2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ЭМЧИЙН ӨРӨӨ

Гэмтэл согог мэс заслын эмч Д.Баяржаргал: Өвдөг, түнх, мөрний үе солих хагалгааг олон улсын түвшинд хийж байна

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 10

Тулгуур эрхтний гэмтэл, үений үрэвсэл, үе солих хагалгаа, оношилгоо эмчилгээний талаар "Мөнгөнгүүр" эмнэлгийн Гэмтэл согог мэс заслын эмч Д.Баяржаргалтай ярилцлаа. 

Хүмүүс ямар төрлийн гэмтэл шалтгаанаар түлхүү хандаж байна вэ? 

Гэмтлийн шалтгаан нь ихэвчлэн улирлын чанартай байдаг. Дулааны улиралд ахуйн осол, түлэгдэх зэрэг хүүхдийн гэмтэл илүүтэй тохиолддог бол намар, өвлийн улиралд залуучууд осол гэмтэлд өртөх байдал нэмэгддэг. Ямар нэгэн спортын арга хэмжээнүүд их болдогтой холбоотойгоор спортын шалтгаант гэмтэл нэлээдгүй гардаг.

Насаар нь авч үзвэл, 40-өөс дээш насныхны дунд архаг өвчлөл болох үений үрэвслүүд, тулгуур эрхтний үрэвслүүд илүүтэй ажиглагдаж байна.

Бэртэл гэмтэл дотроо ямар төрлийн гэмтлийг анхаарах ёстой вэ? 

Спортын гэмтлийг зөөлөн эдийн, хатуу эдийн, толгой хүзүүний, хавсарсан гээд хэд хэд ангилдаг. Зөөлөн эд дотроо өвдөгний үений бэртэл гэмтэл их тохиолддог. Ялангуяа сагсан бөмбөг, бөхийн төрлийн спортоор хичээллэдэг, гүйж, харайдаг, үсрэлттэй хөдөлгөөн хийдэг залуучуудын дунд зөөлөн эдийн гэмтэл маш их тохиолддог.

Хатуу эдийн гэмтэлд ясны бэртэл гэмтэл ордог бөгөөд экстрем спортоор хичээллэдэг хүмүүс илүүтэй өртдөг. Түүн дотроо эгэм ясны хугарал их тохиолдоно. Толгой хүзүүний бэртэл гэмтэлд хөл бөмбөг, тулааны спортынхон өртөх нь их. Мөн эдгээр бүх бэртэл гэмтэл хавсарч тохиолдож болно.

Аль төрлийн гэмтэл нь хор уршиг ихтэй, аюултай вэ? Анхаарах зүйлсийг нь хэлж өгөөч?

Залуучуудын тухайд хоббигоороо хичээллэх боломжгүй болох, эргэж спортдоо орж чадахгүйд хүрдэг. Ер нь тамирчин хүний мөнхийн дайсан бол өрсөлдөгч бус бэртэл гэмтэл юм. Байнгын дагаж явдаг асуудал нь болдог. Тиймээс аль болох урьдчилан сэргийлэх, хамгаалалт хэрэглэж сурах шаардлагатай.

Бэртэл гэмтэл гарсан тохиолдолд шууд нарийн мэргэжлийн эмчид хандахгүйгээр цаг алдах байдал маш их. Ялангуяа нийтлэг тохиолддог шагай, өвдөгний зөөлөн эдийн бэртэл гэмтлийн үед дунджаар 14-28 хоног хөдөлгөөн хязгаарлах ёстой байдаг. Гэтэл зовуурь нь жаахан багасахаар дэглэм алдаж буцаад ачаалал өгснөөр сэдрэлтэй гэмтэл болгож хүндрүүлдэг.

Зарим тохиолдолд өвдөгний үеэр жийргэвч мөгөөрсний гэмтэл авчихаад гүрийгээд яваад байдаг талтай. Улмаар гэмтлийн гаралтай өвдөгний үений үрэвсэл эхлэх, физиологоороо дунджаар 45-аас дээш насандаа үүсэх байсан үрэвсэл нь гэмтлийн шалтгаантайгаар дөнгөж 30 насанд нь үүсэх тохиолдол бий. Настай хүн шиг өвдөг, үе нь өвддөг болчихдог. Ер нь тулгуур эрхтний өвдөлт, гэмтэл хүний амьдралын чанарт маш ихээр нөлөөлдөг хор уршигтай гэдгийг анхаарах хэрэгтэй.

Үений үрэвсэлд хүргэх хүчин зүйлс юу вэ? Эмэгтэйчүүдийн дунд үе өвдөх асуудал илүүтэй тохиолддог юм шиг ажиглагддаг. Энэ  нь юутай холбоотой вэ?

Амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, таргалалттай холбоотойгоор өвдөгний үений үрэвсэл үүсдэг. 

Энэ бол гадаад хүчин зүйлс. Өвдөг нь тулгуур эрхтэн бөгөөд дээрээс маш их ачаалал авдаг. Тиймээс таргалалт гол шалтгаануудын нэг болж байна. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол арай хөдөлгөөн багатай, таргалалт илүү байдагтай холбоотойгоор илүү их тохиолддог гэж хэлж болно.

Өвдөгний үений үрэвсэл нь 4 үе шаттай. Эхний нэг хоёрдугаар шатанд эмийн эмчилгээ, нөхөн сэргээх физик эмчилгээ хийгддэг бол 3-р шатанд үений тариа зэргийг хийдэг. Үений тариа нь PRP, гиалуроний хүчил, үүдэл эсийн эмчилгээ гэх мэт дотроо янз бүр. Эдгээрийг зураг авхуулах, нарийн шинжилгээнүүд дээр үндэслэн тухайн хүнд ямар эмчилгээ тохирохыг мэргэжлийн эмч л зөвлөдөг. Сүүлийн 4-р шатандаа үе солих мэс засалд орох заалттай байдаг.

Шинж тэмдэг нь үе шатууд дээр ямар ялгаатай илэрдэг вэ? Өвдөөд байна гээд л яваад байдаг хүмүүс бий?

Өвдөлтөөр эхэлнэ. Өвдөгний орчим улайж хавдах, хөдөлгөөн хязгаарлагдах, ачаалал өгөхөд зовуурь нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хөнгөн зэргийн үед өвдөлт 4-5 минут болоод намддаг. Хүндрэх тусам өвдөлтийн хугацаа нэмэгдэх бөгөөд өвдөлт намдахаа больдог учраас өвдөлт намдаах эм хэрэглэж эхэлдэг.

Өвдөгний үений үрэвсэл 3 болон 4-р шатанд ороод эхлэхээр өвдөгний үений хэлбэр дүрс алдагдаж майга болох, хөдөлгөөн хязгаарлагдах хүндрэл үүсдэг.

Үе солих мэс засал хэр эрсдэлтэй вэ. Мэс заслын арга манайд хэр хөгжиж, ямар дэвшил гарсан бэ? 

Өвдөг, түнхний үе солих хагалгаа Монголд нэвтрээд удсан. Мөрний үе солих мэс засал цөөн тоогоор боловч амжилттай хийгдэж байна.

Манай эмнэлэгт өвдөг, түнхний үе, мөрний үе солих мэс засал хийж байгаа. Бүгд олон улсын түвшинтэй ижил хэмжээнд хийж байгаа. Зарим хүмүүсийн хувьд өвдөгний үе солиулсны дараа явж чадахгүй байна гэх зовуурь гардаг. 

Мэс заслын эмчилгээ өөрөө 100 хувийн үр дүнтэй биш. Үений хагалгаа амжилттай болох хувь нь 90 хувиар яригддаг. Үлдсэн 10 хүртлэх хувьд нь тодорхой хэмжээний эрсдэл бий.  

Мэс заслын эмчилгээний дараа нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэнэ. Хосолсон эмчилгээ хийснээр эмчилгээний амжилт яригдах юм. Мөн тухайн хүний өөрийн идэвх чармайлт чухал нөлөөтэй. Мэс заслын дараа шарх бүрэн эдгэрч, суулгац бүрэн суусны дараа дасгал хөдөлгөөн хийдэг. Үүний дараа өвчтөн өөрөө үргэлжлүүлэн хичээж дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Мэс заслын эмчилгээнд орсноос хойш дунджаар 2-3 сарын дараа бүрэн эдгэрдэг гэж үздэг. Мөн тухайн мэс заслын эмчийнхээ хяналтад  ядаж  жилд нэг удаа үзлэг хийлгэж хянуулах шаардлагатай.

 Үе солиулах хэмжээний хүнд шатанд орохгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

Илүүдэл жингүй байх, өөрт тохирсон зөв дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Хөдөлгөөн хэрэгтэй гээд уул хад руу авираад, дугуй жийгээд бай гэсэн үг биш. Болж өгвөл тэгш гадаргуун дээр алхах нь илүү тохиромжтой. Хазгай өгсүүр газар алхах, хэт их ачаалал өгснөөс болж өвдөгний үеэ гэмтээх эрсдэл үүсдэг. 

Үүнээс гадна амьдралын зөв хэв маягтай байх, хорт зуршлаас татгалзах, витаминлаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Таргалуулах бэлэн бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай.

Мөн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхдээ заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Сошиалд сайн гэсэн эм, нэмэлт бүтээгдэхүүнийг дураараа хэрэглэх нь санхүүгийн дарамтанд орох, эрүүл мэндээрээ хохирох аюултай. Нэг хүнд сайн таарсан эм бүтээгдэхүүн нөгөө хүнд адил үйлчлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тулгуур эрхтний өвчлөлийг эрт илрүүлэхийн тулд ямар оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгт орох вэ? 

Хамгийн өртөг багатай арга нь рентген зураг авхуулах. Шаардлагатай бол цусны шинжилгээ өгч болно. Эдгээр шинжилгээг хийлгээд нарийн мэргэжлийн эмчид хандахад хэд дүгээр шатанд байгааг нь оношлох бүрэн боломжтой.

Эмийн эмчилгээ, физик эмчилгээ, үений тарилга зэрэг нь тухайн үений үрэвслийг цааш даамжруулахгүй байх зорилготой л хийгддэг. Үений үрэвслийн 2-р шатанд байлаа гэхэд энэ шатанд нь аль болох удаан авч үлдэх зорилготой эмчилгээ хийгддэг гэсэн үг. Нэг ёсондоо хугацаа хожиж буй юм. 

Үений үрэвсэл нь 2-р шатандаа орсон хүн хэчнээн эмчилгээ хийлгэсэн ч дахиж 1-р шат руу орохгүй. Эцсийн төгс эмчилгээ нь өвдөгний үе солих хагалгаа. 

Энэ хэмжээнд хүргэхгүйн тулд л хугацаа хожих, зовуурийг нь намдаах эмчилгээ хийдэг.

Ахимаг насанд очсон хойноо заавал үений үрэвслээр өдвөх ёсгүй байх. Үрэвсүүлэхгүй, өвдөхгүй байх боломжтой юу? 

Нөлөөлөх хүчин зүйлс, шалтгаан нь олон. Суурь эмгэгүүд байна. Олон төрлийн үе хамарсан системийн өвчлөл, хүйс болон гэмтлээс шалтгаалж үрэвсэл залуу насанд эсвэл нас ахисан хойно эхэлж болно. Хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүс 1х2 гэсэн харьцаатай байдаг.  Тиймээс дээр хэлсэн  амьдралын хэв маягтаа анхаарах нь хамгийн сайн урьдчилан сэргийлэлт болж чадна. Эцэст нь дахин анхааруулж хэлэхэд ямар нэгэн зовуурь илэрсэн л бол заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

 Ярилцсанд баярлалаа. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26