2023/11/29. Лхагва гараг Дугаар: #2841

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Архины орчинд өсөж буй хүүхэд "үл хайхрах" эрсдэлд өртдөг

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 25

Сэтгэл зүйн хэрэгцээг үл хайхарч орхигдуулах үед шууд хор уршиг дагуулахгүй ч хуримтлагдсаар зан үйл, харилцаа, хандлага гээд бүхий л түвшинд сөргөөр нөлөөлж, асуудлууд үүсгэдэг. Ялангуяа хүүхдийн хөгжлийн явцад мэдэрсэн мэдрэмж, сэтгэл зүйн хангагдаагүй хэрэгцээ, хүмүүжлийн орчин зэрэг нь насан туршдаа хэрхэн амьдрахыг нь тодорхойлох чухал нөлөөтэйг сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон талаас нь тайлбарласан байдаг. Тиймээс хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ сэтгэл зүйн боловсролд нь хэрхэн анхаарах талаар эцэг эх, асран хамгаалагч нарт зориулж мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө мэдээллийг тоймлон хүргэж байна. Дараах зөвлөгөөнүүд "Сэтгэлийн дархлаа" буланд ярилцлага болж бүрэн эхээрээ нийтлэгдсэн байгаа тул та цааш дэлгэрүүлэн уншиж, судлах боломжтой.  

Хүчирхийллийн хэлбэрийн сөрөг ээнэгшлийг хүүхдийнхээ дэргэд бүү гарга

Хүүхдийн сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн: Хүүхдийн сэтгэл зүйн олон хэрэгцээ байдаг ч ээнэгших, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ нь нэн чухал. Дөнгөж төрсөн хүүхэд орчинтойгоо attachment/ээнэгших/ хийхээсээ урьдаж ээжтэйгээ ээнэгшил үүсгэдэг. Ээнэгшлээр дамжуулан хүүхэд аюулгүй мэдрэмж авч, хайрыг хүртэх үйл явц нь үргэлжилдэг. Аав ээж, асран хамгаалагчдаа хэрхэн ээнэгшин дассанаас шалтгаалж хүүхдийн бусадтай харилцах харилцаа, бусдад итгэх итгэлийн суурь тавигддаг. Бат бөх ээнэгшил тогтоогүй байх нь хожим сэтгэл зүйн олон асуудал үүсэх шалтгаан болдог. Тухайлбал, Сайн ээнэгшээгүй үед бүх юмыг аюултай гэж мэдэрдэг учраас аймхай төрлийн хүүхэд болох магадлал өндөр. Амьдралд жижигхэн өөрчлөлт гарах төдийд л хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Эсвэл зугтах, хэнэггүй байдлаар хариу үйлдэл үзүүлэгч нэгэн болох нь бий. Ээнэгшил сайн байх тусам хүүхдийн тархи амгалан байж бүх зүйлийг тайван ажиглаж, сонирхон оролдож үзэх хэлбэрээр хөгжил нь сайн явагддаг. 0-6 насанд нь эерэг ээнэгшлийг бий болгох боломжтой. Яагаад гэвэл энэ насанд хүний тархины хөгжлийн 70-80 хувь нв бий болчихсон, тархины анхны кодууд үүссэн байдаг. Энэ кодууд анх яаж бичигдэнэ тэр хэмжээгээр ертөнцтэй харилцана, хүмүүсийг, бүх харилцааг тэр кодоороо л хүлээж авч, шинээр орж ирэх мэдээллүүдийг ч тэрхүү кодын суурин дээр хүлээж авч ойлгодог. Тэгэхээр 0-6 нас бол хүүхдийн хамгийн чухал нас.

Мөн хүүхдээ том болчихсон гээд тэврэх, үнсэх энхрийлэхээ больж болохгүй, хайрлаж байгаагаа үргэлж илэрхийлж байх нь чухал юм. Зарим эцэг эхчүүд хоол унд, амьдарч буй орчин нөхцөлөөр нь л дутаахгүй бол түүнийгээ хайрлаж байна гэж боддог. Ийм нөхцөлд хүүхдэд сэтгэл зүйн ээнэгшил тогтохгүй. Хүүхдээ сайн ойлгож харилцах, хайрлаж байгаагаа илэрхийлэн тэвэрч, үнсэх, өөрөөр нь байлгах зэрэг нь бүгд хайрын илэрхийлэл. Эдгээрийг орхигдуулаад гаднах нөхцөлийг нь л бүрдүүлснээ хайраар өсгөж байна гэж бодож болохгүй. Мөнгө бол мэдрэхүйн хэрэгсэл биш. Бас хэтэрхий их зодож, шийтгээд “чи л буруу байна, болохгүй байна” гээд байвал хүүхэд өөрийгөө хорвоогийн хамгийн муу, адгийн хүүхэд гэж ойлгоно. Муу хүүхэд гэсэн ийм кодыг хүүхдэдээ суулгачихаад дараа нь жаахан томроод ирэхээр нь “чи дажгүй сайн хүүхэд шүү дээ” гэж хэлэх юм бол хүүхэд тэр үгийг хүлээж авахгүй. Тиймээс хүүхдийнхээ хайрын хэлийг мэдрэх, яг л тэр байгаагаар нь хүлээж авах нь чухал. Ер нь хайранд өссөн хүүхэд буруудаад буруудаад нээх буруу, муу хүн болдоггүй.

Сөрөг ээнэгшлийн хэлбэрүүд бас байдаг. Захирангуй ээнэгшил, үл тоох ээнэгшил зэрэг ээнэгшлийн хэлбэрүүд нь бүгд  хүчирхийллээс улбаатай байдаг. Хүчирхийллийн бүх хэлбэр үүнд хамаатай. Хүүхдийн тархи хийлсэн шаар шиг байх ёстой байтал хүчирхийлэлд байснаар "хий нь гарсан жижигхэн шаар" шиг хатингаршсан болгочихдог. Жижигхэн тэр тархин дотор мэдэрлийн эсүүд хоорондоо хязгаарлагдмал орчинд л мэдээлэл солилцож байна гэсэн үг. Нэг ёсондоо тэлэхгүй тархитай болно. Тиймээс сөрөг хүмүүжлийн арга барилууд, хүчирхийллийн хэлбэрүүдээс л сөрөг ээнэгшил хүүхдэд бий болдог. Ийм сөрөг ээнэгшилтэй хүүхэд хүнийг хайрлахын тулд заавал хүчирхийлэх ёстой юм байна гэж бодно. Анхнаасаа л тийм код өгчихсөн юм чинь. Хэн нэгнийг хайрлах гэхээр өөрөө ч мэдэлгүй хүчирхийлэх үйлдэл гаргадаг. Өөрийгөө зогсоож чаддаггүй. Энэ нь хүүхдийн буруу биш. Тиймээс хүчирхийллийн хэлбэрийн сөрөг ээнэгшлийг аль болох хүүхдийнхээ дэргэд бүү гарга.

Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой улс дамнасан гэр бүлүүд их болж. Хүүхдээ өвөө эмээ, айлд үлдээгээд явдаг, цаг наргүй ажилладаг завгүй нийгэмд хүүхдийн хүмүүжил орхигдоод байгаа мэт санагддаг? 

Хүүхдийг болж өгвөл хоёр гэрийн дунд битгий явуулаарай. Хүүхэд нэг гэрт тогтвортой байснаар “би энэ гэр бүлд хамааралтай, харьяалагддаг” гэсэн мэдрэхүйг авдаг. Энэ  бас нэг ээнэгшилт, дараагийн хөгжил нь юм. "Гэртэй байна" гэдэг ардаа хамгаалалттай байгаа мэдрэмж төрүүлнэ. Гэтэл гэр бүл салалт, эсвэл аав ээж нь гадаадад ажил хийдэг, айлд хүүхдээ үлдээдэг зэргээс шалтгаалж хүүхдээ “тавиул хүүхэд” болгох нь их болж байна. Тавиул хүүхэд тэнэх дуртай болно. Гэргүй юм шиг. Учир нь аюулгүй гэдэг мэдрэмж, ээнэгшил сул хүн болж өсдөг. “Би энэ гэрт харьяалагддаг шүү дээ” гэсэн байдлаар сэтгэл гардаггүй. Сэтгэл гарахгүй байгаа нь аргагүй. “Миний гэр” гэдэг ямар нэг зүйлд хамааралтай мэдрэмж өгөгдөөгүй учраас тэр. Тэгэхээр хүүхдээ 9, 10 нас хүртэл нь тогтмол нэг гэрт өсгөхийг хичээгээрэй. Тэгж байж төлөвшлийн, шилжилтийн дараагийн үе шат руугаа хүүхэд зөв орно. Ээнэгшилтийг нь гүйцэд өгчихсөн байхад шилжилтийн насаа сайнаар даван туулж чаддаг.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу. 

Хүүхэд дуугаа хураах, гар хуруугаа оролдох,орондоо шээх байдал ажиглагдах нь сэтгэл зүйн таагүй мэдрэмж, асуудал байгаан илрэл

Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргал: Хүүхэд насны дурсамжууд илүү тод үлддэг. Тэр дунд таагүй мэдрэмж төрүүлдэг дурсамж байгаа бол хүн мартахгүй санасаар л байдаг. Тухайн үйл явдал нь сэтгэл зүйн гэмтэл үүсгэсэн учраас л “одоо хүртэл би түүнийг, тэр явдлыг мартаж чаддаггүй” гэж хүмүүс ярьдаг. Эсвэл тэр үйл явдлыг ямар нэгэн үйлдэл хийх, шийдвэр гаргах бүрдээ бодоод байдаг. Энэ нь сэтгэл зүйн гэмтэл байгааг илэрхийлж буй нэг хэлбэр. Нас бага байх тусам сэтгэл зүйн гэмтэл авах магадлал өндөр бас хүчтэй, тод шарх үлдээдэг. 

Учир нь бага насны хүүхэд өөрийгөө бүрэн ухамсарлаж ойлгож, илэрхийлэх чадвар нь сайн хөгжөөгүй байдагтай холбоотой. Тиймээс бага насанд авсан сэтгэл зүйн гэмтэл илүү хүчтэй, насанд хүрсэн хойно нь ч байсаар байдаг. Харин томрох тусам сэтгэл зүйн дархлаа тэр хэмжээгээр дээшилж, ухамсарлаж ойлгодог тул тэр үедээ сэтгэлийн шархаа даван туулах чадвар харьцангуй нэмэгддэг. Бага насны хүүхэд тааламжгүй хэцүү байгаагаа ихэвчлэн уйлж л илэрхийлдэг. Гэтэл томчууд уйлахыг нь хурдхан зогсоох арга хэмжээ авах гээд "уйлахаа бол, дуугүй бол, одоо болно" гэхчлэн хүчилдэг. 4-5 нас хүрсэн түүнээс дээш насны хүүхэд бол таагүй байдал, мэдрэмжээ “гомдож байна, айж байна, цоччихлоо” гэх мэт үгээр илэрхийлж чаддаг.

Хүүхдээ яагаад байгааг сайн ойлгохгүй, ямар нэг асуудал байгаа юм болов уу гэж бодох үе гардаг. Ямар шинж тэмдгээр сэтгэл зүйн асуудал, шарх байна гэж анзаарах вэ?

Ааш зан нь хувирна. Тайван дөлгөөн, эелдэг даруу ааштай хүүхэд байсан бол цочмог ууртай болдог ч юм уу. Хүүхдэд сэтгэл зүйн асуудал, шарх, ойлгогдохгүй таагүй мэдрэмж төрсөн үед тодорхойгүй зүйлээс айдаг, юунаас айж байгаагаа мэдэхгүй байх, хөлрөх, чичрэх, уур бухимдалтай болох, нойрондоо муу байх, хар дарах, нийгмийн харилцаанд орж чадахгүй, чимээгүй дуугүй болох, хоолны дуршил өөрчлөгдөх, орондоо шээх, гар хуруугаа оролдох, хумсаа мэрэх гэх мэт олон зүйлс ажиглагддаг.
1-2 насны хүүхэд бол орондоо шээх тохиолдол байна. Харин 3 нас түүнээс дээш 8, 10 настай хүүхэд орондоо шээх тохиолдол гардаг. Энэ нь сэтгэл зүйн талаасаа ямар нэг асуудал, түгшүүр, өндөр айдас байж болох шинж тэмдэг. Хүүхдээ хэзээнээс, ямар үе, нөхцөл байдлаас хойш өөрчлөгдөж дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бэ гэдгийг нь анзаарч шалтгааныг тодруулах нь чухал. Хүүхэд хумсаа мэрэхээр тэр зуршлыг нь л арилгах гээд байдаг. Шинж тэмдгийг арилгалаа гээд асуудал шийдэгдэхгүй. Тухайн шинж тэмдгийг үүсгэж буй шалтгааныг нь илрүүлж өөрчилсөн тохиолдолд л эдгэрэл явагдана.

Хүүхэд эцэг эхийнхээ толь шүү дээ. Тиймээс бид өөрсдөө эхлээд өөртөө төрж байгаа мэдрэмж, сэтгэл хөдлөлөө мэддэг, хэлж илэрхийлдэг байх хэрэгтэй. “Саяны үйл явдлаас болоод би жаахан гэмшиж байна, энэ надад тавгүй байна, би ичиж байна, би сандарч байна” гэх мэтээр мэдрэмжээ үгээр илэрхийлээрэй. Хүүхэд үүнийг сонсоод “Аан. Би бас ингэж илэрхийлж болох юм байна” гэж аав ээжээсээ суралцдаг. Томчууд өөрсдөдөө ямар мэдрэмж төрж байгаа, яагаад байгаагаа нэрлэж хэлэхгүй бол хүүхэд ч бас мэдэхгүй шүү дээ. Өөрсдөө жишээ болоод мэдрэмжээ үгээр илэрхийлж хэвшүүлээрэй. Мөн хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжийг илүү сайн мэдье, танья гэвэл мэргэжлийн байгууллагат хандаж болно.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу. 

Архины орчинд өсөж буй хүүхэд харилцаа, хайраар дутагдаж "үл хайхрах" эрсдэлд өртдөг

“Монгол Өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат:  Архины хамааралтай хүнтэй 1 жил 6 сараас дээш хугацаанд хамт амьдарвал тэр гэр бүлийн гишүүд давхар хамааралд орж сэтгэл зүйн өвчнөөр өвддөг. Тухайлбал,  аав /ээж/ нь архи уудаг айлын нэг хүүхэд PC тоголдог, хичээлээ тасалдаг, тамхи татдаг, зодоон хийдэг, үргэлж хэл ам таталдаг “хэцүү хүүхэд” болдог. Хэцүү хүүхэд үл ухамсарлах түвшиндээ “намайг анзаараач, намайг хайрлаач, та нарын энэ байдалд миний уур хүрч байна, би та нарт хэрэггүй юм уу” гэсэн бодол мэдрэмжийн илэрхийлэл, эсрэгцэл, анхаарал татах гэсэн үйлдлээр илэрч буй хэрэг. “Хэцүү хүүхэд” насанд хүрэхээрээ хэн нэгэнтэй зөрчилдөмтгий, дайсагнасан, уур уцаартай, хорсож гомдсон байдлаар хандах магадлалтай.  Эсвэл архи уудаг аав /ээж/, асран хамгаалагчийн гүйцэтгэж чадахгүй байгаа үүргийг гүйцэтгэх буюу сургуульдаа явах, дүү нараа харах, ажил хийх, гэр бүлийн эмх цэгцийг хариуцах зэргээр байгаа хэмжээнээсээ илүү их зүйлийг бодож, хариуцлага үүрч, амжуулж эхэлдэг. Үүнийг “хэрсүү хүүхэд, баатар хүүхэд” гэж нэрлэдэг. Хүн харахад үнэхээр мундаг, ухаантай хүүхэд гэхээр. Харамсалтай нь тэр хүүхэд харилцаа, хайраар дутагдаж “үл хайхрах” эрсдэлд өртсөн байдаг. Ямар нэгэн сургалт хүмүүжил, үлгэр дуурайлал, гэр бүлийн эмх цэгц хяналтаас гарсан байдаг учраас. Архины давхар хамааралд өртөж том болсон хүүхдүүд аливаад донтох эрсдэлтэй. Учир нь хайр, урам зориг, аз жаргалын гормон дутагдалтай байх тохиолдолд сэтгэлийн өвдөлтөө намдаахын тулд допамин буюу таашаал мэдрүүлдэг дааврын түвшингээ нэмэгдүүлэх гэж донтуулах зүйлс хэрэглэх эрсдэл нь өндөрсдөг.  Архидалтын сүүдэр, хор нөлөөний хамгийн гол хохирогч нь хүүхэд. Олон улсын жишиг ямар байна гэвэл, бодисын болон зан үйлийн донтой, гэр бүлийн амьдралд нь хортой нөлөө үзүүлж байвал эцэг эх байх эрхийг нь түтгэлзүүлдэг. Архинаас гарчих тэгэх үү гэж гуйдаггүй. Харин Монгол улсад шууд хорьдог, баривчлан саатуулдаг, торгодог л тогтолцоо үйлчилж байна даа. Ийм тогтолцоо үр дүнгүй, үрэлгэн.

Хүүхэд хэдэн насандаа хэрхэн ямар мэдрэмж авч байна гэдгийг шинжлэх ухаанаар нотолчихсон. Хүүхдийн амьдралын эхний 7 жилд хүний унаган ухаан (олдмол) суудаг гэж үздэг. Тэгэхээр, эхний 7 жилд авсан гэмтэл насан туршдаа үргэлжлэх магадлал өндөр. Өөрчлөхөд амаргүй гэсэн үг л дээ. Энэ нь тархины хөгжилтэй холбоотой. Тэр дундаа хүүхдийн эхний 3 жил бол тархины хөгжлийн тэсрэлтийн үе буюу хөгжлийнхөө 50 хувьд хүрчихдэг. Энэ үед авсан мэдээлэл үүрд үлддэг. 2-3 насанд хүн чанар сууна. Энэ миний юм, энэ чинийх, ингэх гоё, муухай, болно болохгүй гэдэг ухамсар суусан хүүхэд 20 жилийн дараа хулгай, дээрэм, залилан, авлигал хийх сэдэл төрдөггүй байх жишээтэй. Аливаа зүйлд донтох эрсдэл мөн эрс багасдаг. Түүнчлэн хүүхэд эхний 7 жилдээ аав ээж нь бие биенийгээ хэрхэн хайрладаг, бас бие биенээ хайрлахгүй байх, хүүхдээ яаж хайрлах гэхчлэнг тэднээс сурдаг. Аав ээж нь нэгнээ хайрладаг, тэрийгээ илэрхийлдэг, тогтвортой харилцаатай, асуудлаа шйидвэрлэдэг, хариуцлагатай, халуун дулаан байвал хүүхэд насанд хүрээд мөн тийм эхнэр нөхөр, эцэг эх болдог. Үгүй бол эсрэгээрээ. Бид цэцэрлэгийн наснаас боловсрол эхэлж байна гэж ойлгодог. Гэтэл үгүй. Бусад улс оронд бүр цалинтай ээж хөтөлбөрөөс буюу эхний 18 сар хүртэл нь аав ээж хүүхдээ гардаж өсгөхөд нь зориулсан бодлого, сургалт, зөвлөгөө үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг. Хүүхдээ хэвлийд байхаас нь, төрөх үеэс л хөгжилд нь анхаарч байна шүү дээ.  

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу. 

Эрэгтэй хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд аавуудын нөлөө хамгийн чухал орон зайг эзэлдэг

Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул: Эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлогийг ойлгож мэдэхийн тулд эхлээд эрэгтэй хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй юм. Эрэгтэй хүүхэд ирээдүйд хүний хань, эр нөхөр, аав болно. Тэр үед магадгүй зарим зөвлөгөө, ойлголтыг илүү эрт мэдсэнсэн бол гэж бодох байх. 

Эрэгтэй хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд аавуудын нөлөө хамгийн чухал орон зайг эзэлдэг. Олон улсын судалгаануудад "Аавууд хүүхэдтэйгээ харилцах харилцаа бага байх нь хүүхдийн хичээл таслалт, хоцролт, хорт зуршилд автах, ямар нэг эрсдэлтэй зан үйлдэл хийх, гэмт хэрэг үйлдэх магадлал өсдөг" болохыг харуулсан байдаг. 

Нэг жишээ дурдахад, Аавууд хүүхдүүдээ "ирээдүйд" хамгаалдаг. Харин ээж нар "одоо цаг" дээр хамгаалдаг. Эрэгтэй хүүхдүүд үсэрч харайгаад тоглоход ээж нар “Хүүе уначихна, боль” гэж одоо цаг дээр хамгаалдаг байхад аавууд хүүхдээ “Илүү дээшээ өндөр үсэр, харай” гэж хэлээд ард нь итгэлтэй хамгаалагч нь байж чаддаг.  Эрэгтэй хүүхдээ өсгөхдөө анхаарах зүйл нь хатуу чанга байлгахын тулд илүү их загнах ёстой гэсэн хандлагаар өсгөж болохгүй. Үүний оронд хүүхдээ илүү их сонсож, ойлгож, байгаагаар нь хүлээж авахыг хичээгээрэй. Хүч хэрэглэн, айлган сүрдүүлсэн байдлыг харангуутаа хүүхэд айгаад өөрчлөгдөнө, үгэнд орно гэж боддог нь маш буруу юм. 

Эрэгтэй хүн эмэгтэйчүүдийг бодвол илүү дотогшоогоо байдаг учраас тэр бүр бодол санаагаа илэрхийлэхгүй, хэлж ярьдаггүй. Үүнээсээ болоод сэтгэл гутралд орох эрсдэл ч өндөр байдаг. Гэтэл үнэндээ ийм дотогшоогоо байхад нөлөөлж байгаа зүйл нь гэр бүлийн уур амьсгал, тааламжгүй буруу харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс эрэгтэй хүүхдээ хайр дүүрэн өсгөөрэй. Дотоод сэтгэлээ нээн ярилцаж, хуваалцдаг, сэтгэлийн дархлаатай болгоорой. Эрэгтэй хүн "хүрэлт"-ээр хайрыг илүү их мэдэрдэг. Үүгээрээ эмэгтэй хүнээс ялгаатай. Магадгүй олон зүйл хэлэхээсээ өмнө эрэгтэй хүүхдээ, эр нөхрөө, аавыгаа тэвэрч, гарыг нь барьж, толгойг нь илэх зэргээр хайрлаж буйгаа илэрхийлээрэй. Ингэж хүрэлцэх үед окситоцины хэмжээ нь нэмэгдэж хайраар бялхан, тайвширдаг байна. 

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншаарай. 

Хүчирхийллийг харсан хүүхэд өөрөө хүчирхийлүүлсэнтэй адил сэтгэл зүйн гэмтэл авдаг

Гэр бүл судлаач доктор Б.Оюун-Эрдэнэ: Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж сэтгэл санаа, эдийн засаг, бие физиологи, бэлгийн эрх чөлөөнд нь халдаж эрүүл, аюулгүй, аз жаргалтай тайван сайхан амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлэхгүй байгааг гэр бүлийн хүчирхийлэл гэж үздэг. Нийгэмд олон төрлийн хүчирхийлэл үйлдэгддэг. Энэ дундаас гэр бүлийн хүчирхийлэл хамгийн харгис хүчирхийлэл юм. Хамгийн ихээр хайрлах ёстой ойр дотныхоо хүний эсрэг үйлдэж байгаа учраас харгис хүчирхийлэл гэдэг. Хамгийн сүүлд буюу 2018 онд хийсэн суурь судалгаагаар, Нийт судалгаанд оролцсон гэр бүлүүдийн 36.8 хувь нь ямар нэг хэлбэрийн хүчирхийллийн харилцаатай байна гэж гарсан. Нийт өрхийн 30-аас дээш хувьд нь хүчирхийлэл байна гэдэг нь өндөр тоо. Цагдаагийн байгууллагат ирж байгаа дуудлага мэдээлэл, нийгэмд гарч буй асуудлуудыг харахаар ихэнх нь ахуйн хүрээнийх буюу гэр бүлийн хүчирхийлэл байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гурван онцлогтой. Хүчирхийллийн аль нэг хэлбэр байгаа л бол нөгөө хэлбэрүүд давхар гарч ирэх магадлалтай байдаг. Эдийн засгийн, бие махбодын, бэлгийн хүчирхийлэл байвал сэтгэл санааны хүчирхийлэл давхар үйлдэгдэж байдаг.  Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн гол хохирогч бол хүүхэд. Гэр бүлийн хүчирхийллийг гаднаас нь харахад нэг гишүүн рүү чиглэсэн мэт боловч тэр гэрт хамт амьдарч байгаа бусад бүх гишүүд давхар хохирогч болдог. Ялангуяа, Хүүхэд хүчирхийллийг харж байгаа л бол өөрөө хүчирхийлүүлсэнтэй адил сэтгэл зүйн гэмтэл авдаг. Эцэг эхийн хоорондын харилцаанд хамгийн мэдрэг байдаг хүүхэд бол өсвөр насныхан. Энэ насныхан сэтгэл зүй, зан аашны хувьд тогтворгүй, дааврын өөрчлөлттэй холбоотойгоор том хүн болж байгаа гэх мэдрэмж, шилжилтийн нас, бие хүн болох, бие даах гэсэн хүсэл эрмэлзэл нь эцэг эхийн хоорондын зөрчлөөс болоод маш их өөрчлөгддөг. Ихэнх сэтгэцийн өвчин эмгэг өсвөр насанд илэрдэг гэх судалгаа ч бий. 

Нөгөөтээгүүр хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлэх магадлалтай. Багаасаа хүчирхийлэл дунд өссөн хүн өөрийгөө хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй, өөрийгөө хамгаалж эсэргүүцэх хандлагатай, бусдыг буруутгах, өшөө авах байдал нь давамгайлдаг. Ямар ч тохиолдолд хүний дор орохгүй, хүнд дээрэлхүүлэхгүй, ямар ч хамаагүй аргаар “би өөрийнхөө ноёрхлыг тогтооно” гэдэг тэмцэгч эрмэлзэлтэй болсон хүмүүс ирээдүйд “элит арслан хэв шинж”-ийн хүчирхийлэгч болох магадлалтай байдаг. Харин өөрийгөө хамгаалж чадахгүй, хүчирхийлэл доромжлол дунд маш их сэтгэцийн гэмтэл авсан, дутуу дулимаг мэдрэмжтэй өссөн хүмүүсийн зарим нь бусдад ая тал засдаг, аялдан дагалдаж өөрийгөө хамгаалах сэтгэл зүйтэй болчихсон байдаг. Энэ хүмүүс “хав арслан хэв шинж”-ийн  хүчирхийлэгч болох магадлалтай. Тиймээс хүүхэд насны суурь хүмүүжил, төлөвшил насанд хүрсний дараах тухайн хүний харилцаа хандлага, үйлдэл, сэтгэл зүйд нөлөөлдөг учраас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох ёстой.  Гэр бүлийн  хүчирхийллийг таслан зогсоож байж ирээдүйд бий болох хүчирхийлэгчдээс урьдчилан сэргийлж чадна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу. 

Уншигч та манай Сэтгэлийн дархлаа булангаас сэтгэл зүйн боловсрол мэдлэг олгох мэргэжлийн хүмүүсийн ярилцлага, зөвлөгөөнүүдийг 7 хоног бүр тогтмол унших боломжтой. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Focus on the family байгууллагын Монгол дахь төлөөлөгч байгууллагаас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.ДЭМБ-ын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 20

Судалгаа: 20-24 насны эхчүүд 4.7 дахин их сэтгэл гутралд өртдөг

ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр АУ-ны доктор, профессор Л.Насанцэнгэл, АУ-ны доктор Т.Ганцэцэг тэргүүтэй СЭМҮТ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн ажилтан, сэтгэцийн эмч, мэргэжилтэн бүхий... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 07

Санал болгох

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Гар хатаагч нь цаасан салфетка ашигласнаас1300 дахин их нян вирусыг гарт дамжуулах эрсдэлтэй

Халдварт өвчний 80 хувь нь хүрэлцэх замаар дамждаг. Тиймээс гараа бохирдсон даруйд нь 20 секундын турш савандаж угаах хэрэгтэй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө