2024/04/18. Пүрэв гараг Дугаар: #2982

ТОД ТУСГАЛ

Монголын мистер Д.Мөнх-Эрдэнэ: Сарын дотор л жингээ хасна гэдэг бодлоосоо салах хэрэгтэй

— Д.Урангоо   2018 оны 01 сарын 11

ParkGym фитнесс клубын зөвлөх багш, дасгалжуулагч, Олон Улсын Хэмжээний Мастер Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр бодибилдингийн спортоор 24 жил хичээллэхдээ  УАШТ-ээс 7 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн төдийгүй Пауэрлифтингийн спортын улсын 9 удаагийн аварга, Ази тивийн аварга, ДАШТ-ий 4-р байрын шагналтай. Япон улсад Монголын сумочдын хүчний дасгалжуулагч багшаар амжилттай ажиллан 2 Ёкозуно, 1 Озэки төрүүлснээс гадна олон арван шавь нараас нь Спортын мастер, ОУХМастер, тив дэлхийн медальт тамирчид төрөн гарсан байна.  

                  -Булчингийн хэмжээг хэвийн байлгаад өөхийг багасгах замаар жин хасах нь хамгийн зөв арга-

Ер нь хамгийн эрүүлээр жин хасах шалгарсан арга гэвэл та юуг хэлэх вэ?

-Биед байгаа булчингийн хэмжээг алдахгүйгээр жингээ хасна гэдэг гол эрдэм. Биеийн өөхийг хасахад булчин чухал үүрэгтэй.  Хүний биеийн өөх болон булчинг зэрэг хасаад жинг багасгах бол амархан боловч хүнээ ядаргаанд оруулна, эрүүл мэндэд нь муу нөлөөтэй. Хүн эцсийн эцэст булчин дээр тогтож, булчин хөдөлж байж л хөдөлж байгаа. 

Булчинтай юутай нь жин хасахаар буцаад огцом нэмэгддэг. Булчингийн хэмжээг хэвийн байлгаад, өөхийг багасгах замаар жин хасах нь хамгийн зөв арга. 

Булчин хамгийн эхэнд уургаар тэжээгдэнэ, эрдэс бодис, амин дэмээр бас тэжээгдэнэ. Эдгээрийг өгч байж булчин хөдөлгөөн хийж бие дэхь өөхөө шатаах ёстой. Гаднаас нь аппаратаар цохилт өгч өөхийг багасгах, тос түрхэх, соруулж авах зэрэг механик аргууд бол ядарсан л арга, мөнгө их орно, буцаад өөх нь бий болно, биед сөрөг үр дагавар үүсч болно.  Булчинг ажиллуулж өөхийг шатаах, биеийн жинг хэвийн хэмжээнд барих байгалиас заяасан үнэ төлбөргүй арга байж байна шүү дээ. Энэ механизмаа л ажиллуулах хэрэгтэй, тэгвэл хамгийн зөв.

Зөв хичээллээд үр дүнд хүрч байгаа олон жишээнээс гадна эхэн үедээ шантарсан хүмүүс ч байдаг. Ачааллаа тохируулж, зөв эхлэх талаар та ямар зөвлөгөө өгөх вэ?

- Тоног төхөөрөмжийг нь, гэрт ойрыг нь бодохоос илүү багшаа зөв сонгох хэрэгтэй. Эхний нэг сар багш суурийг нь зөв тавьж, ойлголтыг нь зөв өгөх юм бол тэр хүн хол явна. Та бие бялдраа хөгжүүлж эрүүлжие гэж байгаа бол аль болох урт холын зорилго тавих хэрэгтэй. Ихэнх хүмүүс  сарын дараа яаж гоё биетэй болох вэ, яаж жингээ хасах вэ гэж асуудаг. Ийм ойрын зорилго нь хүнийг шантрахад хүргэдэг юм.

Туршлагатай сайн багш таныг фитнессээр хичээллэж эхлэхдээ хэрхэн ачааллаа зөв тааруулах, хэрхэн амьсгалаа зөв хувиарлах, өөрийн биед тохирсон дасгалыг зөв сонгох, хэрхэн зөв хооллох гэх мэтчилэн анхан шатны мэдлэгийг олгон, зөв суурь тавьж өгнө. Та сууриа зөв тавьж чадвал цаашид хаана ч дасгал хийх чадвартай болно гэсэн үг. Зарим хүмүүс сууриа буруу тавьснаас, буруу эхэлснээс болж ачааллаа ихдүүлээд харамсалтай нь голдуу ганц сар хичээллээд шантардаг. Ер нь дасгал хийж эхэлснээс хойш эхний  долоо хоног маш хүнд байдаг бөгөөд энэ үеийг давахад танд сайн зөвлөх багш туслах болно. Жингийн нэлээн илүүдэлтэй, зүрхний үйл ажиллагаа асуудалтай хүнийг шууд жинг нь хасна гэж ярихгүй, зүрх судасны үйл ажиллагаанд нь тааруулж бэлтгэлийг нь хийлгэх ёстой. Зүрх нь ачааллаа даадаг болгохын тулд нэг сар ч зарцуулж магадгүй, зүрх ачаалал авах чадвартай болоод ирсний дараа л жингийн тухай ярина.

Фитнесс хийгээд буцаад таргалдаг гэх ойлголт түгээмэл. Та үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-Бодибилдинг, фитнесс эхлэн хөгжиж байсан үед манайд мэргэжлийн багш дасгалжуулагчид байсангүй, тоног төхөөрөмж ч сайнгүй байсан. Дасгалтайгаа хослуулах хооллолтын талаар зөвлөх хүн байсангүй. Тийм учраас хурдан жин хасаад буцаад таргалдаг гэдэг ч юмуу буруу ойлголт байсан.

Фитнесс хийж эхэлнэ гэдэг эмнэлэгт очиж байгаатай адилхан. Эмч хүнээ үзээд онош тавьж байж эмчилгээг нь зөв эхэлдэгтэй адил фитнессийн багш эхлээд хүнийхээ биеийн байдлыг харж ярилцаад, зүрх судасны үйл ажиллагаа тааруу, жин хэт илүүдэлтэй эсвэл туранхай гээд хүндээ тохирсон дасгалыг зааж, ачааллыг хэр зэрэг өгөхөө тооцох ёстой. Гадныхан бол эхлэхдээ ихэвчлэн ганцаарчилсан сургалт авдаг, тэгэж байж сууриа зөв тавьдаг гэсэн үг. Анх ирж байгаа мэдлэггүй хүн багштай зөвлөхгүй өөрөө хийж эхэлвэл шууд буруу хийнэ, хурдан турна гээд л учиргүй их дасгал хийгээд сар яваад зүрх нь ачааллаа даахгүйд хүрнэ, шантарна, буцаад жин нэмнэ. Буруу эхэлсний жишээ энэ.

 Дасгалаа хэт хүчилж долоо хоногт 6 удаа хийнэ, зарим нь өдөрт 2 удаа явна гэдэг. Тэр хүнд ачааллыг хүний бие яаж дийлэх вэ? Спиннинг л гэхэд өдөр бүр 40-50 минут маш хүнд кардио дасгалыг хийлгэхээр маш их хөлс гарч жин хасдаг, 21 хоног гүрийгээд л хэдэн кг хасаад тэрнээс хойш тухайн хүний бие тамирчид авдаг тэр их ачааллыг дааж чадахгүй.

Тэгвэл буцаад таргалахгүйн тулд юуг чухалчлах  ёстой вэ?

-Хятадад бол биеийн жинг 7 хоногт 900 граммаас илүү хасахыг хориглосон хууль байна шүү дээ. Шинжлэх ухаанаар баталсан статистик юм. Тэрнээс илүү хасах юм бол зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлж эрүүл мэндэд сөрөг гэдгийг тогтоосон. Тэгэхэд манайхан сард 10-15 кг хасна гэж ярьж байгаа нь, тийм сурталчилгаа хийж байгаа нь байж боломгүй хэрэг. Хооллолт мэдээж маш чухал.

                    -Хүн бүрийн биеийн онцлог, хооллох зуршилд тохирсон хоолны дэглэм зааж өгдөг-

Хоол сойж турахыг оролддог хүмүүс олон байна.  Хэр үр дүнтэй арга вэ?

-Хоол ихээр сойж хассан жин маш хурдан буцаад нэмэгдэнэ. Хагас өлсгөлөн байдалтайгаар биеэ хэт их хүчилж жин хасахаар хоол тэжээлийн дутагдалд орж, бие нь хоол нэхээд эхлэхээр буцаад идэж эхэлнэ, тэгэхээр жин дахин нэмэгдэх нь ойлгомжтой.

Бас эмэгтэйчүүд “би 50 кг, бүр үүнээс доош жинтэй болмоор байна” гэдэг нь буруу ойлголт. Эхээс төрөхдөө хүн бүр өөр өөр жинтэй, биеийн өндөр нам, хэлбэр дүрс, царай төрх өөр өөр. Тиймээс зөвхөн танд тохирсон биеийн жин, биеийн хэлбэр, энэ бүхэнд таарсан дасгал байх ёстой юм шүү.

Хооллолтын талаар таныг маш хэрэгтэй зөвлөгөөнүүд өгдөг гэдгийг танайд хичээллэдэг хүмүүс онцолж байсан. Фитнесс хийж байгаа хүмүүсийн хооллолтын гол дүрэм юу вэ? 

-Хоолны дэглэмийн тухайд монгол хүний биед тохирсон, монгол маягийн хоолны дэглэмийг зохиож хэрэглэх нь зохимжтой. Ихэнхи интернэт, ном сэтгүүл дээр байгаа хоолны дэглэм нь тухайн орны хүмүүстээ тохирсон дэглэм байдаг. Хоолны орц нь гэхэд л манайд олддоггүй эсвэл үнэтэй байдаг. Хоол хүнс нь өдөр тутмын хэрэглээ учир олдоц багатай үнэтэй хоолыг хүн бүр хэрэглэж чадахгүй. Ийм учраас би хүмүүст олдоц сайтай үнэ боломжийн энгийн хоолны дэглэмийг санал болгодог. Мөн хүн бүрийн хооллох зуршил, дуршил нь өөр өөр байдаг тул тухайн хүнтэй сайн ярилцаж буруу зуршилийг өөгшүүлэх биш, өөрт нь тохирсон хоолны дэглэмийг л гаргаж өгдөг. Хэт их дэглэм барих хоолоо сойх нь буруу. Өөрийгөө хэт их хүчлэх нь удахгүй шантрахад хүргэдэг. Гол нь хаана, хэдийд, ямар хоол идэх вэ гэдэг нь л гол юм. Та өглөөний хоолонд өөрийн дуртай хоол хүнсээ хүссэн хэмжээгээр идэж болно. Хүн бүрийн жин хасах арга нь өөр өөр байдаг. Энэ аргыг сайн багш таньтай хамт байж төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ.

Булчинг тэтгэх уурагны агууламж өндөртэй  хүнсний бүтээгдэхүүнээс та юуг санал болгох вэ?

- Өндгийг химийн бүтээгдэхүүн ороогүй төгс уураг гэж хэлдэг. Монгол шинэ өндөг идэж байх чухал. Броколигоос эхлээд уураглаг хүнсний ногоонууд олон байна, тахианы цээж мах бас уураг ихтэй. Орон орны хүмүүсийн байгаль цаг ууртайгаа зохицсон хооллолтын онцлог гэж байна. Европ хүмүүсийн эсвэл халуун орныхны хоол манайханд төдийлөн зохихгүй. Дан ногоогоор хооллоод ядаргаанд орж байна. Эрч тэс уур амьсгалыг, өвлийн хүйтнийг давахын тулд бие махбодь маш их энергийг зарцуулж байдаг, энэ үед махаа хэрэглэх хэрэгтэй. Үхэр, адууны гуяны цул мах идэж байх хэрэгтэй, энэ нь  монгол хүнийг таргалуулаад биеийг нь эвдээд байгаа юм биш. Монгол хүнийг таргалуулаад байгаа гол хүнс бол гадныхны шарсан тахиа, чипс.  Ялангуяа хүүхдүүддээ их хэрэглүүлээд байна. Манайд сүүлийн үед хүүхдүүд их таргалалттай болсон. Ясны сийрэгжилт ч түгээмэл. Буруу хооллоод, багаасаа таргалаад, зүрх судасны үйл ажиллагаа нь алдагдсан хүүхдүүд 10 жилээ төгсөөд жингээ хасна гэхэд хэцүү. 

Өсөлтийн насанд өөхний эд эс бараг геометр прогрессоор өсдөг. Өсвөр насанд нь хооллолтонд нь маш сайн анхаарахгүй бол энэ насандаа таргалсан хүүхэд хэвийн жиндээ очих маш хэцүү.

Спортын олон төрлүүдээс ялгарах фитнессийн гол давуу чанар юу вэ?

-Хурдан хугацаанд үр дүнд хүрэх боломжтой. Байгалийн өгөгдөл, чадвар шаардсан үндэсний бөх, жудо, чөлөөт бөх , бокс гээд төрлүүдээс ялгаатай нь нийтийн спорт чиглэлрүү нь хөгжүүлэх боломжтой. Төрөөс бодлогоор нийтийн спортыг хөгжүүлнэ гэдэг ч олимпийн төрлийн спортуудад илүүтэй анхаараад байдаг. Фитнессийн хувьд ямар ч хүн ирээд энэ тоног төхөөрөмжин дээр дасгалууд хийгээд эрүүл чийрэг бие бялдартай болох, өөрийгөө хөгжүүлэх, цаашлаад мэргэжлийн түвшинд өрсөлдөх боломжтой.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс фитнесс хийгээд үр дүнд хүрэх хугацаа харилцан адилгүй байдаг уу?

-Адилхан. Хүний биед 400 гаруй төрлийн булчин байгаа, эрэгтэй эмэгтэй хүнд адилхан. Үр дүнд хүрэх тухайд хүйснээс шалтгаалахгүй, тухайн хүнээсээ л шалтгаална. Тэр хүн өөрөө ямар зорилго тавьсан байна, түүндээ хүрэхийн тулд хэр сахилга баттай байна гэдэг л чухал. Ер нь миний хувьд ямар ч салбарт эмэгтэй хүн илүү үр дүнд хүрч байна гэж хараад байгаа, фитнесс, бодигийн олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд түрэн гарч ирж байна. Эмэгтэйчүүд сахилга баттай байна, архи дарснаас холуур, нэг юманд чиглэхээрээ  тэвчээртэй явж байна.  

Спорт танд олон сайхан зүйлийг өгсөн байж таарна. Хамгийн голыг нь нэрлээч? 

-Би гэр бүлийн хүнийхээ жишээн дээр яривал уншигчдад илүү ойр хүрэх болов уу гэж бодож байна. Эхнэр бид 2 анх танилцахад манай хүн астматай, зүрх нь маш их өвддөг, гурван давхарруу бараг 2 удаа амарч байж гардаг байлаа. Тэр үед би фитнессээр хичээллэдэг байсан учраас эхнэрээ хичээллүүлж эхэлсэн. Мэдээж эхний саруудад амар байгаагүй, өвчтэй хүнийг ийм юм хийлгэлээ гээд олон эсэргүүцэлтэй ч тулгарсан. 

Харин гурван сар хийгээд үр дүн ажиглагдсан, амьсгаадах нь багасаад, гурван давхарруу амрахгүй гардаг болоод, бие нь хөнгөрөөд үргэлжлүүлэн хичээллэсэн. Сард нэг эмнэлэгт хэвдэг байсан хүн маань гурван сард нэг удаа, сүүлдээ хагас жилд нэг удаа хэвтдэг болоход эсэргүүцэж байсан хүмүүс дэмждэг болж байгаа юм. Хүүхэд гаргаж дийлэхгүй гэж эмч нар хориглодог байсан л даа, жил орчим  хичээллээд эмчид үзүүлэхэд “зүрхээ яаж ийм болгов” гэж гайхаж байсан. Одоо манайх гурван хүүхэдтэй. Эхнэр тасралтгүй хичээллэсээр  пауэрлифтингийн төрлөөр тэмцээнд орж Ази тивийн аваргаас мөнгөн медаль авч байв. Амьсгаадаад гурван давхарт арай гэж гардаг байсан хүн чинь одоо бол “Цэцээ гүн”-рүү тамирчдын өмнө ороод л хөнгөхөн гүйгээд гарчихдаг. 

Зүрхний өвчин, астма гэдгийг бүр мөсөн мартсан. Фитнесс хүний амьдралыг яаж өөрчилж болдгийн энгийн нэг жишээ юм даа.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Хүний гавьяат эмч А.Оюунчимэг: Хүн чанар ямар үнэтэй юм, хязгааргүй байхгүй юу...

Энэ хүнийг хэн бэ гэвэл ХҮНИЙ ДЭЭД гэж би хэлнэ. Мэдлэг мэргэжил, харилцаа хандлага, хүн чанар нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ЭМЧ ХАТАГТАЙ.Би 37 настай. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 19

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө