2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ТОД ТУСГАЛ

Алдарт Idea book номын орчуулагч Б.Хулан: "Сэтгэх урлаг" бол сэргээш

—   2017 оны 11 сарын 25

Б.ХУЛАН

 “Asia Weekly” сэтгүүлд судлаач /Бээжин/

“Intelligent Security Solutions” ISS Risk компанид Ахлах тоймч / Бээжин, Хонг Конг/

“Anderman Ceramics” компанид Хятад хариуцсан бизнес зөвлөх /Англи/

"Энерго Авангард" компанид Бээжин дэх төлөөлөгч /ОХУ/

Ideabook 2004 онд анх хэвлэгдэж гарснаасаа хойш дэлхийн даяар бестселлер болж, 16 орны хэлээр хөрвүүлэгдсэн, бүх цаг үеийн бизнесийн шилдэг 100 номын нэгэнд багтдаг. Таны хувьд анх энэ номтой хэзээ танилцаж байв, орчуулах хүсэлтээ хэлэхэд зохиогч яаж хүлээж авсан бол?

-Энэ номыг хоёр жилийн өмнө уншсан л даа. Тэгээд их таалагдаад хадгалаад л байсан. Хүүдээ заримыг нь ярьж байтал “орчуулаач наад номоо ээж ээ” гэсэн. Тэгээд орчуулж эхлээд орхисон, ажлын ачаалал их байсан учраас бараг мартсан шахуу. Тэгээд л хүүгээ асуухаар нь чи бас орчуулалцаач гэснээр бид хамтдаа орчуулсан даа. Бас миний дүү нар ч орчуулалцсан. Хятад хэл дээрх орчуулгатай нэлээд харьцуулсан. Орчуулж дуусаад зохиогчоос нь зөвшөөрлийг нь аваад албан ёсоор гаргая гэж бодоод имэйл бичсэн юм. Хариу нь хурдан ирсэн боловч зарим асуудал дээр саналд хүрч чадаагүй учраас хоёр сар шахуу орхисон. Тэгээд л явцын дунд найрсаг тохироонд хүрсэн.

Түүний эзэмшдэг Шведийн буйдхан жижиг арал дээр хэд хоног амьдарч үзсэн гэсэн. Хүсэлт илгээсэн хүмүүсийг ээлжээр үнэ төлбөргүй амрах эрх өгдөг гэсэн нь сонирхол татсан шүү. Арал дээр нь байхдаа орчуулгаа эхэлж байв уу? Арлын өдрүүдийнхээ дурсамжаас сонирхуулаач?

- Ideas island гэдэг хөөрхөн жижигхэн, үзэсгэлэнтэй арал. Европт ажлаар явах талаар минь мэдээд арал дээрээ урьсан. Гэхдээ нүүдэлчдийн амьдралын талаар бичиж байгаа номын маань тухай сонсоод л урьсан хэрэг. Ер нь бол тэр арал дээрээ ямар нэг сонирхолтой төсөл хийж байгаа ч юмуу эсвэл уран бүтээлч хүмүүсийг сонгож урьдаг юм билээ. Би тэр арлынх нь талаар мэддэггүй байсан. Харин урьсны дараа нь мэдээд их сайхан санагдсан шүү. Тэр бол миний амьдралын хамгийн сонирхолтой өдрүүдийн нэг байсан. Ямар сайндаа л би хошигноод "Амьд байхад арал дээр ганцаараа амьдарч үздэг л юм байна" гэхэв. Тэнд сайхан хаус, идэх хоол унд, хэрэглээ, интернэт гээд л таван одтой буудал шиг л байсан. Завь, хун, өөр нэрийг нь мэдэхгуй шувууд дэгдээхэйнүүдтэйгээ амар жимэр амьдарна. Бас би тэнд амар амгалан гэж юу байдгийг мэдэрсэн, хүн байгаль хоёрын тэр гайхалтай холбоо. Харин би шөнө унтахдаа л айдаг байсан, анир чимээгүйд хэн ч байхгүй. Өглөө маш эрт сэрээд нар мандсан байхыг мэдрэх тэр агшин их гоё. Айсан мөртлөө тэндээс явмааргүй тийм л сайхан байсан даа.

Фредрик Харен бол бүтээлч сэтгэлгээ, “хайрцагнаас гадуур” харах тал дээр гойд өвөрмөц өгөгдөлтэй хүн юм билээ. “Сэтгэх урлаг” нэрээр орчуулан монголын уншигчдад хүргэж буй энэ ном танд юу өгсөн бэ? Уншсан хүмүүст юуг өгөх вэ?

-Би түүнийг дэлхийн хамгийн хурдан яригч гэдэг. Яагаад ч юм надад нэг бодол төрсөн л дөө. Хурдан сэтгэгч хүн хурдан ярьдаг юм болов уу гэж. Тэр үнэхээр гайхалтай хурдан сэтгэдэг. Энэ ном миний ментор болж чадсан. Бусад хүмүүст ч адилхан байх болов уу гэж итгэж байна. Үеэ элээсэн бизнесийн номууд одоо ч дэлгүүрүүдийн лангуун дээр байгааг хараад би гайхдаг. Цаг үе хичнээн их өөрчлөгдөж байгаатай адил хүмүүсийн сэтгэлгээг чиглүүлэгч номууд ч шинэ үетэйгээ гарч ирэх ёстой. “Сэтгэх урлаг” бол одоо үеийн ном, одоо бидэнд юу хэрэгтэй байгааг хэлж өгч чадна, гэхдээ маш энгийнээр. Зарим хүмүүс номыг унтахдаа уншдаг нойрны эм болгодог бол “Сэтгэх урлаг” сэргээш болно.

Зохиогч номныхоо хавтсанд Idea book гэдгээс өөр үг бичээгүй нь авторын нэр, элдэв зураг, агуулгаа илэрхийлсэн өгүүлбэрүүдтэй бүх номноос өөр. Хуудсыг нь эргүүлэхэд 50 хувийг нь тэмдэглэлийн дэвтэр байдлаар ашиглаж, уншигч өөрийн бүтээлч санаануудаа хөгжүүлэх боломжтой гэдгээрээ өвөрмөц юм билээ. Орчуулах зөвшөөрөл өгөхдөө танд ямар шаардлагуудыг тавьж байв? Мэдээж борлуулалтын орлогын тодорхой хувийг зохиогч хүртэх байх?

- Аливаад бизнесийн нууц гэж байдаг шүү дээ. Бид албан ёсоор хамтарч ажилладаг болсон. Би түүний шаардлагуудыг давж чадсан. Номын тухайд зөвхөн унших бус, тэмдэглэл хөтлөх хуудсуудтай болохоор уншаад санаагаа тэмдэглээд явах хөгжилтэй байгаа биз?

Дэлхий даяар аялан, өндөр үнэтэй лекцээ уншдаг энэ эрхмийн уулзалт монгол залуусыг үнэхээр догдлуулж, хийж бүтээх их урам өгсөн. Номын борлуулалт хэр явж байна?

-Түүнийг урьж лекцийг нь сонсдог, бизнес зөвлөхөөрөө ажиллуулдаг дэлхийн том банкууд, компаниудыг дурдвал дуусахгүй. Номын маань борлуулалт дажгүй дээ, энэ тал дээр сэтгэл хангалуун байгаа. Худалдаанд гараад 5 өдрийн дараа л бестселлерт жагссан. Мөн компаниуд бас олноор захиалж авсан. Ер нь энэ номыг ажилтнуудаа бүтээлч байлгах гэж дэлхийн олон компаниуд, их дээд сургуулиуд, мөн үйлчлүүлэгчиддээ бэлэг болгон хэдэн мянгаар нь авдаг. Ном бичигдэхээсээ өмнө 2000 хувь зарагдсан байдаг түүхтэй.

Фредрик Харен нэг оронд дахин очих дургүй ч Монголд дахиж ирнэ гэдгээ хэлж байсан. “Монголын брэндийн зөвлөл”-тэй уулзалт хийсэн гэсэн. Монголыг дэлхийд сурталчлах талаар та бүхэнд ярилцсан төлөвлөгөө бий юу? 

- Фредрик угаасаа Монголд ирэхийг их хүсч байсан. Түүнийг ирэх цөөн хоногт маш олон газрууд уулзах хүсэлт тавьж байсан боловч тэр болгонд боломж байгаагүй. “Монголын брэндийн зөвлөл”-өөс өглөөний цайны түр уулзалт хийсэн. Мэдээж тэрээр Блүүмберг, DeFacto, Форбес, Unread-д сонгон цаг гаргаж ярилцлага өрнүүлсэн. Монголд дахиад ирэх төслүүд яригдсан байгаа.

 Бизнесийн шинэ санаагаа бодит үйл хэрэг болгох чиглэлд зохиогч 22 жилийн турш ярьж, бичиж байгаа. Түүний номонд багтсан сонирхолтой зөвлөгөөнөөс манай уншигчидтай хуваалцана уу?

-Сэтгэж сурах түлхүүрийг олоход бид суралцах хэрэгтэй. Хүн бүжиглэж сурахын тулд дадлага хийдэгтэй ижил сэтгэж сурахад бас дадал, дадлага хэрэгтэй гэсэн санаа бий.

Таны хувьд ОХУ-д сэтгүүлч мэргэжил эзэмшиж, Хятадад суралцан, Англид нэр хүндтэй ажил эрхэлж байгаад эх орондоо ирэхэд ямар мэдрэмж төрж байв? 

-Одоо би төслийн менежерээр ажиллаж байна. Монголд ажиллаагүй байгаа боловч одоогоор хэд хэдэн ажлын санал авсан, бодож байгаа. Монголчууд сэтгэлээсээ ажлаа хийдэг, юманд сэтгэлээсээ ханддаг, хэлсэндээ хүрдэг, цаг барьдаг байгаасай. Бас найрсаг занг доожоогүй байна гэж үздэг юмуу даа гэсэн бодол их төрдөг шүү. Найрсаг зөөлөн харц үгүйлэгддэг. Шаардлагагүй зүйлд ч гэсэн хэт ихэмсэг хандлагатай. Ямарваа нэгэн ажлыг төлөвлөгөөтэй, албан ёсоор хийхдээ дутагдалтай санагддаг.

Аливаа ажлыг ярьж тохироход дандаа "дөхүүлж байгаад яръя" гэдэг хариултыг олонтаа сонссон. Тэгэхээр тухайн яригдаж буй ажил биеллээ олох битгий хэл төлөвлөлтийн шатандаа явж байгаа юу, үгүй юу гэдэг нь ч тодорхойгүй байдаг нь үнэхээр аймшигтай санагддаг. Харин үнэхээрийн ажил хэрэгч хүмүүс бас байдгийг үгүйсгэж болохгүй.

Нүүдэлчдийн амьдралын талаар ном бичиж байгаа гэлээ. Гадаад зах зээлд гаргах англи хэл дээрх бүтээл байх уу? Нүүдэлчин соёл, уламжлалын талаар чухам ямар өнцгөөс бичиж байгаа вэ?

-Тиймээ, англи хэл дээр гаргахаар бичиж байгаа. Монгол бүсгүйчүүдийнхээ хүчирхэг талыг харуулахыг зорьж байгаа.

Монгол залуус дэлхийн хэмжээнд бизнес хийж, танигдах тал дээр ямар бодолтой явдаг вэ? Бидэнд юу дутагдаж байна?

-Баригдмал үзлээсээ гарах, мөн шантралгүй зүтгэх хэрэгтэй. Энгийн байх нь одоогийн залуучуудад дутагдаад байгаа юм даа. Дахиад л хэлэхэд эелдэг харьцаа дутагдаж байна.

Та Asia Weekly сэтгүүлд судлаачаар ажилласан юм байна. Ямар чиглэлээр судалгаа хийж байв?

- Бид Азийн бүх хэвлэлүүдийг тоймлон гаргадаг байсан.

Хятадын бизнесийн талаар олон жилийн өмнө бичсэн өөрийн чинь ном одоо хэр нь борлуулагдаж байгаа гэсэн. Хөрш орныхоо том зах зээлд нэвтрэхэд бидэнд ямар бодит боломжууд байна? Манайхан хэр ашиглаж байна гэж дүгнэх вэ?

-Би “Хятад Бизнес” номоо Asia Weekly сэтгүүлд ажиллаж байхдаа 2007 онд бичсэн. Хятадад 3000 хувь хэвлэж авчирсан ном маань нэлээд хурдан зарагдаад дууссан, би тэр үед ямар ч сурталчилгаа хийгээгүй . Өнгөрсөн жил тэр номоо дахин хэвлэсэн, борлуулалтдаа гонсойгоогүй, жигд борлуулагдаж байна. Хятадын зах зээл бидэнд нээлттэй, бидэнд давуу талууд маш их байгаа. Үүнийг би тодорхойлох нь ч юу юм, гэхдээ боломж бидний хажууханд байгааг хэлж чаднаа. Монголчууд хятадад бизнес эрхлэх нь мэргэжлийн тувшинд явагддаг болсон шүү дээ.

Англи, орос, хятад, герман хэлтэй гэдгийг танилцуулгаас чинь уншсан. Энэ олон хэлийг сурч, хажуугаар нь судалгааны ажлуудаа хийж амжуулна гэдэг нөр их хөдөлмөр байж таарна. Гадаад хэлийг хэзээнээс сурч эхлэв? Хамгийн сүүлд сурсан хэл аль нь вэ?

- Би сүүлийн 10 жилийн хугацаанд хэл шаргуу сурч байгаа юм болов уу, сурсаар л байна. Гадаад хэлийг сурахад амархан гэж би хэлэхгүй. Сурах цагийг хүлээх биш тэр цагийг өөртөө гаргаж сурах л чухал. Хамгийн хэцүү зүйл бол цагийн зөрүүнд ажиллаж, нэг зүйлийг өөр хэлүүд дээр зэрэг амжуулахад тархи ядардаг. Зарим үед хэнтэй ч ярихыг хүсэхгүй тохиолдол бий. Үүнийг маань ойлгодог дотны хүмүүстээ их баярладаг. Одоогоор Герман хэл сурч байгаа, оюутан үедээ сурч байгаад орхисон байсан.

Цагийн зөрүүнд ажилладаг энэ хэв маяг тань хэзээнээс эхэлсэн бэ? 

-Сүүлийн 10 жил би цагийн зөрүүнд ажиллаж байна. Тиймээс ганцаараа байж төвлөрөх цаг маш их хэрэгтэй байдаг. Монголд бараг байдаггүй. Анх 18 настайдаа хөдөөнөөс Улаанбаатарыг мэдэхгүй Оросруу Их Сургуульд явж байсан мөчийг хэзээ ч мартдаггуй юм. Сүүлийн 10 жилд Хятад, Америк, Англи, Германд амьдарч ажиллаж байна.

Өрнө, дорнын хэл соёлын зааг дунд та өөрийгөө хэрхэн олсон бэ?

-Хятад хэл хамгийн хэцүү хэл. Аливаа хэл ахуй, соёлтойгоо их холбоотой байдаг учраас хүмүүсийнх нь сэтгэхүйг нь сайн ойлгодог байвал хялбар юм болов уу, тэгэж ч ярьдаг. Аливаа зүйлд монгол хүний хурдан хөрвөж, дасан зохицож чаддаг чадвар хэзээд давуу тал байж чаддаг. Миний хувьд ч гэсэн бусдын адил л оногдсоноо хийгээд л явдаг.

Мэдлэгээ зузаатгах, ажлаа амжуулах тал дээр ямар дараалал, зарчим баримталдаг вэ?

-Жижиг том гэлтгүй төлөвлөснөө хийх, амласнаа биелүүлэхийг хичээдэг. Төлөвлөгөө, цаг баримтлал хамгийн чухал.

Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач, өөр ном орчуулах уу? Монголдоо үргэлжлүүлэн ажиллах уу?

-Өөр номууд орчуулах төлөвлөгөө бий. Монгол хэтэрхий жижиг зах зээлтэй гээд нэг ном маань одоогоор цуцлагдсан байгаа ч гаргахыг хичээнэ.

Монголд ажиллах тал дээр, чөлөөт хуваариар зарим газартай хамтран ажиллана.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүний гавьяат эмч А.Оюунчимэг: Хүн чанар ямар үнэтэй юм, хязгааргүй байхгүй юу...

Энэ хүнийг хэн бэ гэвэл ХҮНИЙ ДЭЭД гэж би хэлнэ. Мэдлэг мэргэжил, харилцаа хандлага, хүн чанар нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ЭМЧ ХАТАГТАЙ.Би 37 настай. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 19

БИ САЛХИ ШИГ ХЭРНЭЭ ОРШИН ТОГТНОЖ АМЬДАРСАН

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа. Монголын орчин үеийн рок поп урлагийн ноён оргилуудын нэг. Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч Ү.Хүрэлбаатар хэлэхдээ,... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 04 сарын 26

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26