2022/08/20. Бямба гараг Дугаар: #2375

ЭМЧИЙН ӨРӨӨ

ХӨСҮТ-ийн их эмч О.Энхжаргал: 15-тай хүүхэд ч папилома вирусийн халдвар авч байна

— Ч.Баяржаргал   2021 оны 12 сарын 13

Хүний папилома вирус буюу монголоор хөхөнцөр вирус бидэнд ямар аюул учруулж болох талаар ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч О.Энхжаргалтай ярилцлаа.

Хүний папилома вирус гэж юу вэ. Заавал бэлгийн замаар халддаг халдвар уу?

Монголоор хүний хөхөнцөр вирус ч гэж нэрлэдэг. Дэлхий дээр хамгийн өргөн тархсан вирусүүдийн нэг. Одоогоор 100 гаруй төрөл зүйл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаас 40 орчим төрөл нь бэлгийн замаар халддаг. Эдгээр 100 орчим төрлийг эмнэлгийн хэллэгээр хэв шинж гэдэг.

6 болон 11 дүгээр хэв шинжээр нь бэлгийн үү үүсгэгддэг бол 16, 18, 31, 33, 52, 58 дугаар хэв шинжүүдээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэгддэг байх жишээтэй. Эдгээр нь ихэнх тохиолдолд бэлгийн замаар халддаг учраас бэлгийн ид идэвхтэй амьдралтай байгаа залууст түгээмэл тохиолддог. Гэхдээ бас агаар дусал, ахуйн хавьтлаар халдах боломжтой. Бид нар гарын үү, хөлийн эвэр гэж ярьдаг. Эдгээр нь папилома вирусийн 1 дүгээр хэв шинжээр үүсгэгддэг юм.

Бэлгийн замаар дамжихдаа яг ямар хэлбэрээр дамжиж болох вэ. Бусад төрлийн БЗХӨ-үүдтэй ижилхэн замаар халдах уу?

Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан бол түүгээр дамжиж орох замаар өсч үрждэг. Нэвтэрч орсон хойноо арьс салстын хучуур эдийн гүн давхарга дотор талд нь байрлаж, эс буюу бөөмөн дотор нь өсч үрждэг. Улмаар удирдах боломжгүй эсийн нэг төрлийн хавдарыг үүсгэдэг. Ингэж хорт хавдар болж хувирдаг юм. Тиймээс бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орох үед халдана. Өөр нэг тохиолдол нь ээжээс хүүхдэд халддаг. Ер нь халдсан тохиолдолд хавдар үүсгэх магадлалтай вирус. Миний түрүүн хэлсэн 16, 33, 52, 58 дугаар хэв шинжүүд нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. Эмэгтэй хүнд зөвхөн умайн хүзүүнээс гадна бэлэг эрхтний хорт хавдар ч үүсгэх боломжтой.

Шинж тэмдэг нь ямар хэлбэрээр илэрдэг вэ?

Бэлгийн үүний хувьд халдвар авчихсан мөртлөө тухайн хүнийхээ онцлогоос шалтгаалаад дунджаар 1-8 сар, дээшээгээ хэчнээн ч жил шинж тэмдэг илрэхгүйгээр явах боломжтой. Эмэгтэй хүний хувьд гадна бэлэг эрхтэн буюу гэмтсэн арьс салстаар нэвтэрч орсон бол яг тэр хэсгээрээ бэлгийн үү гарч илэрнэ. Эрэгтэй хүний хувьд мөн адил бэлэг эрхтэн, цавь, умдаг хавиар жижиг хэлбэртэй ургацагууд гарч эхэлдэг. Шинжилгээгээр яг ямар эд эрхтэн, эсүүдэд орсныг мэдэх бүрэн боломжтой.

Энэ вирусийн шинжилгээг PCR-аас өөр ямар шинжилгээгээр мэдэж болох вэ?

Бэлгийн үүний тухайд шинж тэмдэг буюу үү, ургацаг нүдэнд харагдахаар ил гарч эхлээгүй тохиолдолд мэдэх их хэцүү байдаг. Ингэж ургаж гарч ирээгүй үедээ уг вирус нь цус руугаа орохгүйгээр зөвхөн гэмтсэн арьс салстандаа байрлаж үржээд байдаг юм. Тиймээс цусны болон серологийн шинжилгээ, бусад шинжилгээгээр ийм далд үедээ илрэхгүй. Зөвхөн PCR шинжилгээгээр илэрнэ.

Умайн хүзүүний өмөн үүгийн тухайд арай өөр. Олон бэлгийн хавьтагчтай, бэлгэвч хэрэглэдэггүй, мөн дархлаа сул байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд умайн хүзүүний эсийн шинжилгээг гурван сар тутамд өгч байх хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн 100 гаруй төрлийн хэв шинжийг  ийм аргаар л илрүүлэх боломжтой. Мөн PCR шинжилгээгээр илрүүлж болно. Миний хэлээд байгаа бүлгийн эмэгтэйчүүдийн хувьд эдгээр шинжилгээг ойр ойрхон давтан өгөхөд буруудахгүй.

Үү гарах нь хамгийн эхний шинж тэмдэг гэлээ. Өөр ямар шинж тэмдэг, зовиур илрэх үү?

Бэлгийн үүг 6, 11 дүгээр хэв шинжээр илэрдэг гэж би түрүүн хэлсэн. Үүнээс гадна хөхөнцөр буюу папилома вирусийн өөр хэв шинжүүдээр үүсгэгдэж болно. Тиймээс миний хэлсэн шинжилгээнүүдийг өгөөд үзэхэд буруудахгүй. Ялангуяа эмэгтэйчүүд. Ганцхан энэ хүн ийм хэв шинжээр өвчилнө гэж хэлэх боломжгүй. Нэг хүн папиломагийн хэчнээн ч хэв шинжээр зэрэг өвчилж болно.

Саяхан урьд нь умайн хүзүүний ямар нэгэн өөрчлөлт, үрэвсэлтэй байсан 100 эмэгтэйн дунд явуулсан судалгаагаар бараг 50 хувьд нь 25 төрлийн хэв шинжүүд илэрсэн байх жишээтэй. Тэр дундаа 16, 33, 52, 58 дугаар хэв шинжүүд давамгайлж гарсан. Энэ нь умайн хүзүүний өмөн үү буюу хавдар үүсгэдэг хэв шинжүүд.

Эдгээр эмэгтэйчүүдийн 14 хувьд нь хорт хавдар илэрсэн бол 40 шахам хувьд нь умайн хүзүүний гаж хувирлууд үүсээд эхэлчихсэн байсан. Хавдар болоход ойрхон гэсэн үг. Гэтэл эдгээр эмэгтэйчүүдэд өөрсдөд нь сүйдтэй зовиур бараг илрэлгүй явсаар ийм болсон байсан. Ийм аюултай вирус учраас улс орон даяар умайн хүзүүний хорт хавдарын үзлэг, шинжилгээ явагдаад байдаг чинь учиртай.

Таны хэлсэн 100 эмэгтэйн судалгаа Монголд хийгдсэн судалгаа юу?

2016, 2018 онд манайд хийгдсэн судалгаа. Азийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад умайн хүзүүний хорт хавдар илүү өндөр явдаг. Тиймээс энэ бол анхаарал хандуулахгүй орхиж болохгүй асуудал юм.

Зуун хувь урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Түрүүн хэлсэн бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орохгүй байх нь хамгийн эхний бөгөөд найдвартай урьдчилан сэргийлэх арга. Бүр найдвартай арга гэвэл өнөөдөр дэлхий даяар хоёр төрлийн папилома вирусээс хамгаалах вакцин хэрэглэж байна. Энэ вакцинд хамрагдсан хүн хөхөнцөр вирусийн халдвар авах магадлал нь эрс багасдаг.

Вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Манай улсад хийдэг үү?

Миний мэдэж байгаагаар арваад жилийн өмнө Мянганы хөгжлийн сорилтын сангийн санхүүжилтээр Гардалис вакциныг өсвөр насны охидод хийсэн. 9-14 насны охидуудыг сонгож хийсэн л дээ. Учир нь энэ насныхныг бэлгийн харьцаанд орж эхлэхээс нь өмнө вакцинжуулж байгаа хэрэг. Харин өнөөдрийн хувьд манай улсад заавал хийгдэх ёстой товлолт вакцинд папилома вирусийн вакцин ороогүй учраас хийх боломжгүй байна. Яагаад гэвэл энэ төрлийн хоёр вакцин нь дэлхийд нэлээн өндөр үнэтэйд тооцогддог.

Шинжилгээ өгөх зайлшгүй шаардлагатай хүмүүст ямар хүмүүс ордог вэ?

Зөвхөн нас заах биш, бэлгийн идэвхтэй амьдралтай яваа эмэгтэйчүүд бүгд өгөх хэрэгтэй. Орчин үед эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд эрт ордог болсон учраас заавал тэдэн нас гэж нарийн заах боломжгүй. 15-тай хүүхэд ч энэ халдварыг авчихсан тохиолдол нэг бус байна.

Эмчилгээний хувьд хэрхэн яаж эмчилдэг вэ. Бүрэн эдгэрдэг үү?

Бэлгийн үүний тухайд хэд хэдэн эмчилгээний арга бий. Гэхдээ энэ аргууд нь зөвхөн шинж тэмдгийнх гэж ойлгох хэрэгтэй. Учир нь энэ бол вирусийн халдвар. Энэ вирусийг төгс эмчилдэг эм одоогоор дэлхийд алга. Тиймээс нэгэнт ургаад гараад ирчихсэн бэлгийн үүг мэс заслын аргаар авч болно, түлж авч бас болно. Гэхдээ энэ нь зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ. Төгс биш эмчилгээний арга гэж ойлгож болно.

Тэгэхээр шинж тэмдгийн эмчилгээ хийсэн ч вирус нь цаанаа цусандаа байгаад байх боломжтой гэсэн үг үү?

Бэлгийн үүний тухайд эмчилсний дараа 30 хувь нь дахидаг талтай. Гэхдээ энэ өвчин хүний дархлаанаас их шалтгаалдаг. Дархлааны систем муу ажиллаж байгаа нөхцөлд энэ вирусийн өсөлт үржилт их байдаг. Мөн архи, тамхины хэрэглээнээс ч бас шалтгаална. Нэг жишээ дурдъя. Урьд нь энэ халдварыг авчихсан байсан эмэгтэй жирэмсэн болоод эстрогений буюу дааврын өөрчлөлт явагдсанаар хөхөнцөр вирусийн өсөлт, өөрчлөлт нэмэгдсэн байх жишээтэй. Ингээд бэлгийн үү хэлбэрээр ил гарсан. Ийм нөхцөлд хүүхэд энэ халдварыг авч төрөх магадлал мөн л өндөр болж байгаа юм.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүүхдийг уйлахаас төвөгшөөлгүй шүдийг нь 6 нас хүртэл гардаж угаа

Хүүхдийн шүд, амны хөндийн өвчин түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлс нь юу болох талаар ЭМЯ-ны дэргэдэх Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн Б.Өнөрбилэг дараах зөвлөгөөг өглөө. Хүүхдийн сүүн шүд эрүүл байх нь хамгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 15

Н.Тайван: Хэвлийд ус үүсэх түгээмэл шалтгааны нэг нь элэгний архаг өвчлөл

Монгол улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар мөн л тэргүүлж байна. Өнгөрсөн онд хорт хавдрын 5981 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4411 хүн уг өвчний улмаас нас баржээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 12

Санал болгох

Нийслэлийн 17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

"Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2022 оны 08 сарын 17

Иргэний үнэмлэх, гадаад паспортын хугацаа дуусвал и-мэйлээр мэдэгддэг, зээлийн гэрээг банканд очихгүйгээр хийдэг болно

Засгийн газрын ээлжилт хуралдаан /2022.08.17/ болж дараах шийдвэрийг танилцууллаа. Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан: Үндэсний цахим шуудангийн систем нээгдэж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 17