2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ТОД ТУСГАЛ

ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээний сувилагч Б.Баяртуул: 23 жил сувилагчаар ажиллахдаа хүний амьдралд хайраас чухал зүйл гэж үгүйг л мэдэрч байна

— Б.Батцэцэг   2022 оны 05 сарын 09

... 37 настай нэг залуу байсан. Тэр залуу ходоодны хорт хавдартай. Мэс засалд орсон. Тэгээд "Хавдрыг минь авсан, би эрүүл болсон" гэж тэр бүрэн итгэсэн. Дахиад 60 хүртлээ амьдарна гээд маш их зүйл төлөвлөсөн юм. Гэтэл үнэн хэрэгтээ хагалгаагаар хавдрыг нь аваагүй. Хавдар бүх биеэр нь тархсан байсан учраас нээгээд л хаасан. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр хавдрыг авсан гэж түүнд хэлсэн. Манай эрчимтэд долоо хоноод тасаг руу шилжсэн юм. Тэр хүн сарын дараа нас барлаа гэдгийг сонсох надад маш хүнд байсан. Харамсахын дээдээр харамссан...
Чадлаараа инээж ажиллаж амьдарч буй эгэл хөөрхөн энэ эмэгтэйг Баяртуул гэнэ. Б.Баяртуул 2000 онд ХСҮТ-д анх ажилд орж Толгой хүзүүний мэс заслын тасагт 2006 он хүртэл ажиллаад, түүнээс хойш Эрчимт эмчилгээний тасагт тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэр нийтдээ 22 жил сувилагч мэргэжлээр мэргэшин ажиллаж байгаа аж. Дэндүү зөөлөн, дэндүү сайхан мэдрэмжийг энэ бүсгүй бусдад өгнө. Чадлаараа инээх гэхийн учрыг ярилцлагын төгсгөлд ойлгоно биз ээ. Түүний гэрэлтсэн инээмсэглэл, нууцхан гуниг, нулимс ойрхон нүд, зөөлхөн дуу хоолой бидний нийгмийн хатуу бэрх бүхнээс тэс ондоо... Сувилагчийн ажлыг 20 жил хийчихлээр хүн ийм зөөлөн болдог уу, ийм гайхалтай болохоор сувилагч хийдэг үү... гэх бодол төрөхүйц гэгэлгэн юм тэр. Гэгээн цайлган, гайхам сайхан ч юм шиг санагдана.

Хоёр цаг хэртэй ярилцаад сувилагч нарыг, Баяртуул эгчийг хүндлэн хайрлах сэтгэл дүүрэн болж үлдсэн билээ. Болдогсон бол энэ мэдрэмжээ уншигчиддаа яг энэ дулаан хэвээр нь өгөхсөн. Миний ур чадвар түүний гайхам чанаруудыг байгаагаар нь бусдад хүргэхэд дутах вий... Урд шөнө Баяртуул эгч ээлжинд гарч, өглөө нь буугаад манай ажлыг зорин иржээ. Товлосон цагаасаа минут ч хоцорсонгүй. 24 цаг бусдын зовлонг нимгэлэн хуваалцах ажлаа хийсэн ч ядарсан төрхгүй нь гайхмаар... Эмнэлгээр ороод гарахад л энгийн хүн хэрхэн ачаа үүрч, түүртэн ядардаг билээ гэж би бодлоо.

Өвдсөн хүн бусдын өмнө, ялангуяа сувилагчийн өмнө баг зүүхгүй. Ер хэн байхаас үл шалтгаалаад... Өөрөөр хэлбэл би таныг хүний хамгийн үнэн нүүртэй тулж ажилладаг гэж бодож байна. 20 гаруй жил сувиалагчаар ажиллахад хүний амьдрал юун дээр тогтдог юм бэ гэдэгт өөрийн дүгнэлттэй болсон байх?

Хүн хүнээ хайрлах л хамгийн чухал. Хайр байж л амьдрал тогтдог. Надад хайрлах энэрэх сэтгэл байхгүй бол би тэр өвчтөнтэй хөндий л харьцана. Уг нь миний аав ээж биш. Авдаг цалиндаа тааруулаад л... гэх хандлага гаргавал гаргана. Гэхдээ миний сэтгэлд хайр байдаг болохоор эмчлүүлэгчээ л гэдэг. 

Доороос нь холгож байгаа байх эвүүр хийгээд өгчихье, удаан хэвтэж байгаа юм чинь хөлийг нь жаахан бариад өгчихье гээд л цаг минут тутам хүнээ бодож ажиллана. Үүнийгээ л хайр гэж итгэдэг. Хүмүүс бие биенийгээ хайрлаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

Таны нэг өдрийн ажил хэрхэн өнгөрдөг вэ. Хэр ачаалалтай байдаг бол? 

Өглөө найман цагт ээлжээ авах ёстой ч 30 минутын өмнө ирээд ажлаа авдаг. Шөнө хоноод ядарч байгаа сувилагчаа хурдан буулгахын тулд ер нь л ажлын цагаасаа өмнө очно. Хамгийн түрүүнд яаралтай эм тариагаа авч, тоног төхөөрөмжүүд, аппаратныхаа ажиллагааг шалгаж хүлээж авдаг. Эд, аж ахуй, бичиг баримтаа хүлээлцэнэ. Тэгээд хамгийн гол зүйл болох өвчтөнөө хүлээж аваад биеийн байдлыг нь үнэлнэ. Өвчтөнөө үнэлж, амин үзүүлэлтүүд, өвдөлт, шарх гэх мэт бүх зүйлийг үнэлж байж дараа нь хэрхэн асарч сувилах төлөвлөгөөгөө гаргадаг. Үүнд тэр хүний амин үзүүлэлтүүд, шингэний бланс, арьс, өвдөлт, шарх зэргийг үнэлнэ. Эмчилгээний үеийн хяналтыг мөн хийнэ. Эмч эмчилгээ бичиж өгсөний дараа заалтаар нь эмчилгээнүүдээ хийхийн хажуугаар асаргаа маш чухал. Амны сувилгаа, байрлал солих, цагаан хэрэглэл солих, холголт цооролт байгаа бол арьсны үнэлгээ хийж арчлах, клазга, рас зэргийг үнэлнэ.

Асаргаа сувилгаа нь эмчилгээний үр дүнд маш чухал нөлөөтэй. Зүгээр л эмийн эмчилгээ хийгээд асаргаа хийхгүй бол эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлнө. Манай тасагт биедээ маш олон гуурстай өвчтөнүүд их байдаг. Тиймээс тэр гуурснуудыг нь байнга шалгана. Мөн хооллолтод анхаарна. Энэ бүхнээ төлөвлөгөөндөө оруулаад асаргаа сувилгааныхаа хажуугаар тасралтгүй тэмдэглээд хөтөлнө.

Жишээ нь өчигдөр гэхэд би элэг шилжүүлэн суулгуулсан мэс заслын дараах тав дахь хоног дээрээ байгаа хүнд сувилгаа хийсэн. Тухайн хүн хэвтрийн дэглэмтэй байсан. Би өглөө ээлжээ аваад тэр хүнийг үнэлж гуурсны сувилгаа, бэхэлгээ хийгээд, хэсэгчилсэн угаалга хийсэн. Үсээ гурав хоног угаагүй байсан учраас үсийг нь угааж өгсөн. Тэгээд тусгай хоол цайг нь хоёр цаг тутамд өгөөд, шингэн блансыг нь хэмжсэн. Амаар орсон, судсаар орсон, биеэс нь гарч байгаа бүх шингэнийг цаг тутамд хэмжиж тэмдэглэн эмчдээ мэдээлж байсан. Мөн цусан дахь сахарын хэмжээг нь хэмжсэн. Амин үзүүлэлтүүдийг нь хянахад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага байсан учраас хүчилтөрөгч маскаар тогтмол өгч хянасан. Ингээд л эдгээр зүйлсээ тогтмол хийж, эмнүүдийг нь уулгах зэргээр тасралтгүй хянаж асардаг. 

Эм уулгахад хүртэл шууд л  "май эмээ уу" гээд гар дээр нь тавьчихгүй. Уухад хэцүү байвал нунтаглаж өгнө. Яг л нүдэн дээрээ харуулж байгаад цаг цагаар нь уулгадаг.

Сувилагчийн ажлын гол зүйл нь хэрэгжилт. Өнөөдөр гуурс хийсэн, сувилгаа хийсэн гэх мэтээр физик эмчилгээ хийж, хөл гаранд нь эллэг хийсэн үгүйгээ нэгд нэгэнгүй сувилгааны төлөвлөгөндөө бичнэ. Дараагийн сувилагчдаа тэмдэглэлээ хүлээлгэж өгснөөр тухайн өвчтөнд ямар асаргаа хийх нь илүү тодорхой болдог. Сувилгааны түүх бичилт нь ажлыг цэгцтэй явуулахад маш хэрэгтэй. 

Ээлжнээс буухдаа төлөвлөгөөний дагуу хийсэн, хэрэгжүүлсэн зүйлсээ харахаар их гоё байдаг. 

Энэ хүний хийдэг ажлыг сонссоны дараа би өөрийгөө ачаалалтай ажилладаг гэж бодохоо больсон. Энгийн хүн “сэхээний тасаг” гэж сонсох төдийд л сэтгэл хэрдхийн зог тусдаг. Тийм л газар амьдралынхаа 16 жилийг Баяртуул эгч үдсэн байна. Ээлжинд гарах 24 цагаа бараг 100 хувь бусдыг сувилан энэрэхэд зарцуулна. Аварсан хүнээ бодож баясаад,  алдаж явуулчихсан хүнээ санаж харамсаад харь элгийнх атлаа өвдсөн хүмүүсийн охин нь, эгч нь, ээж нь, дүү нь мэт болжээ... Түүнийг хайрламаар, хайрлах шалтгаан нь дэндүү их санагдана.

Таны цалин хэд вэ. Ажлын цагтаа хуваавал нэг цагийн хөдөлмөрийн хөлс хэд байдаг вэ? 

Би өөрийгөө улсад олон жил ажилласан гэж боддог. ХСҮТ-д 22 жил дөрвөн сар ажилласан байна. Үүнээсээ эрчимт эмчилгээний тасагт 16 жил. Сувилахуйн бакалавр, ахлах зэрэгтэй. Миний үндсэн цалин 790 мянган төгрөг. Үүн дээр эрчим эмчилгээний тасагт хэвийн бус нөхцөлд ажилладаг гээд цалингийн 10 хувь нэмэгдэнэ. Унаа хоолны мөнгө нэмэгддэг. Тэгээд гар дээрээ 15 хоногт 420-450 мянган төгрөг авдаг. Сардаа би арван удаа 24 цагаар ээлжинд ажиллаж байна. 240 цаг ажиллаж байна гэсэн үг. Сувилагчийн орон тооны хомсдолоос болоод ээлжийн хувиараа ойр ойрхон гаргадаг болсон. Дараагийн гараанаас өмнө хэн нэгэн сувилагч чөлөө авбал би шууд дуудагдаад л гарна. 

790 мянган төгрөгөө амьдрал ахуйдаа хэрхэн хүргэж, зохицуулж байна вэ? 

Ямартай ч хоёр хүүхдээ дээд боловсролтой болгоно гэсэн л бодолтой явдаг...

Баяртуул эгчийн нэг сарын цалинг ажилладаг цагт нь хуваагаад үзвэл түүний нэг цагийн ажлын хөлс 3600 орчим төгрөг болж байна. Юу вэ юу вэ юу вэ.... Яасан уур хүргэм тоо вэ. Гэвч тэр цалингаасаа 50, 100 мянгаар нь цааш хийж хуримтлуулсаар байрны урьдчилгаа 21 сая төгрөг босгосон байна. Харамсалтай нь хорин жил хуримтлуулсан тэр мөнгө Нарны охин сарны хүү гэх луйварт оджээ... Яг ингэж ХСҮТ –ийн гурван ч сувилагч амьдралаа сүйтгүүлжээ. Гэх мэт асуудлууд болон тэдний нийгмийн асуудлыг хэт орхигдуулснаас бараг 15 сувилагч тутмын арав гаруй нь нийтийн байр, аавынх, хамаатуудынхдаа амьдардаг гэж Баяртуул эгч ярив. Угтаа энэ хүмүүс байр гуйсангүй, хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлж нийгмийн асуудлаа шийдэх чадамжтай болохыг л хүснэ...

ХСҮТ-д хэдэн сувилагч ажилладаг вэ. Нэг эмчид хэдэн сувилагч оногддог вэ?

Нийт 178 сувилагч байгаа. Туслах сувилагч 13. Эрчимт эмчилгээний тасагт уг нь бол 18 сувилагч байх ёстойгоос үндсэн сувилагч маш цөөхөн үлдсэн. Ихэнх нь ажлаас гарсан учраас өөр тасгуудаас нөхөж ажиллаж байгаа. 2021 онд бакалавр зэрэгтэй 11, мэдээгүйжүүлгийн курс хийсэн дөрөв, эрчимт эмчилгээний курс хийсэн дөрөв, цусны нэг, гемодиалзын сувилагч нэг, хавдрын курс хийсэн гээд дандаа мэргэшсэн сувилагчид байсан. Харин одоо мэргэшсэн гурван сувилагч л үлдсэн. Өөр тасгаас сувилагч ирж ажиллахаар мэргэшээгүй учраас зааж сургах хэрэгтэй байдаг. Жишээ нь өчигдөр би хоёр сувилагчтай хамт ээлжинд гарсан ч хоёулаа Туяа эмчилгээний тасгаас ирсэн аппаратаа ажиллуулж мэдэхгүй байсан учраас зааж өгөөд ажилласан.

Монголын сувилагч нарт ерөөсөө цалингаа голох, ажлын ачаалал их байгааг анзаарах ч зав байдаггүй мэт... Эрүүл мэндийн сайдын тушаал ёсоор нь бол хоёр оронд нэг сувилагч ажиллах ёстой ч манай эмнэлгүүдэд  3-4 оронд нэг сувилагч ажиллаж байна.

Хавдрын эмчилгээний сувилагч байх бусад сувилагч нараас юугаараа өөр вэ. Ажлын нөхцөл ямар байдаг бол?

Хавдартай хүмүүс сэтгэл зүйн хувьд маш хүнд байдаг. Тэр тусмаа эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүмүүс маш их айдастай. Маш амархан өөдөөс уцаарлах ч юм уу, сэтгэл санаа нь тогтворгүйтэж уйлах гэх мэтээр маш эмзэг байна. Тиймээс сувилагч бид ямар ч тохиолдолд харьцаагаа маш зөөлөн байлгах ёстой. Бусад эмнэлгүүдэд дотрын тасагт амь наснаас холуур эмчилгээ түлхүү хийлгэдэг. Манайд харин хавдартай, сэтгэл гутралтай, харахад гайгүй юм шиг ч сэтгэлийн их шаналалтай хүмүүс ирдэг учраас бид маш зөөлөн харьцаж хайрлаж, сувилдаг. Сувилагч нар  24 цаг өвчтөнүүдийнхээ хажууд байдаг болохоор эмч нараасаа илүү сувилагч нартайгаа их юм ярина. Бие нь жаахан гайгүй болохоор ах дүү, гэр бүлийн амьдрал бүх зүйлээ яриад эхэлдэг. Маш нээлттэй дотно харилцаатай болдог доо.

Сувилагч нар хэт ачаалалтай ажиллах нь ямар сөрөг үр дагаварт хүргэж болох вэ. Алдаа гаргалаа гэж бодоход та бүгдийг хамгаалах ямар эрх зүйн зохицуулалт байдаг вэ? 

Ачаалал ихтэй ажиллахаар мэдээж ядарна. Түүнээс болж ажлын бүтээмж муудна. Алдаа гаргавал тэр сувилагч л буруутан болно. Эрхээ хасуулахаас гадна юу ч болох юм билээ. Уг нь байгууллагад Үйлдвэрчний эвлэл гэж байдаг. Гэхдээ би үр шим, ач холбогдлыг нь мэдэхгүй. Сүүлийн 20 жил би сар бүрийн цалингаасаа 3000-6000 төгрөгийн татвар эвлэлд өгдөг байсан. Тэгээд хоёр жилийн өмнө өргөдөл өгөөд эвлэлээс гарсан. Ядаж миний хоёр хүүхдийн талхны мөнгөнөөс суутгаж авмааргүй байна гээд тэр татвараас чөлөөлөгдсөн.

Яг л ийм ажилтан бол энэ нийгмийн үнэт зүйл мөнөөсөө мөн. Мэргэжлийн, мэргэшсэн, ажилдаа дуртай гэх мэт чухал нандин чанарууд түүнд байна.

Сувилагчгүй бол эмчилгээний баг ямар болох вэ? Эмч хоёр гараараа ажилладаг бол нэг гаргүй л болно гэсэн үг. Нэг гараараа ажиллаж байгаа хүний ажлын бүтээмж ямар байх вэ. Ийм ч учраас нэн түрүүнд сувилагч нарын нийгмийн халамж, цалин хөлсийг нь нэмэхгүй бол таван жилийн дараа монгол улс сувилагчийн хомсдолд орно. Одоо эмчээр сурч байгаа хүүхдүүд илүү их болсон. Сувилахуйд дөрвөн жил сураад төгссөн хүүхдүүд яаж ийм цалингаар ийм хүнд ажил хийх вэ гэж ярьж байна. Цалинг нь тултал сайн өгвөл бүгд л ажиллана.

Хавдрын 80 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог. Энэ байдал нь эмчилгээний сувилгааг хэрхэн өөрчилдөг вэ. Хэрвээ эрт шатандаа байсан бол ямар байх байсан бол гэж харуусал төрдөг үү?  

Хүмүүс үнэхээр хайнга. Эмч, сувилагч зөвлөгөө өгөөд хэлэхээр толгойгоо дохиод сонсоод л байна. Тэгээд жилийн дараа бүр муудаад ирдэг. Нөгөө барьж байсан хавдар нь жилийн дараа 3,4 дүгээр үедээ орчихсон, эмчилгээ хийх боломжгүй, хөнгөвчлөх эмчилгээнд л орох болдог. 

"Өрөвчхөн цагаан сэтгэлтэй сувилагч тандаа баярлалаа" гэж дуулахын учрыг ингэж би ойлгодог байжээ. 300 –аад эмчтэй ярилцсан атлаа өнөөдрийг хүртэл нэг ч сувилагчтай ярилцаж үзээгүй байсандаа харамсав. Өөр хандлага, өөр үзэл бодол, өөр үнэт зүйл, өөр амин чанар агуулдаг гайхалтай мэргэжил юмсанж. Дарга нарын өдрийн хоолны мөнгөөр нэг сарын хөдөлмөрийн хөлсөө ийм үнэ цэнтэй хүмүүс үнэлүүлж буйд бухимдлаа... Сувилагч нартаа баярлалаа!


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр