Хиймэл зүлэг нь усалгаа, арчилгаа бага шаарддаг, санхүүгийн хувьд харьцангуй бага зардалтай зэрэг давуу талуудтай тул олон улс оронд, тэр дундаа манай улсын нийтийн эзэмшлийн гудамж, талбайд өргөнөөр ашиглагдаж байгаа. Гэвч сүүлийн жилүүдэд хиймэл зүлэг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зарим төрлийн химийн нэгдлүүдийг ашиглан үйлдвэрлэдэг талаар асуудал хөндөгдөж, олон нийтийн анхаарлыг татах болсон.
Америкийн Нэгдсэн Улсад нийт 3500 гаруй хиймэл зүлгэн талбай ашиглагдаж байгаа бөгөөд Европын хөл бөмбөгийн холбоо (UEFA), Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) зэрэг байгууллагууд спортын тэмцээнд хиймэл зүлэг ашиглахыг зөвшөөрдөг [1]. Монгол Улсын хэмжээнд дараах газруудад хиймэл зүлгийг өргөн ашиглаж байна. Үүнд:
- Хүүхдийн тоглоомын талбай
- Цэнгэлдэх хүрээлэн болон бусад нийтийн ногоон байгууламж
- Спортын талбай (хөл бөмбөг, теннисний талбай)
- Орон сууцны гаднах талбай
Манай улсад ашиглагдаж буй хиймэл зүлгийн дийлэнхийг БНХАУ-аас импортолдог бөгөөд эдгээр зүлэг нь дунджаар 5–10 жилийн ашиглалтын хугацаатай боловч зарим тохиолдолд хугацаа нь дууссан ч ашигласаар байдаг. Ашиглалтаас гарсан хиймэл зүлгийг ихэвчлэн хогийн цэгт хаях эсвэл шатаах замаар устгадаг. Ийнхүү устгах явцад хүрээлэн буй орчинд хортой химийн бодис ялгарч, цаашлаад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй нөхцөл бүрдэх боломжтой юм.
Хиймэл зүлгийн бүтэц: Хиймэл зүлэг нь үйлдвэрлэгчээсээ хамаарч 85–100 хувийн химийн найрлагатайгаар үйлдвэрлэгддэг. Энэ нь олон давхаргаас бүрдсэн бүтэцтэй бөгөөд үндсэндээ хуванцар болон резинэн суурь, гадаргуугийн ширхэгт материалуудыг агуулдаг.
Хиймэл зүлэгт агуулагдах химийн бодис
PFAS (пер ба полифторжуулсан бодисууд) - 2024 онд хийгдсэн судалгаагаар хиймэл зүлгэн дээр тоглодог хөл бөмбөгчид болон дасгалжуулагчдын арьсан дээр PFAS бодисын түвшин нэмэгдсэн нь тогтоогдсон. PFAS нь биед хуримтлагддаг, задрал багатай химийн нэгдэл бөгөөд дараах өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй.
- Хорт хавдар
- Элэг, бамбай булчирхайн үйл ажиллагааны эмгэг
- Дархлаа сулрал
- Нөхөн үржихүйн тогтолцооны өөрчлөлт
PAHs ба VOCs - Хиймэл зүлгийн резинэн үртэс нь полицикл ароматик нүүрсустөрөгч (PAHs) болон дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs)-ийг ялгаруулдаг болохыг олон судалгаа харуулж байна. Эдгээр бодисууд нь дараах эрсдэлийг бий болгодог.
- Амьсгалын замын үрэвсэлт өвчин
- Харшил
- Хавдар (Уушгины хорт хавдар, арьсны хорт хавдар, ходоодны болон ходоодны доод замын хавдрууд
VOCs-ийн ба улирлын нөлөө - Хиймэл зүлэг нь нарны гэрлийн нөлөөгөөр зүлэг дэх VOCs-ийн ялгаруулалт өглөөний цагаар илүү өндөр байдаг. Улирлын дундаж концентраци дараах байдалтай байна.
- Өвөл: 277 мг/м³
- Намар: 333 мг/м³
- Хавар: 405 мг/м³
- Зун: 509 мг/м³ [3]
Энэхүү хэмжээ нь агаар дахь дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs)-ийн эзлэх хувийг илэрхийлдэг бөгөөд концентраци нэмэгдэх тусам хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нэмэгддэг.
Хүнд металлууд - Хиймэл зүлгийн найрлага дахь резинэн үртэс нь дараах хүнд металлуудыг агуулдаг.
- Хар тугалга (Pb)
- Кадми (Cd)
- Хром (Cr)
- Цайр (Zn)
Эдгээр металлууд нь хүний биед шингэх боломжтой бөгөөд удаан хугацааны туршид өртөх нь мэдрэлийн тогтолцооны эмгэг, дархлаа сулрал болон зарим төрлийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байна.
Хиймэл зүлгээс үүсэх бусад эрсдэлүүд
- Хэт халалт ба дулаан дамжуулалт: Хиймэл зүлэг нь байгалийн зүлэгтэй харьцуулахад илүү халдаг. Судалгаагаар гадаад орчны температур 20°C байхад хиймэл зүлгийн гадаргуун температур 50°C-аас дээш хэмд хүрч халдаг байна. Энэ нь арьсны түлэгдэлт, халуунаас үүдэлтэй бие махбодын стресс, хэт халалтын эрсдэл үүсгэдэг.
- Гэмтэл, бэртлийн эрсдэл: Хиймэл зүлгэн дээр тоглодог хөл бөмбөгчдийн шагайн гэмтэл нь байгалийн зүлгэн дээр тоглодог тоглогчдоос зургаа дахин их тохиолддог байна. Мөн монгол бөхийн барилдаан, бэлтгэлийг хиймэл зүлгэн дээр зохион байгуулснаар бөхчүүдийн дунд бэртэл гэмтэл нэмэгдэх хандлагатай байна.
- Микропластик ба байгаль орчны бохирдол: Хиймэл зүлгийн хуванцар ширхэглэл жилд 0.5–8% хүртэл элэгдэж, ойролцоогоор 200–3200 фунт (90–1450 кг) микропластик хаягдал үүсгэдэг. Эдгээр микропластик нь хөрс, усаар дамжин байгаль орчинд тархаж, улмаар хүний биед нэвтэрч хорт хавдар болон халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Хүүхдэд үзүүлэх нөлөө: 7–15 насны хүүхдүүд хиймэл зүлэгтэй орчинд илүү их гэмтэл, бэртэлд өртдөг байна. Мөн хүүхдийн биеийн жин бага, минутад амьсгалах тоо их, арьс нь мэдрэг байдаг тул химийн бодисын нөлөөлөлд амархан өртдөг.
Хиймэл зүлэгтэй холбоотой олон улсын хэмжээнд дараах стандартыг баримталж байна. Монгол улсад иргэдийн хиймэл зүлгийн хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлэг ашиглах шаардлагатай.
Хиймэл зүлгийг зөв ашиглах, хэрэглэх зөвлөмж
- Олон улсын стандартад нийцсэн, аюулгүй байдал хангасан хиймэл зүлэг сонгох;
- Нарны шууд тусгалаас хамгаалах сүүдрэвч, халхлах хэрэгсэл ашиглах;
- Хэт халсан үед бага насны хүүхдийг ойртуулахгүй байх;
- Нойтон, чийгтэй нөхцөлд ашиглахаас зайлсхийх;
- Өдөрт 10:00–12:00 цагийн хооронд VOCs (дэгдэмхий органик нэгдлүүд)-ийн ялгаруулалт нэмэгддэг тул энэ цаг үед хэрэглэхгүй байх.
Боловсруулсан: П.Буянзаяа, тандалт, судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, ХСШУА, НЭМҮТ ncph.gov.mn