2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

ЭМЧИЙН ӨРӨӨ

"Ковид-19"-ийн халдвартай хүүхэд бөгшүүлж, хөхүүлж ханиах зэргээр хүндэрвэл эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй

— Ч. Баяржаргал   2021 оны 10 сарын 13

Коронавирусын тархалт өндөр, нас баралт буурахгүй байгаа энэ үед бага насны хүүхдүүд ч мөн халдварт ихээр өртөж байна. Мөн хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуу болон “Ковид-19” халдварт өвчний шинж тэмдгийн ялгаа, урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөгөө хүргэхээр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Хүүхэд, өсвөр үеийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Есүтэй ярилцлаа.

Коронавирусын халдвараар өвчилж байгаа хүмүүсийн хэдэн хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна вэ?

Манай улсад халдвар авч буй нийт хүмүүсийн 20 орчим хувийг, хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн  7-8 орчим хувийг хүүхэд эзэлж байна. Өвчлөлийн байдал хүүхдийн дархлааны систем болоод бие махбодын онцлогтой холбоотойгоор хүнд, хөнгөн хэлбэрээр илэрдэг. 

Өсвөр насны хүүхэд, эсвэл хоёроос бага насныхан хүнд, хүндэвтэр хэлбэрээр илүүтэй өвчилж, хүндрэх, уушгины хатгалгаа болоод бусад хүндрэл үүсэх эрсдэл өндөр байгаа. 

Ер нь хүүхэд хэт туранхай, эсвэл жингийн илүүдэлтэй, рахит сульдаа, цус багадалт, харшлын эмзэгшил зэрэг суурь эмгэггүй, өөр эрхтэн тогтолцооны архаг хууч өвчингүй, эрүүл буюу дархлалын систем хэвийн өсөж байгаа тохиолдолд амьсгалын замын болоод бусад өвчлөлд өртөх нь харьцангуй бага байдаг. Өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр өвчлөөд, хүндрэлгүйгээр эдгэрдэг.

Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн хяналтад, гэрээр эмчлүүлж байгаа хүүхдүүдэд ямар эмийн багц хүргэж байна вэ. Халдвар авсан хүүхдийн эцэг, эхчүүдэд юуг анхааруулах вэ?

ӨЭМТ-өөс хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр янзын эмчилгээний багцыг олгож байгаа. “Ковид-19”-ийн халдвартай хүүхдийн эмчилгээг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/549 дугаар тушаалаар зааж өгсөн. Гэрээр эмчлэгдэж байгаа хөнгөн хэлбэрийн оноштой хүүхдэд дархлаа дэмжих, шинж тэмдгийн эмчилгээ хийгдэнэ. Үүнд, 

  • Шингэнийг ердийнхөөс их уулгах, 
  • Насанд нь тохирсон хоолоор хооллох, 
  • Халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор парацетамол эсвэл ибупрофен эмийг эмчийн заавраар уух, 
  • С витаминыг 250-1000 мг-аар өдөрт нэг удаа, 
  • 400-1000-тай Д витаминыг олон улсын нэгжээр өдөрт нэг удаа ууна. 

Харин ӨЭМТ-өөс хүүхдийн биеийн байдалд өдөрт хоёр удаа хяналт тавин, тогтмол үнэлэх шаардлагатай.

Эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх заалттай хүүхдүүд бас бий. Тухайлбал, ханиалга нь нэмэгдэн бөгшүүлж, хөхүүлж ханиах, халуунгүй үед амьсгалын тоо олширч, хоёр сар хүрээгүй хүүхэд минутад 60 ба түүнээс олон, 2-11 сартай хүүхэд минутад 50 ба түүнээс олон, 1-5 настай хүүхэд минутад 40 ба түүнээс олон амьсгалж байвал, цээж хонхолзох, цустай цэр гарах, хүндрэх магадлалтай хүүхдүүдийг онцгой анхаарах ёстой. Түүнчлэн эрсдэлт бүлэг болох чихрийн шижин, багтраа, зүрхний дутагдал, уушгины архаг өвчин, хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан, тураал, сульдаа, цус багадалт, харшлын эмзэгшил зэрэг суурь эмгэгийн хүнд хэлбэртэй хүүхдүүд халдвар авбал зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

Бас нэг анхааруулах зүйл нь зарим эмийг хүүхэд хэрэглэж болохгүй гэсэн заалттай байдаг. Мөн насаар зааглан ялгадаг. Хүүхдийн биеийн жинг кг-аар тооцон эмийн тунг эмч тогтоож өгдөг тул ямар ч өвчний үед заавал эмчийн заалтаар эмчилгээ хийж байгаарай гэж зөвлөе. 

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн томуугийн тархалт нэмэгддэг. Анхааруулах зүйл юу байна вэ?

Манай улсад жил бүрийн хүйтэн сэрүүний улирал буюу аравдугаар сарын дунд үеэс гуравдугаар сарыг дуустал амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үе тохиодог. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг аравдугаар сар гэхэд улс орон даяар хийж, эрсдэлт бүлгийн хүмүүс болох бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүсийг хамруулаад хэвшсэн. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас есдүгээр сард хамруулсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар томуу, томуу төст өвчний дэгдэлт бага байлаа. 

2019 оноос хойш төрсөн хүүхдүүд томуугийн хүрээний ямар ч вируст байгалийн болон вакцины дархлаагүй байгаа гэсэн үг юм. 

Энэ жил 2-3 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжгүй, гэртээ байгаа. Тэдэнд ах, эгч, аав, ээж, насанд хүрэгчид халдвар дамжуулдаг гэдгийг санаж, дор бүрнээ өндөр хариуцлагатай байх шаардлагатай байна.  

Хүүхдийг амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхэд суурь эмгэггүй л байвал өвчлөлд бага өртдөг, хөнгөн өвчилдөг тул хамгийн гол зөвлөгөөг өгье. Хүүхдийг гэр, сургууль, цэцэрлэг дээр нь ч өөрийн гэсэн тусдаа аяга, таваг, усны сав, алчуур, саван хэрэглүүлж байх хэрэгтэй. Сүүлийн үед манай эцэг, эхчүүд энэ талын ойлголт, эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаа нь сайшаалтай. Аяга, тавгийг нь тусад нь хэрэглүүлж байгаа ч гэрийн бусад гишүүнийхтэй холиод нэг дор угаачихвал энэ огт үр дүнгүй гэдгийг анхаараарай. Аяга тавгийг тусад нь байлгаснаар ходоодны хавдар үүсгэх хеликобактери, томуу, ковид гээд бүх л халдвараас та хүүхдээ хамгаалж чадна.

Мөн хүүхдийг насанд нь тохирсон хоолоор хооллох, улиралд нь тохируулан хэт бэгнэхгүй, хэт дааруулахгүй, хөлөргөхгүй хувцаслах, боломжит насны хүүхдүүдийг амны хаалт тогтмол зүүлгэх, эрт унтуулж амраах, шингэн хангалттай уулгах, давс, содын уусмалаар хоолойг нь зайлуулж сургах, өдөр бүр хувцсыг нь солиулж, усанд оруулж байх, өвдвөл дор бүр нь эмчлүүлэн, эрүүлжүүлэх зэрэг энгийн юм шиг хэрнээ эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой дадал зуршлуудыг хэвшүүлээрэй.  

Хүний нийлэгждэггүй буюу хүнс, тэжээлээс нөхөгддөггүй амин дэм болох А, Д амин дэмийг заавал нэмэлтээр уулгах шаардлагатай. А амин дэмийг жилд хоёр удаа ӨЭМТ-үүдээр дамжуулан 6-59 сартай хүүхдүүдэд тогтмол олгож байгаа бөгөөд Д амин дэмийг өдөр тутам урьдчилан сэргийлэх тунгаар уухыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө