2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ЭМЧИЙН ӨРӨӨ

Ж.Сарангэрэл: Үтрээний шүүрлийн өнгө хувирах, хэмжээ нь ихсэх, хорсох нь ямар нэг үрэвслийн шинж тэмдэг

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 06

"Эмчийн өрөө" ярилцлагын булангаараа энэ удаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг тойрсон асуудлууд, шинж тэмдгүүд юуг илэрхийлдэг болон анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр “Улаанбаатар Медика” эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, клиникийн профессор Ж.Сарангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр салбартаа 23 дахь жилдээ ажиллаж буй чадварлаг мэргэжилтнүүдийн нэг билээ. 

Монгол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байна вэ?

Монгол эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд би “хангалтгүй” гэдэг дүн тавина. Социализмын үед “Улс чиний эрүүл мэндийг хариуцна, чи ажлаа л хий” гэдэг зарчимтай, боловсролын систем нь ч тийм байв. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд төдийгүй монголчууд “эмнэлэг намайг үнэгүй үзэж эмчлэх ёстой, би бол өөртөө анхаарал хандуулахгүй  ч байсан болно” гэх ойлголттой явж ирсэн. Энэ ойлголтоосоо одоог хүртэл бүрэн салж чадаагүй болохоор хүн амын эрүүл мэнд маш хангалтгүй түвшинд байна.

Бага насны хүүхдээс эхлээд л шүд, хоолой нь өвддөг цаашлаад бөөр нь өвддөг асуудал элбэг. Тэгээд өсвөр насанд ирэхээр бөөр, бэлэг эрхтний үрэвсэл, төрөх насанд жирэмсний хүндрэлүүд, ахимаг насанд умайн хүзүүний хавдар  гэх мэт эмэгтэйчүүдийн өвчлөлөөр дэлхийд дээгүүр байрт орж  явна.

Эмэгтэй хүний эрүүл мэнд гэдэгт юу юуг хамруулж үзэх вэ. Эмэгтэйчүүд эрүүл мэндээ хамгаалахын тулд юуг анхаарах шаардлагатай вэ? 

Урьд нь охидын хичээл, хөвгүүдийн хичээл гэж тусдаа заадаг байсан бол орчин үед энэ ойлголтыг халсан. Эрэгтэй эмэгтэй, эхнэр нөхрийг зэрэгцүүлж суулгаад зөвлөгөө өгдөг, хамтад нь үзэж эмчилдэг болсон. Нэгэнт байгалийн хуулиа дагаад хамт амьдарч, үр хүүхэдтэй болдог учраас эрүүл мэндийн асуудал нь ч хамт байх ёстой. Харин эрэгтэй, эмэгтэй хүний бие махбодын онцлог нь тусдаа асуудал. Тухайлбал, эмэгтэйчүүдийн шээсний сүв, үтрээ, шулуун гэдэс нь зэргэлдээ байрладаг, үтрээ богинохон учраас бохирдох нь амархан байдаг зэрэг хүйсийн ялгаатай онцлог бий.

Өөр нэг зүйл нь жилийн дөрвөн улиралтай Монголд, даа ялангуяа намар, хаврын улиралд өдөр нь нэмэх хэмтэй дулаахан, орой нь хүйтэн болчихдог. Гэтэл охид бүсгүйчүүд өдөр дулаахан гээд нимгэн хувцаслаж гараад орой нь даардаг. Дээрээс нь ариун цэврийн дэглэм хангалтгүй бол өгсөх замын халдвар, үрэвсэл үүсэх нөхцөл бий болдог. Доороосоо даарч болохгүй гэж эмч нар зөвлөдөг нь ийм шалтгаантай.

Үрэвсэл нь өвчин үү эсвэл түр хугацаанд илэрч буй шинж тэмдэг үү? Үтрээний үрэвсэлтэй гэдэг ч төдийлөн анхаарахгүй яваад байдаг талтай. Үүний цаана ямар хүндрэл гарч болох вэ?

Эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд үрэвсдэг эрхтэн нь салсттай эрхтэн болох хоолой, шүд, үтрээ зэрэг юм. Эдгээрийг илүү сайн анхаарах хэрэгтэй. Үрэвсэл нь нянтай бол өвчин гэж үзнэ. Нян үүсгэгч байхгүй бол үтрээний хэвийн орчин алдагдсан гэсэн үг.

Дээр дурдсан доороосоо даарах, ариун цэврийн дэглэм муу байх зэргээс шалтгаалан үтрээний хэвийн орчин алдагдах таатай нөхцөл бүрддэг. Үтрээ нь сул хүчиллэг буюу PH 4-4,5 байдаг. Тиймээс даарах үед хэвийн орчин нь алдагдаж, гаднаас ямар нэгэн байдлаар нян орж үржих нөхцөл болно.

Судалгаагаар эмэгтэйчүүдийн 80 хувь нь насан туршдаа 1-3 удаа үтрээний үрэвслээр өвдсөн байдаг. Нэг ёсондоо үрэвсэлд өртөмтгий байдалд орчихож байгаа юм.

Өөрт ямар нэгэн зовуурь илрэх, үтрээнээс гарч буй ялгадас өнгө нь хувирах, эвгүй үнэртэй болох, загатнаж хорсох шинж илэрвэл эмчид хандах ёстой. Үрэвсэл нь нянгийн гаралтай юу, эсвэл үтрээний хэвийн орчин алдагдсан байна уу, дархлаа суларч уу, бөөр нь өвдөж үү гэдгийг мэргэжлийн эмнэлэгт ялган оношилгоо хийлгэж байж тохирсон эмчилгээг зөвлөдөг. 

Ямар шинж тэмдгийг хэвийн болон хэвийн бус гэж үзэх вэ? 

Төрөх насны эмэгтэйчүүдэд тодорхой хэмжээгээр шүүрэл ялгарч болно. Энэ шүүрэл, ялгадас нь сарын тэмдэг дөнгөж дуусах эсвэл сарын тэмдгийн дунд үед өндгөн эс боловсрох үед гардаг. Өнгөгүй, загатнуулахгүй, хорсохгүй, тунгалаг бага хэмжээний салиа гарч байвал өөрийгөө эрүүл гэж бодох нь байна. Харин ялгарч буй шүүрэл нь шар, ногоон өнгөтэй, их хэмжээтэй гардаг, эсвэл хорсож зовуурилдаг бол ямар нэгэн байдлаар асуудал байна гэж үзээд эмчид хандах ёстой.

Хоёрт. Дэлхийн чиг хандлага урьдчилан сэргийлэх чиглэлийг илүүтэй анхаарах болсон. Эрүүл байсан ч гэсэн үзүүлэх ёстой. Би зовуурьгүй юм чинь гээд эмчид үзүүлэхгүй явж байх хооронд хэдийн өөрчлөлт үүсчихсэн байдаг. Бидний амьдарч буй нийгэм, хотжилт, хооллолт, амьдралын хэв маягаас үүдэн байнгын стресст өртөх, дархлаа сулрах зэргээр өвчлөмтгий байдлыг бий болгосоор байгаа. Тиймээс зовуурьгүй ч гэсэн ямар өөрчлөлт гарсанг тогтмол үзүүлж хянуулж эрт үед нь арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол багадаа зургаан сарын өмнө эмчид үзүүлээд ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхээ тодорхойлуулах хэрэгтэй. Тэгж байж эх, ураг эрүүл байна. 

Шинжилгээ гэхээр зөвхөн мазокийн шинжилгээ өгөөд болчихгүй. Мазокийн шинжилгээгээр үрэвсэл байна, байхгүй гэдэг ерөнхий үзүүлэлтийг л илрүүлдэг. Одоо бол нянгийн, PCR, хөхөнцөр вирусийн гэх мэт үүсгэгчийн шинжилгээгээр нарийн илрүүлж оношилдог болсон.

Бэлгийн харилцаа эмэгтэйчүүдийн үтрээний орчинд хэрхэн нөлөөлдөг вэ. Удаан бэлгийн харьцаанд орохгүй байх нь муу гэх мэт ойлголт яваад байдаг? 

Эмэгтэй хүний дааврыг зохицуулдаг үндсэн эрхтэн бол тархи. Удаан хугацаанд бэлгийн харилцаанд ороогүй юм чинь надад ямар нэг дааврын өөрчлөлт байгаа даа гэж бодох нь өөрөө сэтгэл зүйд нөлөөлж, тархи түүнийг нь цочир хүлээж аваад хямардаг. Үүний оронд иога, фитнесс гэх мэт өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх зэргээр сөрөг бодлоо сатааруулснаар дааврын хямралд орохгүй. Тархиа өөрөө л удирдана шүү дээ. Тэр нь ямар ч арга байж болно. Яахав эрэгтэйчүүдийн үрийн шингэний орчин илүү шүлтлэг талдаа байдаг учраас удаан хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй байж байгаад ороход огцом үтрээний хэвийн орчин алдагдах, үрэвсэл сэдрэх асуудал гардаг. Энэ тохиолдолд шинжилгээ өгөөд үрэвсэл байна уу, эсвэл орчин өөрчлөгдөж үү гэдгээ тодруулна. 

Үтрээний орчин өөрчлөгдөх нь өөр ямар шалтгаантай вэ? 

Сүүлийн үеийн судалгаагаар үтрээний орчин өөрчлөгдөх нь дархлаатай холбоотой гэж үзэж байгаа. 

Ядардаг, дархлаа дарангуйлагддаг, хооллолтын дэглэм алдагддаг байдал нь салстуудын хэвийн орчин өөрчлөгдөх нөхцөлийг бүрдүүлж үрэвсэл үүсгэдэг. 

Жишээлбэл, чихрийн шижин өвчин бүх эрхтний судсыг гэмтээдэг учраас салсттай эрхтнүүдийн судсыг гэмтээж үтрээний үрэвсэл үүсгэх нь бий. Ямар нэгэн нянгийн халдваргүй ч гэсэн үтрээ үрэвсчихлээ гэж ханддаг хүмүүсийн тухайд цаад шалтгаан нь энэ мэтчилэн дархлаатай, өөр бусад эрхтний өвчлөлтэй холбоотой байдаг.

Үүнийг мэдэхгүйгээр, үтрээний улайлт үрэвсэлтэй гээд хэчнээн эмийн эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гарахгүй, үрэвсэл дарагдахгүй байна гэдэг. Гэтэл хэвийн бичил орчныг бий болгох эмчилгээний хажуугаар дархлааг нь дэмжээд зургаан сар хянаад явахад эмчлэгддэг.

Сарын тэмдгийн үед бэлгийн харьцаанд орох нь ариун цэврийн дэглэм талаасаа ямар эрсдэл үүсгэх вэ?

Сарын тэмдэг ирж байх үед бэлгийн харьцааг хорьдог. Учир нь сарын тэмдгийн үед умайн дотор салстын давхарга ховхорч, судсууд нээгдсэн байдаг тул ямар нэгэн байдлаар үрэвсэл байвал умайн үрэвсэх эрсдэлийг бий болгоно. Тиймээс сарын тэмдгийн үед ариун цэврийн дэглэмээ сахих нь зүйтэй.

Сарын тэмдэг сард хоёр ирлээ, эсвэл ирэхгүй удлаа гэсэн асуудал, шинж тэмдгүүдийг эмэгтэйчүүд нэг нэгнээсээ их асуудаг. Энэ юутай холбоотой вэ? 

Нэн түрүүнд эрүүл мэндийн боловсрол чухал гэдгийг онцлон хэлье. Эмэгтэйчүүдийн ихэнх нь наанадаж сарын тэмдгийн хэвийн мөчлөг гэж юу болохоо мэддэггүй.

Хэвийн сарын тэмдэг 21-35 хоногийн мөчлөгтэй. Хэрэв 21 хоногийн мөчлөгтэй бол сард хоёр удаа ирнэ. 35 хоногийн мөчлөгтэй бол сар гаран болж байж ирнэ. Үүнийгээ тогтоож мэдэх ёстой. Одоо бол бүр ч хялбар болсон шүү дээ. Утасны аппликэйшн дээр мөчлөгөө гурван сар хөтлөөд үзэхэд сарын тэмдгийн хоног, мөчлөг гараад ирнэ.

Эсвэл хагас жилийн хугацаанд ажиглахад нэг ирэхдээ 21 хоног, дараа нь ирэхдээ 35 хоног ирээд, мөчлөг нь аппликэйшн, хуанли хөтлөлдөндөө захирагдахгүй бол эмчид хандах ёстой. Тэгж байж үнэхээр эмгэг байна уу гэдгийг нь илрүүлнэ. 

Сарын тэмдгийн цусны өнгө нь бор болох, нөжирхөг гарах, эсвэл их бага хэмжээгээр ирэх нь юуны шинж тэмдэг вэ? 

Боровтор ялгадас дөнгөж сарын тэмдэг эхлэх үед эсвэл дуусах үед хэдхэн хоног үзэгдэж болно. Харин удаан хугацаанд илрэх нь асуудал байна гэсэн үг. Би эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирэх хугацаандаа ариун цэврийн хэрэглэлээ тоол гэж зөвлөдөг. Хоёр цагийн дотор ариун цэврийн хэрэглэл нь хэр дүүрч байна, сарын тэмдгийн нэг ирэлтээр хэдэн хэрэглэл хэрэглэж байна гэдгээр нь тодорхойлдог. 

20-оос олон ариун цэврийн хэрэглэл хэрэглэж байвал асуудал үүсэж байна гэж анхаарах ёстой. 

Нэг ариун цэврийн хэрэглэлээ өдөржин хэрэглэчихээд дүүрээд, их ирээд байна гэж болохгүй л дээ. Ариун цэврийн дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй.

Бас нэг асуудал нь охид шүүрэл гараад байна гээд өдөр тутмын хэрэглэл байнга хэрэглээд байдаг. Өдөр тутмын хэрэглэл нь гарч буй шүүрлийг шингээж байгаа тул цус,ялгадас нь эргээд өөрөө тэжээлт орчин болж үрэвсүүлнэ. Тиймээс өдөр тутмын хэрэглэлийн оронд өдөр бүхэн дотуур хувцсаа сольж өмсөхийг зөвлөж байна. 

Нөхөн үржихүйн идэвхтэй насныханд олон сараар сарын тэмдэг ирэхгүй тасалдах нь өөр ямар шалгаантай байж болох вэ? 

Хэрэв ийм тохиолдол гарвал дааврын хямралтай холбон тайлбарлах хэрэгтэй болов уу. Ялангуяа таргалалттай холбоотой дааврын хямралд орсон хүмүүс маш их ханддаг. Тухайн хүнд суурь, удамшлын асуудал байгаа бол жин нэмэгдэхийн хэрээр тэр асуудал нь даамжирч дааврын хямралд ордог.

45 хоногоос дээш хугацаагаар сарын тэмдэг ирэхгүй бол зайлшгүй эмчид үзүүлэх ёстой. Ямар шалтгаантай байгааг нь заавал тодруул. 

Мөн 21 хоногоос бага хугацаанд сарын тэмдэг ирдэг эсвэл олон хоногоор ирдэг асуудал байвал эмчид үзүүлэх шаардлагатай.

Үрэвслийн шинж тэмдэг илэрсэн үед эм, лаа хэрэглээд байдаг. Энэ нь бүрэн эмчилгээ болж чадах уу?

Ямар үрэвслийн үүсгэгч байгаагаас хамаарч эмчилгээг хийнэ. 200 гаруй төрлийн үрэвсэл үүсгэгч байдаг. Зарим нь эмэнд тэсвэртэй, давтан эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Тиймээс үүсгэгчийн шинжилгээ өгч илрүүлж байж тохирсон эмчилгээ хийлгэх ёстой. Эмэгтэйчүүд дур мэдэн эмийн сангаас эм, лаа, антибиотик авч хэрэглэх нь үр дүнгүй, үрэвслийг даамжруулах эрсдэлтэй. Заавал эмчид үзүүлж, тохирсон эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө