жилд манай тасагт нэлээдгүй ирэх болсон. Тэр дундаа залуу насны хүмүүс байгааг нь харамсалтай.

2020 онд АНУ-д хийсэн судалгаагаар мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний улмаас 66 мянган хүн амьсгалын дутагдалд орж нас барсан гэдэг тоо бий. Мөн олон улсад хийсэн судалгаанаас харахад мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн, судсаар тарьсан хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад уушгины хүнд хэлбэрийн хатгаагаар өвдөх эрсдэл 10 дахин өндөр байдаг.

Сэтгэц нөлөөт эм бодис нь уушгийг маш хурдан хугацаанд гэмтээдэг. Цусанд халдвар орсон бол хүндрэл нь цаг минутаар нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүй оройтвол амь нас ч эрсдэх аюултай. Ингэж хүндэрсэн тохиолдлууд нас баралтаар дуусах нь их байдаг.

Сэтгэц нөлөөт эм бодисыг хэрэглэсэн арга замаас шалтгаалж хамгийн түрүүнд амьсгал, зүрх судасны төвийг дарангуйлдаг учраас амьсгалын дутагдалд орох, амьсгалын замаас цус алдах, архаг бронхит амьсгалын замын үрэвсэл, уушгины цочмог гэмтлүүд, эмфизем, зүрхний асуудал үүсгэдэг. Эмнэл зүйд ханиалгах, амьсгаадах, цэр гарах, цээжээр өвдөх, цаашлаад уушгинаас цус алдах, цустай ханиах шинж тэмдэг илэрнэ. Уушгинаас цус алдах нь маш аюултай бөгөөд тогтооход хүндрэлтэй. Богино хугацаанд амь нас эрсдүүлдэг. Тиймээс ийм анамнезтай залуу хүмүүсийг яаралтай ялган оношилж дотрын эмч, уушгины эмч, сэтгэцийн эмч хамтарсан үзлэг хийж, баг болж ажиллаж байж эмчилдэг. Хэдийгээр эмчилгээ авч,  амь аврагдах боловч цаашид уушгинд сорвижилт үүсгэж, амьсгалах талбай багасах, архаг хүндрэл үүсгэдэг үлдэц урхаг ихтэй гэдгийг анхааруулах байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Н.Ган-Эрдэнэ: Зөнөгрөл өвчин сонсгол бууралттай шууд хамааралтай

Нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчны нөлөөгөөр сонсгол бууралтын асуудал түгээмэл болж, нас нь залуужсан талаар ДЭМБ-иас судалгаа танилцуулжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Х.Гарьд: Элэгний үрэвсэл, өөхлөлтийг хооллолт, эмийн эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой

Элэгний өөрчлөлт, эхэн үеийн өвчлөл, үрэвсэл тэр дундаа элэг өөхлөлтийн шалтгаан, авах арга хэмжээ, эмчилгээний талаар Монфа трейд ХХК-ийн эмч төлөөлөгч, хүний их эмч Х.Гарьдтай ярилцлаа. Та элэгний үйл ажиллагаа, үүргийг эхлээд хэлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 29

Санал болгох

ДЦС-3: Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг ирэх 11-р сард дуусгана

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгав

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд 30 мянган иргэн саналаа ирүүлжээ.ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09