2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

ЭМЧИЙН ӨРӨӨ

Хүний гавьяат эмч Б.Төмөрбаатар: Бөөрний үрэвслийг эрт үед нь эмчлэхгүй бол даамжирсаар бөөрний дутагдалд хүргэдэг

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 28

"Эмчийн өрөө" ярилцлагын булангаар эрхтэн шилжүүлэн суулгалт болон бөөрний дутагдал, түүний эмчилгээ, мэс заслын арга, анхаарах зүйлсийн талаар Монгол улсын  төрийн шагналт, хүний гавьяат эмч, Клиникийн профессор, “Мөнгөн гүүр” эмнэлгийн Ерөнхий мэс заслын зөвлөх эмч Б.Төмөрбаатартай ярилцлаа. 

Эрхтэн шилжүүлэн суулгалт манайд ямар түвшинд хийгдэж байна вэ? 

Монгол улсад анхны эрхтэн шилжүүлэх хагалгааг 1996 онд хийж байсан. н.Жамбалжав, н.Нямсүрэн, н.Нарантуяа, тэр үеийн багш нар гээд Монгол улсын хамгийн сайн шилдэг гэгдэх эмч нар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд оролцож байсан. Хууль эрх зүй, хагалгааны дараах менежмент дутмаг байсан болохоор төгс амжилттай болж чадаагүй ч дараагийн шатанд гаргахад ихээхэн нөлөөлсөн. Ингээд 10 жилийн дараа 2006 онд УНТЭ-т Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдсан юм. Тухайн багийн эмч мэргэжилтнүүд Хятад, Солонгос, Тайвань, Тайланд, Англи улсуудад урт, богино хугацаагаар суралцаж ирснийхээ дараа 2006 оны 08 дугаар сард бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийж эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний суурь тавигдсан гэж хэлж болно. Тухайн жилдээ зургаан хүнд мэс засал амжилттай хийсэн. Тэрнээс хойш жил бүр тоогоо ахиулсаар одоогийн байдлаар жилд 40 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байна.

Харин элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2011 онд хийсэн байдаг. Түүнээс хойш нийтдээ 170 гаруй мэс засал амжилттай хийсэн. Дэлхийн жишигтэй харьцуулах юм бол өнөөгийн хийж байгаа мэс засал, мэс заслын өмнөх болон дараах эмчилгээний менежментээрээ манайх дэлхийн түвшинд хүрсэн. Хамгийн сүүлийн байдлаар 284 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. 3 сая хүнтэй манай улсын хувьд чамлахааргүй тоо юм.

Донорын тухай хуулийн өөрчлөлт, хэрэгжилт ямар байна вэ. Саяхан дахин шинэчлэн баталсан байсан? 

Нэг чухал заалт орсон. Донорын тухай хуучин хуульд донорын насыг 18 гэж заасан байсныг 2018 онд өөрчлөлт оруулж 25 болгож нэмсэн байдаг. Энэ нь донорын олдоц багасах, хүлээгдэл нэмэгдэх, аав, ээж, ах, дүү, амраг садандаа эрхтнээ өгье, донор болъё гэхээр нас нь хүрээгүй байх зэрэг нөхцөл байдал үүссэн учраас 2021 онд Донорын тухай хуулийн хэлэлцүүлэг дахин хийж донорын насыг 21 болгох нэмэлт өөрчлөлт оруулсан. Донорын нас залуу байх нь үр дүнтэй, хүрээмжтэй болох зэрэг олон талаараа эерэг нөлөөтэй болохыг судалгаагаар гаргасан юм. Тэгэхээр шинэчилсэн хуулийн энэ заалт цагаа олсон гэж үзэж байгаа.

Донорын хүлээгдэл, бөөр шилжүүлэн суулгах тохиолдол ер нь хэр байна вэ? 

Эрхтэн шилжүүлэн суулгах тэр дундаа элэг, бөөрний донорын олдоц бага, хүлээгдэл ихтэй байдаг. Ялангуяа тархины үхэлтэй донорын олдоц муу.

Би анх “Монголчууд төрсөн ах дүү, төрөл садан олонтой, бие биенээ хайрлаж хүндэлдэг хүмүүс учраас нэг нэгэндээ эрхтнээ өгөхөд татгалзахааргүй, донор их гарна” гэж боддог байсан. Гэтэл тийм биш байна. Нэг гэр бүлийн хүн дотроос донор болох хүн олдохгүй нь их. Уг нь донорын таарамж сайн байдаг.  

Манай баг цусны бүлэг тохироогүй донороос гэх мэт бөөр шилжүүлэн суулгах мэс заслын ганц хоёр тохиолдлыг хийж хараахан амжаагүй байна. Тухайлбал, цусны бүлэг тохироогүй, системийн өвчтэй донороос бөөр шилжлүүлэх мэс засал хийж эхлээгүй байна. Дэлхий нийтэд ч цөөхөн хийгддэг хүнд төрлийн мэс засал л даа. Манайх энэ төрлийн хагалгааг хийж эхлэх гээд судалж, суралцаж байгаа. Ойрын ирээдүйд хийгдэх байх. Зардал өртөг өндөр учраас энэ талыг нь ч мөн давхар шийдэх шаардлага гарах болов уу гэж бодож байна.

Донорын тухай хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэж хэлж болох уу. Донорын олдоц бага байгаа нь юутай холбоотой вэ? 

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлснээс хойш Донорын тухай хуулинд 2,3 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байсан. Бидний санаж бодож явдаг нэлээн олон асуудлуудыг хуулинд тусгасан байна билээ. Нөгөөтэйгүүр донороо халамжлах тал дээр илүү анхаарууштай. Донор байнга эмнэлгийн хяналтад явж, жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ тал дээр нэлээн анхаарч байгаа гэж бодож байна. Оочер их байгаа нь үнэн. Донорын олдцыг нэмэгдүүлэх тал дээр мэдээлэл, маркетинг сайжруулах шаардлагатай болов уу гэж хардаг. Одоо цусны бүлэг өөр хүнд бөөр шилжүүлэн суулгах зардлыг даатгалын санд суулгах эсвэл хуулинд оруулчихвал том асуудал шийдэгдэнэ.

Эрхтэн шилжүүлэн суулгах нь амьдралын чанарт хэр нөлөөлдөг вэ. Эмчилгээний үр дүн нь юугаар яригддаг вэ? 

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хоёр арга байдаг. Эхнийх нь амьд донороос бөөр шилжүүлэн суулгах. Нөгөөх нь тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах гэсэн хоёр эх үүсвэртэй. Манайд ихэнхдээ амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж байна. Энэ жил тархины үхэлтэй дөрвөн донороос бөөр шилжүүлэн суулгасан. Бусад нь амьд донороос авсан байна. ЭМД-ын сангаас олгодог төлбөрийн хэмжээнээс хамаарч тухайн жилд бөөр шилжүүлэн суулгах хүний тоо нь хязгаартай байгаа. Манай улс дэлхийд хамгийн хямд үнээр бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа шүү дээ. ЭМД-ын сангаас даатгуулагчдын төлбөрийн зардлыг 85-100 хувь хариуцаж байна.

Бөөр шилжүүлэн суулгуулсан нийт хүний суулгасан бөөрний хэдэн хувь нь амьдарч чадаж байна гэдгээр л эмчилгээний үр дүн яригдана. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс насан туршдаа эмчийнхээ хяналтад явдаг бөгөөд дархлаа дарангуйлах эм байнга уудаг. Тухайн хувь хүнээс маш их зүйл шалтгаална. Мэс засал нь амжилттай сайхан болсон ч эмээ уухгүй ганц нэг хоног өнжих, хяналтад явахгүй, архи ууж тамхи татах, янз бүрийн хоол идэх зэргээр асуудал их гаргадаг.

Эмээ тогтмол уугаад хяналтанд яваад байвал тухайн хүн яг л эрүүл хүн шиг байна. Амьдралын чанар нь эрс дээшилдэг. Ажлаа хийгээд хэвийн амьдрах боломжтой. 

Диализд явж байгаа хүмүүстэй харьцуулахад эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн амьдралын чанар маш сайн.

Донор болсон хүн нэг бөөртэй амьдрахад амьдралд нь ямар нөлөө гардаг вэ? 

Нэгийг нь хүнд өгчихөж болох юм шүү гэж бурхан хүнд хоёр бөөр заяасан юм болов уу. Нэг бөөрөө хүнд хандивласан хүн нэг бөөртэй амьдралын жамаараа эрүүл, урт удаан амьдарч чадна. Мэдээж хоёр бөөртэй бол илүү сайн ч нэг бөөртэй гээд муудах зүйл үгүй. Донор хүн өрөөсөн бөөрөө яаж ариглаж явах вэ гэдэг талаар эмч нар маш сайн зөвлөгөө өгдөг. Үргэлж хянаад явдаг. Гэнэтийн асуудал, аваар ослоор гэмтээхгүй л бол бусдаар ямар ч асуудалгүй.

Бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж буй шалтгаан нь юу байна. Яагаад бөөрөө солиулах хэмжээнд хүрчихээд байна вэ?

Манай улс цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Энэ уур амьсгалын онцлог болон нийт хүн амын дунд халдвар их байдаг зэрэг нь бөөрний өвчлөл их байх шалтгаан болж байна.

Бөөрний архаг дутагдалд хүргэх шалтгаан маш олон. Хамгийн наад захын их тохиолддог шалтгаан нь бөөрний түүдгэнцэрийн үрэвслүүд. Бөөрний архаг үрэвсэл явсаар түүдгэнцэрт нөлөөлж улмаар архаг дутагдалд орох тохиолдол байна. Багаасаа үрэвсэлтэй даамжирч явсаар бөөрний дутагдалд хүргэж байна. Хүүхэд байхдаа даралт нь ихэсдэг, нарийн шинжилгээ хийлгэдэггүй, тоодоггүй, бөөр нь өвдөж явсаар өсвөр насандаа бөөрний дутагдалтай болсон хүүхэд олон бий. Бөөр нь хамгийн эмзэг мэдрэг эрхтэн. Шинж тэмдэг тод илэрдэг. Түүнийг нь цаг тухайд нь үзүүлж эмчлүүлээд явахад эмчилгээ сайн авдаг.

Сүүлийн үед газар авч байгаа нэг шалтгаан нь чихрийн шижин өвчин. Зүйрлэж хэлбэл түймэр шиг л хурдтай тархаж байна. 

Бөөр шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн 30-аад хувь нь чихрийн шижин өвчтэй байна. 

Түүнээс гадна цусны даралт ихсэх өвчнөөр он удаан жил өвдсөн хүмүүс зарим тохиолдолд бөөрний архаг дутагдалд ордог.

Бас нэг шалтгаан нь төрөлхийн цул эрхтнүүдийн уйланхайтай байх. Энэ нь ихэвчлэн удамшдаг. Бөөрөнд олон жижиг уйланхайнууд цаг хугацаа явсаар томорч бөөрний эд, түүдгэнцэрийг их хэмжээгээр гэмтээж бөөрний дутагдалд оруулдаг. Мөн системийн өвчний шалтгаант бөөрний дутагдал байна. Эдгээр шалтгаанууд голлох хүчин зүйлс болж байна. Өөр бусад олон шалтгаан бий. Олон жил даралт өндөртэй явсан хүн бөөрний дутагдалтай болдог. Энэ бас л нэг шалтгаан нь.

Бөөрний өвчлөл дундаас бөөрөө солиулах хэмжээнд хүргэдэг хүнд хэлбэр нь бөөрний дутагдал юм байна. Ямар өвчлөл бөөрний дутагдалд хүргэх эрсдэлтэй вэ? 

Бөөр маш олон түүдгэнцэрээс бүрддэг. Үрэвслээс болоод тоо нь цөөрч бөөрний үйл ажиллагаа мууддаг. 

Бөөрний үрэвслийг эрт үед нь эмчилгээ хийлгэж урьдчилан сэргийлэхгүй бол даамжирсаар бөөрний үйл ажиллагаа зогсдог.  Өөрөөр хэлбэл бөөрний дутагдалд ордог.

Өмнөх жилүүдэд жилдээ 140-150 хүн шинээр бөөрний архаг дутагдлаар оношлогдож байсан бол одоо жилд 200 хүрч нэмэгдсэн байна. Жил ирэх тусам бөөрний өвчлөл, архаг дутагдалтай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна.

Бөөрний архаг дутагдалтай болсон бол диализ эмчилгээ эсвэл бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өөр аргагүй. Мэс засал хийж болохгүй шалтгаанууд бас бий. Судасны талын гажиг, цусны өвчтэй үед хийх боломжгүй. Үр дүн муутай.

Диализ эмчилгээг хэрхэн хийдэг вэ. Танай эмнэлэгт диализ эмчилгээний тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байна вэ?

Шээсээр дамжиж гардаг хорт бодисыг бөөр шүүж гадагшлуулж байх ёстой байтал бөөрний үйл ажиллагаа нь муудах буюу бөөрний архаг дутагдалтай болсон тохиолдолд бөөр хорыг шүүж чадахгүйн улмаас цусаар эргэлдэх хорт бүтээгдэхүүний хэмжээ ихэсдэг. Улмаар хордлого өгдөг. Энэ хорт бодисыг цуснаас гаргахын тулд цусаар эргэлдэх бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүнийг цэвэрлэх эмчилгээ буюу бөөр орлуулах эмчилгээ ч гэж хэлдэг диализ эмчилгээг хийдэг.

Диализ эмчилгээ нь дотроо гемодиализ болон хэвлийн диализ гэсэн хоёр төрөлтэй. Гемодиализ нь тусгай бэлдсэн судсаар дамжуулан цусыг нь шүүдэг. Харин хэвлийн диализ нь хэвлийд гуурс тавьж түүгээр шүүж цэвэрлэдэг, гэртээ өөрөө хийх боломжтой арга юм.

Диализ эмчилгээ хийхийн тулд диализын замыг нь мэс заслаар бэлддэг. Хэвлийн диализын үед хэвлийд нь гуурс байрлуулдаг. Энэ хоёр төрлийн мэс заслыг мөн манай эмнэлэгт хийж байна. Бөөр солиулах хүртлээ хэдэн ч жилээр диализд ороод явж болно. Миний мэдэхээр 20 жил диализ эмчилгээ хийлгэж байгаа хүн бий. Хордлогын хэмжээнээсээ шалтгаалаад 7 хоногт 1-3 удаа диализд ордог.

Манай эмнэлэгт Бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн гемодиализ болон хэвлийн диализ эмчилгээнд орох замыг бэлдэх мэс засал эмчилгээг олонтой хийж байна. ЭМД-ын сангаас хөнгөлттэй үнээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Ерөнхий мэс заслын тасагт цээж, хэвлийн хөндийн мэс заслууд, тэр дундаа хэвлийн хөндийн дурангийн мэс заслууд болон бөөрийн архаг дутагдлын диализын зам бэлдэх хагалгаа түлхүү  хийж байна. Бид цаашдаа дурангийн мэс заслыг илүүтэй хөгжүүлэх бодлого баримталж байгаа.

Төгсгөлд нь та бөөрөө эрүүл байлгахын тулд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч? 

Бөөр өгсөх замын халдвараар үрэвсдэг. Эмэгтэйчүүдийн дунд бөөрний өвчлөл илүү их байна. Доороос даарах, циститээр олон дахин өвдөх зэрэг нь бөөрийг үрэвсүүлдэг. Халдвараас гадна бөөр шээсний замын гажгуудаас болж бөөр гэмтэнэ. Тиймээс бөөр, урологийн нарийн  мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж эрт үед нь эмчлүүлэхийг зөвлөж байна.

Нэг удаа циститээр өвдөөд эмийн эмчилгээг дутуу хийх, зөвхөн шинж тэмдгийг дарах төдийгөөр эмчлээд байвал дахин сэдэрч, халдвар улам нэмэгдсээр бөөр гэмтдэг. Тиймээс эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэж давтан үзлэгт орж хянуулж байх хэрэгтэй. Эрт илрүүлэг үзлэгт жил бүр тогтмол хамрагдаад сурчихвал бөөр гэлтгүй бүхий л өвчнийг эрт үед нь илрүүлж бүрэн дүүрэн эмчлүүлэх боломжтой.

Ярилцсанд баярлалаа. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө