2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ЭМЧИЙН ӨРӨӨ

Хоол тэжээл, зөв хооллох мэдлэгийг бага наснаас нь зааж сургах бодлого хэрэгтэй

— Ч. Баяржаргал   2021 оны 02 сарын 19

Бид хоол хүнсээ хэрхэн зөв боловсруулж, хадгалж, найруулж иддэг бол? Хоол хүнс бидний бие махбодод ямар нөлөө үзүүлдэг вэ? Хүүхдийн хоололтыг хэрхэн зохицуулах вэ? гэх мэт зөв хооллолтын талаар санаа, мэдлэг болохуйц зөвлөгөө мэдээллийг хүргэхээр Хоол зүйч, доктор М.Пүрэвжавтай ярилцсан "Эмчийн өрөө" нэвтрүүлгээс чухал ойлголтуудыг тоймлон хүргэж байна. Тэрээр манай хоолзүй, шим судлалын салбарт үнэ цэнэтэй судлаач, багш юм. 

Хангалттай идсэнээр хооллолт зөв болохгүй 

Халдварын бус өвчлөл нь хувь хүний амьдралын хэвшил, хооллолттой шууд холбоотой. Хоол хүнс буруу байвал сөрөг үр дагавар нь  шууд илрэхгүй ч 20, 30 жилийн дараа эрүүл мэндэд аюул учруулдаг. Олон жилийн буруу хооллолт, амьдарч ирсэн зуршилтай нь холбоотойгоор зүрх судасны өвчнүүд, элэг өөхлөлт, яс сийрэгжилт, цус багадалт, чихрийн шижин, альцгеймер зэрэг өвчнүүд үүсдэг болохыг шинжлэх ухаан баталчихсан. Үндсэндээ хувь хүн өөрөө биедээ бий болгож буй өвчнүүд юм. Тийм ч учраас халдварын бус өвчний эсрэг яаж ч чадахгүй байгаа юм. Магадгүй дэлхий хэдхэн жилийн дараа ДОХ-ын эсрэг вакцин, эм бэлдмэл гаргаад авчих байх. Халдварт өвчнүүдийг анагаах ухаан эмчилж чадаж байгаа. Гэтэл хоолтой, амьдралын хэвшилтэй холбоотой өвчнүүдийг яаж ч чадахгүй байгаа нь тодорхой болчихоод байна.

Турахын тулд уургийн дэглэм эсвэл мацаг барих хэр зөв бэ?

Дан ганц уургаар амьдрах нь хүний биед байж болохгүй зүйл. Дан уургаар тэжээгдэх нь тодорхой хугацааны дараа элэг, бөөрний үйл ажиллагааны хямрал үүсгэх нөхцөл болно. Илүүдэл жин, таргалалт нь дэлхий даяар хэдийн бизнесийн талбар болоод хувирчихсан. Ийм тураах дэглэм, тийм ч жин хасах арга гэдэг нь өөрөө бизнес шүү дээ.

Мацаг бариад турж байна гээд л байдаг. Ойлгомжтой шүү дээ. Жишээ нь Ленинградын бүслэлт зэрэг олон олон дайны үед ямар ч хоол тэжээлгүй болж, өлсгөлөнд нэрвэгдээд биеийн жин буурах байдал маш их байсан. Хоол тэжээлийг хязгаарласан тохиолдолд хүний биеийн жин буурах нь тодорхой. Харин удаан хугацаанд хоол хүнсээ хорьсноороо та эрүүл байх уу гэдэг л асуудал. Хооллолтыг бие махбоддоо тааруулж хийх ёстой. Мацаг барих асуудал дээр зөвлөгөө өгч буй хүн нь эмч байна уу, ямар мэргэжлийн эмч байна гэдэг нь чухал. Учир нь та өөрийн эрүүл мэндээр дэнчин тавих асуудал шүү дээ.

Хоорондоо зохицох, үл зохицох хүнс 

Зохицох, зохицохгүйн асуудал улс орон бүрт өөр байдаг. Манайхан банштай цайг сайн эсвэл муу юу гэж их ярьдаг. Мах, сүү хоёрыг хамт хэрэглэснээр хортой эсвэл биед ямар нэг өвчин үүсгэх зүйл огт байхгүй. Харин маханд агуулагдаж буй уураг, сүүний уураг хоёр хүний биед орж шингэхдээ харилцан дарангуйлаад эцсийн дүндээ жаахан ашиггүй л байдаг. 

Монголчуудын улирлын ялгаатай хооллолтод асар их ухаан, соёл, эрүүл мэндийг хамгаалах бодлого байдаг. Уламжлалт анагаах ухаанд юуг хольж идэж болохгүй вэ гэдэгт гурван зүйл л бичсэн байдаг.

  • Архи, сүү хоёрыг хольдоггүй
  • Загасны мах өндөг хоёрыг хольж идэхгүй
  • Дутуу бүрсэн тараг идэж болохгүй

Эмчилгээний хооллолтын хувьд харин эм болон хүнсний харилцан үйлчлэл гэж маш том сэдэв яригддаг. Эмийн бодис нь хоолоор орж буй шим тэжээлийн бодисуудыг дарангуйлах маш том хүчин зүйл болдог учраас ямар эм уух үед ямар бодисууд дарангуйлагддаг вэ, яаж түүнийг өгөх вэ гэдгийг тусд нь ярина.

Олон төрлийн хоол амтлагчийн тухайд

Химийн гаралтай олон төрлийн хоол амтлагч нь төдийлөн таатай биш. Тэр дундаа цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хоолонд амтлагч хэрэглэх хориотой байдаг. Тиймээс баталгаажилт, хяналт, хэрэгжүүлэлт дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. 

Нэг 70 гарсан япон профессор ингэж хэлсэн байдаг. “Миний өнөөдрийг хүртэл өвчин хэлэхгүй, эрүүл яваа маань өдөр бүр эхнэрийнхээ хийсэн хоолыг гэрээсээ авчирч иддэгт оршдог".  Бусад улсуудад ч эцэг эх нь хүүхдэдээ хоолыг нь бэлдэж өгөөд сургуульд нь явуулдаг. Тэрнээс биш хоолны газар байхгүй эсвэл мөнгөгүй дээ хийж өгөөд байгаа юм биш.

Хоол тэжээл, зөв хооллох мэдлэгийг бага наснаас нь зааж сургах бодлого хэрэгтэй 

Хоол хүнс нь хүн бүрийн мэддэг зүйл боловч нөгөө талдаа хоол хүнсний талаарх монголчуудын мэдлэг маш нимгэн байгаа нь ажиглагддаг. Бага наснаасаа энийг идвэл би ийм амин дэмээ авна, энийг идэхгүй байвал би ийм тэжээлийн дутагдалд орно гэдэг талаар мэдлэг олгодог тогтолцоо дэлхий олон улс оронд бий. 

ШУТИС-ийн багш нар, болон хоолзүйн судлаачид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсад хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахтай холбоотой олон судалгаа хийж түүндээ үндэслэн нэлээдгүй ажлуудыг хийж байна. Хамгийн баттай, эргэшгүйгээр хийж хэрэгжүүлэх ёстой гэж бодсон зүйл нь бусад улсад яагаад цэцэрлэгийн насны хүүхдэдээ хоол тэжээлийн талаар заагаад байна, сургуульд нь явахад яагаад хоолоо өөрсдөө хийж өгөөд байгаагын цаад учрыг таниулах л юм. Ингэж суурийг нь зөв тавьж байж л цаашаа зөв явна. Үүнтэй холбоотойгоор олон ажлуудыг хийж эхэлсэн байгаа.

Хооллолт нь өөрөө ээдрээтэй асуудал. Өнөөдөр хооллох зуршил нь бүрдчихсэн 30, 40 настай хүний хооллолтыг өөрчилнө гэдэг хэцүү. Бараг л боломжгүй. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг шиг... Бүр бага наснаас нь зөв хооллолтын талаар мэдлэгтэй, хооллох зуршлыг нь зөв бүрдүүлчих юм бол насан туршдаа элдэв зар сурталчилгаанд өртөхгүй, өөртөө тохируулаад зөв хэрэглэдэг болчихно. Хооллолт нь эдийн засагтай холбоотой учир үүндээ хэрхэн тохируулж идэх талаар ч сураад мэдчихнэ.

Бидэнд байдаг буруу хооллолтын жишээ 

Яагаад гаднынхан түүхий ногооны салатыг бага зэрэг амтлагч цацаад л идээд байна. Харин манайхан тэр чигт нь майонезтой холиод хутгаад идээд байдаг. Гэтэл өөх тосны хэрэглээгээ аль болох тааруулж, илчлэг багатай зүйл идэх хэрэгтэй байдаг. 

Бас цагаан будаа агшаахдаа тос, давс хийдэг. Энэ бол зөвхөн монголчуудад л байдаг зүйл байх. Цагаан будаа өөрөө маш өндөр илчлэгтэй. 100 гр цагаан будаа 300 гаруй ккал илчлэгтэй. Үүн дээр ахиад хоолны халбага тос хийхэд 45 ккал нэмэгдэнэ. Бүр ихдэж ядаж байгаа давс хүртэл хийчихдэг.

Юу ч хийгээгүй агшаасан цагаан будаа идэх нь ямар ч асуудалгүй. Нөгөө л хоол идэх зуршилтай эргээд холбогдоно. Нэг өдөр давс тос хийгээд идэж болох ч байнга ингэж идээд байвал юу болох вэ?

Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг дэлхий нийт юу гэж үзэж байна вэ? 

Одоо хэрэн дэлхий дээр маргаантай байгаа асуудал. Генетикийн өөрчлөлттэй хүнсийг хэрэглэх нь хүний эрүүл мэндэд муу эсвэл аюулгүй гэдэг тал дээр олон янзын тайлбартай, нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа. Харин зарим улс орнууд, ОХУ гэхэд генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хилээр оруулахгүй, бүх хүнсний бүтээгдэхүүн дээр генетикийн өөрчлөлттэй эсэхийг нь бичдэг болсон. Тэгээд тухайн хүний хувийн сонголт болгож үлдээсэн. 

Жишээ нь "тамхи таны эрүүл мэндэд хортой" гэсэн бичигтэй зарагдаж байхад л хүмүүс аваад татаад байдаг шүү дээ. Энэ сонголтыг хувь хүнд л үлдээчихээд байна. Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний сайн мууг цаг хугацаа харуулах хэдий ч болгоомжлоход илүүдэхгүй. Манай улсын хувьд генетикийн өөрчлөлттэй эсэхийг лабораториор баталгаажуулах түвшинд хүрээгүй л явна. Гэвч дэлхий нийтэд ямар хүнсүүд генетикийн өөрчлөлттэй болохыг заралчихсан. Эдгээр хүнсний жагсаалтын хамгийн эхэнд шар буурцаг орж байна. 


 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө