2024/04/16. Мягмар гараг Дугаар: #2980

ЭМЧИЙН ӨРӨӨ

Ж.Өнөрбат: Нэг удаа идэх хоолны хэмжээ, давтамж, хэт халуун цай хоол идэх зэрэг нь ходоодны өвчлөл үүсгэх шалтгаан болж байна

— Б.Батцэцэг   2022 оны 01 сарын 28

Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байна. 2021 онд 4411 хүн хорт хавдар өвчний улмаас нас баржээ. Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт, үүний дотор элэг, ходоодны шалтгаант хавдрууд тэргүүлж байгааг тоо судалгаанууд харуулж буй. Тиймээс энэ удаа Ходоодны хорт хавдрын шалтгаан, урьдчилан сэргийлэлт, ходоодоо эрүүл байлгахад анхаарах зүйлсийн талаар ХСҮТ-ийн  Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн элэг судлаач эмч Ж.Өнөрбат дараах мэдээлэл зөвлөгөөг өглөө. 

Ходоодны хорт хавдрын өвчлөл

Ходоодны хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа боловч нөгөө талаараа оношилгоо хийлгэж үзүүлж буй иргэдийн тоо болон эмчилгээний чадамж сайжирч байгаагийн илрэл юм. Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 100 мянган хүн амд 3.0 болж, өмнөх 14 жилийн дунджаас 0.6-гаар өссөн бол 2041-2045 оны дунджаар 6.1 болж, 2 дахин өсөхөөр байна. 

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдрын жилд оношлогдож буй нийт тохиолдлын 10% нь эрт буюу хэсэг газрын дурангийн эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой үедээ хандаж байгаа. 

Гэхдээ иргэдийн мэдээлэл дутуу байгаагаас тэр бүр дурангийн эмчилгээг сонгохгүй байна. Улаанхоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний эрт үеийн хавдрын үеийн дурангаар хийгдэх  эмчилгээ Монгол улсад нутагшаад багагүй хугацаа өнгөрсөн. Харамсалтай нь ажиллах хүний нөөц, хүрэлцээ, урьдчилан сэргийлэх тогтолцооны хувьд одоо ч хангалттай биш байгаа. 

Хоол боловсруулах замын өвчлөл үүсгэх шалтгаанууд

  • Хеликобактерийн /H.Pyolri/ халдвар, 
  • Хорт зуршил, 
  • Хоол хүнсний буруу хэрэглээ, 
  • Хэт халуун цай хоол хэрэглэх, 
  • Хоол хүнсний хүрэлцээт байдал муу байх, 
  • Удамшил генетикийн хүчин зүйлс гэх мэт шалтгаанаар өвчилдөг. 

Эд эрхтэн бүр хэн нэгний оролцоогүйгээр ажлаа хийж өөрөө өөрийгөө засах тогтолцоотой. Гэтэл нэгэнт эргэшгүй, алдаатай өөрчлөлт үүссэн бол өөрийгөө эмчилж чадахгүй. Тиймээс заавал мэргэжлийн эмчид хандаж тууштай үр дүнтэй эмчилгээ хийлгэж сэдрэл, дахилтыг хянах нь чухал. 

Ходоод өвдөхөөр хүмүүс эмнэлэгт хандахаас илүүтэй янз бүрийн аргаар өвчнөө дарж, эмчлэх гэж оролддог. Энэ ойлголт хандлага ямар эрсдэл үүсгэдэг вэ? 

Хүмүүсийн дунд байдаг нийтлэг буруу үзэгдлүүд тухайн өвчнийг илүү архагшуулж, хүндрүүлэх эрсдэлтэй. Жишээ нь, ходоонд сайн гээд чацарганы тосонд дицлин найруулж уух, таван салаа, ходоодны цай, шар цэцэг, босгоны шороо, чонын ходоод гэх мэт ам дамжсан худал эмчилгээ хийдэг. Гэтэл энэ нь тэр өдрийн асуудлыг шийдэж болох ч өвчнийг хүндрүүлж, магадгүй мутацлагдан хавдарт шилжих эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Ходоод ямар үүрэгтэй, зохицуулгатай эрхтэн бэ? 

Хоол боловсруулалт нь мэдрэл, даавар, шүүрэл, дархлаа, шингэний зохицуулгатай нарийн төгс үйл явцтай, олон эрхтний тусламжтай явагддаг. Бидний идсэн хоол биед боловсорч шингэж шимэгдээд илүүдэл нь гадагшлахдаа механик, химийн, бактерийн аргаар задардаг. 

Ходоодонд дунджаар 1-2 цаг ажил хийгдэж байж ходоод сулардаг. 

Ходоодны булчирхай нь гол эс, нэмэлт эс, ханын эс, завсрын эс, дотоод шүүрлийн эс гэсэн 5 төрлийн эсээс тогтдог. Эдгээр эсүүдээс гадны хоол тэжээлийг задлах, бактери вирусээс хамгаалах, хоолыг дараагийн дамжлагад зөв бүтцэнд оруулах фермент, шүүрэл, даавруудын зохицуулгаар ажилладаг. 

Ходоод нь хоногт 2-3 л шүүс ялгаруулдаг. Сүүлийн үед эмчилгээний бүхий л салбарт хэвийн бичил орчин, ашигтай нянгийн хэрэглээ нэмэгдэж байна. Бактерууд хэвийн хэмжээнд байснаар эд эрхтэн өөрийгөө эмчилж байдаг гэж ойлгож болно. 

Ходоодны хэвийн бичил орчинг бүрдүүлэхэд идэж буй хоол хүнсний хэрэглээ, хэрхэн идэх нь чухал. Эрүүл хооллолт гэж юуг хэлэх вэ?

Эрүүл хооллолт гэдэг нь өмнө харж байгаагүй үнэтэй жимс ногоо хүнс хэрэглэхийг хэлэхгүй. Таны бие физиологи хүүхэд байхаас хэрхэн хооллож ямар дадал үүссэн тэр дадлаа хэвийнээр явуулахыг л хэлдэг. 

Архи, алкоголын төрлийн зүйлс, тамхи, бусад хорт зуршлын хэрэглээ нь хоол боловсруулах орчны хамгаалах тогтолцоог алдагдуулдаг учраас аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин жимсний дарсыг стандарт хэмжээгээр хэрэглэх нь судас тэлж цусан хангамж хурдасгах, бодисын солилцоог эрчимжүүлэх сайн талтай. Гэхдээ зөвхөн ходоодны хэвийн орчин нөхцөлтэй эрүүл хүнд ийм үр дүнтэй. 

Ходоодны шархтай хүн дарс уувал судас тэлэгдэж тэр хэрээр шарх хүрээгээ тэлэн цус алдах эрсдэлтэй гэдгийг анхаараарай. Ходоод улаалттай байхад мөн шарх үүсгэх эрсдэлтэй. 

Ходоодны улайлт, шархтай, зовуурьтай үед анхаарах зүйлс 

Ходоодны улайлттай бол ходоодны шарх үүсэх таатай орчин үүсчээ гэж ойлгох хэрэгтэй. Тухайн зовуурь намдсан л бол давтан үзлэг, хяналтын шинжилгээ оношилгоо хийлгэхгүй алга болдог. Бүрэн эдгэрсэн үү эсвэл үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг давтан үзлэгээр л тодорхойлдог. Гэтэл эмчлүүлэхгүй орхих, олон эмч дамжих, өөр бусад шаардлагагүй оношилгоо хийлгэж цаг хугацаа, мөнгөө дэмий үрэх тохиолдол нэлээдгүй гардаг. Тиймээс тухайн үеийн зовуурыг намдаах төдий орхих бус бүрэн эмчлүүлэх нь чухал. Ингэснээр хавдарт шилжиж, хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. 

Цагаан сар, баяр ёслолоор хүмүүс нэг дор олон төрлийн хоол хүнс иддэг. Ходоод тэр их хоол хүнсийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Цагаан сарын шүүс, идээ ундааг тасалгааны температурт олон хоног байлгаж, хадгалах, олон дахин халаах нь урвал, хувиралд оруулдаг. Эдгээр хоол хүнс хэзээ ч эрүүл, таатай байхгүй. Хор л болно. Тиймээс хоол хүнсээ зөв хадгалж, тохируулан хэрэглэх хэрэгтэй.

Хүний нэг удаа идэж байгаа хоолны хэмжээ болон хэр ойр давтамжтай идэж байгаа эсэх нь ходоодоо эрүүл байлгах уу, өвчлүүлэх үү гэдэгт маш чухал нөлөөтэй. 

Ходоод суналт сайтай хөндийт эрхтэн учраас идээд л байвал ороод л байна. Гэхдээ "одоо идэж болно" гэсэн дохио тархинд очсоноор хамгийн ойр замаар буюу дээшээ бөөлжих, доошоо гүйлгэх байдлаар гарахыг хүсдэг. Үүнийг хүмүүс пологтоно гэж ярьдаг. Үнэндээ бол дээр хэлсэн ходоод ажлаа хийж, хоосрох 2 цагийн хугацаа нь болоогүй байхад дээрээс нь хоол нэмээд л байвал ходоод ядарч үүргээ зөв гүйцэтгэхээ больж буруу замаар хаашаа ч хамаагүй гаргая л гэсэн дохиог авч буй хэрэг. Тиймээс хооллох хэмжээ, давтамждаа анхаар. Ямар ч хэрэглээ хэмжээ нь ихэдвэл хор болдог. Хэмжээ нь таарвал эм болдог гэдгийг санаарай. Түүнчлэн ходоодоо эрүүл байлгая гэвэл тогмол урьдчилан сэргийлж, жилдээ ганц удаа үзүүлж оношлуулдаг байх хэрэгтэй.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Санал болгох

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлд шар өвс шатсан 4 дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн фермийн ойролцоо айлын хашаанд шар өвс, гэр шатаж байсныг эргүүл хяналтаар ажиллаж байгаа алба хаагчид... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

СОНСГОЛ: Уналт таталтын эсрэг 44 эмийн дунд "Л-Карнитин" тураах эмийг оруулж импортын зөвшөөрөл олгожээ

Эмийн сонсгол “Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт” 5 дахь сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Нийт 19 гэрч дуудсан ч 4 гэрч тодорхой шалтгааны улмаас ирэхгүй гэдгээ мэдэгдсэн тул 15 гэрчтэйгээр эхэллээ.Хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө