2024/04/18. Пүрэв гараг Дугаар: #2982

ТОД ТУСГАЛ

С.Хүрэлбаатар: Бид долоо хэмжиж нэг огтолдог бол япон хүн 21 хэмжиж, нэг огтолдог

— Б.Батцэцэг   2020 оны 10 сарын 05

Япон-Монголын харилцаа 47 жилийн түүхтэй. Түүний 42 жилийнх нь үйл хэрэгт гүйцэтгэх болон удирдах албанд ажилласан ахмад дипломатч С.Хүрэлбаатартай ярилцлаа. Тэрээр сүүлийн 17 жилийг Япон дахь элчин сайдын яаманд өнгөрүүлж, 1997-2001, 2012-2017 онуудад Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажилласан юм.

Нарухито хаан Монголд айлчлах хугацаа ойрхон гэдэгт итгэлтэй байна

Таны амьдрал тэр чигээрээ дипломатч алба байж. Тэр тусмаа Монгол-Японы харилцааны түүхэн он жилүүд таны ажилласан хугацаа хоёр бараг нас чацуу мэт санагдлаа? 

Би 1976 оноос хойш 42 жил Гадаад харилцааны яаманд ажилласны эцэст жил хагасын өмнөхөн тэтгэвэртээ гарсан. Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцаа, тэр дундаа Японы чиглэлээр мэргэшсэн. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Японы хэргийг тасралтгүй хариуцаж ажиллажээ. Үүний 17 жилийг нь Токио дахь Элчин сайдын яаманд өнгөрүүлж.

Бараг тийм дээ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой тохиож байна. Үүний 42 жилийг нь би Гадаад яамны ажилтны хувьд хоёр улсын хоорондын бүхий л ажлуудад оролцож, хошуу болоод хуруу нэмэрлэж өнгөрүүлсэн байна. 

Өнөөдөр хаан ширээнээсээ бууж буй Акихито хааны 30 жил, түүний эцэг Хирохито хааны 12 жилийн Япон улсын нөхцөл байдлыг та нэвт шувт мэддэг магадгүй цорын ганц монгол хүн байх. Энэ улсын хөгжил дэвшлийн оргил цаг үеүүд гэж би бодож байна? 

Акихито хаан 30 жил хаанчлаад эрүүл мэндийн шалтгааны улмаас хаан ширээнээсээ бууж байна. Хэйсэйгийн эрин үед Монгол-Японы харилцаа эрс хурдтай хөгжсөн гэж хэлж болно.

Монголын ардчилал, Японы Акихитогийн хаанчлал буюу Хэйсэйгийн эрин үе хоёр нас чацуу юм. 

1972 онд анх манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон боловч тухайн үеийн дэлхийн улс төр, системийн нөхцөл байдлаас шалтгаалаад бидний харилцаа идэвхтэй хөгжих боломж байсангүй. Манай улс ЗХУ-аас, харин Япон, АНУ-аас хараат байсан учраас тэр. Ингээд хоёр системийн сөргөлдөөн дууссанаар манай хоёр улсын харилцаа нааштайгаар хөгжих боломж бүрдсэн. Японы ерөнхий сайд Тошики Кайфу 1991 онд манай улсад айлчилсан. Энэ үеэрээ “Япон улс, Монголын ардчилал, шинэчлэлийг улс төр, эдийн засгаар дэмжиж тусална. Зөвхөн өөрсдөө туслаад зогсохгүй Монголд туслах олон улсын механизмыг бий болгоно” гэж хэлсэн түүхтэй. 

1990-ээд он дөнгөж эхэлж байхад манай хоёр улсын гадаад худалдаа ганцхан сая долларын эргэлттэй байсан бол өнөөдөр 700 сая ам.долларт хүрчихээд явж байна. Үүнээс гадна бас соёлын салбараас онцолмоор байна л даа. 

Өнөөдөр Японы бүх караокед Оюунтүлхүүрийн “Ээждээ”, Сосорбарамын “Жамаас зугатах гээд яах вэ” гэдэг хоёр дууг япончууд дуулж байна. Энэ хоёр дууг Японы аль ч караокед орсон япон хүмүүс дуулаад сууж байхыг би өөрөө нэг бус удаа нүдээрээ харж, чихээрээ сонссон юм. 

Энэ хоёр дуучин маань ч өөрсдийн биеэр Японд нэг бус тоглолт хийсэн. Хоёр орны соёлын харилцаа ямар түвшинд гүнзгийрч байгаагийн жишээ энэ мөн. Японд Монголтой харилцдаг 70 гаруй, харин Монголд Японтой харилцдаг 40 гаруй найрамдлын нийгэмлэг ажиллаж байна.  Манай хоёр ард түмний найрсаг харилцаа, найрамдал ямар түвшинд байгааг эндээс харж болно. НҮБ, зүйн хойд ази, бүс нутгийн асуудалд дэлхийн тавцанд байр сууриа нэгтгэж, бие биенээ дэмжиж хамтран ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр идэвхтэй хамтарч ажилладаг боллоо.

Японы шинэ хааны эрин үед хоёр орны харилцаа ямар түвшинд гараасай гэж та хүлээж байна вэ?

Өнөөдөр Нарухито хаан ширээнд заларч, Рэйва хэмээх шинэ тоолол эхэлнэ. Шинэ тоолол, шинэ эрин үед хоёр орны харилцаанд урьд урьдынхаас илүүтэй хөгжих салбар бол худалдаа, эдийн засаг, боловсрол гэж харж байна.

Дэлхийн II дайныг дуустал Японы эзэн хаан хязгааргүй эрх мэдэлтэй байсан. Дайнаас хойш 1947 онд шинэ Үндсэн хуулиа баталж, эзэн хааныхаа эрх мэдлийг хязгаарласан байдаг. Ингэж хаант засаглалаас Үндсэн хуульт эзэн хаант улсын засаглалд шилжсэн.

Өнөөдөр Японы эзэн хаан парламентынхаа чуулганыг нээж, хаах, батлагдсан хуулиудад гарын үсэг зурах, гадаадын элчин сайдыг хүлээн авч жуух бичгийг нь авах, олон түмэнд гавьяа шагнал олгох, засгийн газрын танхимд сонгогдсон гишүүдийг баталгаажуулах зэрэг билэг тэмдгийн үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ Японы ард түмэн хааныгаа эрх мэдэлгүй болчихлоо гээд үл тоогоогүй. Урьдын адил хааныхаа гэр бүлийг хүндэтгэж, дээдэлсээр ирснийг хэлэх хэрэгтэй.

Өнөөдөр сэнтийгээсээ бууж буй Акихито хаан Япон орныг дэлхийд нээлттэй, ардчилсан улс байлгахад их хувь нэмэр оруулсан хүн шүү. Японы ард түмэн энэ хааныхаа эрин үед нэг ч дайн дажингүй амар амгалан байсандаа талархдаг юм.

Та Хэйсэй, Рэйвагийн эрин гэдгийн утга учрыг товчхон тайлбарлаж өгч болох уу?

Дорно дахины орнууд нэг хаан гарч ирэхийг тэр хүний тоолол гэж үздэг л дээ. Манайд ч гэсэн Олноо өргөгдсөний он гэж Богд хаант Монгол улсын үеийг хэлдэг шүү дээ. Одоогийн Японы эзэн хааны эцэг хаан ширээнд 60 жил суусан Хирохито гэж хүн бий. Энэ хүний хаанчлалыг Шова гэдэг. Харин түүний хүү, одоо халаагаа өгч буй хаан Акихитогийн үеийг Хэйсэгийн үе гэх жишээтэй. Хэйсэй гэдгийг “Дэвжин дээшлэх”, харин одоо эхэлж буй Рэйвайгийн үеийг “Өлзийт ерөөл” гэж монголоор орчуулсан байсан.

Бид 7 хэмжиж, нэг огтолдог бол япон хүн 21 хэмжиж, нэг огтолдог

Япон улсын өндөр түвшний хөгжил цэцэглэлт, техник технологийн хөгжүүлэлтийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. Яг үүнтэй адилаар энэ улсын соёл, уламжлалыг ч дэлхийн олон улс орны хүмүүс сонирхдог. Зөвхөн хөгжил дэвшил биш, өв соёлоо хадгалж хамгаалахад их ач холбогдол өгдөг ард түмэн гэдгийн тод жишээ нь энэ хаан сэнтий юм болов уу? 

Орчин үеийн өндөр хөгжил, техник технологийн үсрэлтийн тэргүүн эгнээнд явахын зэрэгцээ өөрийнхөө түүх, уламжлал, ёс заншлаа хамгаалж үлдэж чадаж байгаа улс бол Япон мөн. Иймэрхүү жишээ бүхий олон улс дэлхий дээр бий л дээ. Гэхдээ л япон улс энэ талаараа агуу бодлого барьдаг. Бүр гайхамшигтай гэж болно.

Япон соёлоос гадна япон хүмүүжил гэж бас ярих болсон. Таны ярианаас нээрээ л бусдын анхаарлыг татахуйц, ач холбогдолтой хүмүүжил байгаа юм шиг ээ? 

Хүнээ хөгжүүлэхийн төлөө энэ улс орон үнэхээр их ажил хийж, анхаарал тавьдаг. Хүүхдээ сайн зөв хүмүүжилтэй, ёс суртахуун, ёс жудагтай болгож хүмүүжүүлэхэд маш өндөр ач холбогдол өгдөг. Манайхаас Японд олон хүн очиж ажиллаж амьдарч, үр хүүхдүүдээ тэндхийн сургуульд нь явуулж байна. Тэдгээр монгол хүүхдүүд ч бас япон хүүхдүүд шиг ёс суртахуунтай болж хүмүүжиж байгаа. Зарим талаараа хайрцаглагдсан хүмүүжил ч юм шиг санагдах үе бий.

Тэр хайрцаглагдсан хүмүүжилтэй хүмүүс чинь дэлхийд тэргүүлэгч технологи, хөгжлийг бүтээж байна. “Яаж” гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирэх юм? 

Япон хүн асуудалд хэзээ ч хөнгөн хуумгай ханддаггүй. 

Монголчууд долоо хэмжиж, нэг огтол гэдэг бол япон хүн 21 хэмжиж, нэг огтол гэсэн зарчмыг баримталдаг. Бүхий л ажилдаа чин сэтгэлээсээ нарийн тооцоо судалгаатай хандаж, яг тэр төлөвлөснийхөө дагуу үнэнчээр хөдөлмөрлөж ажилладаг.

Их ажилсаг ард түмэн, тийм үү?

Ярих юм биш.

Монголчууд бид байгалийн баялагтай гэдэгтээ нэг хэсэг их дулдуйдлаа. Гэтэл япончуудад бидэн шиг баялаг байхгүй хэрнээ ингэж өндөр хөгжиж чадлаа. Бидний хооронд сэтгэхүйн маш том ялгаа байна уу даа?

Газар нутгийн хэмжээгээрээ биднээс дөрөв дахин жижигхэн орон. Тэр жижигхэн газар дээрээ монголчуудаас 50 дахин их хүн амьдардаг. Манай үндсэн баялаг байгалийнх бол Японы үндсэн баялаг нь хүн.

Байгалийн баялаг гэхээр зүйл багатай, түүнийхээ дийлэнх нөөцийг нь ашиглачихсан. Тиймээс байгалийн баялгаа нөөцөлж, гаднын улсуудаас худалдаж авах сонирхол ихтэй. Ялангуяа Монголоос байгалийн баялаг худалдаж авах сонирхолтой улс шүү дээ. Гэхдээ япончуудад далай гэж нэг том баялаг байна. Далай бол энэ ард түмний хувьд асар том нөөц. Далайн бүтээгдэхүүний худалдаанаас маш их ашиг олдог, өөрсдийгөө хангадаг.

Японы Хэйсэй тоолол, Монголын ардчилал хоёр ихэр гэдгийг та онцолсон. Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилийн хөгжлийн түүхийг харьцуулан харах боломж бидэнд өнөөдөр тохиож байх шиг байна? 

Бид гаднын улсуудаас дандаа л зээл, тусламж авдаг. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагаварт биднийг хүргэх бол. Ялангуяа Японоос байнга тусламж авч байна? 

Бид хөгжлийнхөө хүнд бэрх үе шатанд гаднаас хангалттай их тусламж авлаа. Одоо хөл дээрээ босоод цаашаа хөгжөөд явах гэж байгаа ийм цаг үедээ өөрсдөө бүх зүйлээ хийж, бүтээх хэрэгтэй байна.

Энэ их зээл тусламж ямар яриа хэлэлцээ өрнүүлсний эцэст бидэнд ирдэг юм бэ. Бид туслаач гэж гуйдаг юм уу, нөгөө улс нь тусламаар байна гээд бидэнд өгөөд байдаг юм уу?  

Монгол улс зүгээр л “хөөрхөн” харагдаад байгаа учраас бидэнд зээл, тусламж өгөөд байгаа хэрэг биш. Энэ улс орон чинь Оросуудаас хараат биш болоод шинэ тутам ардчиллыг хөгжүүлж, бие даан хөгжих гэж чармайж байгаа учраас дэмжих нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр л өгч байгаа хэрэг. Бид аль нэг эвсэл холбоонд хэт авталгүй олон тулгуурт гадаад бодлого явуулж байгааг гаднын улсууд өндрөөр үнэлж, дэмжиж байна гэж ойлгох хэрэгтэй.

Япон улсын бидэнд таатай ханддаг нэг шалтгаан бол манай байгалийн баялаг. Үүнийг маань зохих харилцааны үр дүнд өөрт үр ашигтай байлгах бодлого явагддаг гэж би боддог.

Элчин сайдын албыг шагнал ч гэнэ үү, зайлуулна ч гэнэ үү, дэвшүүлнэ ч гэнэ үү. . .  Энэ бол гажуудал

17 жил Монгол улсыг төлөөлөхдөө та Японы улстөрчдийн зан байдал, ёс зүй, хариуцлага зэргийг хангалттай харсан байх. Биднээс ялгаатай зүйл юу байна вэ? 

Алдаа дутагдал гаргасан бол уучлалт гуйгаад огцорч байгаа дүр зургийг та бүхэн хэвлэл мэдээллээр зөндөө л харсан байх. Тийм л байдаг.

Япон улстөрчид хариуцлага хүлээж чадаж байгаа нь хууль журам чанга учраас уу, эсвэл хувь хүмүүстээ байна уу?

Үндэсний ёс уламжлал, зан заншил, түүнээсээ авсан хүмүүжил, мөн хууль дүрмийн цогц үйлчлэл хүнийг ийм ёс зүйтэй болгодог юм байна гэж би дүгнэсэн.

Монголын улстөрчдийн янз бүрийн үйлдэл, улс төрийн нөхцөл байдал гадаадад суугаа та бүхэнд, тэр улсын зохих хүрээнийхэнд хэрхэн хүрч байдаг юм бол. Бидний үйлдлүүд Монголыг ямар түвшинд харагдуулдаг вэ? 

Хөлөө олохгүй бужигнаад байгаа улс орныг гадаад ертөнцөд төлөөлж ажиллана гэдэг үнэхээр амаргүй байдаг юм шүү. Хүмүүс элчин сайдууд бид нарыг нэг их сайхан жаргасан улс гэж боддог бол эндүүрэл. Хүнд алба гэдгийг хэлмээр байна.

Улстөрч, дипломатч хоёрын ялгаа юундаа байх ёстой юм бэ. Сүүлийн үеийн элчин сайдуудын томилгоог “шагнал” гэж ярих болж. Шагналд аваад хэрийн хүн дийлэх алба мөн үү? 

Улстөрч бол улстөрч, харин дипломат албыг мэргэжлийн дипломатч л хаших ёстой юм, уг нь. Дипломат хүн өөрийнхөө улс орны түүх соёлыг гаргуун мэдэж, түүнийгээ хүндэтгэдэг, тулгамдаж байгаа нийгэм-улс төрийн зорилтуудаа мэддэг байх ёстой. Дээр нь олон улсын харилцааны түүх, онцлогуудыг олон улсын эрх зүйтэй нь сайн эзэмшсэн хүн байх учиртай. Үүнээс гадна олон улсын харилцааны технологи гэж биеэ даасан тусдаа мэргэжлийг гаргуун эзэмшсэн байх хэрэгтэй. Мэдээж хэлний мэдлэг чухал. Хамгийн гол нь ёс суртахуунтай байх ёстой. Ийм хүнийг л жинхэнэ мэргэжлийн дипломатч гэнэ. Гэхдээ улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаа сайн мэдэрдэг, улс орондоо юу хэрэгтэй, тэр хэрэгтэй зүйлийг биелүүлэхийн тулд ямар зорилт тавьж ажиллах ёстойгоо мэддэг улс төрч байхыг үгүйсгэхгүй.  

Тэр агналд дипломат албыг авдаг, өгдөх асуудал бол маш том гажуудал. Хэн нэгэн өндөр эрх мэдэл бүхий улс төрчтэй ойр байснаараа энэ албанд явна гэдэг байж болохгүй асуудал. Шагнал ч гэнэ үү, дэвшүүлнэ, зайлуулна ч гэнэ үү энэ бол гажуудал юм шүү.

Бид япончуудыг гуравдагч хөршөө гэж томъёолсон. Энэ харилцааны дүнд бид ямар үр ашгийг хүлээдэг юм бэ? 

Гуравдагч хөрш гэдэг нэр томъёо хаанаас гарч ирсэн юм бэ. 1990 онд ардчилал ялснаар бид гадаад бодлогоо нээлттэй болгож, бие даасан, энхтайванч, олон тулгуурт байхаар тунхагласан нь нүдээ олсон юм. Олон тулгуурт бодлого гэдгийн гол утга учир нь тэнцвэрийг хангах явдал. Орос, Хятад хоёртой хэт хэлбийхгүй, аль нэг талыг баримтлахгүйгээр сайн хөршийн харилцаатай оршино. Харин бусад улс орнуудтай гуравдагч хөршийн бодлого баримтална гэж тунхагласан. 

Гуравдагч хөршүүд бол АНУ, БНСУ, Япон, Европын холбоо зэрэг юм. Эдгээр гуравдагч хөршүүд, тэр дотроо Японтой найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлж чадсан нь том ололт мөн үү гэвэл мөн. Одоо энэ харилцаагаа улам сайнаар авч явах хэрэгтэй.

Гэхдээ манай гадаад харилцааны сул тал нь бид 1990 оноос хойш гуравдагч хөршүүд рүүгээ хэтэрхий анхаараад хоёр хөрштэйгээ харилцах харилцаагаа сул орхигдуулсан явдал. Тиймээс хоёр хөрштэйгээ найрсаг сайхан, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхийн төлөө одооноос хүчин чармайлт гаргаж эхэлж байх шиг байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын Хятадад хийсэн айлчлал нэлээн үр дүнтэй боллоо. Энэ айлчлалын агуулгыг харвал улс төрийн чухал яриа хэлэлцээ хийхээс гадна Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буй нь харагдлаа.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Таны өндөр мэдлэг оюунд энэ ярилцлагыг жаргааж хэлэх сайхан үг байгаа гэдэгт итгэлтэй байна?

Хүн хөгшрөхөөр жаахан туршлага, баахан дурсамжтай хоцордог юм байна. Жаахан туршлагыг хэрэгтэй газар нь худалдаж, тэтгэврийн хэд дээрээ хуримтлал болгоод ажилладаг юм байна. Харин баахан дурсамжаа ном болгож бичих л ажил байна даа.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2 цагийн өмнө

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2 цагийн өмнө

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө