2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Ц.Орхонсэлэнгэ: Хүүхдээ орондоо шээлээ гэж шийтгэвэл эмгэг улам хүндэрнэ

— Б.Батцэцэг   2019 оны 05 сарын 14

Таны хүүхэд орондоо, эсвэл өмдөндөө ойр ойрхон шээгээд байна уу. Хэрэв энэ үзэгдэл 3, 4-өөс дээш насанд тохиолдож буй бол үүнийг орондоо шээх эмгэг буюу шээс задгайрах өвчин гэж албан ёсоор үздэг. Яг энэ сэдвээр бид СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Ц.Орхонсэлэнгэтэй ярилцлаа. Тус эмнэлэгт энэ төрлийн эмгэг өвчнийг эмчилдэг мэргэшсэн эмч нар ажилладаг юм.

Юуны түрүүнд та орондоо шээх эмгэг гэж яг ямар өвчин болохыг тайлбарлаж өгөөч?

Хүүхдүүд 3-4 насандаа давсагны үйл ажиллагаагаа зохицуулах чадварыг эзэмшсэн байх ёстой. Үүнээс дээш насанд дасвагны үйл ажиллагаагаа зохицуулж чадахгүй байхыг шээх задгайрах эмгэг гэж үздэг. Органик болон органик бус гарал үүсэлтэй байдаг. Биеийн ямар нэг өвчин, тухайлбал шээс ялгаруулах замын үрэвсэл, бүтцийн өөрчлөлт, чихрийн шижин, шээс хөөх эм бэлдмэл хэрэглэсэн зэрэг органик шалтгаанаас болно гэсэн үг. Харин органик бус шалтгаан нь стресс буюу сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой. Үүнд ямар нэгэн гэнэтийг осол, байгалийн гамшигт үзэгдэлд өртөх, ойр дотнын хүнээ алдах, гэр бүл салалт, гэр бүлийн хэрүүл маргаан, хүчирхийлэл зэрэг орно. Мөн хүүхдийн амьдарч буй орчин ойр ойрхон солигдох нь үүнтэй холбоотой. Сургуулийн болон гэр бүлийнхээ орчинд бусдад шоовдорлогдох, цэцэрлэгт орчихоод түүндээ дасан зохицож чадахгүй байхаас ч бас болдог.

Бага насанд хүүхэд орондоо шээх үзэгдэл байдаг шүү дээ. Энэ нь энгийн нэг орондоо шээх үзэгдэл үү, эсвэл эмгэг үү гэдгийг яаж ялгаж салгах вэ?

Хүүхэд унтахынхаа өмнө их шингэн зүйл уусан зэргээс болж орондоо шээх тохиолдол бий. Гэвч долоо хоногт гурав, дөрөв, түүнээс ч олон удаа орондоо шээгээд байвал энэ бол яах аргагүй эмгэг мөн.

Насны хувьд хэдэн насанд тохиолдож болох вэ?

16 нас хүртэлх ямар ч хүүхдэд тохиолдож болно. 13, 14 хүрчихсэн мөртлөө орондоо, эсвэл өмдөндөө шээх эмгэгтэй хүүхэд манай дээр ирдэг.

Эцэг эх, асран хамгаалагчид юуны түрүүнд ямар алхам хийх хэрэгтэй юм бол?

Юуны түрүүнд урологи болон бөөрний эмчид үзүүлж, шалтгааныг нь тодорхой болгох хэрэгтэй. Ер нь бол бага насны хүүхэд 21 цагаас өмнө орондоо орж унтах ёстой гэж үздэг. Учир нь өсөлтийн даавар энэ үед явагдаж байдгаас гадна дархаажуулалтанд эерэг нөлөөтэй байдаг. Орчин үед цахим хэрэглээ, цахим донтолт газар авснаас болж хүүхдүүд их орой унтдаг болсон. Тиймээс аав, ээж нар хүүхэд чинь цагтаа унтаж, гүн нойроо авч чадаж байна уу гэдгийг их сайн анхаарах хэрэгтэй. Мөн сургууль, цэцэрлэг дээрээ багштайгаа, хүүхдүүдтэй таарамжтай харьцаатай байж чадаж байгаа юу гэдэгт анхаарал тавих ёстой.

Ийм эмгэгтэй хүүхэд эмчилгээ хийлгэхгүйгээр удаан явбал ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ?

Сэтгэл зүйн асуудал байгаа учраас орондоо болон өмдөндөө шээдэг болохыг хэлсэн. Олон нийтийн өмнө өмдөндөө шээснээсээ болж бусдаас ичиж зовох, улмаар үүнээсээ болж гутарч гуних зэрэг сэтгэл зүйн хүнд асуудлуудыг араасаа дагуулдаг учраас заавал арга хэмжээ авах хэрэгтэй. Хамгийн гол нь яг юунаас болоод ямар сэтгэл зүйн асуудалтай байгаа учир шалтгааныг олох нь чухал.

Ийм төрлийн эмгэгтэй хүүхэд танай эмнэлэгт хэр олон ханддаг уу?

Нарийн судалгаа, тоо баримт одоогоор алга. Гэхдээ манайд хандахаас гадна хүүхдээ орондоо шээгээд байгааг анзаарч мэдэлгүй, мэдсэн ч тоолгүй яваа эцэг, эхчүүд зөндөө байгаа шүү дээ. Тиймээс хүүхэд чинь орондоо, өмдөндөө шээгээд байгаа бол юуны түрүүнд урологи, бөөрний эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Тэгээд шээсний замын ямар нэг өвчин байхгүй бол манай СЭМҮТ-д хандаж заавал эмчлүүлээрэй гэж хэлмээр байна.

Эмчилгээний хувьд ямар эмчилгээг хэдий хугацаатай хийдэг вэ?

Органик бус буюу стрессээс шалтгаалсан шээс задгайрах эмгэгийн үед тухайн хүүхдийн сэтгэл зүйг хямрааж байгаа учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Ингээд эмийн болон сэтгэл заслын эмчилгээг хийнэ. Мөн шарлага, бариа засал, уламжлалт эмчилгээг хослуулан хийж болдог. Хамгийн гол нь сэтгэцийн талын эмчилгээг голлож хийх ёстой. Ингэхийн тулд юунаас болж тухайн хүүхэд стресст өртсөн учир шалтгааныг заавал олох хэрэгтэй.

Өвчин дахих магадлал хэр их үү?

Байлгүй яахав. Манай дээр эмчлүүлээд гарсан ч дахиад л нөгөө хүүхдийг стрессдүүлээд байгаа сургууль, ар гэрийн орчиндоо очихоор өвчин дахидаг тал бий. Тиймээс хүүхдээс гадна ар гэр, аав ээжид нь давхар сэтгэл заслын эмчилгээ хийгддэг юм.

Цаг хугацааны хувьд?

10-14 хоногийн л эмчилгээ хийгдэнэ. Эмнэлэгт хэвтэхээс гадна гэрээрээ ч эмчлүүлж бас болдог.

Ээж, эмээ нар гэрийн нөхцөлд домнох зэрэг уламжлалт аргуудыг хэрэглэдэг. Энэ зөв үү?

Энэ тийм үр дүнтэй арга биш ээ. Түр зуурын нөлөө үзүүлэхээс биш удаан хугацаанд бүрэн эдгээх тал дээр тийм сайн арга биш гэдгийг хэлмээр байна.

Энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ?

Голчлон бага насанд илэрдэг эмгэг учраас хүүхэддээ үзүүлэх хайр халамж нэн тэргүүнд чухал. Ялангуяа эцэг, эхчүүд нь гадаад явчихсан зэрэг шалтгаанаар эмээ, өвөө дээрээ өсч байгаа хүүхдүүд байна. Хэдийгээр эмээ, өвөө нь хайрлаж халамжилж байгаа ч аав, ээжийн хайрыг орлодоггүй учраас үүнээс болж орондоо шээх эмгэгтэй болсон хүүхэд манай дээр нэлээн ирдэг.

Хоёрдугаарт хүүхдийг сайн хооллох, сайн унтуулж амраах нь чухал. Харин гуравт цахим хэрэглээ буюу зурагт, компьютер, гар утаснаас хүүхдээ хол байлгамаар байна. Мөн сэтгэл зүйн талаас нь хүүхэдтэйгээ сайн ярилцдаг байцгаая. Хүүхдийг нэг сургуулиас нөгөө сургууль, нэг цэцэрлэгээс нөгөө цэцэрлэг рүү шилжүүлэхдээ их анхаарал тавьж, сэтгэл зүйг нь урьдчилж бэлддэг байх хэрэгтэй. Орчин солигдсоноос болж хүүхэд шээс задгайрах эмгэгт их өртөж байна. “Миний хүү одоо ийм шинэ сургуульд очно шүү. Энэ шинэ сургууль нь өмнөх сургуулиас чинь ийм онцлогтой, ийм зүйлээрээ ялгаатай шүү” гэх маягаар хэлж, ярилцдаг байх. Дээр нь хүүхдийг орондоо шээлээ гээд шийтгэж, загнаж зодож болохгүй. Ингэснээр та хүүхдийнхээ эмгэгийг улам хүндрүүлэхээс өөрийг хийхгүй шүү. Энэ өвчин бол бүрэн эдгэдэг өвчин. Манай СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн амбулаториор ирж үйлчлүүлээд хүүхдийнхээ энэ өвчнийг бүрэн эмчлүүлж, эдгээх боломжтой гэдгийг дахин хэлье.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө