2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Гэр бүлээ хуурсан эрчүүдийн 80 хувь нь эхнэрээсээ эгч эсвэл гадаад дүр төрх, бие бялдрын хувьд доогуур гэж үнэлэгдэхүйц эмэгтэйтэй харилцаанд орсон байдаг

— Ч. Баяржаргал   2022 оны 02 сарын 28

Гэр бүлийн харилцааны хамгийн том хямрал, асуудал нь гэр бүлээс гадуурх харилцаа буюу хууралт. Нэг удаа хуурсан бол ахиад хуурахгүй гэдэгт яаж итгэх вэ? Яаж гэр бүлээ авч үлдэх вэ? Гадны харилцаанаас эхнэр нөхрөө, гэр бүлээ хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ? Хуурч байсныг нь мэдсэний дараа хардалт, гомдлоо яах вэ гэсэн асуултууд тулгардаг. Тэгвэл энэ сэдвээр гэр бүлийн харилцаа, бэлгийн эмгэг судлаач, СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Г.Гантулгатай ярилцсанаа хүргэж байна.

Хууралт гэдэг зөвхөн бэлгийн харилцаанд орохыг хэлэхгүй байх. Ер нь яасныг хууралт гэх вэ?

Хууралт нь нэлээн өргөн хүрээний асуудал. Хосын дунд гуравдагч хүн орж ирэх, бэлгийн харилцаанд орохыг араар тавилт гэж ярьдаг ч заримдаа бэлгийн харилцаанд орохгүй, сэтгэл зүйн хувьд харилцаа үүсгэх, интернет орчинд цахим хаягаар хэн нэгэнтэй харилцаж өөрийн мэдрэмжээ хуваалцах, таашаал авах зорилгоор холбогдож байгаа зэрэг нь хууралтын хэлбэр болдог. Тиймээс хосууд "яг юуг хууралт гэж үзэх" талаараа анх харилцаа үүсгэсэн үеэсээ хоорондоо тодорхой ярилцах нь зүйтэй. 

Аль нэг хамтрагч нь найзтайгаа эсвэл хэн нэгэнтэй илүү элгэмсэг, арай дотно ярьж, харилцаж байгаа нь хамтрагчдаа хардалт төрүүлэх тохиолдол гардаг. Энэ байдлыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй өөрийг нь араар тавьж, хуурч байна гэж бодоход хүргэдэг. Харин нөгөө хүний хувьд эхнээсээ л бусад хүмүүстэй дотно байдлаар харилцдаг эелдэг байсан байж болно. Тиймээс бусадтай хэрхэн яаж ханддаг хандлагынхаа талаар хоорондоо ярилцаж ойлголцоогүйгээс болоод үгүйсгэл, маргаан зөрчлүүд үүсдэг. 

Өөр хэн нэгэнтэй сэтгэл зүйн хувьд, цаг анхаарал хандуулаад байгаа байдал нь хуурч буй мэдрэмж төрүүлж байгаа эсэх дээр нээлттэй ярьдаг байвал дараа дараагийн үл ойлголцол үүсэхээс сэргийлж чадна. 

Хосуудын харилцаа хөндийрөх нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх шалтгаан болоод байна уу. Ер нь хууралтын түгээмэл шалтгаан юу вэ? 

Мэдээж анх харилцаа үүсгэхдээ хэн хэндээ дурлаж, хайрлаж нийлдэг. Энэ гал халуун харилцаа нь яваандаа илүү хариуцлагатай, хамтын амьдралд шилждэг. Гэвч хоорондын халуун дулаан харилцаагаа орхиж болохгүй. Аль ч тохиолдолд хосууд маань халуун дулаан харилцаагаа хадгалж авч явахыг хичээх хэрэгтэй. Энэ харилцаа үгүйлэгдээд, дутагдаад ирэхээр өөр хэн нэгнээс хайх, нөхөх оролдлого хийх гээд байдаг. Харилцаа хөндийрөхөд нөлөөлдөг олон зүйлс бий. Тухайлбал, насжилттай холбоотойгоор бие махбодод илэрдэг физиологийн үйл явц, төрөлт, цэвэршилт, өөрийгөө хөгширч байна гэж бодон итгэлгүй болох гэх мэт.

Өөр нэг нөлөөлөх хүчин зүйл нь хүрээлэн байгаа орчин, найзуудын хүрээлэл, нийгмээс ирж буй мэдээлэл, үздэг кино, уншдаг ном зэрэг юм. Байнга үздэг мэдээлэл нь сэтгэл эмзэглүүлсэн, зовоосон, хүнд сэвдүүд байвал цаагуураа ийм зүйл байдаг юм байна гэсэн дохиог өөртөө өгөөд байгаа хэрэг. Найзуудын хувьд ч тэр зөв сонгож нөхөрлөх хэрэгтэй. 

"Ийм зүйл байж л байдаг шүү дээ, эр хүн бүрт л тохиолддог зүйл, амьдралын нэг хэсэг" гэх мэт баталгаажуулсан, идэвхжүүлсэн үг яриан дунд ороод ирэхээр араар тавилтыг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөх гээд байдаг талтай.

Тиймээс таныг хүрээлж байгаа орчин, харилцаа ямар байх ёстой вэ гэдэгт хосын аль аль нь анхаарах ёстой.

Хууралт, араар тавилтын тухайд эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгаатай байдал, нөхцөл байдлыг хүлээж авах хандлага ямар байдаг бол? 

Эрчүүдийн хувьд хууртагдсанаа мэдвэл маш түрэмгий зан авир гаргах, хамгийн хүнд хэлбэрүүдийг сонгож харилцах гээд байдаг. Тэвчиж чаддаггүй. Өөрөөр хэлбэл маш их шийтгэх арга хэмжээ авч байгаа байдал илэрдэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд өөр. Хууртагдсанаа мэдээд илэрхийлэх боловч арай уужуу, тайван, хүлээцтэй байдлаар хандах нь илүүтэй. 

Эрчүүдийн хувьд хуурахдаа “надаас хүн төрөхгүй штэ” гэдэг хандлага, яриа түгээмэл. Гэвч яг үнэндээ энэ нь өөрийгөө хаацайлж байгаа л хэлбэр. Надаас хүн гардаггүй, гэтэл эмэгтэй хүн хэвлийдээ хүүхэд тээдэг байж яагаад хуураад байгаа юм гэсэн үүднээс илүү жендертэй холбож үздэг нь буруу юм. Ийм маягаар өөрийгөө өмөөрч, хаацайлах нь бусад эрэгтэй хүнд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхэд нь түлхэц болох сөрөг талтай. 

Гэр бүлээс гадуурх харилцаа үнэхээр байдаг л зүйл мэт болчихсон уу? 

Эрэгтэй эмэгтэй хүмүүс насанд хүрэхээрээ их бага хэмжээгээр “хууралт байдаг” гэх ойлголттой болж, ийм зүйл тохиолдох л байх гэсэн дохиог өөртөө өгөөд байдаг. Эмэгтэйчүүд нь "Эрчүүд осолтой шүү" гэсэн байдлаар хандаж, хандлагаа хэдийн сөрөг болгочихсон. Энэ нь нэг ёсондоо хууралт үүсгэхэд түлхэц болж ч болох талтай.

Эрчүүдийн хувьд “эхнэр нь хуурах юм бол уучилна” гэж боддог боловч хэр барагтаа л уучлахгүй, байнгын санагдаж, түгшүүртэй, цагдсан байдалд орж харилцаа нь бүр хөндийрдөг.  Зарим нь “үнэхээр уучилж дахин боломж олгодог” боловч тал хувь нь харилцаагаа өөрчлөх гэсэн ч боломжгүй байсаар гэр бүл салалтаар төгсдөг.

Үнэхээр хууртагдаж байгаа үед яах хэрэгтэй вэ? Хуурч байгааг нь мэдсэн тохиолдолд хэрхэн хандах вэ? 

Гэр бүл гэдэгт ганц хүн байдаггүй. Хоёроос дээш тооны буюу аав ээж, хүүхэд гэх мэт олон хүний тухай яригдах асуудал. Тиймээс хууралт гарвал юуны өмнө болоод байгаа үйл явдлыг нухацтай харахын тулд тайвшрах боломжыг бие биендээ олгох нь чухал юм.  Сэтгэл хөдлөлд автсан, гомдсон, итгэлээ алдсан үедээ түргэдсэн байдлаар шийдвэр гаргах нь заримдаа салалт явагдсаны дараа харуусал, харамсал дагуулдаг. 

Тэгэхээр аль ч тохиолдолд ийм асуудал үүсвэл яаран шийдвэр гаргах гэлгүйгээр хэн хэндээ бодож тунгааж, гаргасан үйлдэл, болсон үйл явдлыг дүгнэх цэгнэх боломж олгох хэрэгтэй. Магадгүй хоорондоо ярилцах гэхээр яриа нь тэсрэлт, маргаан, хүчирхийлэл, түрэмгийлэх хэмжээнд хүрчих гээд байвал мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүлийн харилцааны мэргэжилтэнд хандаж асуудлаа хэрхэн шийдэх талаар гарцыг хайх нь зүйтэй.

Бий болгосон амьдралыг дуусгах нь амархан боловч хадгалж авч үлдэхийн тулд юу хийх хэрэгтэй талаар бодож, оролдож үзэх нь илүү чухал юм.

Сошиал орчинд эхнэр, нөхөр маань намайг хуурчихлаа гэж асуудлаа бичсэн, зөвлөгөө хүссэн хүмүүс их байдаг. Ингэж олон нийтийн сүлжээнд гэр бүлийн харилцааны асуудлаа дэлгэх нь ямар үр дагавартай вэ?

Зөвлөгөө өгч байгаа хүмүүс таны амьдрал, таны мэдрэмжийг мэдэхгүй. Та хоёрын туулсан амьдралыг та хоёроос илүү мэдэх хүн байхгүй. Хүмүүсийн хэлээд байгаа үг, зөвлөгөө нь ихэнхдээ өөрийн сэтгэл хөдлөл, амьдралын туршлага, өөр хэн нэгний үйл явдлыг хараад хэтрүүлсэн байдлаар илэрхийлсэн байдаг. Гэтэл гэр бүлийн харилцаа гэдэг хосуудын хувьд хамгийн үнэтэй зүйл нь учраас бусдын үгээр яаран дүгнэлт гаргахгүйг хичээгээрэй. 

Зарим тохиолдолд хуураагүй байхад л нэг нэгнээ хардаж сэрдээд, үл итгэсэн байдлаар хандаад байдаг. Ийм байдал харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Хардаж байгаа хүмүүсийн хувьд урьд нь ийм зүйл тохиолдож байсан, хэн нэгэнд хууртагдаж байсан тааламжгүй дурсамжтай нь холбоотой. Эсвэл эргэн тойрны хүрээлэл, найз нөхдөд нь ийм зүйл их тохиолддог, зовж шаналж байгааг нь харсан, энэ тухай яриа их өрнөдөг нь нөлөөлж болно. Эдгээр нь байнгын түгшүүртэй бодол төрүүлж, хийсвэрлэн хардах нөхцөл үүсгэдэг. Ийм тохиолдолд хосууд “би хуураагүй” гэж батлах оролдлого хийхийн оронд нээлттэй ярилцаж, дотно байдлыг үүсгэх нь ойлголцоход сайнаар нөлөөлнө.

Өмнөх үзэж туулсан зүйлээ өнөөдрийн амьдралтайгаа холиод байж болохгүй. Хэдийн хуудас эргэчихсэн байгаа учраас одоо байгаа амьдралдаа төвлөрөхийн тулд зарим зүйлийг ардаа үлдээх нь зүйтэй.

Харин ч байнга хардаж, хүндлэхгүй байгаа нь харилцааг улам хөндийрүүлэх сөрөг талтай. Нөгөө хүнээ гомдоож, цаашлаад хийсэн ч намайг буруутгана, хийгээгүй ч буруутгана гэсэн бодол төрүүлдэг. 

Нэг удаа хуурсан бол дахиад хуурдаг гэх ойлголтын тухайд?

Хоёр өнцгөөс харах хэрэгтэй. Заримдаа харилцааг хөндийрүүлэх алхмыг эмэгтэй хүн өөрөө хийчихсэн байдаг. Эр хүнийг гүндүүгүй, хатуу, юмыг өнгөрүүлж сураг гэсэн байдлаар ханддаг, багаас нь ингэж хүмүүжүүлдэг. Гэвч эрэгтэй хүн ч  бас мэдрэмжтэй шүү дээ. Энэ мэдрэмжийг нь үгүйсгэж сэтгэлд нь маш их харуусал бүхий гунигийг заримдаа бүсгүйчүүд санаандгүйгээр үлдээчихсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор хууралт дахин давтагдаж байж болох ч тэр хүн салалтыг хүсэхгүй байж болно. Сэтгэл зүйд нь дутагдаад байгаа хайр халамж хүссэн мэдрэмжийг бусдаас авахын тулд харилцаанд удаа дараа орох, магадгүй өөр өөр эмэгтэйчүүдтэй орох байдлаар илэрдэг. 

Нөгөө талдаа, дахин дахин хуураад байна гэдэг нь магадгүй эрэгтэй хүний төлөвшил, амьдралын хэв маягтай холбоотой үүсч болно. Эмэгтэйн зүгээс ямар ч асуудал байхгүй боловч тухайн эрэгтэй өөрөө бүрэн төлөвшөөгүй, хариуцлагын тал дээр дутуу дулимаг, хийж буй зүйлээ юунд хүргэхийг бодож тунгаахгүй байх нь давтан хуурах шалтгаан болдог. Тиймээс эрэгтэй хүн болгон ийм тийм гэж туйлширч болохгүй.

Манай редакцид хандсан ихэнх хүмүүс нь эмэгтэйчүүд байсан. Тиймээс таниас тодруулаад асууя. Гэр бүлээс гадуурх харилцаа, эрчүүдийн хууралтын талаар хийсэн судалгаа байдаг болов уу?

Гэр бүлийн харилцааны асуудал, хууралтын талаар манай улсад хийсэн судалгаа байхгүй ч бусад орны эрчүүдийн дунд хийгдэж байгаа судалгаа, гэр бүлээс гадуурх харилцаатай холбоотой асуудлыг харахад ихэнх эрчүүдийн хувьд “би мэдрэмж, сэтгэлийг л хүсдэг. Энэ зүйл байхгүй болчихоор би хуурч эхэлдэг” гэсэн хариулт өгсөн байсан.

Харин эмэгтэйчүүдийн хувьд гуравдагч хүн гарч ирэхээр ихэнхдээ залуухан, царайлаг байна гэж боддог нь өрөөсгөл ойлголт байв. Эрчүүдийн гэр бүлээс гадуурх харилцаанд орж байгаа нийт тохиолдлын 12 хувь нь л эхнэрээсээ царай зүс, бие бялдар, гадаад төрхөөрөө илүү хүнийг сонгодог. Үлдсэн 80 гаруй хувь нь өөрийн хамтрагчаасаа эгч эсвэл гадаад дүр төрх, бие бялдрын хувьд доогуур гэж үнэлэгдэхүйц эмэгтэйчүүдийг сонгож харилцаанд орсон байдаг. Үүний цаад шалтгаан нь тухайн эрэгтэй өөрөө өөртөө итгэх итгэл олж авах, өөрийг нь халамжилсан, бахархах бахдах сэтгэл өгөөд байгаа эмэгтэй дээр л очдог байна.

Эмэгтэйчүүд нөхөр нь араар тавьж байгаа нь бэлгийн амьдралтай л холбоотой, надаас таашаал авахгүй байгаа юм байна гэж боддог. Өөр хүнтэй бэлгийн харилцаанд ороод байгаа эрчүүдээс “эхнэрээсээ таашаал авахгүй байгаа учраас араар тавьж байна уу? гэж асууж судалжээ. Гэтэл 8 хувь нь л эхнэрээсээ таашаал авдаггүй, үлдсэн 92 хувь нь эхнэрээсээ бүрэн бэлгийн таашаал авдаг гэж хариулсан байна. 

Эрэгтэйчүүд эмэгтэй хүнээс хүндлэл, анхаарал, харилцааг хүсэмжлээд үүнийгээ авч чадахгүй болохоор өөрийг нь урамшуулж байгаа хэн нэгнээс сэтгэл зүйн дэм авч, аажимдаа илүү дотносох үүд хаалга болж, харилцаанд орсон байх нь нийтлэг тохиолддог. Тэгэхээр эмэгтэй хүний хүсдэг халуун дулаан мэдрэмжийг эрчүүд ч бас хүсдэг гэдгийг анзаарч ойлгох нь зөв болов уу.

Хуурсан бол уучлах, дахин боломж олгох тухайд мэргэжлийн сэтгэл зүйчийн хувьд та юу гэж зөвлөх вэ?  

Мартах эсвэл нэг удаадаа зүгээр өнгөрөөе гэдэг бол хамгийн буруу. Эмэгтэйчүүдэд "байдаг л зүйл, нэг удаадаа дуугүй өнгөрөөчих, хүүхдүүдээ бод" гэдэг зөвлөгөөг найзууд, гэр бүл нь өгөх гээд байдаг.  Харин ч зүгээр нүд аниад өнгөрөөх биш болсон асуудал юунаас болов гэдгийг олж гаргаж, илэрхийлж, хамтдаа шийдэж ярилцах нь чухал. Хуурсан шалтгааныг нь өөрөө мэдэхгүй, олж чадахгүй, дуугүй өнгөрүүлэх нь давтан хуурах байдлыг бий болгох эрсдэлтэй. Тиймээс шалтгааныг нь олох хэрэгтэй гэж зөвлөе. Эрчүүдийн зүгээс хуурах нь их гэж яригдаад байгаа учрыг дараах шалтгаануудаар тайлбарлая.

  • Зарим тохиолдолд эмэгтэйчүүд маань өөрөөсөө шаардагдах бүх зүйлийг хийгээд байгаа боловч эрчүүдээс өөрөөс нь шалтгаалсан хууралт байж болно. Тухайлбал, хувь хүний өөрийн төлөвшил. Бэлгийн амьдралын хувьд хангалттай өөрийгөө хөгжүүлж таньж мэдээгүй байхдаа гэр бүл үүсгэх зэрэг нь сонирхох байдлаар хуурч байж болох.
  • Тухайн эрэгтэй хариуцлагын хувьд дулимаг ойлголттой байх. Байх л ёстой зүйл юм шиг байдлаар хандаж, хамтрагчаа хэрхэн зовж шаналах талаар бодолцохгүй, үр дагавар нь гэр бүл салалт гэдгийг ч ухамсарлахгүйгээр хийх тохиолдол байдаг.
  • Хорт зуршил буюу дон. Согтууруулах ундааг их хэмжээгээр, хяналтаа алдтал хэрэглэх, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэх, үүнтэй холбоотойгоор сэргээшийн үйлчилгээ үзүүлж бэлгийн идэвхийг нэмсэн байх зэргээр харилцаанд орох нь хууралтын нэг шалтгаан. Мөн үүнд хувь хүний бэлгийн дур ихсэх эмгэгүүд ордог. Хувь хүн өөрийн бэлгийн харилцааг их байлгахыг хүсдэг ч хамтрагчын хувьд эсэргүүцвэл, дутуугаа бусдаас авах байдлаар хуурч эхэлдэг. Ийм байдлаар  хамтрагчаасаа хэт их хүсээд байвал ярилцах хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн эмчид хандаарай.
  • Салахын тулд хуурдаг. Аль хэдийн сэтгэл нь хөрчихсөн байх. Өөрөө салъя гэж хэлэх гээд чадахгүй болохоор хэргээр хэн нэгэнтэй уулзаж, шалтгаан үүсгэдэг.  Эсвэл гэр бүлийн хүнээсээ сэтгэл зүйн болон бэлгийн харилцааны хувьд бүрмөсөн холдож, хөндийрсөн байхдаа дараачийн гэр бүл болох хүнээ хайхын тулд хамтрагчаа хуурч харилцаа үүсгэдэг.
  • Эрчүүдийн хоорондын аман яриа. "Эрчүүдэд ийм зүйл байдаг шүү дээ. Нэг үзэлгүй л яахав" гэдэг үг яриа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж, нөхцөл байдал нь үүсэх үед татгалзахгүйгээр бэлгийн харилцаанд орох, араар тавих суурь болдог. Тиймээс ийм хүмүүсийн дунд байгаа бол хэний дунд ямар мэдээлэл авахаа ухамсарлан бодох хэрэгтэй. 
  • Дурлал, хамтын амьдрал хоёрынхоо ялгааг гаргаж чадахгүй байх нь хууралт үүсгэхэд нөлөөлдөг. Дурлал нь сэтгэл хөдлөл давамгайлсан, сайн сайхан зүйл дээр л оргилоод байдаг. Гэтэл амьдрал бол жаргал, зовлон аль нь ч тохиолддог. Амьдралыг зөвхөн дурлал шиг байхаар төсөөлөөд байдаг. Ингээд хамтын амьдрал үүсгээд эхлэх үед магадгүй эмэгтэй нь хариуцлага ярихаар “чи уйтгартай, мэдрэмжгүй болчихлоо, өөрчлөгдсөн байна” гэдэг. Нөгөө анх дурласан үе шигээ байнга оргилсон байлгах гээд өөр хэн нэгэн рүү явдаг. Энэ нь амьдралыг үзэх үзэл бодолтой мөн холбоотой.
  • Цөөн тохиолдлын хувьд бага насны бэлгийн амьдралтай холбоотой, хүчирхийлэлд өртсөн нь нөлөөлдөг. Эрэгтэй хүмүүсийн хувьд бага насандаа  бэлгийн амьдралтай холбоотой дүрс бичлэг үзэх, хэн нэгний бэлгийн харилцаанд орж байгааг харах зэргээр бага насны гэмтэл авсан тохиолдолд ямар нэг асуудал тулгарвал хуучин сэтгэл зүйн гэмтлээ түр мартах зорилгоор тэрэнтэйгээ төстэй мэт үйлдлүүдийг хийх гээд хуурдаг. 
  • Зарим эрчүүдийн хувьд маш их хувиа хичээсэн зантай нь холбоотой. Зөвхөн өөрийн мэдрэмж, хүслийг чухалчилж араар тавидаг. Би би гэсэн эго өндөртэй. Ийм хүмүүс "Бүх юм минийхээр байх ёстой, миний хүслээр байх ёстой" гэж боддог. Би л хүсч байгаа болохоор энэ хүнтэй сууна гэж бодохоос биш хийж байгаа зүйлийн үр дагавар нь хэн нэгнийг зовоож гомдоож байна уу гэдгийг боддоггүй. Эсвэл хэт их бардам, өөрийгөө бусдаас дээгүүр гэж үнэлдэг хүмүүст хуурах байдал илэрдэг. Баян чинээлэг зэрэг үнэлэмжээр өөрийгөө харж байгаа хүн “би ер нь бүх зүйлийг хүртэх ёстой, би бусдаас илүү" гэсэн амьдралд хандах үзэлтэй нь холбоотой.  

Эдгээрийг маш сайн ажиглах, нээлттэй ярилцаж таньж мэдэх нь ямар шалтгаанаар харилцаа хөндийрч байгааг мэдэхэд тусална. 

Уучилж хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр болсон бол цаашид юун дээр анхаарах хэрэгтэй вэ. Дахин хуурахгүй гэдэгт нь яаж итгэх вэ?

Боломж олгосон гэх боловч үлдсэн амьдралынх нь туршид шүүн шийтгэх, цагдан буруутгах, жаахан л зүйл болохоор өнгөрснийг нь сануулах байдлаар шийтгээд байдаг. Үнэхээр л амьдралаа цааш нь үргэлжлүүлье, боломж олгоё гэж ярилцаж шийдсэн бол ардаа үлдээх хэрэгтэй. Гэвч ийм сонголт хийсэн ч итгэж чадахгүй, сэтгэл дотроос гараад байгаа зүйл нь  эсэргээрээ сөрөг байгаад байвал гэр бүлийн сэтгэл зүйн засалд орохыг зөвлөж байна. 

Болгох гээд, бүтээх гээд хичээсэн ч чадаагүй гэсэн түүхүүдийг олон сонссон. Ямар тохиолдолд тэр харилцааг дуусгах вэ?

Итгэлээ бүрэн алдсан тохиолдолд буцааж олоход хэцүү. Хууралтын асуудлаас болж үр хүүхдэдээ сөрөг үр дагавар, нөлөөлөл үзүүлж байгаа бол шийдвэр гаргаж, магадгүй өндөрлөх ёстой болжээ гэж үзнэ. Хоорондоо нийлье гэж ярьж шийдсэн ч жаахан асуудал үүсэхэд өнгөрснийг яриад, гэр бүл дотор маргаан, хүчирхийлэл, асуудал үүсч хүүхдийн аюулгүй, зөв өсөж бойжиход нь нөлөөлж байвал салах алхмыг хийх шийдэлд хүрч болзошгүй. Ямар ч тохиолдолд та хоёрын хийж буй сонголт хэн нэгнийг өвтгөж, зовоохгүй л байх ёстой. Харин цаашаа хамт явахаар шийдсэн бол алдсан хүнээ дахин дахин гэмшүүлж шийтгэх хэрэггүй. Тэгэх бүрдээ өөрөө ч гэсэн сэтгэл дотроо шанална. 

Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхгүйн тулд нэг нэгэндээ цаг гаргах нь маш чухал. Хамгийн дотны хүндээ хүн хамгийн их хүндлэл үзүүлж, халуун дулаан сайхан мэдрэмж төрүүлж, чин сэтгэлийн урмын үг хэлж урамшуулдаг байхыг хосууддаа дахин хэлье. 

Хоёр биендээ итгэх, итгэлцэлээ хэрхэн бат бэх байлгах вэ?

Чамаас өөр сайхан, чадвартай, мэдлэгтэй хүн зөндөө байгаа. Гэвч хамтрагчын хувьд зөвхөн таныг л сонгочихсон байна. Тиймээс “энэ хүнийхээ итгэл, чамайг сонгосон сонголтыг нь хүндэтгэх” үүднээс илүү хариуцлагатай, илэн далангүй, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Ингэж чадвал итгэлцэл улам батажна. 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө