2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ЭМЧИЙН ӨРӨӨ

Л.Хануй: Цээжээр гашуун оргиж удаан явах нь улаан хоолойн хавдар үүсэх нэг шалтгаан

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 24

Хүн амын дунд зонхилон тохиолддог тэргүүлэх таван хорт хавдрын нэг болох улаан хоолойн хорт хавдрын шалтгаан, урьдал өвчин, оношилгоо, эмчилгээний талаар Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч, хавдар судлаач Л.Хануйтай ярилцлаа. 

Улаан хоолойн өвчлөлийн шалтгаан, хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс нь юу вэ? 

Улаан хоолойн хорт хавдар нь эсийн түвшинд хоёр өөр төрлийн хавдар зонхилон тохиолддог. Эдгээр нь булчирхайлаг эсийн болон хавтгай хучуур эсийн хавдар. Хавтгай хучуур эсийн хавдар нь дийлэнхдээ улаан хоолойн дээд хэсэг буюу дээд, дунд 1/3-д, булчирхайлаг эсийн хавдар нь доод 1/3-д тохиолддог.

Энэ хоёр төрлийн хавдар хоорондоо ялгаа ихтэй, үүсгэх эрсдэлт хүчин зүйлс нь ч мөн ялгаатай. 

  • Улаан хоолойн хавтгай хучуур эсийн хавдар үүсэхэд тамхи хамгийн их эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн архи уухаар нүүр нь улайдаг хүмүүс спиртийн төрлийн ундаа хэрэглэх нь энэ төрлийн хавдар үүсэх эрсдэлийг огцом нэмэгдүүлдгийг анхаарууштай.   
  • Улаан хоолойн доод 1/3-т тохиолддог булчирхайн эсийн хавдар нь дийлэнхдээ урьдал өвчнөөс шалтгаалж үүсдэг. Тэр дундаа улаан хоолой, ходоодны сөөргөө өвчин гол хүчин зүйл нь болдог. Манай улсад сөөргөө өвчтэй хүн маш их.

Жирийн үед хүний улаан хоолой ба ходоодны заагт ходоодны агуулахуун улаан хоолой руу сөргөж урсахаас сэргийлсэн хунигч булчин байдаг. Энэ булчингийн үйл ажиллагаа суларсны улмаас ходоодон дахь хүчиллэг агуулахуун дээшээ улаан хоолой руу урсаж сөөргөө өвчин үүсч цээж гашуун оргидог. Ийм өөрчлөлттэй удаан хугацаанд явснаар улаан хоолойн хавдрын урьдал өвчтэй болох улмаар хавдарт шилжих магадлал маш их нэмэгддэг.

Сөөргөө өвчин хүмүүсийн дунд түгээмэл тохиолдож буйн шалтгаан юу вэ? Сөөргөөг бүрэн эмчлэх боломжтой юу? 

Сөөргөө өвчин нь голдуу амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Буруу хооллолт тэр дундаа хэт хурц шарсан хуурсан хоол идэх, тамхи татах, архи уух, кофе ихээр хэрэглэх зэрэг нь ходоод улаан хоолойн доод хэсэгт байрлах хунигч булчинг сулруулж цээж гашуун оргиход нөлөөлдөг. Мөн илүүдэл жин, таргалалттай хүмүүс сөөргөх нь элбэг. Ходоодыг гаднаас нь илүүдэл өөх шахна гэсэн үг л дээ.

Түүнчлэн хоолгүй удаан явах, нэг дор хэт их идэх, хүчиллэг хоол хүнс их хэрэглэх, хэвлийн хөндийн даралтыг шахах буюу корсет байнга зүүх, хоол идчихээд шууд хэвтэх зэрэг буруу хэв маяг нь улаан хоолойн урьдчил өвчин болох сөөргөө үүсэхэд нөлөөлнө. Мөн хеликобатерийн халдвар байна. Хеликобактерийн халдвар нь сөөргөө үүсэхэд нөлөөлдөг талаар тодорхой судалгаанууд бий.  Сөөргөө үүсэх өөр нэг шалтгаан бол өрцний ивэрхий.

Цээжээр гашуун оргидог гээд зүгээр яваад байж болохгүй. 

Сөөргөө өвчнийг эрт үе дээр нь эмчилснээр хавдарт шилжихээс урьдчилан сэргийлж чадна. Сөөргөөгийн үед эмийн эмчилгээ сайн үр дүнтэй. Өрцний ивэрхийн шалтгаант сөөргөө өвчний үед мэс заслын эмчилгээ хийдэг бөгөөд энэ нь үр дүн их сайн байдаг.  

Улаан хоолойн өвчлөл, хавдрыг хэрхэн оношилдог вэ? Ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ?

Улаан хоолойн хавдрыг ходоодны дурангаар оношилдог. Хамгийн оновчтой, дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн оношилгооны арга юм.

Манай улсад хавдрын дийлэнх тохиолдол хожуу үедээ оношлогдож байгаа нь харамсалтай. Улаан хоолойн эсвэл ходоодны хавдартай хүмүүс ихэвчлэн зовуурь илэрсэн үедээ л эмнэлэгт ирж дурандуулдаг. 

Нэгэнт зовуурь илэрсэн үед хавдрын эрт үе шат хэдийн өнгөрчихсөн, хүндэрсэн байдаг. 

Тиймээс ямар ч шинж тэмдэг илрээгүй, горойхгүй, цээжээр хорсоогүй, өвдөөгүй байхдаа л дурандуулж оношлуулах хэрэгтэй. Шинж тэмдэггүй үедээ дурангийн оношилгоогоор илэрсэн хавдар нь эрт үеийн хавдар байх магадлалтай. Эрт үеийн хавдар бүрэн эдгэрэх боломжтой.

3,4-р шатандаа орвол  эдгэрэх магадлал буурна. Ер нь улаан хоолойн хавдар дэлхий нийтэд үхэл өндөртэй, тавилан муутай хавдарт ордог. Нас баралтаар зургаад орж байна. Манай улсын тэргүүлэх таван хавдрын нэгт  улаан хоолойн хорт хавдар ордог. Тиймээс эрт үед нь илрүүлж эмчлүүлэх нь маш чухал. 

Улаан хоолойн хавдарт удамшил хэр нөлөөтэй вэ? Амьдралын хэв маяг, хооллолтдоо анхаарснаар хавдраар өвчлөхгүй байх боломжтой юу?

Бүх хавдар дээр удамшил, амьдралын орчин яригдана. Хорт хавдар нь өөрөө генийн өвчин бөгөөд өвчин үүсэх нөхцөл нь молекулын түвшинд бий болдог. Хүн хөгшрөх тусам хүний биеийн эд эс, молекулын түвшинд алдаа гарах магадлал ихэсдэг. Үүнийг дагаад хавдар үүсэх эрсдэл ч нэмэгдэнэ. Иймээс хорт хавдраас бүрэн урьдчилан сэргийлэх гэдэг өөрөө амаргүй л дээ. Уушгины хавдрын тухайд бол тамхи татахгүй байх нь хавдар тусахгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг нь батлагдсан. Бусдаар бол хавдраас 100 хувь урьдчилан сэргийлэхгүй юмаа гэхэд эрт үед нь илрүүлэх нь нэн чухал. Хавдар үхлийн өвчин биш. Эрт үедээ илрүүлж чадвал эдгэрэх, эмчлэгдэх боломжтой.

40-өөс дээш насныхан жилд нэг удаа ходоодоо дурандуулчихдаг байх хэрэгтэй. 

Улаан хоолойн хавдрыг эрт үед нь илрүүлж чадвал хими туяа эмчилгээ, том мэс хийлгэх шаардлагагүй. Дурангийн аргаар хуулаад л авчих боломжтой.

Улаан хоолойн хорт хавдрын мэс засал, эмчилгээ Монголд хэр хөгжсөн бэ? 

Улаан хоолойн хавдрын эмчилгээ, тэр дундаа хожуу шатны хавдрын үеийн эмчилгээ нь олон мэргэжлийн багийн оролцоотой мэс засал эмчилгээ, хими туяа эмчилгээг хавсруулан хийдэг. Барууны ба Азийн эмчилгээний аргачлал зарчмын хувьд их зөрүүтэй байгаа. Манай оронд улаан хоолойн хорт хавдрын мэс засал эмчилгээ ХСҮТ болон Интермед эмнэлэгүүдэд л хийгддэг.

Мэс заслын хувьд цээжний хөндий, хэвлийн хөндий гэх мэт олон хөндийг хамарсан эрхтэн учраас нэлээн хүнд төрлийн мэс засалдаа ордог. Хүндрэл эрсдэл өндөртэй, мэс заслаас хамаарсан нас баралтын эрсдэл ч ихтэй.

Хорт хавдрын эмчилгээнд мэс заслаас гадна хими эмчилгээ, дархлаа эмчилгээ хийдэг. Монголд дархлаа эмчилгээ албан ёсоор орж ирээгүй. Хавдрын эмчилгээг цогцоор нь хийж чадахгүй байгаа учраас манай улс маш их хоцорч яваа гэж хэлж болно. Химийн эмчилгээ хийдэг ч стандарт химийн эмчилгээ л байна. Зарим эм тариа олдоц багатай байдаг.  

Гэтэл дэлхий дахинд улаан хоолойн хорт хавдрын үед мэс засал хийхийн өмнө эрт үеээс бусад шатанд нь хими эмчилгээ хийдэг. Дээр дурдсанчлан Япон, Солонгост мэс заслын өмнө эдгээр эмчилгээг хийдэг. Барууны улсууд хими, туяа эмчилгээг түрүүлж хийдэг. Энэ жишгийг манайх дагахад бэрхшээлтэй хэвээр байна. Эм тарианы дутагдал, туршлага дутмаг гэх мэт асуудлууд бий. 

Гэхдээ сүүлийн жилүүдэд урагштай байна. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхахаар хичээн ажиллаж буйтай адил дэлхий дахинд ч гэсэн улаан хоолойн хожуу шатны хорт хавдрын эмчилгээгээ нэгэн зарчмаар хийдэг болох талаар дэлхийн эрдэмтэд байнга зөвлөлдөж судалгаа хийсээр байгаа. 

Бусад төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, төвлөрлийг бууруулах чиглэлээр салбар яамнаас бодлого хэрэгжүүлж байгаа. УХТЭ-т энэ төрлийн мэс засал, эмчилгээг хийж эхэлсэн үү? 

Улаан хоолойн хорт хавдрын мэс засал Монголд маш цөөхөн хийгддэг. Миний мэдэхээр ХСҮТ, Интермед эмнэлэгт хийж байгаа. Харин хорт хавдрын бус гаралтай улаан хоолойн өвдөлтүүдийг бусад төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хийж байна.

УХТЭ-т энэ төрлийн мэс заслыг дэлгэрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. Ер нь бүхий л хавдрын мэс засал, эмчилгээг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгүүдэд нэвтрүүлэх, хавдрын тусламж үйлчилгээний ачааллыг хуваалцах, төвлөрлийг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. Би УХТЭ-д цээжний хөндийн мэс заслыг хөгжүүлэх багт ажиллаж байна. Бид хавдар бүхий улаан хоолойг дурангийн аргаар авах мэс заслыг хийж эхлээд байгаа.

Хорт хавдрын дурангийн мэс засал хийхэд ямар шаардлага тавигддаг вэ? Эмч мэргэжилтнүүд хэрхэн бэлтгэгдэж байна вэ?

Дурангийн мэс засал дэлхийд маш өндөр хөгжсөн арга. Нээлттэй мэс заслыг бодоход мэс заслын дараах өвдөлт, хөнөөл багатай. Хүндрэл гарах магадлал хамаагүй бага гэх мэт давуу талуудтай. Харин техникийн хувьд шинэ учраас нээлттэй мэс заслаас арай хэцүү. Манайд эмч мэргэжилтнүүд дадлагажаад амжилттай хийж байгаа. Тухайн өвчтөнд хамгийн эрсдэл багатай аргыг нь сонгож мэс засал хийдэг. Түүнээс бүх тохиолдолд дурангийн аргаар хийнэ гэхгүй л дээ.

Бас нэг таатай мэдээ гэвэл, УХТЭ-т Хими эмчилгээний тасаг нээгдэж байгаа. Энэ сараас хими эмчилгээ хийж эхлэхээр төлөвлөсөн. Дүүргийн эмнэлгүүдэд мөн хими эмчилгээ нээгдээд эхэлсэн байсан. Гэх мэт зөвхөн ХСҮТ-д төвлөрдөг, ачаалал ихтэй байдаг хими эмчилгээний ачааллыг бууруулах зорилгоор бусад төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд хими эмчилгээг хийж эхэлж байгаа нь сайн хэрэг.

Цаашлаад хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж элхэхээр ажиллаж буй. Хавдрын тусламж үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас хариуцдаг болсон учраас аль болох хүндээ ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж эхэлсэн.

 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө