2025/03/25. Мягмар гараг Дугаар: #3323

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хорт хавдрын үед дэмжих бүлгийн уулзалт, даван туулагчдын түүхийг сонсох нь сэтгэл зүйн дэмжлэгийн хамгийн үр дүнтэй хэлбэр

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 03

Монгол Улсад 2023-2024 онд хорт хавдрын өвчлөлийн 7244 шинэ тохиолдол, хавдрын шалтгаант нас баралтын 4556 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 28885 хүн хорт хавдрын хяналтад эмчлүүлж байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байв. /2024-2025 оны тоон мэдээлэл удахгүй гарна/. 30 мянга орчим хавдартай хүний ард гэр бүл, дотнын хүмүүс гээд багаар бодоход 100 мянга гаруй хүн хорт хавдар өвчнийг даван туулж буй. 

Хорт хавдрын үе шат, эмчилгээний хугацаа, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний хүртээмж гээд олон зүйлсээс шалтгаалж хавдрыг даван туулагчдын сэтгэл зүй, бие махбод, нийгмийн харилцаа, амьдралд нь томоохон өөрчлөлт, сорилтууд тулгардаг. Тиймээс Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан хавдрын үеийн сэтгэл зүйн талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Ч. Аззаяатай ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр, Хавдар судлалын үндэсний төвд 2006-2020 онд сэтгэл зүйчээр ажиллаж байсан юм. 

Хорт хавдрын өвчин хүний сэтгэл зүйд ямар хэмжээний цочрол, стресс үүсгэдэг вэ? 

Хавдар өвчний онцлог, удаан хугацааны эмчилгээ, даван туулах үе шат зэргээс хамаарч халдварт бус болон халдварт өвчинтэй харьцуулахад хүнд хэлбэрийн өвчин хэмээх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ утгаараа хорт хавдрын онош сонсох нь сэтгэл зүйн талаас маш хүчтэй стресс, сөрөг сэтгэл хөдлөл үүсгэгч хүчин зүйл болдог. Нөгөөтээгүүр хорт хавдрыг даван туулах үед сэтгэл зүйн талаас гарах хариу урвалууд нь хүн бүрд өөр өөрөөр илэрдэг.

Тухайн хүн сэтгэл зүйн хувьд даван туулах чадвар бага байх, хавдраар оношлогдохоос өмнө сэтгэл зүйн тулгамдсан асуудал, архаг стресс, нойрны асуудалтай байсан эсэх нь хүнд өвчнөөр оношлогдох үед сэтгэл зүйн байдлыг улам хүндрүүлэх нөхцөл болдог.

Стрессийн хүч, сөрөг сэтгэл хөдлөлийн байдалд юу юу нөлөөлдөг вэ?

Сэтгэл зүйн таагүй байдал үүсгэж байгаа сэтгэлийн хүчдэл, стрессийг хэд хэд хувааж үздэг. Жишээлбэл,

  • Цочмог
  • Давтагддаг цочмог стресс
  • Гэмтлийн дараах буюу ямар нэг хүнд хэцүү үйл явдлын дараах стресс,
  • Архаг стресс
  • Орчны стресс
  • Физиологийн стресс /бие махбодын шинж тэмдгүүд/ гэх мэт үүнээс ч олон хувааж болно.

Энэ бүх стрессийн төрлүүд хоорондоо хүчээрээ ялгаатай.  Тухайн хүний стрессийн төрөл, хүч, үргэлжлэх хугацаа, хувь хүний сэтгэл зүйн онцлог, аливаа зүйлийг хүлээж авах итгэл үнэмшил, өвчний талаарх ойлголт, мэдлэг хэр байхаас хамаарч сөрөг сэтгэл хөдлөл үүсдэг.  

Стрессийн хүчийг 0-10 оноогоор үнэллээ гэхэд зарим хүнд тухайн үйл явдал 8 оноо өгөхүйц хүчтэй, харин танд 2 оноо буюу харьцангуй хөнгөн стресс өгч болно.

Хорт хавдрын өвчлөлийн тоо судалгаанаас харахад оношлогдох үе шат нь ихэнхдээ хожуу бөгөөд эмчилгээний хугацаа, нийгэм, санхүү болон шинэ орчин нөхцөл буюу эмнэлгийн орчинд дасан зохицохтой холбоотойгоор сөрөг сэтгэл хөдлөл, стресс нь хүчтэй байдаг.

Хавдрын онош сонссон цагаас эхлэн сэтгэл зүйн хувьд ямар үе шатуудыг даван туулдаг вэ? 

Сэтгэл судлалын талаас хүнд өвчний үеийн сэтгэл зүйгээр хийгдсэн судалгаа, дата мэдээллүүд олон. Энэ дундаас АНУ-ын сэтгэцийн эмч Элизабет Кублер нь хорт хавдартай хүмүүс ялангуяа урт хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг даван туулах үе шатаар нь 5 хуваасан байдаг.

  1. Эхнийх нь, Үгүйсгэлийн үе. Өвчний мэдээллийг сонсоод юуны өмнө өөрийгөө хамгаалах байр сууриас ханддаг. “Буруу хэлсэн байх, андуурсан байх, эсвэл дутуу оношилсон байх” гэх зэргээр. Хамгаална гэдэг нь “үгүй байх” гэсэн үгүйсгэлээр илэрдэг.
  2. Бухимдах үе. Үгүйсгэлийг нь нотлох зүйлс буюу багажийн, лабораторийн бодит шинжилгээ, үзлэгээр гарсан мэдээллийг эмч хэлж байгаа. Энэ бодит байдалтай нүүр тулахад тухайн хүн бухимдах, уурлах, хэн нэгнийг эсвэл өөрийгөө буруутгадаг. Эртхэн үзүүлдэг байж, энэнээс, тэрнээс боллоо гэж маш ихээр уур бухимдал төрдөг.
  3. Тохиролцох үе. Мөн л хүчтэй сөрөг сэтгэл хөдлөлүүд байсаар л байна. Энэ үед хүмүүсийн ихэнх нь “Би эмчийн санал болгож байгаа удирдамжийн дагуу эмчилгээ хийлгэе, тэгвэл би эдгэрэх үү, хэр хугацаанд хийлгээд зүгээр болох вэ” гэсэн сэтгэл зүйн тохиролцоо явагддаг үе юм.
  4. Сэтгэл гутралын үе. Энэ үе шатанд сэтгэл зүйн тогтворгүй байдлууд үргэлжилж, эмчилгээгээ эхлэх хэдий ч тэр бүх өөрчлөлт, хүчин зүйлс нь  сэтгэлээр унах, гутрах шинж тэмдгүүдээр илэрдэг.
  5. Даван туулах буюу хүлээн зөвшөөрөх үе. Харьцангуй бүх үйл явцтай дасан зохицоод, шинэ өөрчлөлтүүдийг хүлээн авч, сэтгэл зүйн хувьд тогтвортой болж эхэлдэг. Ойлгоод хүлээн зөвшөөрчих юм бол сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван болдог.

Эдгээр үе шатыг туулахад мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж зайлшгүй шаардлагатай юу?

Манай улсын нөхцөлд бол төдийлөн сэтгэл зүйчид хандаад байдаггүй. Өөрөө хүсээд хандах байдал тийм ч их биш. Магадгүй уламжлалт ёс заншил, сүсэг бишрэл, итгэл үнэмшил зэрэгтэй холбоотойгоор өөр олон хэрэгцээ үүсэж түүнийгээ хангахын тулд нэлээдгүй замыг туулдаг байх. Тэгэхээр мэргэжлийн хүнд, эрүүл мэндийн байгууллагат хандахад нь гэр бүлийн хүмүүсийн дэмжлэг, ойлголт мэдээлэл, тухайн хүнтэй ярилцах байдал ихээхэн нөлөөлнө.

Судалгаанаас харахад, Хавдраар өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс болон эрүүл хүн амын дунд сэтгэл зүйн стресс, түгшилт, гутрал, нойргүйдэл, ганцаардлын нөхцөл байдлыг нь тандахад хавдартай хүмүүсийнх дандаа өндөр гардаг. Ялангуяа эмэгтэйчүүдэд энэ асуудал их.  

Хавдраар өвдсөн эмэгтэйчүүдийн стрессийн түвшинг үнэлэхээр 75 орчим хувь нь дунд болон өндөр стресстэй. 

Эрэгтэйчүүдийнх 36 орчим хувь нь хэвийн, үлдсэн хувьд стресс өндөр гэсэн үзүүлэлт гардаг. Гэлээ гээд бүгд мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж шаардлагатай гэсэн үг биш. Даван туулах чадвар өндөртэй, гэр бүлийн дэмжлэг сайн байвал сэтгэл зүйн асуудлаа хөнгөхөн даваад гарчихдаг.

Эмэгтэйчүүдийн стрессийн түвшин яагаад өндөр байдаг юм бол? 

Хавдрын эсрэг эмчилгээ бие махбод, гадаад үзэмжид үзүүлэх нөлөө нь их байх тусам тухайн хүнд үзүүлэх сөрөг стресс өндөр байна. Тухайлбал, хавдрын хими эмчилгээний үед гардаг өөрчлөлтүүд үс унах, биеийн жин өөрчлөгдөх, гадна ил харагдах эрхтнээ авхуулах шаардлага үүсэх зэрэг өвчний онцлог байна. Мөн гэр бүлийн байдал, нас залуу байх, бага насны хүүхэдтэй зэрэг нь бие хүнээс шалтгаалсан сэтгэл зүйн асуудал, эрсдэл үүсэхэд нөлөөлдөг. Эдгээрийг эмэгтэйчүүд илүү хүндээр хүлээж авч стресст өртөх шалтгаан болдог. 

Сэтгэл зүйн талаасаа хүнд зүйлийг даван туулах үед хамгийн үр дүнтэй сэтгэл зүйн тусламж юу байх вэ? 

Бие махбодод гарч буй өвдөлт, зовуурь, урт хугацааны эмчилгээ, өмнө нь стрессийн түүхтэй, архаг стресст өртөж байсан хүмүүст илүү их анхаарах шаардлагатай. Ийм нөхцөлд илүү их стресст өртөх учраас анхаарал халамж тэр хэрээр сайн байх хэрэгтэй. Зөвхөн эмчилгээнээс гадна эдгээр өөрчлөлтүүд нь тухайн хүнд өвчнөө даван туулах байдалд нь сөргөөр нөлөөлдөг.

Өөртөө итгэлтэй байдал, бие хүний онцлог, туулсан амьдрал, эрүүл мэндийн мэдлэг ойлголт чухал нөлөөтэй учраас эдгээрийг сайжруулах нь үр дүнтэй. Нөхцөл байдлыг нь улам хүндрүүлэхээс сэргийлэх хэрэгтэй гэсэн үг.

Мөн бие хүний онцлогт нь тохирсон сэтгэл зүйн дэмжлэг чухал. Тухайн хүн сэтгэл хөдлөлийн хувьд хэр тогтвортой, өөрийгөө хэрхэн үнэлдэг, бусдад яаж ханддаг, харилцаанд өөрийгөө илэрхийлэх байдал, дотнын хүмүүсийнхээ хандлагыг хэр хүлээж авдаг зэрэг авир араншин, зан төлөв сэтгэцийн шинжээс нь хамаарч зөв дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Бусадтай харилцаж, дэмжлэг авдаг хэв шинжийн хүн үү, эсвэл ганцаараа байж, илүү уншиж ойлгож, ганцаарчилсан ярилцлага хийж, сэтгэлээ нээж байж тайвширдаг юм уу гээд. Энэ онцлогийг нь мэдэрч, ойлгож чадвал оновчтой дэмжлэг үзүүлж чадна.

Ихэнх хүмүүс сэтгэл зүйгээр нь дэмжихийг хичээдэг. Энэ мэдээж чухал. Хавдраар өвдсөн хүнд сэтгэл зүйгээс гадна бодит олон асуудал тулгардаг. Тэдгээр асуудлыг нь шийдэхэд тусалж дэмжих нь тухайн хүнд үзүүлж буй маш том дэмжлэг болдог. 

Ажил хийх боломжгүй болчихсон, санхүүгийн асуудалтай бол энэ талаар нь, эсвэл эмнэлэг хамт явах, унаагаар туслах шаардлагатай бол түүгээр нь, бага насны хүүхэдтэй хүнд хүүхдийг нь харж өгөх, бүр сүсэг бишрэлийн хэрэгцээ байгаад гандан ормоор байвал хамт гандан ороод өгдөг ч юм уу. Жижиг том гэлтгүй энэ бүх хэрэгцээ, асуудлуудад нь тусалж дэмжлэг үзүүлэх нь чухал. 

Хавдрын үеийн сэтгэл зүйн тусламж хэрхэн үзүүлдэг гаднын орнуудын туршлага, хамгийн эерэг нөлөөтэй байж болох жишээнээс та хуваалцаач?

Дэмжих бүлгийн уулзалт, ижил өвчнийг даван туулсан хүмүүсийн түүхийг сонсох нь сэтгэл зүйн дэмжлэгийн хамгийн үр дүнтэй хэлбэр. 

Туршлага хуримтлуулна гэдэг заавал өөрийн биеэр даван туулна гэсэн үг биш шүү дээ. Тиймээс бусдын туулсан зүйлээс ойлгож, бусдын туршлагаар дамжуулж өөртөө шинэ зүйл олж авахад дэмжих бүлэг, даван туулсан хүмүүсийн зөвлөгөө илүү үр дүнтэй байгааг олон судалгаа харуулсан байдаг. 

Хорт хавдартай нүүр тулах нь амьдралд олон өөрчлөлт, сорилтуудыг авчирдаг. Энэ хугацаанд сэтгэл зүйн талаасаа аль болох тогтвортой байж өөртэйгөө ажиллахад туслах зөвлөгөө өгөөч та?

Өөртөө итгэх итгэлээ юунаас авч байгаагаа олж мэдээрэй. Хэрэв ажил хийгээд, эсвэл гэр бүл дотроо гүйцэтгэж буй үүргээ гүйцэтгэсэн хэвээр байх нь чухал байвал хийж л байх хэрэгтэй гэж зөвлөх байна. 

Ер нь өмнө нь ямар байсан тэр байдлаа үргэлжлүүлж чадаж байвал сайн. Өөрийн боломжоо зөв үнэлээд аль болох идэвхтэй байх нь эерэг нөлөөтэй.

Мөн стрессийг даван туулахад дараах хоёр төрлийн аргыг илүүтэй хэрэглэдэг.

  • Сэтгэл хөдлөлд төвлөрсөн аргууд - Байгалийн чимээ сонсох, харах, сайн сайхан зүйлсийн талаар унших, судлах гэх мэт эерэг сэтгэл хөдлөл үүсгэхэд чиглэсэн аргуудыг хэрэгжүүлэх. Хөгжмийн ая, урлагийн заслууд нь эерэг сэтгэл хөдлөл үүсгэх, стрессийг бууруулахад сайн нөлөөтэй.
  • Асуудлыг шийдвэрлэхэд тулгарсан аргууд - Нийгмийн харилцаагаа орхихгүй байхыг эрмэлзэх буюу шинэ хобби үүсгэх, өөртөө сорилт тавих, бие махбодод төвлөрсөн буюу спортоор хичээллэх, дасгал хийх гэх мэт. 

Бүгд үр дүнтэй болохоор өөртөө илүү тухтай, тохирсон аргуудыг хослуулаад оролдоод үзээрэй.  

Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн талаас тухайн хүний онош, өвчний нөхцөл байдлыг хэлэхдээ ямар дүрэм, ёс зүйг баримталдаг вэ? Заавал сэтгэл зүйч байлцаж хэлэх хэрэгтэй байдаг уу? 

Юуны өмнө өвчтөний сэтгэл зүйн байдлыг үнэлэх хэрэгтэй. Хавдрын эмч нар сэтгэл зүйн хариу үйлдэл үзүүлэх үе шатуудыг мэддэг байх ба өвчний байдал нь хүнд байхаас шалтгаалаад сэтгэл зүйн хувьд оношийг хэлэх эсэхийг эмчлэг эмч өөрөө шийднэ гэсэн дүрмийг баримталдаг. 

Өвчтөн өөрийн өвчний талаар үнэн зөв мэдээллийг авах эрхтэй болохоор сэтгэл зүйн байдлыг нь үнэлж байж энэ талаар хэлдэг. Эмчийн ес зүй, дүрэмтэй холбоотой л доо.

Ярилцсанд баярлалаа танд. 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Дараах шинж тэмдгүүд хоёр долоо хоногоос дээш хугацаанд илэрвэл "сэтгэл түгшилт" байж болзошгүй

ДЭМБ-аас 2020 онд Ковид-19-ийг "цар тахал" гэж зарласнаас хойш эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх хор уршиг өнөөдрийг хүртэл дэлхий даяар үргэлжилсээр байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 20

Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, төрх үйл, зан авир өөрчлөгдөхөд "гэр бүл" хамгийн их нөлөөтэй

Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, яаж ярилцаж, ойлголцох тал дээр багагүй бэрхшээл тулгардаг. Өсвөр насныхны сэтгэл зүйн хамгийн чухал, суурь хэрэгцээ нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх, ойлгогдох явдал. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 11

Санал болгох

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Одоогийн "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

3000 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 415 хүн нас баржээ

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-ийг сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө