2024/04/17. Лхагва гараг Дугаар: #2981

ЭМЧИЙН ӨРӨӨ

МУ-ын гавьяат эмч П.Долгормаа: Таргалалт нь кг тутамд даралтыг 1-2 мм.муб-аар ихэсгэдэг тул хэвийн жинтэй байх нь чухал

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 25

Даралт ихсэх өвчин нь хүн амын дунд түгээмэл тохиолддог хүндрэх, нас барах эрсдэл өндөртэй өвчний нэг юм. Дэлхий даяар 1.5 тэрбум хүн артерийн даралт ихсэх өвчтэй гэсэн судалгаа бий. Харин манай улсын хувьд нийт хүн амын 28 хувь нь буюу 3 хүн тутмын нэг нь артерийн даралт ихсэх өвчтэй. Тиймээс уг өвчний шалтгаан, шинж тэмдэг, эрсдэл, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна. 

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн зөвлөх эмч, Клиникийн профессор, АУ-ны докторант Ц.Жаргалсайхан: 

Зүрхнээс хүчилтөрөгчөөс баяжсан цус эд эрхтэнд тархах явцдаа судасны хананд үзүүлэх даралтыг цусны даралт гэж хэлээд байгаа юм. Цусны даралт нь дээд, доод даралттай. Зүрх шахах, агших үед судасны хананд үзүүлж байгааг дээд даралт, агшсан зүрх сулрах үед үзүүлж байгааг доод даралт гэж хэлнэ.

Дэлхий нийтэд даралт ихсэх өвчин нэлээдгүй тархсан. Монголд нийт хүн амын 28 хувь нь артерийн даралт ихсэх өвчтэй. Үүнээс эрэгтэйчүүдийн 32 хувь, эмэгтэйчүүдийн 28 хувь нь артерийн ихсэх өвчтэй байна. 

Артерийн даралт ихсэх өвчнийг анхдагч болон хоёрдогч даралт ихсэлт гэж ангилдаг.

  • Анхдагч даралт ихсэлт нь судасны хатууралтай холбоотой үүсдэг. Нийт даралт ихсэх өвчний 85 хувийг эзэлдэг.
  • Хоёрдогч шалтгаант даралт ихсэлт буюу шинж тэмдгийн даралт ихсэлт нь нийт даралт ихсэлтийн 15-20 хувийг эзэлж байна. Энэ нь ихэвчлэн бөөр болон дотоод булчирхай, мэдрэлийн гэх мэт шалтгаант шинж тэмдгийн гаралтай байдаг. 

Даралт ихсэх өвчин ямар нэгэн шинж тэмдэггүй явагддаг учраас хүмүүсийн 45 хувь нь өөрийгөө даралт ихсэлттэй гэж мэддэггүй. 

Ямар нэгэн өвөрмөц шинж тэмдэггүй гэдгээрээ онцлог. Гэхдээ ямар нэгэн эрхтнийг гэмтээж байгаа эсэхээс хамаарч түүгээрээ шинж тэмдэг өгдөг. Ялангуяа зүрх, тархи, бөөр, нүд гээд амьдралын чухал эрхтнүүдэд энэ өвчин нөлөөлдөг. Тухайлбал, 

  • Зүрхэнд илүү ачаалал өгөөд даралт ихсээд зүхрийг гэмтээж байгаа бол зүрхээр дэлсэх, амьсгаадах, зүрхээр өвдөх шинж тэмдгүүд илэрдэг.
  • Тархинд нөлөөлж байгаа тохиолдолд толгой эргэх, тэнцвэр алдах, дотор муухайрах шинж тэмдэг,
  • Нүдний судсанд нөлөөлж байгаа үед нүд бүрэлзэх, нүдний хараа муудах гэх мэт шинж тэмдэг,
  • Бөөрөнд нөлөөлж байгаа үед шээс ойр ойрхон гардаг, шээсний гарц ялгарал алдагдах, шөнө ойрхон шээх зэрэг шинжүүд гарч болно.
  • Харин захын судсанд нөлөөлж байгаа тохиолдолд гар хөлийн үзүүр даарч хөрөх, хөхрөх гэх мэт ямар эрхтэнд нөлөөлж байгаагаас хамаарч даралт ихсэлтийг эдгээр шинж тэмдгээр илэрдэг.

Даралт ихсэх өвчний хүндрэл аюул нь юу вэ?

Амьдралын чухал эрхтнүүдэд нөлөөлдөг учраас тэдгээр эрхтнүүдийн үйл ажиллагаа алагдах бүр цаашлаад амь насанд хүртэл аюул учруулдаг. 

Хэрвээ зүрхэнд нөлөөлж байгаа үед зүрхний шигдээс болох, тархинд нөлөөлсөн бол тархины цус харвалт, бөөрний дутагдалд орох зэрэг аюултай хүндрэл өгдөг. 

Артерийн даралтын хэвийн хэмжээг ДЭМБ-ын гаргасан зөвлөмжөөр 120/80 мм.муб гэж үздэг. 90/60 - 120/80мм.муб байвал хэвийн. Үүнээс ихсэх юм бол даралт ихсэлт байна гэж үзнэ. 

Даралтаа хэрхэн зөв хэмжих вэ? 

Гүйж байгаад эсвэл хурдан алхаж ачаалал авсан үедээ болон цай кофе уусан, тамхи татсаны дараа даралтаа хэмжих юм бол буруу гардаг. Ялангуяа тамхи даралт өндөр гарахад илүүтэй нөлөөлдөг. Тиймээс даралтаа хэмжихийн өмнө 30 минут тайван сууж байгаад хэмжих хэрэгтэй. 

Ямар аппарат сонгох нь мөн чухал. Сүүлийн үед электрон аппарат их болсон. Даралт хэмжиж байгаа үед зүрхний түвшиндөө байрлуулж хэмжих ёстойг анхаараарай. Хүмүүс ихэнхдээ зүрхний түвшинд биш зүгээр өвдгөн дээрээ эсвэл өөр газар аппаратаа тавиад хэмжих юм бол буруу заадаг. Мөн зай нь муудсан үед хэмжилт буруу заадаг. Тиймээс хоёр хөлөө шаланд бүтэн улаар нь тавиад, гараа ширээн дээр тавиад, аппаратаа зүрхний түвшинд тавьж хэмжих ёстой.

Түүнээс гадна даралт хэмждэг 24 цагийн аппарат байдаг. Энэ нь даралт ихсэлтийг хоногийн турш өдөр, шөнө, унтаж байхад нь хэмждэг учраас даралтны хэлбэлзэл, даралт ихсэлтийн эрсдэлийг нарийн тодорхойлоход илүү үр дүнтэй. Манай эмнэлэгт энэ төрлийн аппаратаар хэмжиж, тохирсон эмчилгээг зөвлөж байна. 

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн зөвлөх эмч, Клиникийн профессор, АУ-ны магистр Ж.Оюунцэцэг:

Артерийн даралт бууруулах эмийн эмчилгээ

Артерийн даралт бууруулах эм уухдаа анхаарах гол зүйл нь эмчийн бичиж өгсөн эмийг тогтмол цагт нь уух ёстой. Иргэд эмээ уухаа мартчихдаг. Алдан онон уудаг нь маш буруу. Бүр мартаад байвал сэрүүлэг тавиад тогтмол цагт уух ёстой. 

Даралт буулгах эм нь богино үйлдэлтэй болон уртасгасан үйчилгээтэй гэж байдаг. Бид сүүлийн үед иргэдэд уртасгасан үйлчилгээтэй даралт бууруулах эмийг бичиж өгч байна. Энэ нь цусанд 24-36 цаг барьдаг. Гэтэл эмчийн бичиж өгсөн эмийг иргэд өөрсдөө дур мэдэн сольж гэр бүлийн өөр нэгний уудаг эмийг уух нь бий. 

Даралт буухгүй байна гээд өөр эмээр солих нь даралт ихсэх өвчний хүндрэл үүсгэдэг. Өнөөх амин чухал эрхтнүүдэд илүү хүндрэл үүсгэдэг. 

Тиймээс яг л эмчийн өгсөн заавраар уух ёстой. Хавсарсан нийлмэл эм ууж байгаа хүмүүсийн тухайд 160-аас дээш даралттай хүмүүст өгдөг. Энэ хүмүүс эмээ дуусахаар дан эм уугаад хүндрэл гаргаад ирэх тохиолдол байдаг. Артерийн даралт бууруулах эмүүдийг тухай өвчтөний суурь өвчин, насанд нь тохируулж зорилтот тунгаар нь бичиж өгдөг. 

Мөн ямар ч тохиолдолд өөрийнхөө ууж байгаа эмийн нэр тунг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Хаа нэгтээ явах, гэнэт хүндрэл үүсэх, эсвэл өөр эмч эмнэлэгт хандахад таны ууж байсан эмийн тун, нэр мэдээлэл танд ямар эмчилгээ хийх, цаашид ямар хэмжээгээр уухыг тодорхойлоход чухал мэдээлэл болдог. Хүмүүс эмчид үзүүлэхдээ уудаг эмийнхээ нэрийг, уудаг хэмжээгээ ч мэдэхгүй замбараагүй хэрэглэсэн байдаг. Бас нэг анхааруулах зүйл нь эмч, эмнэлэгт очих үед хүний сэтгэл санаанаас хамаарч даралт 15-20 хэмжээгээр нэмэгддэг. Тиймээс эмчид үзүүлэхээсээ өмнө гэрийн нөхцөлд хэмждэг цагтаа даралтаа хэмжээд тэр хэмжээгээ эмчид үзүүлэхдээ хэлэх хэрэгтэй. Тэгж байж цаашид даралтыг хэрхэн бууруулах тал дээр үр дүнтэй эмчилгээг эмч бичиж өгнө. 

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн зөвлөх эмч, МУ-ын гавьяат эмч, Клиникийн профессор П.Долгормаа: 

Артерийн даралт ихсэх өвчний эмийн бус эмчилгээ 

Артерийн даралт ихсэх өвчний үед эмийн эмчилгээнээс гадна даралтын хүндрэлээс сэргийлэхэд эмийн бус эмчилгээ бас чухал байдаг. Даралтын түвшин амьдралын хэв маягтай нэлээдгүй холбоотой. 

Сүүлийн үед эрдэмтэд, даралт ихсэлт өвчнийг ямар эмийн бус аргаар эмчлэх талаар нарийн судлах болсон. Даралт ихсэх өвчний үед өмьдралын хэв маягаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай хүчин зүйлс нь жингийн илүүдэл, хоолны дэглэмд анхаарах явдал. 

Жингийн илүүдэл нь кг тутамд даралтыг 1-2 мм.муб-аар ихэсгэдэг. 

  • Хоолны дэглэмийн тухайд өдрийн давсны хэмжээгээ тааруулах, болж өгвөл давс бага хэрэглэх, давс орлуулах хүнс хэрэглэх нь зохистой. 
  • Хэвийн жинтэй байын тулд дасгал хөдөлгөөн тогтол хийх хэрэгтэй. Өдөрт 3 км ердийн алхаагаар алхах зэргээр өөрт тохирсон хөдөлгөөн хийх нь зүйтэй. 
  • Мөн стрессийн хүчин зүйлс, агаар орчны нөлөө бие махбодын өвчлөлд нөлөөлдөг учир стрессээ удирдаж сурах, орчноо өөрчлөх байдлаар амьдралын хэв маягтаа зөв дадал зуршлыг эрэлхийлэн хэрэгжүүлэх нь сайн үр дүнтэй. 
  • Архи, тамхины хэрэглээ даралт ихсэх өвчинд хамгийн сөрөг нөлөөтэй. Тамхи татах нь судас агшааж даралтыг улам ихэсгэдэг тул энэ өвчнөөр оношлогдсон л бол эрс татгалзах хэрэгтэй. 

Даралт ихэссэн үед эмчид хандах боломжгүй бол эмийн бусаар өөрөө даралтаа буулгах арга хэмжээнүүд бий. Тухайлбал, 

  • Ногоон цай, ургамлын цай даралт буулгах үйлчилгээтэй. Тохирсон хэмжээгээр ууж болно.  Харин хавар, өвлийн улиралд сэрүүддэг учир бага уух нь зохистой. 
  • Харшил өгдөггүй бол гаатай цай ууж болно. 
  • 37-40 хэмийн халуун усанд гар хөлөө дүрэх нь бага хэмжээгээр даралт буулгадаг. Мөн халуун баннд 40 минут суух нь нэмэртэй.
  • Зүрхний дусаалга нь зүрхний цохилтыг бууруулж зүрхний захын судсыг өргөсгөх байдлаар тодорхой хэмжээгээр даралт бууруулах үйлдэл үзүүлдэг.
  • Бас нэг энгийн арга нь гүнзгий амьсгалж, амьсгалаа удаан гаргах байдлаар амьсгалын зөв дасгал хийх. Амьсгал авахдаа цээжээ төмбийлгөж, гаргахдаа хэвлий хумигдах байдлаар зөв амьсгалах нь даралт буулгах нөлөөтэй.

Хамгийн гол нь өдөр бүр даралтаа хэмжээд юунаас болж ихсээд байгаагаа тодорхой болгож эмчийн хяналтад зөвлөгөө аваад хэвийн хэмжээнд нь бариад явах ёстой.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Санал болгох

Төрөлт өмнөх оноос 13.5 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14.147 эх амаржиж, 14.244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2202 (13.5%)-аар, төрсөн хүүхэд 2208 (13.4%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Хачгийн улирал эхэлсэн тул уул, модонд алхахдаа дараах арга хэмжээг аваарай

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬДэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн. Эдгээрээс манай оронд ixodes, dermacentor төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй.Хачгийн хөгжлийн үе... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө