2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ТОД ТУСГАЛ

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн  хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд ойлгуулах буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

Монгол улсын Зэвсэгт хүчний ажил үйлс, бүтээмж, бэлтгэл өндөр үү. Та салбартаа ямар алба хашиж байна вэ? 

Монгол улсын зэвсэгт хүчин тун завгүй ажиллаж байна. 5, 6 дугаар сард нэлээн хэдэн олон улсын арга хэмжээнүүд зохион байгууллаа. Нэг нь “Хааны Эрэлд-2022” жил бүр зохион байгуулагддаг томоохон хэмжээний энхийг сахиулагчдын хээрийн сургуулилтыг амжилттай зохион байгуулж дууслаа. Мөн Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг бүс нутагтаа анх удаа хийв. 30 гаруй орны 60 гаруй гадаадын төлөөлөгчид оролцсон хурал зохион байгуулж ард нь гарлаа. Ерөнхийлөгчийн нэрэмжит маршаа ч зохион байгуулчихлаа. Гэх мэт олон ажлын ард гарч явна. Би Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын даргын алба хашиж байна. 

Энх цагийн зэвсэгт хүчний үүрэг нь юу байдаг вэ. Энгийн товчхон тайлбарлах боломжтой юу. Бид дайн дажингүй энх тунх эрх чөлөөтэй амьдраад зуун биш юм гэхэд бүтэн жаранг үдсэн байна. Ингэж амьдарсан иргэдийн сэтгэхүй хандлага нь одоогийн зэвсэгт хүчин хэрэгтэй ч юм уу гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлэх болж. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? 

Бид хэр чадавхтай, хамгаалах чадвар бүхий зэвсэгт хүчинтэй вэ. Улсын төсвийн хэдэн хувьтай тэнцэхүйц мөнгийг зэвсэгт хүчиндээ оруулдаг бол. Манай улсад дайн болоогүй ч дэлхийн зарим улсад дайн өрнөж, дайнаас үүдэлтэй худалдааны гэх мэт зарим асуудлуудыг шууд бусаар мэдэрч байна. Энэ тохиолдолд бид юуг санаж, сэрэх ёстой вэ?

Орчин үеийн дайны нөхцөл байдал уламжлалт шинж чанараасаа өөр болж эхэлсэн. Хуучин бол давшилт, хориглолт гээд л том арми давшиж орж ирнэ, үүнийг нь хориглоно гэх мэт. Дэлхийн хоёрдугаар дайны зураглал иймэрхүү л байсан. Гэтэл өнөөдөр жижиг бүлгийн, хот доторх байлдаан, өндөр техникийн боломж ашигласан байлдаан, тэр бүү хэл кибер тулалдаан хүртэл болж байна. Шинж чанарууд нь маш хурдан өөрчлөгдөж байна. Болзошгүй зүйлд бэлтгэх хугацаа маш бага болсон. Ийм тохиолдолд нэн түрүүнд технологийн хувьд маш сайн бэлтгэгдэх ёстой. Хүн хүчээ байлдаанд бэлтгэж, биеийн чадавхаа нэмэгдүүлэхээс гадна техник технологийн чадвараа нэмэгдүүлж байж эсрэг талын өөдөөс сөрөн тэсвэрлэх чадвартай болох нь шаардлага зайлшгүй болсон.  Би монголын зэвсэгт хүчинг төлөөлж яриагүй гэдгийг энд онцлон хэлье. Хувь хүний хувьд хэлэхэд, өнөөдрийн байдлаар манайд аюул заналхийлэл бүрэн хэмжээгээр тусчихаагүй байна. Гэлээ гэхдээ хөрш орон дайн байлдаантай байна. Энэ тохиолдолд бид тодорхой хэмжээний бэлтгэлтэй л байх ёстой. 

Сүүлийн 20 жил Монгол улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргээ хандивласнаар цэргийнхээ өдөр тутмын сургалт бэлтгэлийг хангалттай хангасан гэж үзэж байгаа. 

Манай цэргүүд  НҮБ-ын цэргүүд дунд “Жишиг цэрэг”, “Стандарт цэрэг” гэсэн нэрүүдийг авсан. Өндөр сахилга баттай, өмнөө тавьсан үүргээ бүрэн биелүүлдэг гэдгээрээ нэлээн дээгүүр үнэлэгдсэн зэвсэгт хүчин. Тийм ч учраас 2022 оны зургаадугаар сарын 16-нд НҮБ-ын Нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруаг Монголд айлчилсан. Тэр бүр цэрэг хандивчлагч орноор айлчлаад байх завтай хүн биш. Гэтэл манайд ач холбогдол өгч ирж байна гэдэг нь өнөөдрийн манай зэвсэгт хүчний нэр хүнд, бэлтгэлжил ямар байгааг харуулсан хэрэг ба түүнийг НҮБ үнэлсэн том үйл явдал болсон.

Цэргийн чадвар дэлхийд үнэлэгдлээ гэж байна. Гэхдээ цэрэг чадвартай байх, зэвсэгт хүчин чадавхтай байх хоёр тусдаа ойлголт байх. Танай салбарын эдийн засгийн чадамж хангалттай байж чаддаг болов уу. Мэдээж ил хэлэхгүй л байх л даа, ер нь төсвийг нэмэгдүүлэх ч гэх юм уу ямар шаардлага байна гэж та хардаг вэ. Эрүүл мэндийн салбар жишээлбэл яг тийм төгрөг зарцуулах хэрэгтэй байна гэх мэт мэдэгдэж байгаа харагддаг. Дэлхийн улс орнууд энэ салбартаа оруулах хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн үү. Манай улс ДНБ-ийхээ хэдэн хувийг зэвсэгт хүчиндээ зарцуулах ёстой вэ? 

Гэхдээ иргэд нь үүний ач холбогдолыг нь ойлгодог байж дэмжигдэх байх?

Хүмүүс ойлгоосой, мэдээсэй гэж хүсдэг.

Бид ер нь хэр “Дайч” чанартай ард түмэн бэ. Орчин үеийн хүмүүсийн хандлагыг асууж байна л даа. Та бусад улс үндэстний хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, тулалдаан байлдааны нөхцөлд ажиллаж амьдарч байсан учраас ялгаж харж чаддаг байх? 

Тийм. Дайчин чанар Монгол хүний генд байдаг байх. Монголдоо, энх цагт байхдаа нуугдмал байдаг юм билээ. Яг гадагшаа яваад, олон үндэстэн, хүмүүсийн дунд үүрэг гүйцэтгээд явахад Монгол цэргүүдийн энэ зан сэдэрдэг гэх үү дээ. Монгол цэргүүдээ хараад  ямар мундаг бэ гэж бахархал омогшил төрдөг. Бүр цаанаасаа дайнч тулаанч, нэг тийм өөр... Суданд байхад иргэний дайн гарч байсан. Тэр үед бусад орны цэргүүд зөвхөн хамгаалалтын үүргээ гүйцэтгэж байхад манай цэргүүд  халдлагад өртсөн энгийн иргэд, эмэгтэйчүүдийг хараад зүгээр сууж чадаагүй. Зуу зуугаар нь аварч бааз руугаа оруулж, дүрвэгсдийн хуаран руу зөөж байсан. Тэр үеийг нүдээрээ харж байсан болохоор үнэхээр дайчин хүмүүс юм гэх бодол хүчтэй төрсөн юм. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлж явсан нь аргагүй юм билээ. 

Дүрвэгсдийн хуаран дахь хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлахад тэдний зурсан зураг бүхэнд Монголын төрийн сүлдийг маш гоёоор зурсан байж билээ

Онцолж асуумаар байна. Монгол дайчин байлдагч эмэгтэйн онцлог юу вэ. Ямар хүмүүс нь зэвсэгт хүчинд ялгараад байна вэ?

Үнэгүй сургуульд сургадаг болохоор олон хүн энэ салбарт орох гээд байгаа юм биш. Эмэгтэйчүүд жинхэнэ, чин хүслээрээ цэргийн хүн болохоор зэвсэгт хүчинд орж ирдэг. Би цэргийн сургуульд нэлээдгүй жил багшилсан хүний хувьд үүнийг баттай хэлнэ. Тэдгээр охид бага наснаасаа л цэргийн хүн болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр манай сургуульд орох гэж өрсөлддөг. Зарим нь эхний жил тэнцээгүй гээд хоёр, гурав дахь жилдээ дахин шалтгалт өгөөд орсон жишээ ч бий. Энэ бол цэвэр хувь хүний сонирхол, итгэл үнэмшил дээр тулгуурлан сонгосон сонголт. Сонсогч болсны дараа нь ч гэсэн сайхан зүйл угтахгүй шүү дээ. Гүйсэн харайсан, чадал бүхнийг сорьсон орчин. Тэр бүгдийг “Би зорьж орж ирсэн юм чинь чадна” гэсэн хүсэл эрмэлзлэлээрээ давдаг. Энэ нь ч ажиллагаан дээр харагддаг. Давхардсан тоогоор 900 гаруй Монгол эмэгтэй НҮБ-ын ажиллагаанд явсан. Тэнд очоод хоёр том үүрэг гүйцэтгэдэг. Нэг нь бие дааж, олон үндэстэн дунд орж штабын офицер болно. Англи хэл дээр бүх үйл ажиллагаа нь явагддаг. Нөгөө хэсэг эмэгтэйчүүд нь цэргийн багт үүрэг гүйцэтгэж, тодорхой албан тушаалд томилогддог. Эхэн үедээ эмэгтэй алба хаагчид арын ажил, холбоо, гал тогоонд гардаг байсан бол бодлогоо өөрчилж байгаа. Ингэснээр мэргэжлийн цэрэгтэй, буудагчаар, жолоочоор, харуулаар үүрэг гүйцэтгэн томилогдох болсон. Эрэгтэйчүүдээс дутахгүй л үүргээ амжилттай гүйцэтгэдэг.

Энхийг сахиулах ажиллагаа тухайн улсын зэвсэгт хүчний чадавхыг хэр хэмжээнд олон улсад харуулдаг вэ? 

Тайван цагт, орчин үед харуулж байгаа ганц шалгуур нь энэ л болоод байна. 20 жилийн өмнө Монгол гэж улсыг мэдэхгүй хүн олон байлаа. Гэтэл энхийг сахиулах ажиллагаанд манай цэргийн алба хаагчид оролцсоноор дэлхийд улсаа таниулж яваа л гэж боддог.

Энхийг сахиулагчид олон улсад өөрийн үүргээр дамжуулан улс орныхоо нэр хүндийг өргөж явах, цаашлаад сурталчлах үйл хэрэг юм уу гэж би бас боддог юм. Хэрвээ манай улсын энхийг сахиулагчид нэр хүнд муутай бол манай улс бас л нэр муутай л явах байсан байх. Дэлхийн энэ салбарт? 

Монгол Улсын Зэвсэгт Хүчний бодлого, бахархал хийгээд шаардлагын талаарх цор ганц эмэгтэй генералын бодол надад их сонирхолтой байлаа. Баярлалаа танд. Гадаад бодлого, зэвсэгт хүчин хоёр нэг зүйлийн хоёр тал байдаг уу? 

Зэвсэгт хүчин заавал дэлхийн шилдэг нь байх гэх шаардлагагүй. Зөвхөн өөрийн улсынхаа оршин тогтнолыг хамгаалах чадамжтай байх хэрэгтэй. 

Манайх хоёр том хөрштэй. Дэлхийд амбиц өндөртэй, хүчирхэг улсуудтай бид хил залгаж байна. Тиймээс балансаа барьж л харьцах хэрэгтэй. Өөр улсад салбарынхаа чиглэлээр ажиллаж, суралцаж байхад манай гадаад бодлого маш мундаг харагддаг. Маш ухаантай гэж хэлж болно. Тэгж л энэ том газар нутгаа гуравхан сая хүн одоо хүртэл хадгалж яваа гэж бодогддог. Бид Монголдоо байхдаа төр засгаа муулаад л, өдөр тутмын асуудал ахуйдаа тээглээд л яваад байдаг юм шиг мэдрэмж төрдөг. Гэтэл үе үеийн төрийн түшээд ямар их алсыг харж, хэрхэн шийдвэр гаргаж, тухайн үед нь зөв бодлого боловсруулснаар өдий хүртэл энэ улсыг авч явж байна гэдгийг бас иргэний хувьд дандаа биш ч хааяа бодох л хэрэгтэй.

Миний хэлж буй бүхэн монгол улсын зэвсэгт хүчинг төлөөлөөгүй Болор гэх хувь хүний үзэл бодол гэдгийг дахин хэлчихье. Хэчнээн өндөр тоног төхөөрөмжтэй байлаа ч дайсан дайраад ирэхэд магадгүй нэг сар, хагас жил тогтоох чадвартай байж болно. Харин зөв гадаад бодлого барьсны хүчээр л манайх оршин тогтнох суурь нь аль ч цагт тавигдаж байдаг юм.

Тантай ярилцсаных, төдийлөн үнэлээд баярлаж бахдаад байдаггүй, эрх чөлөө, эх орон, газар нутагтай тусгаар улсын иргэн гэдгээрээ бахархах мэдрэмж төрлөө. Нээрээ бид эрх чөлөөтэй, энх амгалан сайхан амьдарч байна? 


Генерал цол бол миний мөрөөдөж ч байгаагүй “амбиц”

Та нэлээн амбицтай хүн байх. Монгол Улсын анхны эмэгтэй Генерал болчихлоо?

Энэ бол миний мөрөөдөж байгаагүй амбиц юм шүү.

Генерал цол хэр өндөр босготой болохоор та мөрөөдөж ч байгаагүй юм бэ?  


Цол дагаж бяр гэдэг. Генерал болсны дараах мэдрэмж ямар байна? 

Яг үнэндээ бол маш өндөр сэтгэл хөдөлж догдолсон мэдрэмж бага байна. Болор ямар байсан яг л тэр хэвээрээ тайван. Одоо яанаа гэсэн ямар ч бодол орж ирээгүй. Ажил албаны хувьд хариуцлага нэмэгдэж байна гэдгийг хамгийн эхэнд ухаарч байгаа. Монгол төр намайг үнэлээд, ийм том цол надад өгсөн гэдэг нь надаас маш их юм хүсэж байгаа гэсэн үг. Их юм хийх нь дээ гэсэн бодол л их байна. Ялангуяа эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болохыг зорьж байна. Зэвсэгт хүчиндээ төдийгүй нийт эмэгтэйчүүд миний бодож хүлээж байгаагүйгээр их баярлаж сайхан хүлээж авсан. Энэ бүх сэтгэл, итгэл болгоны хариу болгож юу хийх үү, ямар ажил санаачлах уу, өөрөөрөө хэрхэн үлгэр дуурайл үзүүлэх үү гэсэн хариуцлага нэмэгдэж байна гэх бодол орж ирсэн.

Анхны эмэгтэй Генерал төрлөө гэсэн мэдээ бүхий л эмэгтэйчүүдэд маш гоё урам зориг өгсөн. Шинэхэн эмэгтэй сонсогч ч генерал хүртэл явах мөрөөдөл тээсэн байх. Тэр сонсогчид гэж хэлэхэд юуг туулж өнөөдрийн Болор генерал төрсөн бэ? 

Би цэргийн хүн болоод 29 дэх жилдээ явж байна. Сонсогчийн хувцас өмссөн өдрөөс зарим эрхээ хязгаарлуулсан. Учир нь өөрийнхөө дураар биш, ямар нэг байдлаар хараат, хамааралтай болж буйгаа хүлээн зөвшөөрч цэргийн хүн болох тангараг өргөдөг юм. Тэр цагаас хойш хагас эрэгтэй, хагас эмэгтэй л явдаг. Дарга юу гэнэ "Мэдлээ гүйцэтгэе" гэнэ. Энэ бол цэргийн хүн болсны хамгийн наад захын шалгуур. Зарим тохиолдолд давмааргүй ч зүйлийг давж гарах шаардлага тулгарч байсан. Тэр нь ихэвчлэн ажиллагаан дээр, хүний газар болж байсан үйл явдлууд. Энэ бүхнийг цэргийн сургуульд суралцаж олж авсан тэсвэр тэвчээр, зориг самбай, хүчээр л давж чаддаг. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байхад Япон, Солонгос, Хятад, Африкийн эмэгтэй офицерүүд дайны нөхцөлд сэтгэлээр унаад л, юу ч хийж чадахгүй, нурмайцгааж байсан. Тэгэхэд би дотроо бодсон л доо. Энд эмэгтэйчүүдээсээ хамгийн өндөр цолтой, албан тушаалтай нь би. Нэг юм хийхгүй бол болохгүй нь гээд. Тэгээд эмэгтэйчүүдийн холбоо зохион байгуулж эмэгтэйчүүдээ нэгтгээд, дайны цагт урам зориг өгөх үүднээс “Эрчүүддээ яг одоо хэн бэ гэдгээ харуулах хэрэгтэй. Чиний, миний цаг ирлээ” гэх мэт хүч, мотивац өгөх үгийг хэлж зоригжуулж явсан. Өөрөө дотроо айдастай, тэр айдсаа давна, дахиад өөр хүнд мотивац өгнө гэдэг чамлахааргүй шалгуур, даваа байдаг. 

Монгол эмэгтэйд байдаг гайхамшигтай гурван чанар, байвал зохих гурван чанарыг та нэрлээч? 

Монгол эмэгтэйчүүд эрх дураараа. Бусад улстай харьцуулахад. Бас өөрийнхөөрөө байж чаддаг. Тэвчээртэй. Энэ гурван чанар их тод харагддаг. 

Яг яамаар байгаагаа хэлдэг, хийдэг, чаддаг. Энэ бүхний цаана Монгол эрчүүд бий. Биднийг ийм байлгаж, хүндэлж эрх дураар нь байлгаж чадсан. Ажил амьдрал аль ч тохиодолд эдгээр чанар Монгол эмэгтэйчүүдийн нийтлэг төрх гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрөх байх.

Тухайлбал, Африкийн Кени улсын эмэгтэйчүүдтэй очоод уулзвал тэд өөрийгөө илэрхийлж хүсэл шаардлагаа хэлж ч чаддаггүй. Тэр ч бүү хэл даргадаа харуулын цамхагтай ойрхон 00 хэрэгтэй байна. Бие засах хэрэгтэй байна гэж хэлж чаддаггүй. Яагаад гэж асуухаар “Тийм юмыг би яаж хэлэх юм. Ичиж байна” гэдэг. Тийм сул дорой.

Та маш өндөр боловсролтой эмэгтэй. Эмэгтэй хүнд боловсрол хэр чухал вэ?

Бүх юм хоёр талтай гэж би хэлэх дуртай. Өндөр боловсролтой байх ч чухал. Нөгөө талаар бас хэрэггүй. /инээв/ Хэт их мэдэх тусам, жирийн амьдралаас илүү дайн тулааны тактикийн зүйл үзэх тусам хэт гурталд орох магадлал нэмэгддэг юм шиг санагддаг. Улс орны нөхцөл байдал, гадаад аюулгүй байдал гээд тэр бүрийг хичээлээр үзээд судлаад байх тусам бараг ангиасаа гарахаар аюул занал нөмрөөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Огт мэдэхгүй, гудамжинд дугуй унаад, алхаад явж байгаа хүмүүсийг харахаар маш аз жаргалтай харагддаг. Мэдсэнээрээ тухайн асуудлыг шийдэж чадахгүй бол мэдээд ч бараг дэмий юм шиг үе зөндөө. Гэхдээ сурсан бүхэн эрдэм гэдэг үг байдаг шүү дээ. Юу ч сурсан хэзээ нэгэн цагт хэрэг болно. Үүн шиг орчин үеийн эмэгтэйчүүд сурах л хэрэгтэй. Хэзээ нэг өдөр өөрт чинь хэрэг болно. Миний амьдралд ч тохиолдож байв. Ажиллагаанд явж байхад наадам болоод хонь авчирсан юм. Африкийн хонь бэлчээрийн мал учраас амт шимт нь манайхтай адилхан. Тэгээд гэдэс цэвэрлэж чадах уу гэхэд нь би чаднаа л гэсэн. Гэдэс цэвэрлээд цус цутгаад хонины сайхан шөл хийгээд л өгчихөж байгаа юм. Энэ чинь бас л сурсан эрдэм шүү дээ. Жижиг зүйл дээр ч гэсэн сурсан зүйлс хэрэг болдог.

Та өөртэйгөө нээлэн тулж ажилладаг юм шиг санагдсан? 

Байж болох юм. Хоёр нөхцөл байдлын хувьд. Зэвсэгт хүчин цөөн тооны эмэгтэйтэй. Тэр дунд оршин тогтнох, бусдаас илүү байж байж л үнэлэгдэх давуу тал болох гээд байдаг. Би ч ганцаараа биш нийтлэг эмэгтэйчүүд ийм байх. Эрчүүд давамгайлсан салбарт ажилладгийн хувьд хоёр давхар хүч чадал гаргаж байж өдий дайны явна. Өөртэйгөө ажилласан хүн л тийм чадал гаргах биз. Би үүнийг оюутнууддаа ч хэлдэг. Ингэхээс өөр аргагүй. Ялгарч, шалгарч гарч ирэхийн тулд амьдралын шалгуураар өөртэйгөө ажиллах шаардлагатай.

Нөгөөтэйгүүр Монголдоо цэргийн сургуульд сурчихаад, үргэлжлүүлээд Америкт сурахад сургалтын ялгаа их харагдсан. Хүнийг өөртэй нь ажиллуулдаг сургалтад сурсан гэх үү дээ. Манайд бол хүний өгсөн юмыг боловсруулахгүйгээр шууд уншаад эргэж хүнд нь яриад дүнгээ авдаг сургалттай. Америкт харин өгсөн мэдээллээ тухайн хүнээр өөрөөр нь боловсруулж байж, өөрийнх нь гаргасан оюун дүгнэлт дээр тулгуурлаж үнэлгээ өгдөг. Надад тэр талын чадвар анх очиход сох дутаж байсан. “Чи юу гэж бодож байна? гээд асуухад гацчихдаг. Ургамал судлалын багш цэцэг хараад хэлж байгаа юм. Навч яагаад ногоон өнгөтэй байдаг вэ? гэхэд. Нарны гэрлээс цитоплазм орж ирж нэвтрээд өнгийг нь ногоон болгодог. Ингээд л болоо. Эрдэмтэд баталчихсан. Өөр бодоод байх юм байхгүй. Яагаад шар байж болохгүй юм? гээд асуух юм бол багш загнана шүү дээ. Шар болох үгүй нь чамд хамаагүй гээд. Бидний сургалт ийм. Ингээд сурчихсан хүнд өөр юм бодож өөрийгөө задлах нь хүнд байсан. Тэгээд л өөртэйгөө ажиллаж сурсан даа.

Гэр бүлийн тань талаар асууж болох уу. Бусад эрчүүдээс магадгүй хоёр дахин илүү ажиллаж сурч байж тэнцэж явдаг салбар аж. Ар гэрийн тань хүн нэлээн ойлгож дэмжиж хүндэлдэг байж амжилтад хүрсэн байх? 

Үнэн. Үүнд заавал эмэгтэй хүний ар гэр сайн байна гэсэн зүйлгүй. Эр хүн ч мөн сайн ханьтай байвал ажил нь өөдрөг сайн явна. Зөв хүнээ сонгож, хамгийн гол нь нэгэнтэйгээ ойлголцож, итгэлцсэн байх ёстой юм болов уу. Гадуур явахдаа оройтлоо гэх болов уу, яах бол гэсэн айдас, үл ойлголцол ч байхгүй.

Манай хүн бас цэргийн хүн. Тэр ч утгаараа намайг илүү ойлгодог. Би ч илэн далангүй. Нээлттэй. Бүх зүйлээ ярилцаж хэлэлцэж байж урагшаа явна гэдэгтэй санал нэгддэг. Бас би азтай эмэгтэй. 100 хувь өөрийг минь ойлгож хүлээж авдаг хүнтэйгээ ханилах нь гайхалтай хувь тавилан. Сая хоёр жил дайны коллежид явах үед охин минь хоёр ойтой байсан. Би сургуульд явлаа гэхэд хань минь “Чи л өөрөө явна гэж бодож байвал, чамд хэрэгтэй гэвэл яв яв, бид хоёр алзахгүй ээ” гэсэн. Ингэж хэлнэ гэдэг, би яваагүй байсан ч тэр ийм үг сонсоно гэдэг маш том амар амгалан. 

Гэртээ ядраад ороход “Миний хань амар амар хэвт” л гэдэг. Тэгж хэллээ гээд шууд хэвтчихгүй ч гэсэн ийм үг сонсоход л сайхан. Энэ гэр бүлийн уур амьсгал маань надад, миний амжилтад их нөлөөлдөг.

Таны гэр бүлийн бат бэх байдал, хүндлэлтэй  харилцааг сонсоход сайхан байна. Олон хос, олон гэр бүлийн хүмүүс нэгнээ ингэж ойлгодог бол сайхан сан. Харамсалтай нь жил бүр 3-4 мянган хос салдаг гэсэн баримт бий. Монгол гэр бүлийн салалт хоёр хүний асуудал мэт боловч улсын чадамжтай холбоотой гэж би хувьдаа боддог? 

Тусгаар тогтнол гэхээр өглөө бүхэн улсаа бодож сэрэх ёстой юм уу. Өнөөдрийн хоолоо, хүүхдийн сургууль цэцэрлэгээ бодох ёстой ч юм уу. Улс орон, тусгаар тогтнол гэх бодол, үнэ цэн баяр наадмаар л огших ёстой зүйл үү. Эсвэл хувь хүнийхээ хувьд тээх ёстой бодол төдий юм уу. Тусгаар тогтнол гэдэг Тусгаар тогтнол гэх яруу сайхан шүлэг шиг ээ юм уу?

Би зэвсэгт хүчний өмнөөс биш хувь хүнийхээ үүднээс энэ бүхнийг ярьж хуваалцсан гэдгээ хэлмээр байна. Зэвсэгт хүчин гэдэг тэр бүр хөндөөд байдаг сэдэв биш л дээ. 

Ном зохиолоос уншсан ч, улс орны байр байдлаас харсан ч тэр улс үндэстэн гэдэг нэг зорилготой, нэг ойлголттой, нэгдмэл цул байж чадвал хөгждөг. 

Гэтэл манайх маш олон намын систем, олон сонирхлын бүлгүүдтэй. Ийм байх зөв үү буруу юу. Бодох л хэрэгтэй. Ардчилал, олон ургалч үзэл байх хэрэгтэй ч гэсэн тохирсон хэмжээ хязгаартай. Өөрийнхөө улсад тохирсон байдлаар авч явбал бид аюулгүй байдал, оршин тогтнохоо хамгаалж буй нэг хэлбэр болно. Манжийн үед хаад ноёдыг хооронд нь хагаралдуулж бутаргахыг санаархсан түүх бий. Тиймээс Монголчууд бид дээрээ ч тэр, доороо ч  тэр эвтэй, эв найрамдалтай байх хэрэгтэй. "Эвт шаазгай буга барина" гэдэг. Тиймдээ ч би өөрийнхөө хүрээлэлд, ажлын найман цагтаа эвтэй найртай, гэртээ хариад гэр бүл дотроо ч эвтэй байхыг хичээж явдаг.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр