Та сэтгэл судлалын шинжлэх ухааныг хэр мэдэх вэ. Таныг төөрөгдүүлдэг, эргэлзүүлдэг ямар бодлууд байдаг вэ?
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь харьцангуй сүүлд судлагдсан, залуу шинжлэх ухаан хэдий ч практикт ашиглаж, хэрэглээнд нэвтрэх байдал нь хурдацтай хөгжиж буй. Сэтгэл зүйн ойлголт мэдлэгтэй болох хүмүүсийн эрэл хайгуул, хэрэгцээ ч мөн нэмэгдсэн. Тэгвэл сэтгэл судлалын шинжлэх ухаан хүний сэтгэл зүйг ямар түвшинд хэрхэн судалдаг, практикт хэрхэн зөв оновчтой ашиглаж сурах, шашин философи зэрэг бусад шинжлэх ухаанаас юугаараа ялгаатай ухагдахуун болох талаар тус салбарт 20 гаруй жил ажиллаж буй “Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэж байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжлийн талаар эхлээд та ерөнхий мэдээлэл өгөөч?
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь философиос салбарлан гарсан нийгэм хүмүүнлэгийн салбарын шинжлэх ухаан юм. 1870-аад оны сүүлээр Германд Лейпцигийн Их Сургуульд туршилтын сэтгэл судлалын лаборатори анх байгуулагдаж байв. Шинжлэх ухаан нь судлах зүйлтэй, судалгааны аргатай, өөрийн гэсэн мэргэжилтэнтэй байх ёстой. Энэ шинжлэх ухаан нь анагаахын шинжлэх ухаан зэрэгтэй харьцуулахад хожуу үед баталгаажиж хүн төрөлхтөнд өөрийн үр ашгийг өгч байгаа салбар л даа. Монголд бол 1960-аад оноос сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалаар багш нарыг сургах тал дээр баруунд анхны мэргэжилтнүүдийг бэлдэж, 90-ээд оны эхээр томоохон их дээд сургуулиуд анхны сэтгэл судлалын мэргэжилтнүүдийг дотооддоо бэлдэж эхэлсэн. Ерөнхийдөө дотооддоо мэргэжилтэн бэлдээд 30 гаруй жил болж байна. Шинжлэх ухааны хувьд ч, манайд хөгжиж буй байдлыг нь аваад үзэхэд залуу шинжлэх ухаан.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны тулгуур зарчим, судлах зүйл нь юу юм бэ? Яагаад философиос салбарлаж, тусдаа судлагдах болсон бэ?
Орчин үед сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний сэтгэцийг бүхлээр нь судалж байна. Сэтгэцийн үйл явц, сэтгэл хөдлөл, зан байдал, авир араншин болоод эдгээр нь хэрхэн яаж яаж үйлдэл, дадал болж амьдралд гарч ирж байна, хүний авьяас чадвар, оюун ухаан зэргийг судалдаг гэж ойлгож болно. Тодруулбал, биежиж харагдаж буй нь үг яриа, үйлдэл, хүний харилцаа зэрэг юм.
Түүхэн хөгжлийнхөө явцад, шинжлэх ухаан болохоос өмнө судлагдаж байсан сонирхолтой зүйлс олон бий. Тухайлбал, хүнийг яг хөдөлгөгч хүч гэж юу юм бол, ухамсар, сүнс, зүүд гэж чухам юу вэ гэх асуултууд нь шинжлэх ухааны салбар болохоос ч өмнө тавигддаг байсан. Хариултууд нь нэг талдаа философи, нөгөө талаараа шашны ухагдахуун болоод явчихдаг байв. Тиймээс сэтгэл судлал нь илүү нарийн судалгааны аргатай болсноор хэмжиж, гаргаж тодорхойлон, илэрхийлэх боломжтой болсон гэдгээрээ онцлогтой.
Философи, шашин, сэтгэл судлал бүгд л хүний сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, үл харагдах ухамсаргүйн түвшний талаар сургааль, онол дэвшүүлдэг. Эдгээрээс сэтгэл судлал юугаараа ялгаатай вэ, хүний сэтгэл зүйг хэрхэн судалдаг юм бэ?
Гол ялгаа нь судалгааны арга ашиглаж хэмждэг. Жишээлбэл, Сэтгэл хөдлөл гэж юу вэ? гэдгийг шашин, филофосийн талаас магадгүй ямар нэг үзэл онолоор илүүтэй тайлбарлаж байхад сэтгэл судлалын шинжлэх ухаан илүү тодорхой судалгааны арга аргачлал хэрэглэн хэмжиж байгаагаараа ялгардаг. Цаашлаад сэтгэл хөдлөл нь бидэнд харагдаж буй харилцаа, хүний үйлдэл, биеийн хэлэмж зэргээр яаж илэрхийлэгдэж байна гэдгийг хамтад нь судалдаг.
Сүүлийн 20-иод жил тархи судлал буюу нейросайнстай холбосон судалгааны ажлууд хийгдэж байна. Энэ утгаараа сэтгэл судлал нь дангаараа хөгжих бус дундын судлагдахуун байдлаар бусад салбартай уялдаа холбоотойгоор бидний таньж мэдэж чадахгүй байсан ойлголтуудыг илүү нарийн судалж байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухаанаар бие хүнийг extrovert (гадагшаа), introvert (дотогшоо) зан төлөвтэй гэх зэргээр тодорхойлсон загварчлал байдаг. Сэтгэл судлал хүний зан үйл, сэтгэцийн шинж байдлыг ямар хэмжигдэхүүнээр ингэж загварчилж байна вэ?
“Хүн бүр ялгаатай юм байна” гэдэг ойлголт хэдэн мянган жилийн туршид яригдаж ирсэн. Хүний авир араншин буюу анхны темперамент (temperament)-ийн тухай онолыг Грекийн эмч Гиппократ дэвшүүлсэн байдаг. Тэрбээр хүний авир араншингийн ялгаатай байдал нь магадгүй хүний биед байдаг шингэн түүний хэмжээтэй холбоотой байж болох юм гэж. Цус ихтэй хүнийг сангвиник, цөс ихтэй хүнийг холерик, салс ихтэйг флегматик, хар цөстэй хүний меланхолхик гэж тайлбарласан таамаглал нь олон зуун жил үргэлжилсээр байна. Гэхдээ энэ нь шинжлэх ухаанаар хэр зэрэг баталгаажсан юм бэ гэвэл одоогийн сэтгэл судлалын шинжлэх ухаан хүний биеийн шингэнээр тухайн хүнийг тодорхойлж болохгүй, энэ бол эртний үед хийж байсан оролдлогууд гэдэг. Дундад зууны үед хүнийг биеийн галбираар нь, нүүрний физиономоор, цусны бүлэг, алганы том жижгээр гээд олон янзаар тодорхойлох гэж оролдож байв.
Дундад зууны үед яригддаг байсан, батлагдаагүй таамаглалыг манайхан одоо ч хийсээр байгаа нь сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар магадгүй таньж мэдээгүй, бүрэн дүүрэн ойлгоогүй байгаагийн илрэл болов уу. Жишээлбэл, хүний биеийн дулаан, хурууны хээ, арьсан дээрх зураасуудаар таныг хэн болохыг хэлнэ гэсэн шинжлэх ухаанч биш, мэргэжлийн бус хүмүүсийн бизнес хийдэг арга хэрэгсэл болсон байна.
Биологийн өгөгдөл хүний сэтгэл зүйг, шийдвэр гаргаж байгаа байдлыг тодорхойлохгүй.
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүнийг тодорхойлох олон оношилгоо, судалгааны аргууд байдаг. Тэдгээртэй хольж хутгаж болохгүй. Хүнийг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдлаар нь хоёр ангилж болно. Зарим хүн сэтгэл хөдлөлөө ихэвчлэн өөрөө өөртөө илэрхийдэг байхад нь зарим нь илүү гадагшаа илэрхийлдэг буюу нөгөө Extrovert, introvert гэдэг хэв шинжээр хуваасан ангилал байдаг. Үүнээс 4, 8, 16, 32, 64 гээд олон ангиллууд үүсдэг.
Ингэж ангилснаараа яг яах юм? Хүний ялгаатай байдлыг тодорхойлох гээд оролдоод байгаагаа юунд ашиглах вэ?
Өөрийнхөө тухай мэдэж авах эсвэл мэдсэнээ амьдралдаа ашиглах юм уу гэдэг нь хамгийн чухал. Тодорхойлсны дараагийн алхмаа бодох хэрэгтэй.
Сэтгэл судлалын оношилгоо, тестүүд нь хүний өнгөрснийг болон одоог тодорхой хэмжээгээр тодорхойлох боломжтой.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны ямар ч судалгаа хүний ирээдүйг таамаглахгүй. Энэ бол гол зарчим нь.
Энэ хүүхэд ирээдүйд онц сурах юм шиг байна, эсвэл энэ хүүхдэд ийм чадвар боломжтой юм шиг байна гэх зэргээр таамагладаггүй. Сэтгэл судлалын судалгаанууд одоо цагийг л тодорхойлно. Ирээдүйг тодорхойлоод байгаа зүйлс нь сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны арга биш.
Генетикийн түвшинд хүний биеийг оношилдог болсон гэх. Сэтгэцийн эмгэг өөрчлөлт, ирээдүйд учирч болох эрсдэлийг генетикийн аргаар тодорхойлж, дүгнэлт гаргах боломжтой юу?
Хүний биеийн дулаан, шингэнээр хүний сэтгэл зүйг тодорхойлох нь маш хязгаарлагдмал. Анагаахын шинжлэх ухаанд хүний биологийн талаас удамшлыг нь судалж тодорхойлдог аргууд байдаг. Үүнийг анагаахын шинжлэх ухааны талаас илүүтэй тайлбарлах байх. Бие махбодын талаас өвчин эмгэг хэр удамшдаг гэх мэт. Сэтгэл судлалын талаас бол түрүүн дурдсанчлан гарын алганы хээ, биеийн дулаан, өндөр нам, духны хэлбэр, биеийн галбираас хүнийг тодорхойлох боломжгүй.
Сэтгэл яг л эрхтэн шиг өвддөг, бас эмчилдэг гэдгийг хүмүүс мэддэг болж байна. Нөгөөтээгүүр хүн сэтгэлийн амьтан болохоор сэтгэлээрээ үргэлж эерэг сайхан зүйл бодож явбал ямар ч өвчин тусахгүй гэж ярьцгаадаг. Хүнийг хөдөлгөгч хүч нь сэтгэл юм бол сэтгэлийн хүчтэй байх, дархлаатай байх гэдэг нь дандаа эерэг байхыг хэлэх үү?
Сэтгэл хөдлөлийн хувьд харьцангуй тогтвортой байвал илүү зөв шийдвэр гаргах нь ойлгомжтой. Гэхдээ тогтвортой байна гэдэг нь сэтгэл хөдлөлийг мэдрэхгүй байна гэсэн үг биш. Өдөр тутамдаа хүмүүстэй харилцаж, ажиллаж, сурч, мэдээлэл авч байгаа. Эдгээр гаднын бүх хүчин зүйл хүний сэтгэл зүйн байр байдалд нөлөөлдөг. Өөр нэг нөлөөлдөг зүйл нь хүний өөрийн бодол. Өөрийн бодол сөрөг бодлуудаар дүүрэн байвал бусадтай харилцах харилцаанд ч сөрөг байдлаар илэрдэг.
Бүх зүйлийг эерэгээр хүлээж авч байж эерэг болно, бүх бодол нь эерэг байснаар сэтгэл санаа тогтвортой байх юм шигээр ойлгох нь өрөөсгөл хэтрүүлэг.
Ингэх тусам илүү зөрчилдөөнд ордог. Тиймээс аливаа зүйлийг хүлээж аваад, эргэцүүлж бодоод хариу үйлдэл гаргадгийг ухамсарлах нь зүйтэй. Эргэцүүлж бодох, өөрийгөө тайвшруулах сөхөө олгох буюу EQ чадвартайгаа ажиллах нь их үр дүнтэй.
Сөрөг бодлууд, үйл явдлууд тохиолдсон бол түүнийгээ гадагшлуулж тухай бүрд нь илэрхийлэх хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ хэлж ярихаасаа илүүтэй тэрнээсээ зугтааж зайлсхийдэг, эсвэл архи уух, тамхи татах гэх мэт буруу аргаар тайлах гээд байдаг талтай. Энэ нь тайвшруулаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа ч мэдрэмжүүдээ залгиад байгаа хэрэг. Мэдрэмж гэдэг орсонтойгоо адилхан гарч байж суларч тайвширдаг.
Хүн байгалийн амьтан гэдэг талаасаа мэдрэмж, сэтгэл хөдлөлийн сав. Энэ сав нь дүүрээд байвал юуг ч оруулж, хүлээж авч чадахгүй шүү дээ.
Сэтгэл хөдлөлийн хувьд эерэг ч бай сөрөг ч бай, дотор орсон бодлуудаа илэрхийлээд гаргадаг, өөрийгөө зовоодоггүй, мэдрэмжийн сав нь цэвэрхэн хүн л эрч хүчтэй, цог золбоотой, амар тайван байдаг. Нөгөө талдаа оюун ухаан сэтгэл хөдлөлийг шууд зохицуулж чаддаггүй, заримдаа сэтгэл хөдлөлдөө баригдаж болно. Тиймээс гаргаж илэрхийлэх чадвараа хөгжүүлэх нь чухал. Нийгмийн амьтан гэдэг талаас харвал сэтгэл хөдлөлөө удирдаж, хүн өөрийгөө тайвшруулж, өөртөө тусалж чаддаг байх ёстой.
Хоолой өвдлөө гэхэд хоолойгоо зайлж гаа хүлхдэгтэй адил сэтгэл зүйн хувьд ч анхан шатны тусламжийг өөртөө өгдөг байх нь чухал.
Сэтгэл зүйн мэдлэгийг амьдрал дээр хэрхэн зөв ашиглавал зохистой вэ?
Сэтгэл судлалын мэдлэг зөвхөн өөрийн сэтгэл, оюун ухаан, сэтгэл хөдлөлөө таньж мэдэхээс гадна хүмүүстэй харилцах, нийгэмтэйгээ дасан зохицож амьдрахад тэргүүн эгнээнд хэрэгтэй. Бусадтай ойлголцоход ямар учир дутагдал байгааг, өөрийгөө анзаарч мэдэх, засаж сайжрахад чухал мэдлэг болдог. Улмаар гэр бүл, ажлын орчин, нийгэмд дасан зохиж амьдрахын тулд сэтгэл хөдлөлөө хэрхэн анзаарч мэдэх вэ гэдэгт сэтгэл зүйн мэдлэг ойлголт чиглэдэг.
Монголд сэтгэл судлалын салбар ямар түвшинд хөгжиж байгаа вэ. Цаашдын чиг хандлага, салбарын хүний нөөцийг хэрхэн бэлтгэж байна?
Олон улсын түвшинд сэтгэл судлал академик болон практик гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Академик салбар нь үндсэн сургалтаа хийхийн хажуугаар суурь судалгаануудаа хийж нийгэмд болон бодлогын түвшинд судалгааны үр дүнг таниулан явдаг. Аз жаргал гэж юу юм бэ, хүн яг ямар үед ямар шийдвэр гаргадаг вэ?, Ядуурлын нийгэм сэтгэл зүй хаана байна гэдэг ч юм уу. Хүний шийдвэр гаргалт, эдийн засагтай холбоотой ажилладаг сэтгэл судлаачдаас сүүлийн жилүүд хоёр нобелийн шагналтан төрсөн нь хэрхэн хурдтай хөгжиж буйг илтгэнэ.
Нөгөө талдаа олон нийт рүү чиглэсэн практик салбар буюу сэтгэл зүйн үйлчилгээ, зөвлөгөө, сургалтууд, нөлөөллийн ажлууд гэх мэт илүү үйлчилгээ рүү чиглэсэн байдлаар хөгжиж байна. Дэлхийн хөгжил, инновациас манайх ч мөн хоцрохгүйгээр жишиг болгоод хөгжиж байгаа. Гэхдээ сэтгэл судлалын шинжлэх ухаан залуу учраас мэргэжилтнүүд маань ч бэлтгэгдсээр байна. Туршлагаа хуримтлуулаад явж байна. Манайд одоогоор 15 орчим их дээд сургууль сэтгэл судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа.
Боловсролын байгууллага, эрүүл мэнд, хүчний байгууллагууд, спорт, урлаг гээд олон салбарт сэтгэл судлаачдын эрэлт хэрэгцээ ирэх жилүүдэд улам нэмэгдэх хандлагатай байна.
Ярилцсанд баярлалаа танд.