2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ЭМЧИЙН ӨРӨӨ

Г.Батбаатар: Цар тахлын эсрэг тэмцэхдээ мэргэжил мэдлэг, шинжлэх ухаанаа хоёрдугаарт тавьчихсан

— Б.Батцэцэг   2021 оны 04 сарын 30

АШУҮИС-ийн Дэд захирал, АУ-ны доктор, профессор, дархлаа судлаач Г.Батбаатартай шүлснээс "ковид-19"-ийн халдвар илрүүлэх PCR/ПГУ/ оношлуур болон вакцинжуулалт, дархлаа тогтох үйл явцын талаар ярилцсаныг хүргэж байна.

Шүлсэнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR/ПГУ/ оношлуур хэрэглээнд нэвтэрсэн ч өргөн хүрээнд ашиглахгүй байгаа шалтгаан юу вэ?

Бид оношлуурын албан ёсны эмнэлзүйн туршилтыг ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай нь батлагдсан 126 хүнд хийж баталгаажуулсан. Мөн нийт зардал шингээд нэгж өртөг нь 31,200 төгрөг буюу одоогийн шинжилгээний үнээс 50 хувийн хямд үнээр зах зээлд гаргасан. Нөөц бололцооноос шалтгаалж сургууль дээр өдөртөө 200-300 хүнд шинжилгээ хийж байна. Эрэлт хэрэгцээ их байгаа боловч шууд худалдан авах, түгээх боломж нь хязгаарлагдмал байгаад байна. Эмийн агентлагаас тендер зарлаж байж үйлдвэрлэн худалдаалах боломжтой юм билээ. Энэ нь зөвхөн хувийн хэвшил, импортыг дэмжих хуулийн зохицуулалттай. Уг нь импортыг дэмжих бодлогоосоо салж өөрсдийн судлаач эрдэмтдээ итгэх цаг нь болчихсон.

Бид 21-р зуунд буюу шинжлэх ухаан хөгжсөн эрин үед амьдарч байгаа азтай хүмүүс шүү дээ. Шинэ коронавирусийн цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш дэлхийн улс орон бүр өөрийн судалгааны багийг бүрдүүлж үр дүнтэй оношлох, эмчлэх, сэргийлэх аргуудыг бие биенээсээ түрүүлж гаргахаар ажиллаж эхэлсэн. Одоогий байдлаар дэлхий даяар 183 вакцины баг ажиллаж, вакцин бүтээж байна. Харин монголчууд зөвхөн импортыг дэмжих бодлогоо л эхэнд тавьж хэрэгжүүлсээр байна. 

PCR/ПГУ/ шинжилгээ, түргэвчилсэн оношлуурын үр дүн, чанарын ялгааг та хэлж өгөөч? Танай оношлуурын давуу тал нь юу вэ?

  • Түргэвчилсэн антиген буюу түргэвчилсэн оношлуурууд нь хамар, залгиурт хийдэг бөгөөд 15 минутын дараа хариу гардаг.  Гэхдээ хамар залгиурын сорьцод хамгийн багаар бодоход 100 мянган вирусийн хуулбар байх үед илрүүлдэг, мэдрэг чанар муутай оношлуур юм. Тиймээс өргөн дэлгэр хэрэглэхийг зөвлөдөггүй.
  • Одоо манайд хэрэглэж байгаа PCR оношлуурууд нь 100-500 вирусийн хуулбар байхад илрүүлж чадах мэдрэг чанартай. 
  • Харин бидний хийсэн шүлсэнд SARS-CoV-2 тодорхойлох оношлуур нь 12-24 вирусийн хуулбар байхад илрүүлж чадна. Өөрөөр хэлбэл халдвар авсан эхний үед буюу магадгүй маргааш нь шууд илрүүлэх боломжтой мэдрэг чанар өндөртэй оношлуур юм.

"Ковид-19"-ийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэчихсэн хүнээс PCR/ПГУ шинжилгээ авах хэрэгтэй юу? 

Вакцины 2 тунгаа хийлгэчихсэн хүнд магадгүй 7 хоногийн дараанаас хамгаалах урвал үүсээд эхэлнэ. Тэр хүнээс PCR/ПГУ шинжилгээ нэхэж, хөл хорих ямар ч шаардлага байхгүй. Энэ өвчнөөс хамгаалахын тулд, ангижрахын тулд л вакцин хийгээд байгаа шүү дээ. Тиймээс вакцин хийлгэсэн хүнээс шинжилгээ шаардах нь утгагүй асуудал.  

Манай улс 04 сарын 23-аас вакцинжуулалтыг эрчимжүүлж өдөрт 50-60 мянган хүнд вакцин хийж байна. Нөгөөтэйгүүр өдөрт илрэх халдварын тоо, нас баралт нэмэгдсэн хэвээр байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

Халдвар хяналтгүй тарчихсан байхад нас баралт мэдээж нэмэгдэнэ. Хэнийг хамгаалах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хэн нас барж, хэн өвчлөөд байна вэ гэдгийг өнгөрсөн жилийн 6, 7 сард бусад улсууд хэдийн ойлгоод судалж тогтоогоод түүндээ чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн. Харамсалтай нь манай улс өнгөрсөн хугацаанд вирусээ л хайгаад байсан. Вирусийн халдвар илэрсэн хүн бүрийг эмнэлэгт хэвтүүлсэн. Ингэх шаардлагагүй байхгүй.

Хоёрдугаарт, хэт хэрэггүй олон PCR/ПГУ шинжилгээ хийж эхэлсэн. Ямар ч клиникийн шинж тэмдэггүй хүнд шинжилгээ хийж, 3, 4, 5, 6 дахь удаагийн шинжилгээндээ халдвар илрүүлээд байна гэнэ. Гаднаас ирсэн хүмүүст гурав хоногийн дараа шинжилгээ хийгээд вирус илрээгүй бол шууд гэрт нь гаргах хэрэгтэйг өмнө нь олон удаа хэлсэн. Гэтэл халдвар илрээгүй хүнийг 21 хоног хорьж, 14 хоног тусгаарлаж байсан шүү дээ. Дэлхийн улс орнууд өнгөрсөн оны 2,3 сард хэрэглэж байсан аргыг манайх он дуустал хэрэглэсэн нь том алдаа гэж үзэж байна.

"Ковид-19"-ийн халдвар авснаас болоод нас барсан уу эсвэл халдвар авсны улмаас дархлаа нь муудаж суурь өвчнөөр нас барж байна уу гэдэг асуудлын тухайд?

Өнөөдрийг хүртэл маш олон улс оронд маргаантай байгаа асуудал. Хэдийгээр суурь өвчнөөс болж нас барсан ч гэсэн тэр хүн "ковид-19"-ийн халдвартай учраас дэлхий нийтээрээ “Ковид-19-ийн шалтгаант” гэж тэмдэглээд байгаа. Ийм шалтгаантай нас баралт цаашдаа ч ихсэх хандлагатай байна. Өнөөдрийн мэдээнээс харахад л маш хүнд 112 хүн байна гэсэн. Энэ нь нас баралт буурахгүй гэдгийг харуулж байгаа тоо юм.

Уушгины аппаратын хүрэлцээ бага байгаа нь хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс нас барах шалтгаан болж байна уу?

"Ковид-19"-ийн халдвараар нас барсан 500 хүнд хийсэн судалгаагаар уушги устах, уушгины хатгалгаанаас илүүтэй ихэнх нь зүрх судасны хүндрэлээр нас барсан гэх дүн гарсан. "Ковид-19" өвчин хүндрэхээрээ судсан дотор тархамлаар цусны бүлэгнэлтийн хам шинж үүсгэж, амьдралын чухал эрхтнүүдийг тэжээлгүй болгож байна. Магадгүй уушгины хатгалгаа, уушгины үйл ажиллагаа унасан тохиолдолд уушги орлуулах аппаратыг хэрэглэхээс өөр аргагүй. Харамсалтай нь манайд хоёрхон байгаа. Хүнд гэсэн оноштой 112 өвчтөний талд нь уушгины үйл ажиллагаа муудах шинж тэмдэг илрэхэд бид хэдийг нь аварч чадах вэ гэдэг асуудал тулгарна. 

Дэлхийн улс орнуудад хэрэглэж буй вакцинууд хэдий хугацаанд дархлаа тогтоож байгаа талаар судалгаа бий юу? Янз бүрийн хугацаа яригдаж байна?

Вакцин гэж юу болохыг эхлээд ойлгох хэрэгтэй. Вакцин нь тухайн өвчин үүсгэж байгаатай ижилхэн бүтэцтэй эсвэл удмын мэдээлэл нь нэн төстэй биологийн өндөр молекулт нэгдлийг биед нь оруулаад зориудаар дархлааны ой тогтоолт үүсгэж байгаа юм. Маш энгийнээр тайлбарлавал, нэг тун тарихад үүссэн дархлааны нөлөөгөөр хариу урвал өрнөнө. Энэ үед бага зэрэг халуурах, толгой нь өвдөх, тариулсан газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Эдгээр шинж тэмдэг илэрч байвал харин ч баярлах ёстой. Дархлааны урвал сайн өрнөж байгаагийн гадаад илрэл юм. Энэ урвалын дараа үүсч байгаа дархлааны ой тогтоолт буюу санамжийн эсүүд нь харьцангуй цөөхөн тоотой байна. Ингээд дархлааны санамжийн эсүүд үүсэж байх хугацаа буюу 3-4 долоо хоногийн дараа дахиад яг тухайн антигенээр тарих буюу хоёр дахь тунг хийхэд дархлааны ой тогтоолтын эсүүд нь хүний биеийг халдвараас хамгаалж чадахуйц их хэмжээний санамжийн эсүүдийг үүсгэдэг. Ингээд гаднаас SARS-COV-2 халдвар биед орж ирэхэд нөгөө молекулууд маш богино хугацаанд идэвхжиж үржээд хүний биеийг өвчлүүлэхгүйгээр хамгаалдаг. 

Вакцин хийлгэсний дараах дархлаа хэдий хугацаанд тогтож байгааг одоо хэлэхэд эрт байна. Ямар нэг вакциныг эмнэлзүйн практикт оруулахад ойролцоогоор 6-10 жил шаардагддаг. Харин "ковид-19"-ийн эсрэг вакцинуудыг жил хүрэхгүй хугацаанд гаргаад ирсэн. Гэхдээ эмнэлзүйн туршилтаа олон мянган сайн дурын хүнд хийгээд үр дүнтэй, гаж нөлөөгүй гэдгийг баталсан учраас хэрэглэхэд ямар ч аюулгүй. 

Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авчээ гэсэн мэдээллийг ЭМЯ-аас мэдээлж байна. Вакцин хийлгэсэн л бол халдвар авахгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна? 

Вакцин хийлгэсний дараа тэдэн хүн халдвар авсан гэх шинжлэх ухаанч бус яриа мэдээллийг түгээх ёсгүй юм. Хэн ч халдвар авч болно. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүн ч халдвар авч болно. 

Хамгийн гол ойлгох зүйл нь хоёр тун тариулсан хүн өөрөө өвчлөхгүй байх боломжийг л бий болгож өгч байгаа юм.  Жишээлбэл, 5 хүн сууж байхад 3 нь вакцин хийлгэсэн, 2 нь хийлгээгүй байвал бүгд вирусийн халдварыг авна. Гэвч вакцин хийлгэсэн 3 хүн өөрийгөө өвчлөхөөс хамгаалж чадах бөгөөд бусдад халдвар тараана. Харин вакцин хийлгээгүй хоёр хүн өөрсдөө ч өвчилж, бусад хүмүүст ч халдвар тараана. Ийм л ялгаатай. Тиймээс л хүн бүхнийг болж өгвөл дийлэнхийг нь вакцинд хамруулах хэрэгтэй.

Дархлаагаа дэмж, цэвэр агаар амьсгал, дасгал хөдөлгөөн хий гэж зөвлөх боловч хөл хорионы үед энэ бүхэн хязгаарлагдмал байна. Бусад улсад тогтоосон хатуу хөл хорионы үеийн арга хэмжээ ямар байна вэ?

Мэдээж дархлаанд эрүүл агаар, дасгал хөдөлгөөн хамгийн хэрэгтэй. Би Япон, Германы жишээг хэлье. Япон улсад маш хатуу хөл хорио тогтоосон. Үүнд нь,

  • Гэрээсээ 15 км-ээс хол явж болохгүй, 
  • Гудамжинд гурваас олон хүн хамт алхаж болохгүй, 
  • Орой 21-ээс өглөө 06 цагийн хооронд онцын шаардлагагүй бол гэрээсээ битгий гар, 
  • Өдрийн цагаар түргэн галт тэрэг, нийтийн тээврийн явах цаг нь хол. Харин яг ажил эхлэх, дуусах цагт нийтийн тээврийн хэрэгслүүд маш ойрхон зайтай үйлчилж байна.
  • Болж өгвөл өөрийн хувийн унаагаар яв 
  • Хүн багатай газар, гудамжаар явбал заавал маск зүүх хэрэггүй. Харин дэлгүүр, метро, галт тэрэгний буудалд очих, бусадтай харилцахдаа маск зүү гэдэг л шаардлага тавьж байна. Зүүх маскны маркыг нь хүртэл заагаад өгчихсөн. 

Мөн хатуу арга хэмжээ авч байгаа энэ бүх хугацаандаа сургуулиа огт хаагаагүй. Дотоодын нислэг, аялал жуулчлалыг хаагаагүй. Ганцхан группээр явахыг буюу дөрвөөс дээш хүнтэй аялахыг нь хориглосон. Япончууд үүнийгээ яг мөрдөж байна.Тэгэхэд бид нар машин, автобусныхаа цонхыг таг хаагаад, өглөө оройн цагаар автобусандаа чихэлдээд явж байна шүү дээ. 

УОК-ын дэргэд эрдэмтдийн баг ажиллаж байгаа. Гэвч гаргаж буй шийдвэрүүд нь шинжлэх ухаанч байж чадаж байна уу?

Би өмнө нь хэлсэн. Толгой дараалан PCR шинжилгээ хийж вирус хайх ямар ч шаардлагагүй. Хүн бүхний амнаас PCR шинжилгээ, вирус, вакцин, дархлаа гэдэг үг гарч байна. Яг ярилцаад үзэхээр юу ч мэдэхгүй буруу ойлголттой явж байх жишээтэй. Хүн бүхэн дураараа ярьж  байна. Үр дүнд нь хүн амын дунд буруу ойлголтууд тарчихсан. Монгол улс мэргэжил мэдлэг, шинжлэх ухаанаа хоёрдугаарт тавьчихсан байгаагийн үр дагаварыг одоогийн байгаа байдлаас харж болно. 

Өнөөдрийн мэдээгээр 327 мянган хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэчихсэн гэв. Энэ хүмүүсийн хөлийг хорьж яах юм. Вакцин хийлгээд 14 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг яг хэн тогтоосон юм бэ. Онолын л асуудал шүү дээ. 2 дахь тунг хийсний дараа маш богино хугацаанд дархлааны урвал өрнөдөг учраас 3-5 хоногт бүрэн дархлаа тогтох боломжтой. 

Шинжлэх ухаан хөгжсөн эрин зуунд амьдарч байж шинжлэх ухааны баталгаа нотолгоондоо итгэдэггүй. Шинжлэх ухаан өдрөөр цагаар хөгжиж байна шүү дээ. Францын эрдэмтэд хэлсэн байна. Хэрэв "ковид-19"-ийн халдвараар өвчлөөд эдгэсэн, тодорхой хэмжээний дархлаа тогтсон бол зөвхөн нэг тун вакцин хийхэд болно. Вакцинаа хийлгэсэн бол 7 хоногийн дараа маскаа ав гээд байгаа. Манайх харин шинжлэх ухаантайгаа хөл нийлүүлж алхаж чадахгүй л байна. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр