2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Ганцаардах, хайр сэтгэл бүтэлгүйтэх, ажилгүй болох зэрэг нь амиа хорлох эрсдэлийг 3-23 дахин нэмэгдүүлдэг

— Ч.Баяржаргал   2022 оны 07 сарын 26

Хаанаас ч билээ ийм хэдэн мөрт уншсан юм. "АМЬД ҮЛД. Уйлах ёстой бол уйлж, өвдөх ёстой бол өвдөж, өдөр бүр төмс идэх ёстой бол ид. Гэхдээ ТЭСЧ ҮЛД. Чиний зам руу шидсэн болгоноос амьд гар. Хэцүүхэн хоолны дэглэм, хатуухан хайр дурлал, тасралтгүй залбирал, тэсэшгүй уйтгар гуниг... Юу ч тохиолдсон даваад гар. Амьд үлд" гэж. Хүн бүхэн амьдралынхаа аль нэгэн үе шатанд тодорхой хэмжээгээр сэтгэл гутралтай нүүр туулж, зарим нь даван туулж, зарим нь тэр харанхуйдаа улам шигдэж байхад зарим нь амьд үлдэх учир шалтгаанаа хайсаар, тэссээр явдаг аж. Сэтгэл зүйн өвчин эмгэг хэнийг ч ялгадаггүй гэдэг нь энэ. Сэтгэл зүйн талаар олон олон тааламжгүй судалгааны тоо баримт энд хэлэх нь илүүц биз. Сэтгүүлч миний бие сүүлийн таван жил эрүүл мэнд, сэтгэл зүйн чиглэлээр олон эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачидтай ярилцаж, "Сэтгэлийн дархлаа" буланг хөтлөн хүргэж байна. Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэдгийг өөрөө ойлгож, сэтгэл зүйдээ эерэг өөрчлөлт хийсэн шиг ээ өөр олон хүнд ч бас тус болох юмсан гэж боддог. Хүний амьдралын олон ээдрээтэй үйл явдал, сэтгэл зүйн асуудлууд, шарх, өвчин, эмгэгийн талаар ухаж судлан танин мэдэж, уншигч, сонсогч танд бага ч болов сэтгэлийн боловсрол, мэдлэг, ойлголт хүргэхийг зорьж яваа нь энэ юм. 

Урт тайлбар бичсэн маань учиртай. АМИА ХОРЛОЛТ гэх үзэгдэл хүний нийгмийн бүхий л цаг хугацаанд байв. Чухам шалтгаан нөхцөл нь өөр байсан бололтой. Энэ бол зүгээр нэг сенсацлах сэдэв биш гэдгийг нэн түрүүнд хэлэх хэрэгтэй. Тиймдээ ч "амиа хорлох" үзэгдлийн талаар удаан бодож, эх сурвалжаа хэн байхав гэж эрж хайж байж, хэдэн жилийн өмнө "Сэтгэц хуваагдах буюу Бие хүн хуваагдах эмгэг"  сэдвээр ярилцаж байсан Д.Оюунсүрэн багш руу дахин холбогдсон юм. АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, Тэргүүлэх зэргийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Д.Оюунсүрэн 2018 онд "Амиа хорлолт" сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Тэрээр Монгол улсын хэмжээнд сүүлийн 24 жилийн хугацаанд бүртгэгдсэн амиа хорлож нас барсан тохиолдлуудад анализ хийж, Монголчуудын хувьд энэ үзэгдэл ямар байна гэдгийг судалсан байна. 

Сонсоход ч хэцүү энэ сэдвийн талаар хүн бүхэн мэддэг байх, хажуу дахь хүнээ анзаардаг байх, сэтгэлийн гал бөхөн, мухардалд орсон мэт санагдах мөчид энд уншсан мэдсэн бүхэн тус болох болов уу гэсэн үүднээс хүргэж байгаа юм шүү. 

Аль ч нийгмийн цаг үед амиа хорлох үзэгдэл гарч байсан. Гарсаар ч байна. Харин шалтгаан нөхцөл нь нийгмийн өөрчлөлт, хөгжлийг дагаад арай өөр байдаг болов уу. Эдүгээ бидний амьдарч буй нийгэмд ганцхан олдох амьдралаасаа татгалзах шалтгаан нь юу болоод байна вэ? 

Амиа хорлолт нь хүний амьд явах үндсэн эрхийн асуудалтай холбогддог. "Амьд явах эрх хүнд өөрт нь байдаг юм бол түүнийгээ яаж зохицуулах нь тэр хүний л асуудал юм биш үү" гэх үзэл хүн төрөлхтний нийгэмшлийн бүхий л үед байсаар ирсэн. 

Амиа хорлох үзэгдэл нь хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд эрт үеэс оршин байсан зан үйлийн нэг хэлбэр байсан юм.

Нийтийн болон хувь хүний сэтгэл зүйд энэ үзэгдэл хэрхэн нөлөөлж буй нь харин тухайн улс үндэстэн үүнийг юу гэж авч үздэг байснаас хамаарч байв. Цаг үетэйгээ холбоотойгоор баатарлаг гэх талаас нь, эсвэл байж болшгүй нүгэл гэж үздэг байсан зэрэг өөр өөр үзэл байсан, одоо ч байсаар байна... Тухайн нийгэм цаг үед зонхилж буй үзэл баримтлал, тухайн үндэстний дээдэлж ирсэн ёс уламжлал, хүний оюун санаанд юуг зөв гэж тулгаж, ойлгуулдаг байсан эсэх, шашин, улс төрийн үзэл баримтлал гээд улс орон, хувь хүн хэн бүхний үнэт зүйлээс маш их хамаардаг.

Францын социологич Эмиль Дрюкгейм анх амиа хорлолтыг шинжлэх ухаанчаар судалж нийгмийн үзэгдэл талаас нь илүү судлах ёстой хэмээн онцолсон байдаг. Түүний хувьд нийгмийн болон цаг уурын нөхцөл байдал, тухайн улс үндэстний олон зуун жил оршин суурьшиж ирсэн байгаль цаг уурын нөхцөлтэй нь холбож гаргаж ирсэн. Тодруулбал, Э.Дюркгейм нь 1897 онд “Амиа хорлолт-Нийгмийн үзэгдэл” хэмээх бүтээлээ туурвиснаар энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс судлах анхны дорвитой алхам болсон юм. Тэрээр тухайн үеийн статистик тоо баримтад тулгуурлан амиа хорлох үзэгдэлд нөлөөлөх хүчин зүйлсээс нийгмийн хамтын хүч буюу эв нэгдлийн нөлөөг онцлон анхаарч, нийгэм дэх эв нэгдэл хэдий чинээ өндөр байна, амиа хорлолтын түвшин төдий чинээ бага байна хэмээн үзжээ. 

Өөрөөр хэлбэл, Нийгмийн эв нэгдэлгүй байдал нь хэн нэгний амьдралаа дуусгавар болгох хүслийн гол эх үүсвэр болж, дарамтгүй байхыг мэдрэхэд тэмүүлэх нь амиа хорлоход хүргэх ноцтой эрсдэлт хүчин зүйл болно гэж үзсэн. Улмаар амиа хорлолт нь амиа хорлосон тохиолдол болон амиа хорлохыг завдсан хүний яс үндэс, нас, хүйс болон улирлын байдалтай нарийн холбоотойг тогтоож, амиа хорлосон тохиолдлын тооны өсөлт нь нийгмийн интеграцитай урвуу хамааралтай болохыг баталсан байдаг. 

Нэг ёсондоо нийгэм хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйгаас шалтгаалж амиа хорлох үзэгдэл гардаг гэсэн үг үү? 

Э.Дюркгейм хувь хүн нийгэмтэй хэрхэн харилцан үйлчлэлтэй байснаас хамааран амиа хорлолтын үндсэн хэлбэрүүдийг тодорхойлон, нийгэм хүмүүсийн амьдралд хэрхэн стресс учруулж болохыг тайлбарласан байдаг. Тухайлбал, 

  1. Хүн өөрийн чадварыг хэт үнэлж, нийгмийн хамааралтай үйл ажиллагаанаас хэт тусгаар гэдгээ ойлгосноос өөрт тулгарсан стрессээ давж чадахгүй зөвхөн өөрийгөө бодож амиа хорлох (эгоист), 
  2. Эсвэл нийгмийн хэвийн бүтэц нуран унаснаар эрхэмлэх зүйлгүй болж, нийгмийн хэм хэмжээ утгаа алдан, хүний хэвийн амьдралыг хангах нийгмийн хяналт, зохицуулга алдагдсанаар хүмүүс зовж шаналан улмаар амиа хорлох (аноми)-од хүрэх, 
  3. Нөгөө талаар хүмүүс өөрийгөө нийгмийн шаардлагад бүрэн захируулахаас өөр аргагүй болсон үед энэ байдлаас гарахын тулд амиа хорлох (альтруист) болдог хэмээжээ.

Эгоист буюу аминч амиа хорлолт нь хүн нийгмийн хамаарлаас зугтан тусгаарлагдахаас үүдсэн стрессийн үр дагавар байдаг бол аноми амиа хорлолт нь хүний амьдралын эрхэм үнэт зүйлс, хэм хэмжээг үгүй болгож хэвийн байдлыг алдагдуулан нийгмийн зохицуулгыг хямраасан гэнэтийн өөрчлөлтийн үр дагавар юм. Харин альтруист амиа хорлолт нь нийгмээс хүчтэй хамаарал бүхий хэн нэгэн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлж чадаагүй нөхцөл байдалд орсон тохиолдолд тухайн байдлаас гарах оролдлогын үр дагавар байдаг байна.

Энэхүү социологийн онол одоо ч хүчтэй хэвээр. Үүний нэг баталгаа нь дэлхий дахинд сүүлийн хоёр жилийн хугацаанд халдварт цар тахал дэгдсэн нөхцөл байдал. Цар тахал нийгмийн маш олон хүчин зүйлс, хэм хэмжээг өөрчиллөө. Түүнийг дагаад хүмүүсийн нийгмийн хэмжигдэхүүнүүд өөрчлөгдлөө. Ингэснээр нэг талаараа амиа хорлох үзэгдлийг өдөөсөн, нөгөө талаараа дарагдуулсан. Энэ цаг үед мэдээлэл бол иддэг талх, амьсгалдаг агаар шиг амин чухал хэрэгтэй болчихсон. Харин мэдээллийг хэн хэрхэн хүлээж авч, амьдралдаа хэрхэн ашиглаж, эерэгээр эсвэл сөргөөр нөлөөллийг нь хүлээн авах уу гэдэг тухайн хувь хүнээс шалтгаалж буй. Гэтэл хувь хүн бүр нийгмийн нэг эс ширхэг, нийгмийг бүрдүүлэгч. Энэ утгаараа хувь хүний мэдээлэлд хандах байдал нийгэмд мөн нөлөөлдөг гэж хэлж болно. Тиймээс амиа хорлолт нь зөвхөн хувь хүний сонголтын асуудал биш гэсэн дүгнэлтийг хэлж болохоор байна. Нөгөөтэйгүүр нийгмийн асуудал, нийгэм л шийдэх ёстой гэж бас болохгүй. Аль аль талаасаа хүчин чармайлт гаргаж, харилцан зохицох асуудал.

Улс үндэстэн, ёс заншил, үнэт зүйл, нийгмийн байдалтай нь холбоотой гэлээ. Тэгвэл манай улсад амиа хорлолтын үзэгдэл ямар байна вэ. Та энэ сэдвээр судалгаа хийж доктор хамгаалсан.  Хэрхэн судлав? 

Манайд амиа хорлолтын талаар томоохон хэмжээний хоёр судалгаа хийсэн байдаг. Эхнийх нь 1991-2001 он хүртэлх арван жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн амын дунд бүртгэгдсэн амиа хорлож нас барсан болон амиа хорлох оролдлого хийсэн тохиолдлуудыг судалсан. Энэ  судалгаанд 20-иод байгууллагын 40 гаруй судлаач оролцож мэдээлэл цуглуулж нэгтгэсэн юм. Дараагийнх нь 2003-2008 онд Монгол улсын хэмжээнд хүн амын дунд бүртгэгдсэн амиа хорлож нас барсан болон амиа хорлох оролдлого хийсэн тохиолдлуудыг судалсан байдаг. Үүнээс хойш дахиж судалгаа хийгээгүй байсан. 

Тиймээс миний бие докторын ажлаа эндээс үргэлжүүлэн өмнөх 20 жилийн тоо баримт дээр 2009-2014 оны хоорондох мэдээллийг нэмж цуглуулан, нийтдээ 24 жилийн турш бүртгэгдсэн амиа хорлож нас барсан тохиолдлуудад анализ хийж, Монголчуудын хувьд энэ үзэгдэл ямар байна гэдгийг гаргах гэж оролдсон. Ингээд уг сэдвээр 2018 онд АУ-ны докторын зэрэг хамгаалсан юм. Судалгааны үр дүнгээс анзаарагдсан эхний зүйл нь 90-ээд оноос хойш амиа хорлолт огцом нэмэгдсэн байсан.

Ер нь олон онолын үзэл баримтлал байдгаас суурь хэдхэн үзэл санаа бий. Жишээлбэл, дээр хэлсэн нийгэм социологи, байгаль цаг уурын хүчин зүйлсийн нөлөө. Мөн нийгмийн хөгжлөө дагаад эдийн засгийн асуудлууд нэг хүчин зүйл нь болдог. Тиймээс эдгээр гурван онолын талаас буюу нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөө нь юу байна, хувь хүний сэтгэл зүйн асуудлууд нь ямар байна, цаг уурын хүчин зүйлсийн нөлөөлөл нь юу вэ гэдгийг тодорхойлон судалсан. Зөвхөн энэнээс болж байна гэж аль нэгийг нь дангаар авч үзэх ямар ч боломжгүй. Маш олон талын хүчин зүйлсийн нөлөөлөлтэй гэдгийг энд хэлэх хэрэгтэй.

Тухайлбал, Хувь хүн гэдэг сэтгэл зүйн хувьд дахин давтагдашгүй бодгаль. Нас хүйс, өссөн төрсөн орчин, ажил мэргэжил, амьдралдаа даван туулсан асуудлууд, хуримтлуулсан туршлага, сургамж, ухаарал, бэрхшээл, дурсамж бүхэн нь өөр. Энэ бүхнийг хүлээж авч ямар хариу үйлдэл үзүүлж байгаа нь ч өөр. Амиа хорлолтын үзэгдэл яг л ийм. Бүх тохиолдол нь өөр өөр гэсэн үг.  Ерөнхий зарчим байх ч яг тухайн тохиолдолд юунаас болсон, яаж нөлөөлсөн бэ гэдгийг мэдэхийн тулд тэр хувь хүнийг л судлахаас өөр аргагүй.

Цар тахлын үе буюу сүүлийн 2-3 жилийн хугацаанд гарсан тохиолдлыг өмнөх үетэй харьцуулан судалж үзсэн юм. Ингэхэд сүүлийн үед “өргөтгөсөн амиа хорлолт” гэдэг нэр томъёонд хамаарах хэлбэр илүүтэй тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, амиа хорлосон хүн өөртэйгөө ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн холбоотой хэн нэгний аминд хүрчихээд дараа нь өөрийгөө егүүтгэсэн тохиолдол нэлээдгүй бүртгэгдсэн. Өнгөрсөн жил гэхэд гурван сарын дотор ийм 3-4 тохиолдол гарсан. Энэ жил бас цөөнгүй хэдэн ийм тохиолдол гарсан. 

Миний эрдмийн ажлын удирдагч, манай тэнхимийн эрхлэгч З.Хишигсүрэн профессор бид хоёр “өргөтгөсөн амиа хорлолт” яагаад ийм ойрхон гараад байна вэ? гэдгийг судалж үзэх талаар ярилцаж, өөрсдийн ажигласан ажиглалтаа дүгнэж санал солилцсон юм. Тэгэхэд эдгээр тохиолдлуудад ижил төстэй, ойролцоо асуудлууд хэд хэд байсан. Ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоом, өр зээл, санхүүгийн асуудалтай холбоотой хүн гэр бүлийнхнээ хохироочихоод дараа нь өөрийн амийг хорлосон, эсвэл хардалт, хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд ажиглагдаад байна. Үүнийг хүмүүс Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбож, туйлширч ойлгох тал байсан. Тиймээс энэ үзэгдлийг илүү судлах хэрэгтэй юм байна гэж санагдаж байгаа. Үүнтэй холбоод хэлэхэд, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн нэг судлаач амиа хорлолтын үзэгдлийг био-анагаах талаас нь буюу цус, уураг тархин дахь биологийн идэвхт бодисуудын үзүүлэлт зэрэг хавсарсан байдлаар нь нэлээн олон жил судалж байгаа. Их сонирхолтой судалгаа гарах байх гэсэн хүлээлттэй байгаа. Урьдчилсан үр дүнгээс нь сонсоход миний судалгаанд хөндөж тавьсан асуудлууд ер нь батлагдаж байх шиг байна билээ. Энэ бол зүгээр хувь хүний асуудал биш. Маш олон талын асуудлууд нөлөөлж байна гэдгийг дахин нотлох боломж гарч байгаа гэсэн үг.

Нийгэм сэтгэл зүйн талын нөлөөлөл таны ярианд нэлээдгүй дурдагдлаа. Бас судалгааны нэг онол нь болсон байна. Манай улсын нийгмийн байдал өөрөө миний ажиглаж мэдэрч буйгаар маш тогтворгүй, савалгаатай байх шиг санагддаг. Энэ байдал илүүтэй нөлөөлөөд байна уу гэсэн бодол төрлөө. Хувь хүний сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, суурь дархлаа нь сул байгаа болохоор нийгмийн өөрчлөлтийг хүлээж авч, давж чадахгүй байна уу? 

Маш зөв харсан байна. Дрюкгейм анх энэ үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс гурван хэлбэрээр тодорхойлох гэж оролдсоны нэг нь аноми хэлбэрийн амиа хорлолт байсныг дээр дурьдсан. Энэ нь нийгмийн үнэт зүйлс нуран унаж, ямар ч үзэл баримтлалгүй, яаж хөгжих чиг зүггүй болох нь хувь хүнд нөлөөлдөг хэлбэр юм. 

Амьдарч буй нийгэм нь өөрөө зүг чиггүй болчихоор тэр хүн хаачих ёстойгоо, яах ёстойгоо мэдэхээ болино. Улмаар хувь хүн ямар ч үнэ цэнгүй болсон мэтээр өөрийгөө мэдэрч, оршин байх үнэ цэн байхгүй болох хэмжээнд хүргэх сэдэл төрүүлдэг.

Манайд ч мөн энэ хэлбэр 1990-ээд оноос хойш давамгайлсныг судалгааныхаа явцад анзаарч зарим үр дүнг тодорхойлон дүгнэсэн.

Дотоодын болон олон улсын судалгаануудыг харахад эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудад амиа хорлолт яваад байна. Хүйсийн хувьд ямар онцлог, ялгаа байна вэ? 

Дээр хийсэн судалгаануудад хамгийн их анзаарагдсан зүйл нь ганцхан манайд ч биш дэлхий дахинд хийсэн судалгаануудаар эрэгтэй хүйс дандаа давамгайлсан байдалтай байна. Манай улсад бүр их хувийг эзэлж байна. Нийт  амиа хорлолтын тохиолдлын 80 гаруй хувь нь эрэгтэйчүүд. Насны бүлгээр нь авч үзвэл аль ч хүйсийн хувьд 20-29 насны тохиолдлууд бусад тохиолдлоосоо илүү бүртгэгдсэн байсан.

Монгол улсын хүн амын дунд бүртгэгдсэн амиа хорлолтын тохиолдлуудын албан ёсны бүртгэлийг чадах хирээрээ цуглуулж мэдээлэл авах гэж хичээсэн л дээ. Тэр дунд харьцангуй цөөн тохиолдол, ойролцоогоор 140 гаруй тохиолдол гэрээслэл үлдээсэн байсан. Судлаад үзэхэд амиа хорлох сонголтод хүргэсэн хэдхэн шалтгаан харагдаж байсан.

  • Нэгдүгээрт, Байнгын хэрүүл маргаантай, зөрчилтэй харилцаатай гэр бүлийн орчинд өссөн ганц бие залуус харьцангуй аюулгүй орчинд өсөж амьдарч байгаа залуустай харьцуулахад 5-25 дахин их амиа хорлосон байсан.
  • Хоёрт. Ажил эрхэлдэггүй залуус болон ажил эрхэлдэг залуустай харьцуулахад илүү байсан. 
  • Гуравт. Ганц бие эрэгтэйчүүд гэр бүлтэй эрчүүдээс илүүтэй ийм үйлдэл хийсэн байсан.

Мөн бага наснаасаа л эцэг эхтэйгээ харилцааны асуудалтай байсан залуус илүүтэй ийм үйлдэл хийсэн нь ажиглагдсан юм.

Сэтгэл зүйн талаас, 20-29 насны залуусыг амиа хорлоход хүргэж болох шалтгаануудад гэр бүлийн зөрчил, архи хэрэглэсэн үедээ амиа хорлох, ганцаардах, хайр сэтгэл нь бүтэлгүйтэх, ажилгүйдэл зэрэг 5 хүчин зүйлс нь амиа хорлох эрсдэлийг 54%-иар нэмэгдүүлэх боломжтой. Эдгээрээс ганцаардах, хайр сэтгэл бүтэлгүйтэх, ажилгүй болох зэрэг нь амиа хорлох эрсдэлийг 3-23 дахин нэмэгдүүлэх боломжтой болох нь тогтоогдсон.

Цаг уур талаас нь, Амь тэнссэн яаралтай үеийн тусламж шаардагдах өвчний сэдрэл, тохиолдлыг 15-ны сартай, сарны идэвхжил, тухайн хүний төрсөн сар, өдөртэй холбож судалсан судалгаа нэлээд байсан. Байгаль цаг уурын буюу тухайн сар жил, улирлын агаарын даралт, агаарын хэм, чийгшлийн өөрчлөлтийг хамааруулж судалсан байдаг юм билээ. Эдгээр судалгаануудыг нарийвчлаад үзэхэд амиа хорлож нас барсан өдөр, цагийн агаарын хэмийн өөрчлөлт их нөлөөтэй байсан байна. Амиа хорлосон өдөр, цагийн агаарын хэмийн өөрчлөлт тодорхой хэмжээгээр нөлөөтэй байх боломжтойг тогтоосон байдаг. Ялангуяа улирлын зааг хаврын эхэн 2,3,4 дүгээр сар хамгийн өндөр давтамжтай байх гээд байдаг. Мөн зун намрын зааг 7-8 сард амиа хорлосон тохиолдол илүү бүртгэгдсэн байсан. Манайд гарсан тохиолдлуудад яг хэдэн цаг минутад ямар агаарын хэм чийгшилд амиа хорлосон талаар ингэж нарийн тэмдэглэсэн тэмдэглэл байдаггүй.

Хүйсийн сэтгэл зүйн онцлог дээр бид ямар ойлголтыг халж, ямар ойлголтыг бий болгож, өөрчлөх ёстой вэ? Эрэгтэй хүмүүсийг битгий нялцаганаад бай, тэвчих ёстой гэх байдлаар ханддаг. Энэ нь сэтгэл зүйн асуудалд хүргэх шалтгаан болоод байна уу? 

Эрэгтэй хүйсийн тухайд таны хэлсэн зүйл маш их түлхэц болж байгаа нь үнэн. Хөвгүүдийг өөрийгөө илэрхийлэх чадвар дээр жаахан хойрго хандаж өсгөх гээд байдаг талтай. “Эр хүн байж уйлна гэж юу байдаг юм” гэдэг ч юм уу. Тэнтэр тунтар алхаж буй охин хүү хоёр бүдэрч унаад уйлж байхад охиныг бараг бүх хүн эвийлж, хөөрхийлдөг хирнээ хүүг нь “эр  хүн байж уйлах нь уу дээ” гэсэн ялгаатай байдлаар ханддаг. Энэ хандлага, хүмүүжил нь өөрөө буруу.

Эрэгтэй хүн уйлж болно. Уйлж байна гэдэг нь “нялцгай, сул дорой” байдлын илрэл гэсэн үг биш. Гэхдээ юм л бол уйлж “нялцагнах”-ын оронд унасан ч босох тэнхээтэй байх нь “эр хүн”-ий шинж гэдгийг ойлгуулах. Өөрөөр хэлбэл, “Болно” гэхийн хажуугаар болохгүй гэх хязгаарлалтууд байдаг гэдгийг хамтад нь ялгаж хэлж ойлгуулдаг байх хэрэгтэй. Мэдээж хүн юм чинь сэтгэл зүрхтэй, урсах нулимстай. Эрэгтэй, эмэгтэй гэдгээсээ үл хамааран сэтгэл хөдлөлөө илэрхийлж болно. Гэхдээ тохирсон байдлаар илэрхийлж сурах хэрэгтэй. Хэт хуримтлуулж болохгүй. Эрэгтэй хүн сэтгэл хөдлөл, стрессээ хурааж хуримтлуулах тусам илүү түрэмгийлсэн байдлаар илэрхийлэх гээд байдаг талтай. Энэ нь муу үр дүнд л хүргэнэ... гэх мэт энгийн боловч насан туршийн боловсрол болох ойлголт, ухааныг хүүхэд байхаас нь зааж өгөх ёстой юм болов уу гэж боддог.

Миний нэг хэлэх дуртай үг бий. “Охидод цэг тавьж сурахыг зааж өгөх, хөвгүүдэд эр хүн байхыг зааж өгөх”. Охид аливаа зүйлийг хэрэгтэй бол цэг тавиад шинээр эхэлж чаддаг байх, хөвгүүдэд эр хүний нөмөр нөөлөг, ухаалаг байдал нь чамд амьдралаа даатгаж байгаа нэг биш хүмүүсийн насан туршийнх нь ноён нуруу байх хэмжээнд байдаг юм, “чиний дэргэд байгаа хэн нэгэн нулимс гаргах ёсгүй” гэдгийг л багаас нь ойлгуулах хэрэгтэй.

Монголд жилийн дөрвөн улирал ээлжилдэг, эрс тэс уур амьсгалтай гээд бас өөрийн онцлогтой. Цаг уурын талаас нь судлахад ямар дүгнэлт гарсан бэ?

Монгол анагаах ухаан гэдэг хүнийг байгалийн сав шим ертөнцийн орчил дунд байдаг гэх үүднээс нь судалдаг. Дээр хэлсэн улирлын зааг сарууд нь жилийн сав шим ертөнцийн тогтвортой орчил хөдөлгөөн өөрчлөгддөг шилжих үетэй давхцдаг. Өвлийн сүүлч хаврын эхэн гэхэд ичигсэд хөдөлдөг, намар өвлийн заагаас “цаг цаашилж, хүйтний ам наашилж байгаа” гэдэг утгаараа хүний сэтгэл зүйд мөн нөлөөлнө.

Энэ хөдөлгөөнийг хамгийн сайн тооцох боломжтой нь зурхай байсан. Хэдийгээр зурхайн ухааныг шинжлэх ухаан биш хэмээн үздэг ч гараг эрхсийн хөдөлгөөнөөр хүн байгалийн шүтэлцээ, хүн хоорондын харьцаа, хүн хүндээ хэрхэн нөлөөлөхийг тайлбарлахад ихээхэн тус дөхөм болно гэсэн бодлын үүднээс зурхайн талаас учрыг нь таньж мэдэхийн тулд судалж үзсэн л дээ. Тухайн үедээ яагаад шинжлэх ухааны үндэслэлгүй зурхайн судалгаа хийв гэж шүүмж сонссон ч “амиа хорлолт” гэдэг маш өргөн хүрээний үзэгдэл учраас аль болох олон талаас нь судлах нь зүйтэй гэж үзсэн нь энэ юм.

Зурхайн зурлагад үхэгсдийн зурхай гэж бий. Энэ нь тухайн хүний хувь тавилан, амьд байх үеийн зам мөр ямар байсан, ямар байх боломжтой гэдгийг тайлбарласан байдаг. Төрсөн цаг минутын зурхайн үзүүлэлт үүнд их чухал ач холбогдолтой. Ямар махбодтой, ямар мэнгэтэй, ямар суудалтай гэх мэт зурхайн ямар үзүүлэлттэй цаг, хоромд төрсөн гэдэг нь тодорхой байхын хирээр эдгээр мэдээлэлд үндэслэн амиа хорлосон тохиолдлуудын зурхайн үзүүлэлтийг тодорхойлон үзэх боломжтой. Хүмүүсийн хэлдгээр талийгаач нарын “Алтан хайрцаг нээнэ” гэдэг нь нас барсан цаг өдрийн зурхайн үзүүлэлтүүдийг тодорхойлдог учиртай зан үйл юм билээ. Аль болох тодорхой мэдээлэл авъя гэвэл төрсөн цагийн зурхайн үзүүлэлтүүд тодорхой байх нь их чухал. 

Эндээс зарим тохиолдлуудыг түүвэрлэн авч, тэдний төрсөн жилийн зурхайн үзүүлэлтийг ашиглан амиа хорлох эрсдэлд нөлөөтэй байх боломжтой байсан эсэхийг нь судлахыг оролдсон юм. Үнэхээр сонирхолтой үр дүн гарсан. Нийгэм сэтгэл зүйн 11 үзүүлэлтээс хоёр нь статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байсан. Жилийн зурхайн хамгийн бүдүүн тойм өгөгдөл мэдээлэл өгөх боломжтой үзүүлэлтээс 15-г нь авахад бүгд статистик ач холбогдолтой нөлөө үзүүлэхүйц үр дүн тодорхойлогдсон. Зурхайн талаас ийм ач холбогдолтой үзүүлэлтүүд гарч байсан нь ихэд анхаарал татсан. Тиймээс энэ талаас нь ч мөн судлах ёстой юм байна гэж бодогдсон.

"Амиа хорлолт"-ыг зөвхөн шинжлэх ухаанаар тайлбарлахын аргагүй аж. Хүний төрсөн өдрийн төөрөг, гарсан гарагийн зурхай гэдэг огтхон ч үгүйсгэж болохгүй, бодолцож үзэх зүйл байх нь ээ? 

Үнэхээр тийм. Жил орж байгаа гэдэг дээ. Үүнийг анхаарах л хэрэгтэй гэсэн үг. Жил дотроо нөлөөллөөрөө сонирхолтой жилүүд ч байдаг юм билээ. Миний судалгаанд эрэгтэй амиа хорлосон тохиолдлын дундаж нас нь 25-26, эмэгтэй 28 нас байсан. Энэ нас нь билгийн тооллын хувьд жил орсны дараах болон жил орохын өмнөх 3 жил, нийт 7 жилийн  мөчлөг үе таарч байгаа юм. Мөн мэнгэ голлох үеийн (27 нас) ойролцоо нас таарч байсан. Зарим жилтнүүдийн хувьд 25, 37, 49-ний “жил нь орсон” үедээ амиа хорлох эрсдэл нь 2.4-6.1 дахин ихсэх магадлалтай байхад их харш жил буюу дүнсэр жилдээ амиа хорлох эрсдэл 3-6 дахин, махбодын хувьд дайсан барилдлагатай жилдээ амиа хорлох эрсдэл нь бусад жилүүдээс илүү байсан гэх мэт олон сонирхолтой үр дүн тодорхойлогдсон.

Тодруулан хэлбэл, жил орохоос өмнөх гурван жилд бие сэтгэлийн маш олон хямрал явагддаг. Жил ороод дууссаны дараах гурван жилд шинээр бий болж буй мөчлөгтөө дасан зохицох байгаль цаг уурын маш нарийн холбоо уялдаа байдаг гэсэн уламжлалт анагаахын сударт бичиж тэмдэглэсэн байдагтай ойролцоо үр дүн тодорхойлогдсон байсан. Энэ бүхнийг би гаргаад ирсэн шинэ зүйл биш. Бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншилд нэвт шингэсэн байдаг нь үнэхээр гайхалтай. Гагцхүү түүнийг бид орчин үеийн шинжлэх ухаантайгаа уялдуулан илүү гүн гүнзгий судалж ойлгох хэрэгтэй юм.

Амиа хорлолтын үзэгдлийг олон талаас нь судалж үзэхдээ миний ойлгож авсан, одоо ч өөртөө болон ойр тойрны хүмүүсдээ хэлж чадах зүйл бол өвөө эмээ, аав ээжийн тань болгоомжлуулан хэлдэг жил орж байна засал номоо хийлгээрэй, болгоомжтой байгаарай, явдал суудлаа анхаараарай, үг үйлдлээ хянаарай гэдэг нь үнэхээр тоохгүй байж болохгүй гүн утгатай зөвлөгөө юм. Ерөөс энэ бүхний цаана сэтгэл зүйн нөлөөлөл явж байдаг. Ямар нэг таагүй үйл явдал болоод өнгөрсний дараа “өө тэгэхэд нээрээ анхааруулаад байсан шүү дээ” гэж бодогдох үе байдаг даа. Хэдийгээр санамсаргүй мэт боловч сэтгэл зүйн асуудал нөлөөлөл байдаг юм шүү.

Амиа хорлох оролдлого хийх нь аймхай, хулчгар аргаа барсан хүний үйлдэл. Аав ээж, үлдсэн хүмүүсээ бодоход яадаг юм гэх мэт буруутгах хандалга, шүүмж илүүтэй ажиглагддаг?

Сөрөг хандлага давамгайлдаг нь үнэн. Гэхдээ хүн харагдаж байгаа шигээ биш гэдгийг боддог байгаасай. Ийм мэдээ анх сонсоход хэн ч магадгүй тухайн агшинд зөнгөөрөө “ямар тэнэг юм бэ” гэж бодож, хэлж магадгүй. Энэ нь үйлдэл хийсэн хүнийг буруутгаж буй хандлага гэж шууд ойлгох нь өрөөсгөл. Нөгөө талаасаа, амиа хорлох оролдлого хийсэн хүн ийм үйлдэл хийх гарцаагүй ямар нэг шалтгаан байсан л байх. Тэр шалтгааныг нь бид мэдэхгүй байж  харагдаж байгаагаар нь ярьж, элдвээр хэлэх нь буруу.  

Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн сонголт хийхдээ хэзээ ч муутгах гэж, дордуулах гэж сонголт хийдэггүй. Тухайн үедээ өөрийнхөө хувьд хамгийн зөв гэсэн, энэ л зөв гарц, энэ л сайнд хүргэнэ гэсэн шийдвэрийг гаргадаг. Үүнтэй адил “энэ л гарцаагүй” гэж бодсон сонголтоо хийсэн хэрэг. Харин тэр сонголт нь зөв эсвэл буруу байсан эсэхийг цаг хугацаа л харуулна.  Магадгүй яг аминдаа хүрнэ гэж бодоогүй, зүгээр л “зовлон шаналлаа дуусгахыг, зогсоохыг хүссэн” байж болно. Тиймээс хүнийг шууд буруутган шүүх гэсний хэрэггүй. Нөгөөтэйгүүр, энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүсд хандаж хэлэхэд “өөртөө хүсээгүй зүйлээ хүнд бүү хүс” гэдгийг дотроо нэг бодоосой.

Амиа хорлох оролдлого хийж амьд үлдсэн хүний сэтгэл зүйд нийгмээс, бусдаас ирэх дарамт хэчнээн хэцүү байх бол гэдэг талаас нь бодоод үзээсэй гэж хэлмээр санагддаг.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Ярилцлагын дараагийн хэсэгт “Амиа хорлолт”-д хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн нөлөөлдөг, мэдээлж буй өнцөг, хэлбэр, агуулга ямар байдаг, ямар байх хэрэгтэй, “амиа хорлох” оролдлого хийх гэж буй хүний сэтгэл зүйн байр байдлыг хэрхэн анзаарч мэдэх, амиа хорлох оролдлого хийсэн хүмүүс тэрхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулж буй талаар ярилцав. Энд дарж уншаарай. 

 

 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө