2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ЭМЧИЙН ӨРӨӨ

Хүүхдийн нүд, чих, хамар, нүүрэнд хөхний сүү дусааж, арчсанаас болж тууралт гарах, халдварт өртөх эрсдэлтэй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 31

Амаржаад удаагүй ээж,  шинэхэн аавуудад тулгардаг нярайн арчилгаа,  тэр дундаа арьс арчилгаа, анхаарах зүйлс, шинж тэмдгүүд юуг илэрхийлдэг, хэзээ мэргэжлийн эмчид хандах ёстой талаар дэлгэрэнгүй зөвлөгөө хүргэхээр "Интермед" эмнэлгийн нярайн эмч С.Хулантай ярилцлаа. 

Юуны өмнө та дөнгөж нярайлсан ээжүүдэд нярайн арчилгааны талаар эхний мэдэх хэрэгтэй зүйлсийг хэлж өгөөч? 

Шинээр мэндэлж байгаа нярай хүүхэд аав ээж гэр бүлийн бүх гишүүддээ баяр баясал, аз жаргалыг авчирдаг хамгийн гэгээлэг ертөнц. Хүүхэд мэндлээд амаржих газраас гэртээ гараад ээж аавуудад эхний асуудлууд үүсч эхэлдэг. Дөнгөж төрсөн хүүхдийн гол хэрэгцээ бол хангалттай хооллох, унтуулах байдаг ба төрсний дараа нярайд гадаад орчиндоо дасан зохицох шилжилтийн өөрчлөлтүүд буюу эмч нарын ярьж заншсанаар эрүүл эмгэгийн зааг байдал үүсдэг. Үүнд, физиологийн жин бууралт, нярайн тууралт, физиологийн шарлалт, дааврын өөрчлөлтүүд /бэлэг эрхтэнээс цагаан салиа гарах, зэв шиг өнгөтэй шээх гэх мэт/, арьсны гуужилт гээд олон өөрчлөлтүүд нь эцэг эхчүүдийн санааг зовоодог. Тиймээс 7 хоног бүр нярайн мэргэжлийн эмч болон өрхийн эмчдээ хянуулж байх нь чухал.

Төрсний дараа нярайн биеийн жингийн 6-10% алдагдаж, 5-7 хоногтойдоо төрсөн жиндээ хүрсэн байвал ээж хүүхдээ хангалттай хооллож чадаж байна гэж үздэг. 

Мөн хүүхдийн арьс том хүнийхтэй харьцуулахад 5 дахин нимгэн байдаг тул амархан нурах, улайх, тууралт гарах эрсдэлтэй байдаг учраас арчилгааг маш сайн хийх ёстой. Арьсны арчилгаа гэхээр усанд оруулахаас эхэлнэ. Анхлан төрсөн ээжүүд маань буруу зөрүү угаах вий гээд их болгоомжилдог. Юуны өмнө ээж та өөрөө тайван, сэтгэл түгшилгүй байх нь хүүхдэд маш чухал шүү гэдгийг хэлье. За ингээд арьсыг нь арчилна гэхээр хүүхдээ цэвэрхэн байлгах гээд өдөр бүр усанд оруулна гэсэн үг биш. 7 хоногтоо 2-3 удаа усанд оруулахад болно. Өдөр бүр усанд оруулснаас нярайн арьс хуурайшиж эмзэгших хандлагатай байдаг. 

Хүүхдийн суга, цавь, чихний ар, хүзүү зэрэг нимгэн арьстай нугалаастай хэсгүүд амархан нурах гээд байдаг тул тэр хэсгүүдийг нь усанд оруулаагүй байхдаа ч байнга шалгаж цэвэрлэж хуурай байлгах ёстой. Нүд, чих, хамар, нүүрэнд хөхний сүү дусаах болон арчиж болохгүй. Хөхний сүү нь тослог, чихэрлэг бүтэцтэй учраас тууралт гарах, халдварт өртөх эрсдэлтэй тул буцалсан усаар нүд, нүүрийг цэвэрлэх шаардлагатай.

Хүүхдэдээ тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгох нь бас чухал. Насанд нь тохирсон бүтээгдэхүүн байвал сайн. Нярайн арьс арчилгааны маш олон бүтээгдэхүүн сонгохдоо анхаарах гол зүйл нь үнэр багатай, ямар нэгэн химийн холимоггүй, шингэц сайтай, усан суурьтай чийгшүүлэгч тос, биеийн шингэн саван байхад л болох юм.

Өөр нэг анхаарах зүйл нь орчны температурыг маш сайн тохируулах шаардлагатай. 

Хэтэрхий их бэгнээд байх тусам хүүхэд халууцаж, хөлрөлт, нуралт, тууралт үүсэх хандлагатай. Гэрийн хамгийн тохиромжтой темпратур нь 22-24 хэм байвал зохистой.

Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг цаг агаартаа тохируулан хэрэглэх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд арьсны загатнаа үүсгэх, цочроох магадлал өндөр байдаг гэдгийг анхаараарай. Арьс амьсгалдаг эрхтэн учраас хүүхдэдээ болж өгвөл хөвөн даавуун материалтай хувцас өмсгөх нь агаар нэвтрэлт сайн, биед таатай орчин бүрдүүлдэг.

Нярай хүүхдийн арьсны тууралтууд янз бүр байдаг. Тэдгээр нь юунаас болж гардаг болон алийг нь анхаарч мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй вэ? 

Хүүхэд эхийн хэвлийд байхдаа усан дотор байдаг бол төрсний дараа хуурай орчинд гарснаар арьс хуурайшиж гууждаг. Арьс нь эмзэг нимгэн учраас эмзэгшин тууралт их гарах гээд байдаг.  Нярайн тууралтыг дотор нь,

Төрөлхийн толбо /зургаар/

  • Хөх толбо /A/: Дөнгөж төрсөн нярайн өгзөг, ууц, нуруу орчим хөх толбо байдаг. Энэ нь Индианчууд, Зүүн африк, Азиудад элбэг тохиолддог.
  • Өрөвтас шувууны хазалт (Stork bite) /B/: Нярайн зовхи, дух, хүзүүний ар, дагзны хэсэгт гардаг улаан ягаан өнгийн толбон тууралт.
  • Гемангиома /C/: Төрсний дараа 2-4 долоо хоногтойд тохиолддог, арьсны түвшнээс дээш улаан тод тууралт. Нэмэгдэж байвал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.    

Нярайн бусад тууралт  /зургаар/

  • Хордлогот улайлт /D/: Төрсний дараа 2,3 дахь хоногоос гарна. Өөрөө аажимдаа арилна. Нийт нярайн 50%-д тохиолдоно.
  • Цагаан батга /E/: Нийт нярайн 40%-д тохиолдоно. Төрөнгүүт хамар нүүрээр жижиг цагаан батгатай байдаг. 14 хоног гэхэд арилна.
  • Нярайн батга /F/: 2-4 долоо хоногтойгоос гарч болно. Нярай хүүхдэд харшлын тууралт гэж ярих нь эрт байдаг. Харин хөхөөр хооллож байгаа тохиолдолд ээжийн идэж байгаа хоол хүнс зэргээс шалтгаалан эмзэгшил үүсч нэмэгдэх хандлагатай (шоколад, самар, хатаасан жимс, цитрусын төрлийн жимсүүд, халуун ногоотой хоол, амтлагч ихтэй хоол гэх мэт).

  • Шүлсний шалтгаант тууралт /H/: Зарим хүүхдийн амнаас шүлс их гардаг, үүнээс болж хувцас нь бохирдож, шүлсний улмаас тууралт гарах асуудал ам хацар тойроод илүү тохиолдох бөгөөд биеийн бусад хэсэгт ч туурдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд шүлсэвч ашиглах хэрэгтэй. Мөн соскыг ихээр хэрэглэх нь нүүр хацар хэсгийн тууралтыг ихэсгэх хандлагатай байдаг. Соск хэрэглэж байгаа бол өдөр бүр цэвэрлэж хэвшээрэй.  
  • Халууны тууралт /I/:  Хөлсний булчирхайн нүх сүв бөглөрөх үед нялх хүүхдэд халууны тууралт үүсдэг. Энэ нь ихэвчлэн халуун эсвэл чийглэг үед туурдаг. Нялх хүүхэд хөлрөх үед бөглөрсөн булчирхай нь хөлсөө цэвэрлэж чадахгүй тул жижиг улаан гүвдрүү, магадгүй жижиг цэврүү үүсдэг. Тиймээс дээр хэлсэнчлэн орчны хэм, хувцсыг нь тохируулах хэрэгтэй.

Мэдрэмтгий хүүхдэд тухайлбал арьсан дээр ямар эмзэгшил үүсгэдэг вэ? Энэ тохиолдолд яах ёстой вэ? 

Толгой, хөмсгөөр нь их хагтдаг. Мөн шанаа, чихний хэсэг, эрүү, эрүүний доор, хацар хэсгээр даргар улаан тууралт гарах нь хэт эмзэгшил байна гэсэн үг. Ээжийн идэж буй хоол хүнс болон хүүхдээ хөхүүлэхдээ хөхөндөө хэт наалддаг, сүүгээрээ гулигсанг нь тэр даруй арчиж аваагүй зэргээс шалтгаалж тууралт үүсэх гээд байдаг. Тиймээс дор бүр нь цэвэрлэж арьсыг нь аль болох хуурай байлгах хэрэгтэй. Хуурайшуулаагүйгээс шалтгаалан тууралт нэмэгдэн нуралт, идээт тууралт гарах хандлагатай.  

Усанд оруулахдаа юун дээр анхаарах вэ?

Ээжүүдийг анзаараад байхад усанд оруулахдаа биеийг нь савандаж угаачихаад нүүрийг нь угаадаггүй талтай. 

Хүүхдийнхээ шампунаар нүүрийг нь ч мөн зөөлөн хөөсрүүлээд угаавал нүүрээр тууралт гарах нь бага байдаг. 

Учир нь нүүр хацар орчим байнга хөхний сүү, шүлс зэрэг болдог.

Өдөр бүхэн оруулах нь арьс хуурайших нэг шалтгаан болдог учир өнжөөд оруулаарай. Усанд оруулсны дараа арьсыг нь чийгшүүлж тосолно. Олон төрлийн бүтээгдэхүүн байх шаардлагагүй. Нэг төрлийн биеийн угаагч шингэн, тос байхад л хангалттай. Ер нь усанд ороогүй үед ч гэсэн хүүхдийн арьс хуурайшаад байгаа  юм шиг санагдах юм бол тэр хэсэгт нь тос сайн түрхэж байгаарай. Аль болох чийглэг байлган эмзэгшүүлэхгүй байх нь чухал.

Бүтээгдэхүүний сонголт их байхын хэрээр хүүхдэдээ тохирсонг зөв сонгох гэж ээжүүд нэгнээсээ эрэл сурал болдог. Гэвч хүүхэд бүрийн арьс өөр. Тухайн бүтээгдэхүүн хүүхдэд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ? 

Хүүхдэд хүрч байгаа, хэрэглэж буй бүтээгдэхүүн, амаар уулгаж байгаа витамин гэх мэт нь эмзэгшил үүсгэдэг учраас сонголтондоо анхаарах нь мэдээж чухал. Нэн түрүүн ээж болж өгвөл зайлсхийх хоол хүнсүүд байна. Цитрусийн төрлийн жимс, самар, хатаасан жимс, халуун ногоо, амтлагч ихтэй хоолноос татгалзаарай. 

Зарим ээжүүд дархлаагаа дэмжиж байна гээд чацаргана ихээр хэрэглэдэг, өндөр тунтай витамин С хэрэглэдэг ч юм уу, самар шоколад идэх нь хүүхдэд мэдрэгшил үүсгээд байдаг. Гэлээ гээд зөвхөн мах гурил ид гэж хэлээгүй шүү. Урьд нь иддэг байсан бусад ногоо, жимс хоолоо идэж болно.

Ингээд ээж нь зөв хооллоод байхад л эмзэгшил үүсээд байвал хүүхдийн хэрэглэж буй саван шампунь бүтээгдэхүүнд байна уу гэж харна. Хүүхдийн бүтээгдэхүүн үнэртээд үзэхэд хурц үнэртэй байвал илүү харшлах гээд байдаг.  Дэглэм бариад эмзэг арьсны бүтээгдэхүүн хэрэглээд байхад тууралт нэмэгдээд эмзэгшилтэй байгаад байвал өөр арьсны асуудал байгаа эсэхийг мэргэжлийн эмчид үзүүлж тохирсон эмчилгээг хийлгэнэ.  

Ер нь нярай хүүхдэд түгээмэл тохиолдох эрсдэлтэй арьсны асуудал, өвчин юу байдаг вэ? Тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

Арьс арчилгаатай холбоотойгоор ихээр тулгардаг асуудал нь хүйн арчилгаа. Хүй нь нэг төрлийн арьсны шарх учраас халдварт өртөх эрсдэл их, эдгэхдээ тавшина, тодорхой хэмжээний шүүс гарч болно. Тиймээс угааж цэвэрлэх, хуурай байлгах тал дээр нь анхаарах хэрэгтэй. Урьд нь хүйг метилен хөх, спиртээр арчиж цэвэрлэх ёстой гэдэг байсан бол одоо ингэж зөвлөхгүй байгаа. Хүүхдээ усанд оруулахдаа биеийг нь угааж байгаа шигээ л хүйг нь сайхан савандаж угаана. Тэгээд болж өгвөл хуурай байлгана. Чийгтэй битүү байлгаад байвал эдгэрэх нь удаан. 

Хүй бүрэн эдгээгүй байхад живхийг хүйн дээгүүр нь давуулж өмсүүлж болохгүй. 

Живх шингэнийг гадагшлуулахгүй байх зориулалттай учраас улам улбайлгаад үнэр оруулах гээд байдаг. Тиймээс живхийг нугалж хүйг ил байлгах ёстой.

Нярайг төрсний дараагаас нэг сар хүртэл 7 хоног тутам эмчид үзүүл гэдэг. Энэ нь ээж аавуудад тулгарч байгаа бэрхшээл, хүүхдийн хооллолт, арчилгаа зөв хийгдэж байгааг хянаж, зөв чиглүүлж өгдгөөрөө ач холбогдолтой. Тиймээс эмчийн хяналтаа тогтмол хийлгэх нь чухал.

Дараагийн нэг асуудал нь ой хүртэлх насны тэр дундаа 6 сар хүртэлх хүүхдэд парапроктит буюу хошного орчмын зөөлөн эдийн идээт үрэвсэл үүсэх эрсдэл байдаг. Хүүхдийн гэдэс дүүрэнгээс хэт их бааснаас хошного орчим байнга нойтон байх, бөгсний арчилгааг хангалтгүй хийх мөн живхний буруу хэрэглээнээс үүсэх эрсдэлтэй. Парапроктит үүссэн үед мэс заслын эмч буглааг нээх мэс ажилбар хийдэг,  дахих магадлал ихтэй байдаг.  

Парапроктитээс урьдчилан сэргийлэх гол арга нь хүүхдийн гэдсийг дүүргэхгүй байх явдал. 

Гэдэс нь дүүрэнгэ хий ихтэй өдөрт олон тоогоор бага хэмжээтэй шингэн баах, байнга унгуулаад шингэн баагаад байх тусам хошного орчим нойтон байна. Баасанд олон бактери бий. Тэр нь улайсан цочирсон арьсыг улам цочроохоос гадна халдвар орох эрсдэл нэмэгддэг. Улмаар идээт үрэвсэл үүсэх буюу парапроктит болдог. Тиймээс бөгс, бэлэг эрхтний арчилгааг сайн хийж үргэлж хуурай байлгах хэрэгтэй. 

Хүүхдээ их эсвэл бага баагаад байна гэдгийг яаж мэдэх вэ? 

Нярай хүүхэд өдөрт 6-7 удаа бааж болно. Энэ нь хэвийн тоо. Тэр тоогоор нь живхийг тогтмол солих хэрэгтэй. 

Доод тал нь өдөрт 7-8 удаа живх солигдож байвал хүүхэд хангалттай хооллож байна гэж үздэг ба нярай хүүхэд 7 хоногт 150-250г жин нэмэгдсэн байвал хангалттай хооллож байна гэсэн үг. Живхийг 3 цаг тутамдаа солиход нэг хоёр удаа шээгээд баасан байвал -хэвийн байна. Түүнээс удаан хугацаанд живхийг нь солихгүй байлгаад байж болохгүй.

Мөн живхний сонголт чухал. Зарим ээж даавуугаар орлуулсан байдаг нь тун сайн. Мэдээж живх олон сонголттой учраас заавал даавуугаар орлуул гэж хэлээгүй шүү. Гол нь хүүхэд шээсний дараа живх болон бөгсөн дээр нь гараа тавихад нойтон байвал чийг өгч арьсаа эмзэгшүүлэх эрсдэлтэй гэж бодох хэрэгтэй. Харин живх солих үед бөгс нь хуурай байвал тухайн живх шингээлт сайтай, тохиромжтой байна гэсэн үг.

Хүүхдийн арьс хуурай байх хэрэгтэй гэж нэлээдгүй хэллээ. Гэхдээ бас хуурайшилтын асуудал байна?

Арьсыг хуурай байлгах, арьс хуурайших хоёр ялгаатай. Хуурайшилтын эхний шалтгаан нь ээжийн идэж байгаа хоол хүнсэнд эмзэгшүүлэх зүйл байгаа эсэх асуудал. Хоёрт. Хэт их угаах буюу өдөр бүр усанд оруулах нь хуурайшуулах эрсдэлтэй. Усанд оруулахдаа бас байнга савандаж угаах хэрэггүй. Савандаж угаасан бол чийгшүүлэгч тосыг маш сайн түрхэх хэрэгтэй. Арьс чийгээ алдаад ирэхээр л хуурайшилт үүснэ. Тэгээд эмзэгшиж янз бүрийн зүйлд харшламтгай, өнөөх үрэвсэл үүсэх нь нэмэгддэг. Тиймээс болж өгвөл арьсыг нь чийгшүүлэх нь зүйтэй.

Хүүхдийн гэдэс дүүрээд байна гэж ээжүүд бас асуудаг. Зарим нь гэдсийг нь сүүлний тосоор тослох илэх гэх мэт уламжлалт арга ч хэрэглэж үздэг. Ер нь энэ тохиолдолд яах вэ? 

Нярай хүүхдэд зонхилон тохиолддог нэг асуудал нь гэдэсний дүүрэнгийн шалтгаантай нярайн колик. Хүүхэд учир нь олдохгүй сэрүүлэгтэй юм шиг оройд эсвэл үүрээр 1-2 цаг уйлах тавгүйрэх шинж тэмдэгээр илэрдэг. Усанд оруулах, арьс арчилгаа, бусад арчилгаа сайн хийгээд, ээж хэчнээн дэглэм бариад байсан ч ийм асуудал үүсэх нь бий. Энэ нь нярайн дасан зохицолтой холбоотойгоор үүсдэг. 10 хүүхдийн 3-4-д нь шалтгаан тодорхойгүй үүсдэг. Уг зовуурь нь 3-4 сар үргэлжилж болно. Тиймээс нярайн колик үүсэхээс сэргийлж урьдаж хүүхдийнхээ гэдсийг төрсөн цагаас нь л дүүргэхгүй байх талаар эмч нар зөвлөдөг.

Хэхрүүлж, унгуулж сургавал сайн. Гэдсэнд хий хуримтлагдах тусам хүүхдэд тухгүй мэдрэмж төрнө. Эхний үедээ бага хэмжээний гэдэсний дүүрэнгэ зовиур мэдэгдэхгүй, энэ нь аажимдаа хуримтлагдан даамжирсаар байгаад 1 сар дөхөөд ирэхээр гэдсээр нь хатгах зовуурь өгч хүүхэд өдөрт 2-3 цаг уйлах нь бий. 

Нярайн колик дан ганц гэдэсний дүүрэнгээс шалтгаална гэж хэлэхэд учир дутагдалта. Гэхдээ гэдэсний дүүрэнгэ бол уйлах том шалтгаан болно. Хүүхдээ хөхүүлэхээс өмнө доош нь харуулж хэвтүүлэх, хөхүүлснийхээ дараа босоогоор нь тэвэрч хэхрүүлэх зэргээр гэдэс нь дүүрэхээс сэргийлээд байвал асуудалгүй. Хүүхэд хямраад л уйлаад л байвал тэр гэр бүл хямарчихдаг. Цаашлаад ээжийн хөхний сүү багасна. Тиймээс хүүхдээ аль болох тайван тухтай байлгавал ээж ч мөн тайван байна.

Нярайгаа салхилуулах, наранд гаргахдаа анхаарах зүйлсийг зөвлөөч та?  Даарч хөрөхвий дээ гээд л байдгаар нь баглаад гардаг даа.

Нярай хүүхдийг -10 хэмээс дотогшоо хэмд гаргах нь зүйтэй. Үүнээс хүйтэн байвал гаргахыг зөвлөхгүй. Хүүхэд даарч цочирно. Бусдаар өдөр бүхэн гаргавал сайн. Гаргах боломжгүй бол цонхоо онгойлгоод агаар сэлгэлтээ сайн хийх хэрэгтэй. Гадаа доод тал нь 20 минут салхилуулж болно.

Хүйтэн байгаа үед дээд тал нь 30-40 минут орчим гаргаад буцаж дулаан орчинд дулаацуулаад буцаад 20-30 минут гаргах зэргээр 2-3 удаа салхилуулж болно. Нэг дор 2-3 цаг битгий гадаа байлгаарай. Яг одоо дулаан цагт бол нэг цаг агаарлуулахад ямар ч асуудалгүй. Мэдээж нарны шууд тусгалаас хамгаалах ёстой. 11-16 цагийн нар хурц учраас бусад цагт гаргах нь илүү тохиромжтой. Аль болох өглөө эрт хөдөлгөөн, тоосжилт үүсэхээс өмнө гаргавал агаар цэвэрхэн байдаг.

Харин нэг анхаарах зүйл нь нарны тос. Нарны тос ихэнхдээ 6+ сар гэсэн байдаг. Тэгэхээр 0-6 сартай нярайд шууд түрхэхэд тийм ч тохиромжтой биш. Миний практикаас харахад нуралтын эсрэг тосыг наранд ил гардаг хэсэгт нимгэн түрхэхэд илүү тохиромжтой байдаг. Тос болон бүтээгдэхүүнийг авахдаа заавал насны заалтыг харна. Энэ нь хүүхдэд аюулгүй.

Сүүлд нь нэмж хэлэхэд хүүхдийн орчны аюулгүй байдлыг хангах нь маш чухал шүү. Хүүхэдтэйгээ болж өгвөл хамт унтахгүй, тусад нь унтуулж сургавал олон талаар сайн. Заавал ингэ гэж зөвлөхгүй.  Ээжүүд хэвтээгээр хүүхдээ хөхүүлж унтахдаа хүүхэд бүтэх эрсдэл байгааг санах. Мөн хүүхэдтэйгээ наалдаж унтаад байхаар ээжийнхээ зүрхний цохилтыг байнга сонсож, хүний халуун амьсгал мэдэрч унтаад сурчихдаг. Энэ нь өөр орчинд өөр газар унтаж чадахгүй, уйлах, сэрвэгнэх, тухгүй байлгах хэвшил болчихдог. Хаана ч хүүхдээ тайван сайхан унтуулъя гэвэл тусад нь унтуулаад сургаарай. Ээжид ч амар. Нөгөөтээгүүр томчуудаас вирус нянгийн халдвар авах эрсдэл өндөр /Хеликобактер, ханиад гэх мэт/. Энэ бүхэн хүүхдэд халдана гэдгээ бодолцох хэрэгтэй. Бусад ахуйн орчны эрсдэл, аюулгүй байдлыг эцэг эхчүүд маань сайн мэддэг болсон.

Зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Өндөр тунтай хүнсний нэмэлтүүдийг дур мэдэн хэрэглэх нь бөөр чулуужих өвчний нэг шалтгаан болж байна

УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгор бөөрний чулуу үүсэх шалтгаан болон эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар дараах зөвлөгөөг өгөв. Бөөр шээсний замын чулуужих өвчинБөөр чулуужих өвчин удамшдаггүй, халдварт өвчин ч биш. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 12

Шүдний чулуу хуримтлагдсанаар амнаас эвгүй үнэр гарах, буйл үрэвсэх, цус гарах хүндрэл үүсдэг

Амны хөндийн эрүүл ахуй тэр дундуу шүдний чулуу үүсэх шалтгаан, сөрөг нөлөө, эмчилгээний талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөө хүргэж байна. Шүдний өвчлөл бие махбодод ямар нөлөө үзүүлдэг вэ?Амны хөндийд байдаг нянгийн халдварууд нь бие махбодын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 08 сарын 16

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   43 минутын өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө