2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ТОД ТУСГАЛ

М.Анхцэцэг: Хамгийн дуртай ажлаа олсон хүн хамгийн сайнаараа хийдэг

— Б.Батцэцэг   2021 оны 12 сарын 28

Алтан охин хэмээн монголчууд нандигнан хайрлах болсон Мөнхжанцангийн Анхцэцэгтэй ярилцах хүсэл Токиогийн олимпын үеэр төрсөн билээ. Дөрвөн сартай нялх үрээ орхиод олимпын бэлтгэлдээ гарсан гэсэн, гэтэл хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсандаа мөн ч их харамссан байх даа гэх бодол ярилцах өдөр хүртэл үе үе орж ирсээр байв. Удаан бодсон уг асуултад, “Токиогийн олимпоос медаль аваагүй нь миний хувьд тийм ч том харамсал байгаагүй” гэж чин сэтгэлээсээ бодох ч үгүй хариулав. Үргэлжлүүлэн, “Миний өмнө орж медаль авсан гурван эмэгтэй юу эсийг золиосолж, ямар тэвчээр гаргаж медаль авч байгаа нь ойлгомжтой. Тэгээд ч монголчууд намайг медаль аваагүй ч маш их хайрлаж байсныг би мэдэрсэн” гэсэн юм.

Хайрлаж хүндлэхээс аргагүй уужим, энгийн даруу, үзэсгэлэнтэй сайхан нээрээ л “алтан” охин мөн гэдгийг дээрх хариулт хийгээд ярилцлага эхлэхийн өмнөх цөөн хормын хөөрөлдөөн дундаас олж харав. Ярилцлага хийхээр товлосон цагтаа амжихын тулд түгжрэл дунд машинаас буун алхаж гоёлын нимгэн тиркотой жиндэж даарсаар орж ирэв. Би дэлхийн аварга болоод долоо ч хоноогүй "том амьтан" байсан бол сэтгүүлчийг хүлээж бай гээд дулаан машиндаа түгжирч суух байсан биз... Хүндийг өргөлтийн Дэлхийн аварга, МУГТ М.Анхцэцэгтэй ярилцсан ярилцлагыг уншигч та бүхэндээ зориулъя.

 Би өөрөөрөө бахархаж байна

Монголчууд угаас танд хайртай, баярын өмнөхөн дэлхийн аварга болоод одоо магадгүй бүр ч гайхалтай байж болох цаг хугацаа таарч байна уу? Та юу бодож, юу мэдэрч байна вэ?

Би хүндийг өргөлтөөр 14 дэх жилдээ хичээллэж байна.16 настай байхдаа л дэлхийн аваргаас медаль авах хэмжээнд бэлтгэлтэй байсан. Магадгүй тохироо нь бүрдээгүй болохоор медалаас атгаад алдсан,  тэмцээнд муу орсон үе олон байсан. Анх 2015 онд медалиас мултарч байсан бол зургаан жилийн дараа дэлхийн аваргын алтан медал авсандаа хязгааргүй их баяртай байна. Маш олон хүний өрийг төлж байгаа юм шиг л. Амсхийж, урт амьсгал гаргаж байгаа юм шиг, их л гоё мэдрэмж... Өөрөөрөө бахархаж байна. Амжилтыг минь бүтээлцсэн баг хамт олон, аав ээж, хань минь болон үргэлж хажууд дэмжиж байсан бүх хүмүүстээ талархаж байна. Арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн өдөр минь болдог, энэ сарыг одоо өмнөх жилүүдээс илүү хүлээдэг болоод байгаа. 2018 оны арванхоёрдугаар сард би салбар спортынхоо анхны дэлхийн медалийг авч байсан учраас шинэ жилийн өмнөхөн Монголын хүндийг өргөлтийн спортынхны баяр бас болдог.

Дэлхийн аварга болж ирээд цөөхөн хэд хоног өнгөрч байна. Энэ хугацаанд ямар үйл явдлууд өрнөв? Төрсөн өдрөө угтаад сайн үйлсийн ажил хийгээд таны сэтгэл нэлээн хөдөлсөн санагдлаа. Яг ямар сайхан зүйл хийгээд сэтгэл тань ингэж их хөдөлсөн талаар хуваалцаач?

Өнөөдөр тав дахь хоног нь болж байна. Хүүтэйгээ л цагийг хамт өнгөрүүлэхийг хамгийн ихээр хүсэж бүр зорьж ирсэн. Хэчнээн том зорилгын төлөө бэлдэж байсан ч үүнийг дуусгачихвал хүүтэйгээ хамт байна даа л гэж боддог юм. Гэвч одоогоор энэ хүслээ бүрэн гүйцээж чадаагүй л явна. Нэг сар хүүхдээ авъя гээд аавынхаасаа хүүгээ аваад гэртээ ирсэн ч нэг хонуулаад буцаасан. 

Өнөөдөр би найзуудын хамт Гачууртад байдаг 70 хүүхэдтэй асрамжийн газарт очсон. Тэндэхийн  хүүхдүүд өөрсдөө нарийн боов талхаа хийж, юм оёж, хүлэмжид ногоо тарьж сурсан байсан. Бас тэд бүгдээрээ маш сайн боловсрол эзэмшиж байгаад нь баярласан. Монголын томоохон, нэр хүнд бүхий хувийн хэвшлийн сургуулиудад тэр хүүхдүүд сурдаг юм билээ. Санхүүжилтыг нь олж, яг л өөрийн хүүхэд мэт хайрлан өсгөж байгаа асрамжийн газрын захирал эмэгтэй, багш нар, хамт олонд нь маш их баярлаж байна. Хүүхдүүдийн халамжийн мөнгийг нь өдрийн хоол, өмсөх хувцсанд нь зарахгүйгээр ирээдүйд нь зориулан хадгалдаг гэсэн. Дунд ангиас дээш насны хүүхдүүд нь англи, франц хэлтэй, бүгдээрээ дуртай сургалтандаа сууж, хүссэн мэргэжлээрээ сурч, зарим нь гадаадын сургуулиудад тэтгэлэг авсан байгаа юм. Асрамжийн газар гэдэг тогтсон ойлголт тэнд очоод алга болчихлоо. Тэнд очоод би өөрөө маш их зүйл сурч ойлгож авсандаа баярлаж байна.

Та бол энэ цаг үед хамгийн өндөр чансаатай, амжилттай яваа, хамгийн үзэсгэлэнтэй, залуу тамирчин. Ийм амжилттай явахад хандлага хэр нөлөөлдөг вэ? Ярилцаж эхлээд удаагүй ч та надад их сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Хандлага амжилтыг хэр бүтээлцдэг бол? 

Хувь хүний хандлага гэдэг бол гэр бүлийн хүмүүжил. Аав ээж хоёр минь намайг маш их эрхлүүлдэг. Гэр бүлсэг хандлага хүнийг зөв хүмүүжүүлдэг гэж би боддог. Үүнээс гадна багшийн минь шавь нараа хүмүүжүүлж, сургадаг арга барил гайхамшигтай гэж болно. Маш мундаг багш.

Тэмцээний учраа,  өрсөлдөгчийн тань судалгааг таны аав хийчихдэг гэж байсан. Та аавынхаа тухай яриач?

Миний аав ээж хоёулаа цэргийн хүн. Дүү бид дөрвийг хязгааргүй их хайранд өсгөсөн. Одоо ч гэртээ яваад очиход аав миний хөлийг үнсдэг. Тийм ээ, миний тэмцээнүүдийн бүх судалгааг аав хийдэг. Би өөрөө тэмцээний судалгаагаа олж хараагүй байхад аль хэдийн олж үзээд бэлдчихсэн байдаг юм. Нэг тэмцээний шууд дамжуулалтыг манай багийнхан бүгдээрээ олж чадахгүй байхад аав л олчихсон байсан. Сая дэлхийн аварга болоход тэмцээн дуустал төрийн дуулал дуулсан гэсэн... Тэгж гоё дэмждэг. Тэсвэр тэвчээр, цаг хугацаанд шахагдсан ажилтай хэрнээ ээж минь ч бас бүх зүйлд  надтай хамт байсан санагддаг. Хамгийн гоё даашинзтай, хамгийн чухал баатраа /ээжийгээ хэлэв/ дагуулаад л баяруудад явдаг байлаа. Үйл ажиллагаанд ороод гараад ирэхэд ээж машиндаа хүлээгээд л сууж байдаг. Намайг өсгөсөн, одоо хүүг минь. Миний хүүг хараад хоёр жил өнгөрүү гэртээ яг сууж байгаа. 40 гаруйхан настай залуу хүнд уг нь гадуур дотуур амжуулах ажил мундахгүй ч миний төлөө өнгөрсөн хоёр жил нэг удаа ч хүүгээ аваарай би ажилтай гэж хэлж үзээгүй л байна. Өөрөөр хэлбэл аав ээжүүд хүүхдэдээ итгэж, хайрлах нь амжилтын үндэс болдог байх гэж надад бодогддог.

Хүмүүс таныг амжилттай сайн тамирчин гэхээс гадна “сайхан охин” гэж хүлээж аваад байгаа анзаарагддаг. Үүний учир нь таны гэр бүлийн хайр хүндлэл, хүмүүжилд оршиж байх шиг байна. Хайрлуулж өсөх нь хүүхдийн ирээдүйн амжилтад нөлөөлдөг гэж ч үг байдаг, санаанд орж байна? 

Тийм шүү. Хамгийн чухал нь мэдээж миний гэр бүлийн хүмүүжил, аав ээжийн минь намайг гэсэн хайр, хандлага. Үүнээс гадна миний багш бол тэр чигтээ гайхамшиг. Миний амьдрал, амжилтад гайхалтай оролцоотой яваа хүн. Миний төлөө аав ээж шиг дотно байж, сэтгэл зүйч, эмэгтэйчүүдийн эмч хүртэл болдог. Өөр амжилттай сайн яваагийн ард миний хань бат зогсдог. Амьдралдаа хамгийн зөв сонгож, зөв шидсэн зүйл бол миний хань. Гэтэл би өөрөө яав ч сайн эхнэр биш. Жилийн бараг талд нь гэртээ байхгүй бэлтгэлийн зааланд өнждөг. Намайг маш сайн ойлгодог нөхөртэйдөө баярладаг. Ер нь л дандаа сайхан хүмүүстэй учирч дээ ингээд бодоход.

Та юунд хамгийн их итгэл үнэмшилтэй ханддаг вэ?

Би үйлийн үр байдагт эргэлздэггүй. Бас хүний хувь тавилан гэж байдаг байх гэж бодно. Аль нэгэн шашинг тэгж их шүтээд байдаггүй ч сүсэгтэй.

Амьдралын аз жаргалыг спортоос өөр юунаас мэдэрч байна вэ?

Тамирчин хүн өндөр зэрэглэлд ороод ирэхээр амралт, ар гэрийн ажил бүх зүйлээ аль болох зохицуулж сурна. Дурлаж сэтгэл ханамж авдаг зүйлээ ч зөв сонгох хэрэгтэй болдог юм. 

Та их хэрсүү, өөртөө итгэлтэй тэгсэн хэрнээ их эрх охин юм. Аав ээж тань танд итгээд, хайрлаад дэмжээд өсгөж хүмүүжүүлсэн нь таныг их гоё бүтээжээ. Ямар ч үед хазайхыг хүсдэггүй зан чанараа хэлээч? 

Би хүн бүртэй яг адилхан харьцдаг. Сайн муу, сайхан муухай, баян ядуу гэж ялгахгүй байхыг хичээнэ. Хоёрдугаарт, би амьдралдаа хамгийн их баримталдаг зарчим бол “бусдад чадах зүйлээ өгч байх” явдал. Хайр түгээгээд, хүмүүст хэрэгтэй үед нь сэтгэл, эд материал хамаагүй өгч тус болохыг эрмэлздэг.  

Бидний багш өдрийн 14 цагаа өдөр бүр бидэнд зориулдаг 

Өндөр зэрэглэлийн тамирчин юу юуг тэвчиж чадахуйц болдог вэ?

Бэлтгэл, заалнаас өөр бусад бүх зүйлийг тэвчиж сурах ёстой. Маш хатуу. Нэг удаа би хүүхдээ бэлтгэлийн зааланд аваад ирсэн. Би чинь багшийн хамгийн хайртай шавь нь юм чинь надад угаасаа юм хэлэхгүй байх гэсэн ухааны юм бодоод л хүүхэд харах хүн байгаагүй учраас дагуулаад очсон. Тэгсэн багш “хүүхдээ гаргаж харах хүнд нь өгчихөөд орж ирж бэлтгэлээ хий, хурдал” гэж билээ. Тэгээд дүүгээ хичээлээс нь дуудаж хүүхдээ харуулчихаад бэлтгэлдээ орж байсан. Одоо бодоход тэр үед л намайг зогсоогоогүй бол  хүүхдэдээ санаа зовоод бэлтгэл хийсэн ч юмгүй, чөлөө аваад л, эрхлээд байх байсан болов уу. Үр дүнд нь багш бид хоёрын өнөөдрийн амжилт байхгүй. Тиймээс тамирчин хүн бэлтгэлээсээ бусад бүх зүйлийг тэвчдэг.

Багш, “Нэг талд чиний амжилт, нөгөө талд нь бусад бүх асуудал чинь бий. Нэг талыг нь хаяад нөгөөг нь авч үлдсэн хүн амжилтад хүрдэг" гэж хэлдэг. Спорт бол тэр чигээрээ золиос. Эрүүл мэнд, мөнгө санхүү, хувийн амьдрал гээд бүгдийг золиосолдог. Бүтэн жилийн хагаст нь гэртээ харихгүй бэлтгэлд гарах үе ч бий. Энгийн хүн бол тэсэхээргүй амьдрал л даа. Гэвч энэ миний сонголт юм.

Тамирчны амьдрал хатуу сонсогдож байна. Тэсвэр тэвчээр, нөхцөл байдалд дасан зохицох зэрэг зан чанар залуу эмэгтэйд нэлээн их байсан учраас дэлхийн аварга болсон болов уу?  

Мэдээж хэцүү. Би аав ээжтэйгээ зун зугаалгаар явж үзээгүй. Яагаад ч юм ийм л байх ёстой юм шиг байдаг байсан. Тэрэндээ гомдоллож үзээгүй. Нөхөр минь урлагийн хүн учраас миний мэргэжлийг маш сайн ойлгодог. Бид хоёр хэзээ ч нэг нэгэндээ чөлөө авчих гэж хэлж үзээгүй. Тэмцээнд явахдаа ярилцана. Бас драмын театрын хамт олон ар гэрээр нь дэмждэгт баярладаг. Жүжигчин хүн ч бас тоглолт эхэлж тайзан дээр гарсан бол дуусгаж байж л явдаг хатуу мэргэжил. Ямар нэг муу зүйл тохиолдсон ч тоглолтоо дуустал явах эрхгүй. Спорттой үүгээрээ адилхан. Улсаа төлөөлж дэлхийн тэмцээнд явж байхад ард минь муу зүйл тохиолдсон ч явахаас аргагүй. Ийм тэсвэр хатуужил нэг л өдөр бий болчихдог юм биш л дээ. Багаасаа суралцаж бэлтгэгдэж ирдэг.

Та арван наснаасаа хүндийг өргөлтөд дуралчихсан гэдэг. Би бол охиноо хүндийг өргөлтийн спортоор хичээллэе гэвэл магадгүй дургүйцнэ. Гэтэл таны аав ээж амжилтыг тань хамт бүтээлцчихэж. Юунаас эхэлж, яаж яваад энэ спортод орсон бэ? Бас хүндийг өргөлтийн спорт яг юуг мэдрүүлдэг юм бэ? 

Хувь тавилан гэж байдаг байх. Хувь тавилан дууддаг ч юм шиг... Сургуулийн зааланд анх удаа бэлтгэл хийж үзсэн юм. Аав ээждээ энэ тухайгаа хэлээгүй. Мэдээж аав ээж хоёр энэ спортоор цаашид хичээллэнэ гэхэд зөвшөөрөөгүй. Гэвч би дурлаад ил далд бэлтгэлд очоод байсан нь баригдаад эцэстээ хүлээн зөвшөөрч, бүр дэмжихэд хүргэсэн. Тэгээд аав ээж хоёр минь 2008 оны намар Спортын төв ордонд  миний анхны багш болох Чулуун багш дээр хүргэж өгч байлаа.


Өөрийгөө ялах нь хамгийн том ялалт гэх болж. Таны өөрийгөө ялдаг тэр хөшүүрэг юу байдаг вэ? Бэлтгэлдээ явмааргүй санагдах үе байдаг л байх? 

Тийм, явмааргүй санагдах үе байлгүй яахав. Гэвч хүндийн өргөлт гэдэг миний хувьд хамгийн дуртай зүйл минь. Бэлтгэлээ хобби шиг, чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа мэт хийж чаддаг. Маш сонирхолтой тоглоом юм шиг л бодно. Мөн өөрийгөө ялахад багш их нөлөөлдөг. Бид нар багшаасаа их айна. Багш бидэнд "сахилга бат" гэгч зүйлийг тултал суулгаж чадсан.

 Өөр улсын иргэншлээс татгалзсанаар надад үнэт зүйл бий болсон

Дэлхийн аваргад явахад зардал хайх асуудалгүйгээр явуулсанд баярласан тухайгаа илэрхийлсэн байсан. Тамирчдын бэлтгэл сайн байлаа ч гадаадын тэмцээнд явахад зардал мөнгөний асуудал тулгардаг гэж дуулддаг.  Бодлогын зохицуулалт байж болдоггүй юм байх даа гэж бодох юм? 

Бүх тэмцээний зардлыг хайдаг юм биш л дээ. Биеийн тамир спортын улсын хорооноос тухайн жилийн төсвөөс зардлууд гардаг. Бүх тамирчны бүх тэмцээнийг улсаас тэр бүр дааж чаддаггүй л хэрэг. Иймэрхүү асуудал хаана ч байна. Өмнө нь зардал хайгаад олдохгүй болохоор багшаа орхиод явж байсан тохиолдол бий л дээ. Тэгээд ч зардал хайхдаа хүрвэл би биш хөөрхий багш минь л энэ тэрүүгээр орж гарч зардал босгох гэж үзнэ. Бас их том сэтгэлийн шаналал л даа. Медал авах боломжтой дэлхийн хэмжээний тэмцээнд явж чадахгүй үлдвэл харамсдаг. Тийм тохиолдол олон байсан шүү. Одоо дахиад ийм зовлонг тамирчин хүнийхээ хувьд туулахгүй болсондоо маш их баярлаж байгаа. "Эрхэт монгол групп"-ийн Х.Мандахбаяр захирлын  дэмжлэг нь миний мэдэхийн монголын тамирчид дундаа хамгийн супер нь. Амьдрах орчин байр, тэмцээний зардал, сарын цалин гээд бүх талаар дэмжиж байгаа. Энэ завшааныг ашиглаад маш их баярлалаа гэж хэлье. 

Харамсах нь тамирчин хүнд өдөр бүхэн тохиолддог зүйл биш. "Токио 2020" олимпын хүрэл медалиас та атгаад алдсан гэж ард түмэн харж байгаа. Тамирчин хүний тань хувьд байж болох хамгийн том харамсал байсан уу? 

Чансаатай залуу тамирчинг эгнээндээ урьсан нэг биш улсын иргэншлийн саналаас та татгалзсан гэдэг. Та яг юунаас, ямар боломжоос татгалзсан бэ? Бас юуг авч үлдсэн бол?

Ерөнхийдөө аман саналууд байсан. Хүмүүс мөнгийг нь л яриад байдаг. Яг бодит байдал дээр бодоод үзвэл өөр. Энд багштайгаа хамт бэлтгэлээ хийгээд болоод байгаа зүйлийг заавал тэнд очиж хийх шаардлагагүй. Энд бүх зүйл минь болж байна. Намайг босгож ирэх гэж маш олон хүн надад сэтгэл зүрх, мөнгө санхүү, цаг хугацаагаа зориулсан. Тэр хүмүүсээ хаяад "надад ийм санал ирсэн гээд явах нь" маш муухай, ёс зүйгүй явдал. Надад иргэншлийн санал тавьсан улсуудаас татгалзсанаар надад өөрийн гэсэн үнэт зүйл бий болсон. Магадгүй миний үзүүлж буй амжилт, иргэншилдээ үнэнч үлдсэн явдал нь амжилтын төлөө тэмцэж буй маш олон хүүхдэд гэрэл асааж өгч байгаа юм болов уу гэж итгэж байгаа. Манай клубийн нэг охин “Эгч нарынхаа ачаар л олимп, дэлхийн аварга их ойрхон, амархан юм шиг санагдаж байна” гэж саяхан надад хэлсэн. Яг үнэндээ олимп дэлхийн аварга болох нь маш хэцүү боловч 18 настай охид хөвгүүдэд тэр амжилт ойрхон байна гэсэн бодол зүрхэнд нь асааж өгсөн нь миний бүтээсэн үнэт зүйл гэж бодож байна.

Харилцаа гэдэг тасралтгүй эргэх холбоо. Та монголын нэрийг дэлхийд гаргаж бэлэг барилаа. Хариуд нь монголчууд таныг хайрлаж хүндэлж байна. Монголчуудын хайр хүндлэлд барих таны хариу ямар байх бол? Нийгэмд та ямар гэрлийг түгээж, хэрхэн үлгэрлэе гэж бодож байна вэ? 

Залуусыг би хамгийн дуртай зүйлээ олоосой, түүнийхээ араас тууштай яваасай гэж хүсэж байна. Хэн нэгний шахалтаар биш. Хамгийн дуртай ажлаа олсон хүн хамгийн сайнаараа хийдэг. Улам хичээгээд л. Дахиад хичээгээд л. Би хамгийн дуртай зүйлээ олчихсон учраас л амжилтад хүрч яваа. Өөрийн үеийнхэн болон хүүхэд багачуудад дуртай зүйлээ хийгээд амжилтад хүрч болдог гэдгийг үлгэрлэмээр байна. Тийм ч учраас танд ярилцлага өгч байгаа юм. 

Бас ам гарахгүй ч гэсэн энэ олон хүний хайр хүндлэлийг хүлээж байгаа хүний хувьд буруу үйлдэл хийхгүй юм шүү гэж бодож байна. Намайг олон хүүхэд харж байгаа шүү дээ. Зүгээр л гоё энгийнээр нэг нэгнээ хайрлаж, ээж аавууд хүүхдээ ойлгож дэмжих нь ямар чухал гэдгийг уриалахыг хүсч байна.

Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд маш их баярлалаа.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   өчигдөр

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө