2024/04/17. Лхагва гараг Дугаар: #2981

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хүүхдээсээ шаардаж буй зүйлээ та өөрөө хийдэг байгаарай

— Ч.Баяржаргал   2020 оны 05 сарын 29

"Сэтгэлийн дархлаа" булан энэ удаа "ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ СЭТГЭЛ ЗҮЙ" сэдвийн хүрээнд хүүхэд насанд тохиолддог сэтгэл зүйн асуудлууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хүүхдийнхээ сэтгэлзүйг таньж мэдэх, эрүүл сэтгэлзүйтэй бие хүн болгон өсгөхөд анхаарах мэдлэг мэдээллийг олгохоор “Focus on the Family Mongolia” байгууллагын Сэтгэл зүйч Г.Эрдэнэтуяатай ярилцлаа. 

Хүүхдийн сэтгэлзүйн онцлог юу вэ? 

Эрик Эриксоны “Хүний хөгжлийн үе шатууд”  гэсэн ангилалд хүүхдийг 0-2, 3, 5 нас гэж хувааж үздэг. Хүүхэд оюун санаа, сэтгэлзүй, бие махбодын хувьд тодорхой өсөлтийн үе шатуудтай бөгөөд тухайн насандаа тохирсон сэтгэл зүйн онцлогтой. Хүүхдийн тархи 20 нас хүртэл хөгждөг. Тиймээс энэ хөгжилтэй холбоотойгоор сэтгэл зүй ч мөн хөгжиж байдаг.

Хүүхдийн зан авир аав ээжийгээ дуурайдаг, удамшдаг гэх мэт яриа байдаг. Хүүхдийн сэтгэлзүй хөгжих, төлөвших үйл явцыг хэлж өгөөч? 

0-2 насны хүүхдэд хамгийн гол нөлөөлөгч нь асран хамгаалагч буюу эцэг эх нь байдаг. 3-5, 5-8 насанд гол нөлөөлөгч нь мөн л эцэг эх. 

Хүүхдийг бүрдүүлж, нөлөөлж, бие хүн болоход нь эцэг эхийн хүмүүжил, гэр бүлийн орчин маш чухал нөлөөтэй. 

Хүүхдээ цэцэрлэгт ороход нь цэцэрлэгийн багшид даатгаж, сайн хүмүүжүүлээд өгөөрэй гэх хандлага эцэг эхчүүдийн дунд их ажиглагддаг. Гэтэл хүүхдийн хүмүүжил, зан чанар, сэтгэлзүйн хувьд эрүүл байх, эсвэл асуудалтай байх гол эх үүсвэр нь эцэг эх юм.

Хүүхдийнхээ сэтгэлзүйн хөгжлийн хэвийн явагдаж буйг хэрхэн таньж мэдэх вэ? Ер нь "эрүүл сэтгэлзүй" гэж ямар байхыг хэлэх вэ? 

Хүүхдээ гэнэт гаргаж буй хурц авираар нь “манай хүүхэд эрүүл биш юм шиг байна” гэх зэргээр шууд тодорхойлж болохгүй.Сэтгэл зүйн ойлголт нь маш том цогц асуудал. Эцэг эхчүүд хүүхдээ хэт их сахилгагүйтээд, үгэнд орохгүй байхаар “манай хүүхэд асуудалтай юм аа” гэж яридаг. Бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн онолын судалгаан дээр үндэслэн оношилно. Хүүхдийг тодорхойлж харах хэд хэдэн учир шалтгаан байдаг. Жишээлбэл, сэтгэлзүйн орчин ямар байх нь чухал нөлөөтэй. Тогтворгүй, тайван бус орчинд байдаг, гэр бүлийн уур амьсгал тайван биш, аав ээж нь байнга хэрэлддэг, архины хамааралтай гэр бүлийн орчинд байгаа хүүхдийн хувьд сэтгэлзүйн маш их айдас, санаа зовинол, түгшүүр дунд байснаар сэтгэлзүй, зан чанарт нь нөлөөлж эмгэг болох эрсдэлт хүчин зүйл болдог.

Хүүхэд сэтгэлзүйн хувьд тааламжгүй байгаагаа яаж илэрхийлдэг вэ? 

Янз бүрээр илэрдэг. Нийтлэг шинж тэмдэг нь цэцэрлэгийн орчинд бусадтай нийлж тоглох чадваргүй байх, түрэмгий, бусдад дээрэнгүй хандах, найзыхаа тоглоомыг байнга булааж авах, нийтэч биш зэрэг дүр зураг ажиглагдаж болно. Сургуулийн насанд нийтэч байдал сул, сурлагын идэвх буурах, анхаарал төвлөрөл муудах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Ийм шинж тэмдэг илэрч байгаагын цаана хүүхэд дарамттай, гунигтай, ганцаардмал, олон далд зүйлсийг туулж байдаг.

Тогтворгүй, асуудалтай гэр бүлд байгаа хүүхэд энэ байдалд өөрийгөө буруутгадаг. “Надаас болоод, би сайн биш байгаа учраас аав ээж, манай гэр ийм нөхцөлтэй байна” гэж боддог. Буруутгах нөхцөлд байснаар өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болох сэтгэлгээ сууж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө болон бусдыг үнэлэх үнэлэмж доголдолтой болдог.

“Миний унаган зан энэ, багадаа ийм байсан, би ийм л зантай” гэж хүмүүс ярьдаг. Төрөлхийн гээд байгаа тэр зан араншин яг хэзээ сууж төлөвшдөг юм бэ? 

Генетикийн хувьд тодорхой хэмжээгээр эцэг эхийн генээсээ авч төрдөг зан араншин гэж бий. Төрсний дараа олдмол буюу орчин тойрон, нийгэм, бусад зүйлсээс боловсруулж олж нээж байгаа зан төлөв гэж бас байна. Энэ зан араншин тодорхой хугацаанд үүсээд тэр чигтээ тогтчихдог гэж ойлгох нь өрөөсгөл.  Хувь хүний зан төлөв маш ихээр хөгжиж, цаашаагаа илүү сайн төлөвших боломжтой гэж үздэг. Тухайн хүн өөртөө хэр их анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байна, бусад хүмүүс хэр их анхаарч байна гэдгээс шалтгаална.

Эрдэмтэд хүний тархины хөгжлийн тухай шинжлэх ухааны үндсэн дээр судалж хүний тархи тухайн орчноосоо шалтгаалж холбоосууд нь шинэчлэгдэж байдаг гэж үзсэн. Энэ нь хүний бодол санаа, аливаа зүйлийг хүлээж авах процесс нь шинэчлэгдэж өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл муу зан авиртай, муу зүйл хийж байгаа хэн нэгнийг тэр чигтээ муу хэвээрээ үлдэнэ гэж бодож болохгүй. Тэр алдаагаа олж хараад, сайжруулахын төлөө хичээж, эерэг зүйлээр цэнэглэж, эерэг орчинд байх юм бол засарч сайжрах боломжтой юм. Тиймээс би угаасаа л ийм хүн гэсэн ойлголт байхгүй. 

Хүүхдээ одоохондоо юм ойлгохгүй жоохон юм чинь гээд хажууд нь хаа хамаагүй зүйл ярих, буруу үйлдэл гаргах нь бий. Үүнийг хүүхэд хэрхэн хүлээж авдаг бол?

Муу зан үйлийг хүүхдийнхээ хажууд хэзээ ч хөхүүлэн дэмжиж болохгүй. Хүүхэд насны онцлогоосоо шалтгаалаад сонсож, харж сурч, таван мэдрэхүйгээрээ мэдэрч байдаг. Аав ээж хоёр нь оройн хоолоо идэхдээ, тв үзэхдээ хүмүүсийг элдэв бусаар шүүмжилж, хэн нэгний тухай янз бүрээр ярих, эсвэл хулгай хийх, хүний юмыг зөвшөөрөлгүй авах зэрэг сөрөг зан үйлүүд гаргах нь хүүхдэдээ үүнийг зааж байгаа хэрэг. Хүүхэд аав ээжийнхээ энэ мэт үйлдэл, яриаг  шууд хүлээж авч сурдаг. 

Магадгүй хүүхэд тань сөрөг зүйл ярих, буруу үйлдэл хийх аваас түүнийг нь ойлгож, хүлээцтэй сонсоод яагаад буруу гэдгийг нь ойлгуулж ярилцаарай.

Хүүхэд насанд тохиолддог сэтгэл зүйн асуудал, эмгэгүүд юу вэ?

Төрөлхийн эмгэг ба төрсний дараа орчноос хүлээж авсан эмгэг хоёрын хооронд том ялгаа бий. Эмгэг болох эрсдэлтэй хэд хэдэн өвчлөл байдаг. 

  1. Үүнээс хамгийн нийтлэг тохиолддог нь “сурлагын эмгэг”. Ийм эмгэгтэй хүүхэд унших бичих, бодох чадвар муу байдаг. Хүүхдийг ийм эмгэгтэй гэдгийг мэдэхгүй, мэргэжлийн оношилгоо эмчилгээ авахгүй удаан хугацаанд явснаар том болохдоо сурлагадаа муу, бүтэлгүй, аливаа зүйлд тууштай байж чадахгүй, туйлбаргүй, ажил тогтмол хийх чадваргүй хүн болдог.
  2. ADHD буюу “Хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших эмгэг”. Хоёр жилийн өмнө АНУ-д хийгдсэн судалгаагаар уг эмгэг бага насны хүүхдүүдийн дунд 47 хувиар нэмэгдэж байгаа гэжээ. Энэ нь анхаарал сулралын өвчин бөгөөд анхаарах чадвар маш муу байдаг. Нэг талаараа тархины эмгэг юм. Тархинд шим тэжээл дутагдсанаар үүсэх боломжтой. 
  3. Өөр нэг нийтлэг эмгэг нь аутизм.  Энэ нь жирэмсэн байх үед эсвэл тухайн хүний генээс шалтгаалж үүсдэг эмгэг.
  4. Сэтгэл, бие махбодын доголдол гэж байдаг. Энэ нь бие махбод болон янз бүрийн шалтгаанаас болж стрессдэх, тэр нь хүүхдийн зан үйлд нөлөөлдөг. Жишээ нь хүүхдэдээ хэтэрхий их хатуурхах эсвэл хэтэрхий их зөөлөн байх, гэр бүлийн орчноос шалтгаалж үүсдэг эмгэг юм.
  5. Сэтгэл санааны эмгэг. Сэтгэл санаа нь маш хувирамтгай буюу тогтворгүй хүүхдүүд байдаг. Эмгэг болохоос өмнө хүүхдэд ажиглагдах тохиолдол байдаг. Гансрах, ганцаардах, гуниглах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг түр зуур илэрч байгаад болих зэрэг нь байнга давтагдаад ирэхээр сэтгэл санааны эмгэг болдог.
  6. "Тусдаа байх, салан тусгаарлахаас түгших эмгэг". Аав ээж, асран халамжлагч, ойр дотны хүн хажууд нь байхгүй бол өөр орчинд очихоос маш их айж түгшдэг эмгэг гэж хэлж болно. Сургуулийн насны хүүхдүүд өөр орчинд очихоороо уйлдаг нь энэ эмгэгийн нэг шинж тэмдэг байх боломжтой. Хэрэв хэт их давтагдаад арга хэмжээ авахгүй бол эмгэг болох эрсдэлтэй.

Гэх мэтчилэн маш олон сэтгэлзүйн эмгэг хүүхэд насанд үүсэх эрсдэлтэй бөгөөд бие хүний эмгэгийн суурь бага насанд бий болдог.

Хүүхдээ уйлж, стрессдэж, сэтгэл нь тавгүй байвал хайхрахгүй орхиж болохгүй нь. Гэтэл хүүхдийнхээ хажууд хэрэлдэхгүй, буруу үйлдэл хийхгүй байх боломжгүй. Айл бүрт л ийм зүйл тохиолддог гэж ярьдаг?

АНУ-д хүүхдийн сэтгэлзүйн чиглэлээр ажилладаг сэтгэл зүйч, судлаачид 15 жилийн хугацаанд тасралтгүй хийсэн судалгаагаа саяхан танилцуулсан юм. Энэ судалгаагаар таван хүүхдийн нэг нь сэтгэцийн эмгэгтэй болж байна. Тэр дундаа анхаарал сулрал ба хэт хөдөлгөөнтөх эмгэг 47 хувиар, өсвөр насныхны сэтгэл гутрал 37 хувиар, 10-14 насны хүүхдүүдийн амиа хорлол 100 хувиар өссөн гэсэн тоог гаргасан.

Шууд үндсэн шалтгаан гэж хэлэхгүй ч нийтлэг хүчин зүйлс нь тухайн хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлж, хуваалцахад аав ээж нь анхаарал хандуулж цаг гаргадаггүй, сэтгэлээ хуваалцах, илэрхийлэх хэрэгцээ хүүхдэд дутагдаж байгааг харуулж байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадах чадвар хүнд автоматаар бий болдог зүйл биш. Ялангуяа бага насны хүүхдэд  үгээр илэрхийлээд ярихад хүндрэлтэй байдаг. Тиймээс сэтгэл хөдлөлөө янз бүрийн байдлаар, өөр арга замаар илэрхийлдэг. Жишээ нь зураг зурахдаа, тоглож байхдаа, хүүхэдтэй харьцаж байхдаа илэрхийлж байдаг. Эндээс аав ээж нь анзаарч харж, хэлэхийг хүссэн зүйлийг нь илэрхийлж гаргахад нь туслах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, маш тодорхой бус зааг буюу хил хязгаарын дутагдал байна. Хэзээ яаж хүүхдэдээ юм хэлэхгүй байх, хүүхдийнхээ хажууд үйлдэхгүй байх гэх мэт. Гэрийн орчинд хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг маш том талбар нь хил хязгаар тогтоох байдаг. Ойлгомжтой тодорхой хил хязгаар, ойлгомжтой дүрэм, тодорхой хүлээн зөвшөөрсөн байдал чухал. "Энэ болтол энэ зүйлийг хийж болно", "энэ болтол хийж болохгүй", "үүнийг хүүхдийнхээ өмнө нээлттэй байлгана", "энэ зүйлсүүдийг хүүхдийнхээ өмнө болохгүй" гэдгийг эхнэр нөхөр хоорондоо тохиролцож гаргах ёстой.

Гуравдугаарт, "хариуцлагатай байдал" маш чухал. Энэ зүйл хүүхдэд маш их дутагддаг. Хүүхдэд тэнцвэртэй хоол тэжээл өгөхгүй, сайн унтаж амраахгүй байх зэрэг нь эцэг эхийн хариуцлагын асуудал. Зөв зохистой хөдөлгөөн, бүтээлч тоглоомоор тоглох ч мөн сайн нөлөөтэй. Ихэнхдээ сүүлийн үед дэлгэцийн тоглоомнууд гол байр суурийг эзэлж байна. Гэтэл энэ нь буцаагаад хүүхдийг сэтгэл зүйн маш том эмгэг рүү түлхэж буй хэрэг.

Тоглоомын хувьд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглох, эсвэл насанд нь тохирсон тоглоомыг өөрөөр нь бие дааж тоглуулах хоёрын аль нь илүү үр дүнтэй вэ? 

Бүр бага насны байх тусмаа хамт тоглох хэрэгтэй. 3-5 насны хүүхдүүдийн хувьд юмыг илүү сониучирхаж, өөрөө бүх зүйлийг хийх гэж оролддог. 0-2 насанд бүх зүйлийн хангагч нь аав ээж байдаг бөгөөд харах болон сонсголын өсөлтүүд хөгжиж байдаг учраас хөгжимлөг, хөгжимт ном тоглоом илүү тустай. 5-8 насыг илүү онцолмоор байна. Энэ насны хүүхдүүд төсөөлөн бодох, өөрийгөө дүрд хувиргаж бодох дуртай, мөрөөдөмтгий үе дээрээ байдаг учраас хүүхэдтэйгээ хамт тоглох нь их чухал. Хүүхэд тань өөрийгөө тогооч гэж үзэж байвал  та хоолыг нь идэж үзэе, мнн ийм амттай байна гэх зэргээр дүрд нь ороход тусалж тоглох хэрэгтэй. 8-аас дээш насанд сониуч занг нь илүү хөгжүүлсэн шинжлэх ухааны сэдэвтэй, дүрсэлж зурах зураг зэрэг тоглоом байж болно. Тоглоом гэхээр зүгээр л машин эсвэл хүүхэлдэй авч өгөөд "за өөрөө тогло" гээд орхичихдог байдал нийтлэг ажиглагддаг. Гэтэл тоглоом гэдэг их ид шидтэй. Насанд нь тохирсон тоглоомыг зөв сонгоод, зөв тоглуулж чадвал хүүхэд тоглоомоор дамжиж маш их хөгждөг.

Хүүхдээ сэтгэлзүйн таагүй байдал, стрессээ тайлж даван туулахад нь хэрхэн туслах вэ?

Аав ээж нь хүүхдэдээ “би чамтай хамт”, “би чиний талд шүү” гэдгээ харуулах нь маш чухал. Хүүхдээ сонсож ойлгох хэрэгтэй. Хэрэгцээг нь хангаж байна гээд эд зүйл, амттан чихэрээр бөмбөгдчихөөд харилцахгүй орхичих юм бол хүүхдийн стресс тайлагдахгүй. Харин тэр хүүхдийн хэрэгцээг зөв тодорхойлоод юунаас болж гуниглаад байна, сүүлийн үед яагаад дуугаа хураах болов гэдгийг нь ажиглаж мэдэх, асуух байдлаар ярилцах нь чухал. Бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол маш сайн сонсож учир шалтгааныг нь ойлгож, түүнийх нь дагуу ярилцах юм шүү.

Хүүхдээ сэтгэлзүйн асуудал, эмгэгт өртөхөөс урьдчилан сэргийлж, эрүүл сэтгэлзүйтэй бие хүн болгоход юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хүүхдэдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, юмаа хуваалцахад нь боломж бололцоо олгоорой. Мөн хүүхдээ хэт зөнд нь хаяж болохгүй. Хүүхэд магадгүй үг сонсохгүй, хэтэрхий зөрүүдлээд байгаа юм шиг санагдаж, заримдаа аав ээжүүд үүнээс болж залхах, төвөгшөөх байдал тохиолдоно. Ингэлээ гээд тоомсорлохгүй орхиж болохгүй. Эсэргээрээ хэтэрхий их санаа зовоод үглээд байвал хүүхэд аав ээжтэйгээ нээлттэй холбогдох харилцаа дутмаг болдог. Дахин хэлэхэд хүүхэд таныг харж өсөж байгаа. Хэрэв та хүүхдээсээ шаардаж байгаа бол яг тэр зүйлээ өөрөө хийдэг байгаарай. Шаардаад байгаа зүйлээ өөрөө хийж харуулах нь маш үр дүнтэй нөлөөлөл болж чаддаг.

Нэвтрүүлэг үзэх линк:


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Гамшгийн үеийн сэтгэл зүйн асуудал сар, жилээр үргэлжилбэл нойрны хямрал, сэтгэл түгшил, гутралд орох эрсдэлтэй

Гамшгийн үеийн сэтгэл зүй, гамшигт өртсөн хүний бие болон сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөө, түүнийг хэрхэн даван туулах, гамшгийн үеийн бэлэн байдлын талаар СЭМҮТ-ийн  их эмч (тэргүүлэх зэрэгтэй), Клиникийн профессор Д.Дэжидмаатай... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 04

Санал болгох

Төрөлт өмнөх оноос 13.5 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14.147 эх амаржиж, 14.244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2202 (13.5%)-аар, төрсөн хүүхэд 2208 (13.4%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Хачгийн улирал эхэлсэн тул уул, модонд алхахдаа дараах арга хэмжээг аваарай

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬДэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн. Эдгээрээс манай оронд ixodes, dermacentor төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй.Хачгийн хөгжлийн үе... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө