2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ЭМЧИЙН ӨРӨӨ

М.Эрхэмбаяр: Сэтгэл түгшил, сэтгэл гутрал нь астма өвчнийг сэдрээх гол хүчин зүйлсийн нэг

— Ч.Баяржаргал   2022 оны 05 сарын 03

Астма өвчний шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилсан сэргийлэлтийн талаар УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч, АУ-ны магистер М.Эрхэмбаяр дараах зөвлөгөөг өглөө. 

Уушги ба астма өвчин

Уушги нь цээжний хөндийг дүүргэж байрладаг хос эрхтэн. Гол үйл ажиллагаа нь цулцангийн түвшинд артерийн судас, мембаранаар дамжиж гаднаас хүчилтөрөгч аваад, бие махбодоор тархаан, эргээд биед ашиггүй болсон нүүрсхүчлийн хийг гадагшлуулах үүрэгтэй. Хоёрдугаарт, гаднаас орж ирсэн нян вирус, шимэгч, мөөгөнцөр, тоос тоосонцрыг гадагшлуулж өөрийгөө хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.

2020 онд манай Уушги судлалын тасгийн эмч нар болон АШУҮИС-ын багш нар хамтран Астма өвчний удирдамжийг нэгтгэж боловсруулсан. Өмнө нь Астма өвчнийг гуурсан хоолойн багтраа өвчин гэх мэтээр ямар нэг тогтсон тодорхой нэр томъёогүй байсан. Уг удирдамжаар "Астма" гэсэн нэр томъёог ашиглахаар болсон. 

Астма нь халдварын болон халдварын бус шалтгааны улмаас гуурсан хоолойн гөлгөр булчин агших, гуурсан хоолойн салст хавагнах, хэт мэдрэг байдал ихэссэнтэй холбоотойгоор тухайн хүнд эмнэл зүйн шинж тэмдэг, зовуурь илэрдэг өвчин. Дахилттай халдварт бус, эргэх шинж чанартай үрэвсэлт өвчин гэж хэлж болно.. Өөрөөр хэлбэл, архаг үрэвслийн улмаас гуурсан хоолойн гөлгөр булчин агшиж, гуурсан хоолой нарийсаж цэрээр бөглөрч, үрэвсэл үүссэнээс болж агаар дамжилт саатах буюу гаднаас хүчилтөрөгч агуулсан агаар уушги руу орох хэмжээ эзэлхүүн хязгаарлагддаг.

ДЭМБ-аас дэлхийн эрүүл мэндийн астмын сүлжээ байгууллагатай хамтран 1993 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногийн Мягмар гарагт Дэлхийн астмын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жил 05 дугаар сарын 03-нд тохиож байна. Энэ өдрийн хүрээнд 2,3 шатлалын эмнэлгүүд төлөвлөгөө гаргаж, сургалт хийж, иргэдэд зөвлөгөө өгдөг. 

Астма өвчний тархалт ямар байдаг вэ?

Одоогоор ДЭМБ болон Дэлхийн харшлын байгууллагаас гаргасан тоо судалгаагаар дэлхий дээр 339 сая хүн астма өвчинтэй гэсэн мэдээлэл бий. 1980-аад оноос хойш хүн амын дунд түгээмэл тохиолдох болсон.

2030 он гэхэд астмын тохиолдол 400 сая болж өсөх хандлагатай байна. 

Жил бүр 250 мянган хүн астмын улмаас нас барж байна. Нас баралтын 80 хувь нь бага, дунд орлоготой орны хүн амд тохиолдож байна. Манай орны хувьд Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд 53 мянга гаруй хүн астматай. Цаашид хүүхэд, өсвөр насныхан, залуусын дунд мэдэгдэхүйц нэмэгдэх хандлагатай байгаа.

Астма өвчний шалтгаан нь юу вэ?

Хотын хөгжил, тоосжилт, химийн болон уулын баяжуулах, олборлох үйлдвэрлэл ихэссэнтэй холбоотой астма өвчний тохиолдол нэмэгдэж байгаа. Мөн зөвхөн өвөл гэлтгүй жилийн дөрвөн улиралд агаарын бохирдол их байгаатай холбоотой.  Агаарын бохирдолын насанд хүрэгчид астма өвчнөөр өвчлөхөд илүүтэй нөлөөлж байна. 

Астма өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлс 

Астмыг үүсгэх гадаад, дотоод шалтгаан бадаг. 

1. Дотоод шалтгаан нь удамшил, гуурсан хоолойн хэт мэдрэг байдал ихэссэнтэй холбоотой.  

  • Астматай хүмүүсийн 46.3 хувь нь удам дагасан төрөлхийн өртөмтгий хүмүүс байдаг. Эцэг эхийн аль нэг нь астмаар өвдсөн бол төрсөн хүүхэд 40-50 хувийн магадлалтай.
  • Эцэг эх нь хоёулаа өвдсөн бол 90-100 хувь астамаар өвчлөх магадлалтай.
  • Багадаа чихрийн харшилтай байсан хүүхдийн 25 хувь архаг экземтэй болж улмаар 60 хувь нь астма өвчтэй болдог.

2. Гадаад шалтгаан нь халдварын болон халдварын бус хүчин зүйлстэй. 

Халдварын шалтгаан:

  • Нян, вирус, мөөгөнцөр,
  • Шавьж: бясаа, жоом, шумуул
  • Гэрийн тоосонцор: 50 гаруй төрлийн агуулагдаж байдаг бөгөөд түүний 10-20 мкм хэмжээтэй ялгадас нь амьсгалж буй агаартай хамт уушгинд ордог. Ор дэрний хэрэгсэл, хивс, зөөлөн буйдан, хүүхдийн чихмэл тоглоом зэрэгт хамгийн ихээр агуулагддаг.
  • Тамхины утаа.

Халдварын бус шалтгаан:

  • Хамар дайврын үрэвсэл, ходоод улаан хоолойн сөөргөө, таргалалт
  • Ургамлын гаралтай эмгэг төрөгч: өвс, мод, цэцэг, ногоо
  • Гэрийн тэжээвэр амьтан: нохой, муур
  • Хүнсний бүтээгдэхүүн: сүү, өндөг, улаан буудай
  • Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн: угаалгын бодис, хурц үнэртэй саван, гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Мэргэжлийн: цемент, будаг г.м зүйлс нь нөлөөлөх хүчин зүйлс болдог.

Харшлын суурьтай хүн ямар нэг хяналтгүй байвал астма өвчин рүү шилждэг.

Астма өвчнийг сэдрээгч хүчин зүйлс

  • Эмийн бодис. Ялангуяа аспирины шалтгаантай астма гэж бий. Астматай, суурь харшилтай хүмүүс эмийг маш болгоомжтой хэрэглэх ёстой. Аспирин болон бусад өвчин намдаах, үрэвсэл дарах, халуун буулгах үйлчилгээтэй эмнүүдийг аль болох эмчийн хяналт, заалтаар хэрэглэх хэрэгтэй.
  • Биеийн хүчний ачаалал нь сэдрээх хүчин зүйл болдог. Дасгал хөдөлгөөн биед сайн гэх боловч хэт ачаалалтай дасгал хийж болохгүй.
  • Цаг агаарын тааламжгүй байдал буюу агаарын даралт ихсэх буурах, агаарын чийгшил хэт ихсэхтэй холбоотой астма өвчин сэдрэх гол нөлөө болдог.
  • Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг хүчин зүйл нь сэтгэл санааны байдал. 

Сэтгэл түгшил, сэтгэл гутрал нь астмыг сэдрээх гол хүчин зүйл болж байна. 

Манай тасагт сэтгэл зүйн шалтгаантай астма сэдэрч хэвтэн эмчлүүлж буй хүмүүс нэмэгдсэн. 

Амьдралын хэв маяг ба астма өвчин

Таргалалт, тамхидалт, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан астма өвчин сэдэрдэг. Нэгэнт ажлаас болж астма сэдэрч байгаа бол аль болох мэргэжлээ солих байдлаар эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. 

Шинж тэмдэг - Харшлаас ялгарах онцлог

Астмын үндсэн шинж тэмдэг нь хуурай ханиалгах. Эхлээд хуурай ханиалгаж байгаад яваандаа хэвтэх үед илүү ханиалгах улмаар цээжний өвдөлт нэмэгддэг.

Астма өвчин сэдвэрсэн тохиолдолд хөөсөрхөг, цагаан өнгөтэй, унжралдсан цэр их хэмжээгээр гардаг. Мөн цээжээр өвдөх, зайнаас хяхтнасан, хэржигнэсэн чимээ сонсогддог.

Оношилгоо

Тухайн хүнд астмын шинж тэмдэг илэрвэл эхлээд өрхийн эмчдээ үзүүлнэ. Өрхийн эмч цааш чиглүүлээд уушгины эмчийн зөвлөгөө авах шаардлагатай эсэхийг асуумжаар үзэж тодруулдаг. 

Уушгины эмч үзлэгээр анх оношлогдож байгаа хүнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, спирометр буюу гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, цээжний рентген зургаар дэлгэрэнгүй үзэж оношилдог. Астмын шинж тэмдэг байгаа ч спирометрийн үзүүлэлт хэвийн гарах тохиолдол бий. Энэ тохиолдолд лавшруулах шинжилгээ хийж оношилдог.

Эмчилгээ ба иргэдийн буруу хандлага

Хүмүүс өөрсдөдөө астма гэсэн онош тавиад бие биенээсээ асууж харшлын эм уух тохиолдол түгээмэл. Харшлын эм уугаад хэсэг хугацаанд шинж тэмдэг нь багассан ч эмээ зогсооход өмнөх шинж тэмдэг бүр үгдэрч, хүнд хэлбэрээр илэрдэг. Тиймээс эхнээс нь уушгины нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, өөрийн биеийн онцлогт тохирсон оношилгоог баталж эмчилгээ хийлгэх нь зүйтэй.

Астмад бүх хүнд тохирсон нэг эмчилгээ гэж байхгүй. 

Эмийн болон эмийн бус эмчилгээнүүд бий. Эмийн бус гэдэг нь өөрийн астмыг хянах төлөвлөгөөг маш сайн боловсруулж түүнийгээ баримтлах явдал. Мөн эрүүл хооллолт. Ялангуяа астматай хүмүүсийн хүнсний хэрэглээ бусад өвчтэй хүнээс өөр. Учир нь хүнсний бүтээгдэхүүнд сэдрээгч бүтээгдэхүүн их байдаг. Тиймээс эдгээр бодис орсон эсэхийг орц найрлагаас нь шалгаж авах хэрэгтэй. Гадуур хооллохдоо хэрхэн бэлтгэж байгааг асууж байж идэх хэрэгтэй. 

Харшил төрүүлэгч бодисууд хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хоол хүнсэнд ихээр агуулагддаг. Тухайлбал, хатаасан жимс хүнсний ногоо, бэлэн, савласан төмс, дарс, нимбэгний шүүс, сам хорхой, даршилсан хоолонд харшил төрүүлэгч бодис илүү агуулагддаг.

Суурь харшилтай, астматай бол дараах хүнснээс татгалзаарай. Үүнд:

  • Өндөг
  • Үнээний сүү
  • Газрын самар
  • Шар буурцаг
  • Улаан буудай
  • Загас
  • Сам хорхой
  • Модны самар.

Мөн ачаалал багатай дасгал хөдөлгөөн хийх, тамхинаас татгалзах, цацлага эмийг тогтвортой зөв техникээр хэрэглэх нь астма сэдрээхээс сэргийлнэ.

Эмийн эмчилгээний хувьд эрсдэлийг бууруулах буюу сэдрэлээс сэргийлэх хяналтын эмчилгээ болон багтрал тавиулах эмчилгээ хийдэг. Багтрал тавиулах эмчилгээг сэдрэл эхэлсэн үед эмийн сонголтыг өөрчлөн гормон эмчилгээ хийдэг.

Астма өвчний тавилан

Хүүхэд насанд өвчний тавилан харьцангуй сайн. 3-10 жил, зарим тохиолдолд насан туршид намждаг. Намжмал үед амьдралын чанар дээшилдэг.

Хүүхэд болон залуу насанд астмын улмаас нас барах тохиолдол нь насанд хүрэгчдээс 5 дахин бага байдаг. Мөн хүүхдийг эхийн сүүгээр бойжуулах нь тэжээвэр хүүхдүүдтэй харьцуулахад астмаар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.

Урьдчилан сэргийлэлт 

Харшил төрүүлэгч бодис, хоол хүнс, гадны нөлөөнөөс өөрийгөө хязгаарлах хэрэгтэй. Хүүхдийг багаас нь эхлэн илэрч буй шинж тэмдгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Магадгүй арьсан дээр нь тууралт гарах үед тухайн үедээ түр эмчлээд орхих бус цаашид дахин гарахгүй байх талаас нь хянаж эмчлэх нь зүйтэй.

Мөн олон нийтийн дунд амны хаалтыг хэрэглэж хэвших. Энэ нь тоосонцор, вирус, элдэв хурц үнэртэнд агуулагдах сэдрээгч бодис зэргээс хамгаалах гол хамгаалалт юм. Үүнээс гадна дархлаагаа үргэлж дэмжих, ойр ойрхон ханиад хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Томуугийн товлолт вакцинд хамрагдах нь урьдчилан сэргийлэхэд сайн нөлөөтэй.


 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр